Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Эрдэнэбат: Бид томсгосон тойргийн тогтолцоог дэмжихгүй, сонгуулийн луйвар болно

 УИХ-ын чуулган өчигдөр (2019.12.18) хуралдаж Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхлэлээ. УИХ-ын даргын захирамжаар хуулийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулж ажиллуулсан байна. Ажлын хэсэг энэ хугацаанд гурван удаа хуралдаж, Улсын Их Хуралд суудалтай болон суудалгүй намуудаас ирүүлсэн саналуудыг судалж төсөлд тусгахад анхаарч ажилласан гэв. УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс 18 санал ирүүлснээс 15 саналыг нь төсөлд тусгасан гэдгээ ажлын хэсгийн ахлагч танилцуулсан юм. Ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 54, найруулгын дөрвөн саналын томьёолол гаргажээ. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэсэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ын Д.Эрдэнэбат:
-Сонгуулийн тухай хуулийг дөрвөн жилд нэг удаа өөрчилдөг жишиг Монгол Улсад тогтоод удаж байгаа. Энэ нь УИХ төлөвшөөгүйн нотолгоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олон дахин ярьж, зарчмын санал оруулсан. Харамсалтай нь дэмжигдээгүй. Ахиад бидний зовлон давтагдаж байна. Үүнийг бүгдээрээ анзаарч байгаа байх. Томсгосон можаритар гэдэг бол үндсэндээ жижиг можаритараас ялгаа байхгүй. Аймагт гурван тойрог байсан бол одоо аймаг нэг тойрог болж байгаа л ялгаа бий. Улс төрийн хариуцлага парламентын төлөвшилтөд нэг их том өөрчлөлт орохгүй. Бид ингэж өөрийгөө хуурч болохгүй. Өнөөдрийг хүртэл Ардчилсан нам сонгуулийн холимог тогтолцоог хуульчилах нь улс орны ирээдүйн хөгжилд хэрэгтэй гэж зүтгэсэн боловч талаар өнгөрч байна. МАН анх оруулж ирэхдээ 50:26 улс нэг тойрог гэж хачин юм оруулж ирсэн ч нөгөө тал руугаа савчихсан. Уг нь ухаалаг харилцан ярилцаж, ойлгож шийддэг байсан бол үүнийгээ хувь тэнцүүлж, аймаг бүсчилсэн байдлаар хийвэл илүү ухаалаг сонголт байх байлаа. Энэ боломжийг бид өнөөдөр алдаж байна. Одоо 2008 оны сонгуулийн тухай хуулийг ахиад ярьж байна. 2008 оны сонгуулийн томсгосон можаритар гэдгийг МАН эрх баригч байхдаа гаргасан хувилбар. Энэ ямар гашуун зүйлийг авч ирсэн бэ гэдгийг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Бослого жагсаал болсон. Таван хүний амь нас хохирсон. МАН-ын байр хүртэл шатсан. Ийм хэл амтай, маргаантай тогтолцоог дахин сонгож байгаа нь буруу. Өнөөдөр Ардчилсан нам холимог тогтолцооны байр суурь дээрээ хэвээр байгаа. Энэ тогтолцоо жижиг намуудыг жийсэн. Намын дотоод зөрчилдөөнийг өдөөсөн олон сөрөг үр дагаврыг авч ирнэ. Бид энэ тогтолцоог дэмжихгүй, ирэх жил сонгуулийн луйвар болно.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн:
-Томсгосон тойргоор 1992, 2008, 2012 онд сонгууль явуулсан. Ажлын хэсэг ярилцаж байгаад мандатын тоотой тэнцүү санал өгнө гэж оруулж ирсэн. Би хувьдаа долдугаар сарын 1-ний сонгуулийн системтэй холбож ойлгодоггүй. Сонгуулийн дүн удаан тоологдсон учраас янз бүрийн зөрчлүүдээс үүдэн үймээн үүссэн гэж боддог. Сүүлийн жилүүдийн сонгуулийн саналуудыг хар машинаар тоолж ирсэн. Элдэв асуудал үүсэлгүй ирсэн. Цахим сүлжээг бол хязгаарлаж хаасан заалт байхгүй. Өөр хязгаарлалт тавиагүй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-2008 онд яг ийм ижил төстэй хэлбэрээр сонгуулийг явуулсан. Хэлэлцүүлгийн явцад олон асуудал гарсан. Тухайлбал, тойрогт ногдсон мандатын тоотой ижил санал дугуйлах юм уу дутуу дугуйлах юм уу. Зөвхөн ганц хүн дугуйлаарай гээд хэлчихдэг. Бусад бие даагч хүмүүсийг орхичихдог байсан. Энэ нь яваандаа 2008 оны долдугаар сарын 1-ний хар өдөр болж түүхэнд үлдсэн. Нийгмийн сүлжээнд улстөрчид их эмзэг хандах юм. Сонгуулийн үеэр цахим орчныг хязгаарлах балай заалт ороогүй юм байгаа биз дээ. Ганц сонгууль явуулахын тулд цахим сүлжээг хязгаарлана гэвэл төвөгтэй асуудал үүснэ шүү.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
-Сонгуулийн хууль иргэдийн сонгох сонгогдох үндсэн эрхийг хангаж байх ёстой. Иргэдийн өгч байгаа санал гээгддэггүй байх нь чухал. Иргэдийн саналыг худалдаж авах эсэхийг хэрхэн хянах вэ. Өмнөх парламентад хоёр гишүүний эрх баталгаажиж чадаагүй дууссан түүхтэй. Эргээд иргэдийн өгсөн санал нэг шүүгчийн ширээн дээр байхгүй болдог. Энэ асуудлыг хэрхэн анхаарсан бэ.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн:
-Сүүлийн 30 жил сонгууль хийж байгаа учраас иргэд болон гишүүд сонгуулийн талаар мэдлэг мэдээлэл сайтай байгаа. Я.Содбаатар гишүүн санхүүгийн, эрх мэдлийн нөлөөллийн талаар асуулаа. Ер нь УИХ-ын гишүүд энэ нөлөөллийг багасгах зорилгоор том тойргийг санал болгож байгаа том өөрчлөлт гэж харж байна.
Хоёрдугаарт, сонгуулийн хуулийн зүйл заалт бүр Зөрчлийн хуулийн хариуцлагаар хэмжигдэнэ. Хариуцлага илүү сайжирсан.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Бид маш чухал хууль хэлэлцэж байна. Сонгуулийн тухай хууль. Энэ УИХ-д хариуцлагатай, ёс зүйтэй, боловсролтой, улс орныхоо ард иргэдийг боддог тийм хүмүүс олноороо орж ирээсэй. Энд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд бүгд байна. Дэлхийн бусад орнуудын парламентын жишгээс харахад эмэгтэйчүүдийн квот нь жендэрийн тэнцвэрт байдлыг барьсан тохиолдолд улс орны хөгжил үнэхээр өөр түвшинд хүрдэг гэдгийг харж болно. Гэтэл бусад улс оронтой Монгол Улсыг харьцуулахад парламентын дундаж эмэгтэйчүүдийн эзлэх хувь нь 29 хувиар доогуур байна. Монголын нийгмийн 51 хувь нь эмэгтэйчүүд. УИХ-д эмэгтэй гишүүд гарч ирэх юм уу, албан тушаалын талаар би яриагүй байна. Энэ өөрөө хүн рүүгээ, улс орон руугаа чиглэсэн тэгш бодлогыг бий болгохын тулд жендэрийн тэгш байдлыг барья гэдэг асуудлыг хөндөж байна. “Ажил сайн гүйцэтгүүлье гэвэл эмэгтэй хүнийг сонго” гэдэг үг ч байдаг. Энэ утгаараа УИХ-д сууж буй эмэгтэй гишүүд гаргасан хууль тогтоомж, чуулганы ирц бүрдүүлэх, нэр цэвэр байх тал дээр маш хариуцлагатай байгаа. Иймд олон эмэгтэйчүүдэд “үүд”-ийг нээхийн тулд энэ квотын асуудлыг эргэж хараач ээ гэж уриалмаар байна гэв.

