Ардчилсан намаас өнгөрсөн тавдугаар сарын 30-нд Сүхбаатарын талбайд “Хариуцлага нэхэх” сөрөг хүчний жагсаалыг зохион байгуулж, ажлаа хийж чадахгүй байгаа УИХ, Засгийн газрыг огцрохыг шаардсан юм. Уг жагсаал Улаанбаатар хотоос гадна 19 аймагт болж, нийт 40 гаруй мянган иргэн оролцож, эсэргүүцлээ илэрхийлжээ. Өнгөрсөн тавдугаар сарын 1-ээс эхэлсэн сөрөг хүчний шаардлага, эсэргүүцэл цаашид ч УИХ-ын чуулганыг дуустал үргэлжлэх юм байна. Жагсаал болон цаг үеийн бусад асуудлаар Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
-Ардчилсан намаас бүх ард түмний эсэргүүцлийн “Хариуцлага нэхэх” сөрөг хүчний жагсаалыг зохион байгууллаа. Гол зорилго нь нийгэмд үүсээд байгаа хүндрэлтэй асуудал, ялангуяа, мах, шатахууны үнийн өсөлт хязгаараас давж, өрийн бодлого алдагдаж, төрийн зохицуулалт үгүй болсныг эрх баригчдад сануулж, хариуцлага нэхэх байлаа. Өнөөдөр улс оронд төр засаг байхгүй мэт ард түмний амьдрал ямар ч жолоодлогогүй явж байна. Шударга ёс ярьж, цээжээ дэлдсэн популист улстөрчдөөр Монгол орон дүүрчээ. Монгол Улсад хариуцлага гэдэг зүйл огт байхгүй болсон.
Хариуцлагын ард зогсч, хүлээж чадаж байгаа нэг ч улстөрч, төрийн албан хаагч алга. УИХ, Засгийн газар нь өөрөө хариуцлага хүлээх чадамжгүй болсноо удаа дараа харууллаа. Ийм нөхцөлд сөрөг хүчин болох Ардчилсан нам өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж, эсэргүүцлийн жагсаал, цуглааныг зохион байгууллаа. Улсын хэмжээнд нэгдсэн журмаар Улаанбаатар хот болон 21 аймагт жагсаал цуглаан боллоо. Нийслэлийн төв талбайд 30 орчим мянган иргэн жагсаалд оролцсон бол 19 аймгийн төвд 12 мянга орчим иргэн эсэргүүцлээ илэрхийллээ. Үүгээр иргэдийн бухимдлыг эрх баригчдад ойлгуулах, ард түмний амьдрал туйлдаа хүрч байгааг мэдрүүлэхийн төлөө байлаа.
Та бүхний мэдэж байгаачлан төрийн бүх шатанд маш олон гэмт хэрэг, үйлдэл гарч байгаа. Монгол Улс шиг цөөн хүн амтай орны хувьд хүн өөрөө эрдэнэт капитал нь болж байдаг. Хэрэв нэг эрдэнэт хүний амь нас үнэ цэнгүй болоход энэ улсын үнэ цэн алдагдаж эхэлнэ. Бид гуравхан саяулаа атлаа жилд 3000 гаруй иргэнээ, ослоор алдаж байгаа нь тун харамсалтай. Дайн, байлдаантай улс оронд ч ийм байдаггүй. Гэтэл золгүй тохиолдоор амь нас нь хохирсон хүний асуудалд хариуцлага хүлээдэг нэг ч хүн байхгүй байна. Улс орныхоо төлөө бүтээн байгуулах үйлсэд гар бие оролцож байгаа залуучууд алтан амиа алдаж байхад татвар төлөгчдийн мөнгөөр байр олгож байгаагаа гавьяа байгуулсан юм шигээр зарлаж байдаг. Хариуцлагагүй төрийн албан хаагчдын өмнөөс татвар төлөгчид төлсөн татвараараа хариуцлага хүлээж байна.
