Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Н.Чадраабал: МАН төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж байна

"Шударга төрийн төлөө” ТББ-ын тэргүүн, Монгол Улсын гавьяат хуульч, Н.Чадраабалтай Үндсэн хуулийн Цэцэд хандсан асуудлаар ярилцлаа.

- УИХ нь Үндсэн хуулиа уландаа гишигчихээд бид хуулийн засаглал дор амьдардаг гэж ярих нь ичгэвтэр юм -

-Та Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Үндсэн хуулийн Цэцэд хандлаа. Нэгэнт нэмэлт өөрчлөлт нь хууль болж батлагдчихаад байхад одоо ач холбогдолгүй юм биш үү. Тэгээд ямар үндэслэлээр нэмэлт, өөрчлөлт болон дагалдах бусад хуулиудыг хүчингүй болгуулах юм бэ?

-Хуульч Ё.Бямбатогтох бид хоёр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль болон түүнтэй холбоотой хэд хэдэн хуулийг хүчингүй болгуулах саналаа Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл өгсөн.

 Иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн нам хүчнүүд, төрийн ажлын дадлага туршлагатай иргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийн явцад нэг намын хүсэл сонирхлоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байсан. Гэтэл МАН дангаараа бярдаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулчихлаа. Өнгөрсөн он жилүүдэд би Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн хууль тогтоогчдын санаачилга бүрд өөрийнхөө санал бодлыг хүргүүлж байсан учир үргэлж анхааралтай ажиглаж байлаа. Монгол үндэстний язгуур эрх ашгийн баталгаа болсон Үндсэн хуулийг хамгаалалцах үүрэгтэй хүн гэж бодож явдаг. Хэлэлцүүлгийн явцад санал бодлоо олон хүн илэрхийлж байсан тул тэд ч өөрийн үзэл бодлоо илэрхийлэх байх гэж бодож байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан арга нь буруу, уг хуулиар зохицуулсан харилцаа нь өөрөө Үндсэн хуулийнхаа агуулгатай зөрчилдөж байгаа юм. 1992 оноос мөрдөгдөж эхэлсэн Үндсэн хуулийн эрхэм зорилго нь “...Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, Үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлнэ” гэж тунхагласан байдаг. Энэ зорилтын хүрээнд Үндсэн хуулийнхаа 1-р зүйлийн 2-т ...Монгол төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол Ардчилал, шударга ёс, эрх чөлөө тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмууд байх ёстойг баталгаажуулаад мөн хуулийнхаа 70-р зүйлд “...Үндсэн хуульд хууль, зарлиг, Төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрдээ нийцэж байвал зохино” гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал хууль тогтоох үйл ажиллагаагаа явуулахдаа Үндсэн хуулийг зөрчиж болохгүй гэсэн үг байгаа биз. Төрийн дээр сандайлж суучхаад Улсын Их Хурлын бүрэн эрхийг атгачихсан МАН-ын бүлэг нэртэй хэсэгхэн хүн гурван сая гаруй иргэнийхээ хувь заяагаар тоглосон шийдвэр дангаараа гаргалаа. Төрийн эрх мэдлийг хуйвалдааны журмаар хувааж авах гэж байгааг хараад тэвчих аргагүй байна. Энэ өөрчлөлтөөр ард түмний амьдралд гялайх ямар ч ашигтай шийдэл байхгүй. Гагцхүү дээдсүүд л эрх дархаа баталгаажуулж сандал ширээгээ янзалж авсан юм.

-УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн ямар заалтыг нь зөрчсөн бэ?

-Үндсэн хуулийг өөрчлөх зохицуулалтыг Үндсэн хуульд тодорхой заачихсан байдаг. Тухайлбал: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн Хуулийн Цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал асуулгыг Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16-д заасан үндэслэлийн дагуу явуулна гэж Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтуудад хуульчилсан байгаа. Түүнчлэн үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн нэг дэх хэсгийн 16-д ... ард нийтийн санал асуулга явуулахыг Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамруулсан байдаг тул Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах эрх зүйн орчинг бүрдүүлж 1995 онд Ард нийтийн сануулгын тухай хуульд 2016, 2017 онд хоёр удаа нэмэлт оруулсан боловч өнгөрсөн 24 жилийн хугацаанд огт хэрэгжүүлээгүй юм. Харин өөр арга замаар хоёр ч удаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Бүр эсрэгээр 2010 онд УИХ-аас баталсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, 2017 онд баталсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль гэх мэт Үндсэн хуулиар зохицуулагдаагүй ердийн хуулиудын хүрээнд энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийсэн учраас хүчингүй болгох үндэслэлийг бүрдүүлж байгаа юм.

-Үндсэн хуулийн 68-р зүйлд Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёроос дээш буюу 51-ээс доошгүй гишүүний саналаар Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдвэрлэхээр заасан байдаг. Тэгэхээр энэ удаагийн өөрчлөлт хуульд заасан эрхийн хүрээнд явагдсан асуудал биш үү?