 Ийнхүү гишүүд, үг хэлж асуулт асуусны дараа санал хураалт явуулсан юм. 

 Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 100 гаруй санал оруулж ирсэн бөгөөд эдгээр санал тус бүрээр санал хураалт явууллаа. Тухайн саналуудаас эмэгтэйчүүдийн квотыг 20 хувиас 30 болж нэмэгдүүлэх, нэр дэвшигчдэд тавигдах шалгуур зэрэг нь маргаан дагуулж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын гаргасан “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх” санал олны анхаарлыг татсан. Уг саналаар нь санал хураалт явуулахын өмнө Т.Аюурсайхан гишүүн дараах байдлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Өмнөх хуульд ялтайд тооцогдох хугацаа нь дуусаагүй бол гэсэн зохицуулалт байдаг байсан. Харин одоо шинэчлэгдсэн эрүүгийн хуулиар ялтайд тооцох хугацаа гэдэг ойлголт байхаа больчихсон. Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээр шийдүүлсэн гэсэн заалтыг нэмэх санал гаргасан юм. Энэ бол нэр дэвших төрийн албан хаагч нэгдүгээр сарын 1-нээс ажлаа өгөх, өргүй байх гэдэгтэй адил зүйл. Үүргээ биелүүлчихээд эрхээ эдлэх ёстой” гэсэн юм. Ингээд дээрх саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com