Сүржин, даржин амлалт өгөөд байсан Ерөнхий сайд хаана явна вэ. Улс орны амьдрал юу болж байна вэ? Жагсаал цуглаан болж байх хойгуур Оюу толгойн асуудал яригдсан байна лээ. Өнөөдөр Оюу толгойн гэрээг байгуулсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ байж л байгаа шүү дээ. Гэтэл аль нэг улс төрийн хүчинг буруутгах гэж, хэн нэгнийг буруутай харагдуулах гэж оролдож байх юм. Хариуцлага бол хариуцлага. Тухайн үед гүйцэтгэх засаглалын хариуцлага хүлээж байсан Засгийн газар л үүнд хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Шууд хэлбэл, Санжийн Баярын тэргүүлж байсан Засгийн газар Оюу толгойн гэрээнд гарын үсэн зурснаараа хариуцлага хүлээх ёстой. Би өөрөө сөрөг хүчний УИХ-ын гишүүн байсны хувьд Оюутолгойн гэрээг хамгийн их эсэргүүцэж, тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д. Зоригтыг хоёр ч удаа огцруулах гэж оролдсон. Харамсалтай нь, олонхын дэмжлэг авч чадаагүй.
Оюу толгойн гэрээ байгуулж байхад шударга ёс яриад явж байсан Хуульзүйн сайд Ц.Нямдорж гэдэг нөхөр тухайн үед ч Хууль зүйн сайд байсан. Ер нь Ц.Нямдоржийн Хууль зүйн сайд хийгээгүй үе гэж байхгүй. 22 жил Монголын хууль зүйн салбарыг толгойлсон хүн. Гэтэл нийгэмд аливаа нэг асуудал үүсэхэд Ц.Нямдорж “Би байгаагүй, би мэдэхгүй, би зурагтгүй, би орон сууцгүй” гэдэг зүйл ярьж хойш суудаг. Харин өөрт нь ашигтай асуудал гарч ирвэл шударга ёс ярьж, шударга дүрд тоглодог. Ийм л улстөрчдөөр дүүрээд байна. Хоёрдугаарт, Монголын номер нэг худалч сайд бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. 2016 оны Засгийн газрын ажил хүлээлцэх, эрх шилжүүлэх явцад 24.6 тэрбум ам.доллартай тэнцэх Монгол Улсын гадаад өр байсан. Өнөөдөр гуравхан жилийн дотор 29.5 тэрбум ам.доллартай тэнцэх гадаад өртэй болчхоод байна. Өдөр шөнөгүй өр төлөөд байсан Сангийн сайд ямар өр төлөв? Засгийн газрын өр гэхэд л гурван тэрбумаар өсөөд байна. 2016 онд 4.2 тэрбум байсан бол өнөөдөр 7.3 тэрбум болсон байна. Энэ мэтчилэн олон түмний тархийг угааж, худал мэдээлэл өгч байгаа хариуцлагагүй Засгийн газар огцрох хэрэгтэй.
Монгол хүний эрүүл мэнд, амь нас үнэ цэнгүй болтлоо гамшгийн хэмжээнд хүрсэн учраас УИХ, Засгийн газрын огцруулахыг бид шаардаж байгаа. УИХ хариуцлагагүй Засгийн газартаа хариуцлага тооцох ёстой. Хэрэв чадахгүй, Засгийн газартаа барьцуулагдсан юм бол УИХ өөрөө тарж, парламентын ээлжит бус сонгуулиа явуул гэсэн шаардлага тавьсан. Түүнээс биш Ардчилсан нам ямар нэг эрх мэдэл, албан тушаал шаардаж жагсаагүй. МАН-д эрх мэдэл багадаагүй. УИХ-ын 65 суудлыг ард түмэн өгсөн. Нэг нөхөр нь өөрөөсөө болж огцорсон. Гэтэл 64 гишүүний 50 нь ЖДҮХС болон бусад авлига , хээл хахуулийн асуудалтай холбогдсон явж байна. Өнөөдөр 60 тэрбум, 800 тэрбумын концессын асуудалтай холбоотой нэг ч хүн хариуцлага хүлээгээгүй. Ахиад 20 сая ам.доллар, 1,2 сая евротой холбогдсон сайд нар гарч ирсэн. Гэсэн ч эзнийг нь огт ярихгүй байна. Хамгийн аймшигтай нь, Оюу толгойн 34 хувийн үнэ цэнийг унагаах замаар гадагш нь худалдах сураг чих дэлсэж эхэллээ. Улс орны хувь заяагаар хэн дуртай нь тоглож байна. Улс орноо аваад яв, ард түмнээ зөв чиглүүл, Монгол Улсаа хөгжүүл гэж итгэж найдаж, ард түмэн сонгосон.
Түүнээс биш дураараа идээд өг, дургиад өг, улс орны хувь заяагар тогло, том ордуудыг зар, сандал суудлаа булаацалд, зодолд, нэг нэгнээ алаад бай гэж энэ эрх мэдлийг өгөөгүй байх гэж бодож байна. Эдийн засаг өсөлттэй, статистикийн мэдээгээр инфляц есөн хувьтай байна гэж байгаа ч бодит амьдрал дээр өнөөдөр 30-40 хувьд хүрээд байна. Өргөн хэрэглээний барааны үнэ, тариф 2016 онтой харьцуулахад 40 гаруй хувиар нэмэгдсэн. Гэтэл цалин, тэтгэвэр нэг л удаа наймхан хувиар нэмэгдсэн. Цаашид бид нэг жагсаад болихгүй, чуулганыг дуустал, үр дүнд хүртлээ хариуцлага алдсан сайд, яам, албан тушаалтан бүртэй Ардчилсан нам тэмцэнэ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Зарим сайд нарыг их хэмжээний авлигын асуудалд холбогдсон гэх мэдээлэл хэр бодитой вэ. Баримт бий юу?
-Энэ асуудлыг би яриагүй, бүх хэвлэлээр гарсан. Авлигын асуудал яригдаад байгаа боловч эзэн холбогдогч нь мэдэгдэхгүй байгаа юм. Миний сонссоноор 10 сая ам.долларын авлигын асуудал Хятадын бизнес эрхлэгч компанитай холбоотой гэх мэдээллийг сонссон. Харин 1.2 сая еврогийн асуудлыг Францын хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэсэн.
-Сангийн сайд 6.5 их наяд төгрөгийг сүүлийн гурван жилд төлсөн учраас цалин, тэтгэвэр нэмэх боломжгүй гэсэн тайлбар өгдөг. Энэ бодит тоо юу?
-Сүүлийн гурван жилийн хугацаанд барагдуулсан өр, авлагыг харвал яриад байгаа 6.5 их наяд төгрөг нь бондыг бондоор дарсан асуудал байгаа. Хэрэв өр төлөгдсөн юм бол Монгол Улсын Засгийн газрын өр, Монгол Улсын гадаад өр яагаад өсөөд байна вэ. Тодорхой тоог ярих ёстой. ДНБ-ий өсөлттэй харьцуулсан өрийн хэмжээг буурсан мэт харуулж хүмүүсийн тархийг угааж байгаа. Өнгөрсөн гурван жилд нийт долоон их наяд гаруй төгрөгийн төсвийн алдагдалтай төсөв баталсан. Төсвийн алдагдал гэдэг өр. Эрх баригчид долоон их наяд төгрөгийн өр үүсгэчхээд гүйцэтгэлээр хааж байгаагаа Ардчилсан намын тавьсан өрийг төлж байна гэж яриад явж болохгүй. Ардчилсан намын Засгийн газрын үед эдийн засгийн өсөлт хасах руу ороогүй, 1.6 хувьтай ажил хүлээлцсэн. Тухайн үеийн сангийн сайдын хэлсэн шиг хямрал зарлах хэмжээнд хүрээгүй байсан. Гадаад валютын нөөц 1.2 тэрбум ам.долларын үлдэгдэлтэй байсан. Өнөөдрийг хүртэл хоёр тэрбум ам.долларын интервенц хийсэн мөртлөө ханш буулгаж чадахгүй байна.