-Бид УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхгүй, заавал Ард нийтийн санал асуулгаар өөрчлөлт оруулах ёстой гэж маргаагүй юм. Үндсэн хуулийн 68, 69-р зүйлд заасан эрхээ эдлэхдээ Үндсэн хуулиар тогтоогдсон бусад заалтуудыг зөрчлөө л гэж байгаа. Үндсэн хуулиар зохицуулагдсан Ард нийтийн санал асуулгын тухай хуулиас өөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэгчийг баталсан. Тэгээд энэ хуулийг үндэслэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө бэлтгэсэн. Улмаар энэ хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр 2017 онд УИХ-ын 39-р тогтоол баталж эдгээр хууль тогтоомжуудын хүрээнд Үндсэн хуулийг өөрчилсөн нь зөрчил юм. Хэрэв эдгээр хуулиудад тусгасан утга санааг Ард нийтийн санал асуулгын тухай хуульд оруулж (Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн) энэ хуулийн хүрээнд хийчихсэн бол маргах үндэслэл гарахгүй л дээ. Уг нь УИХ 2019 оны есдүгээр сарын 11-ний өдөр 73-р тогтоол баталж Ард нийтийн санал асуулга явуулах. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах шийдвэр гаргасан. Гэтэл энэ тогтоолд нь Монгол Улсын Ерөнхийлөгч 2019-оны есдүгээр сарын 20-ны өдөр Е\44 тоот хориг тавьсан. Ингээд ард нийтийн санал асуулга явуулахаа болиод УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхоороо хуулийн төслөө баталчихсан юм. Ерөнхийлөгчийн хоригт нь Үндсэн хуулийн төслийн бичвэрийг хийхээс авхуулаад бүх үе шатанд хууль зөрчсөн байна гэснийг зөвшөөрч хүлээж авсан атал УИХ хууль санаачлахаас эхлээд алдаагаа засахын оронд нэг мөсөн зүтгүүлээд баталчихсан. Ийнхүү буруутсанаа улам буруутгаад байгаагийн гол учир гэвэл МАН-ын мөрийн хөтөлбөрөө биелүүлж, их хариуцлагатай нэр хүндтэй бүтээлч ажил хийсэн болж харагдах гэсэн санаанаас үүдэлтэй. Үндсэн хуулиа зөрчиж байж өмнөхөөс нь улам дордуулсан энэ шийдвэрээ түүхэн гавьяа байгууллаа гэж хөөрцгөлцгөөж байсныг та сонсоо л байлгүй.

-Ер нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь хэр зэрэг оновчтой зөв болсон гэж та бодож байна вэ?

-Бид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон дээр яригдсан бусад хууль, тогтоомжуудыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага тавьсан учраас доторх зохицуулалтуудад нь онц ач холбогдол өгөөгүй. Гэхдээ энэ хуулийн өөрчлөлтийг санаачлах, чуулганаар хэлэлцэх, батлах үе шатуудад нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжууд зөрчсөн 20 гаруй зөрчил байна гэдгийг анхааруулж дурдсан байгаа. Биднээс өөр олон хүн Цэцэд хандах нь тодорхой учраас тэр хүмүүсийн санал, шаардлагуудад өөр олон баримтууд гарч яригдах байх. Үнэхээр л Монгол төрийн хамгийн өндөр дээд түвшний шийдвэр гаргадаг хууль тогтоох байгууллага болох УИХ нь эцэг хууль буюу Үндсэн хуулиа ингэж уландаа гишгэчхээд бид хуулийн засаглал дор амьдардаг гэж ярих нь ичгэвтэр юм.

-Энэ нэмэлт, өөрчлөлтөд тэгэхээр авчихмаар сайн юм байхгүй гэж үү?

-Мэдэмхийрч бүхнийг үгүйсгэдэг, хонзогнож, хорсол тайлах зорилготой, сайн сайхан юманд саад хийх гээд байна гэж үзээд биднийг буруутгах хүмүүс байгаа бол Ерөнхийлөгчөөс УИХ-ын үйл ажиллагаанд дүгнэлт өгсөн Е\44 тоот хоригийг уншиж үзэх нь зүйтэй юм. УИХ тэр хоригийг бүрэн хүлээн авчихсан мөртлөө зөвтгөж засаагүй. Судлаач, эрдэмтэд гээд байгаа хүмүүс МАН-ын захиалгаар хуулийн төслийн бичвэрийг хийсэн учраас өөрсдийгөө алдаршуулахын тулд хийсэн зүйлээ магталгүй яах вэ. Харин нэг зүйлийг тодотгож хэлэхэд ард түмний нүд хагас боловч нээгдсэн нь олзуурхууштай. Нийгмийн эрүүл хүчин, туршлага мэдлэг чадвартай олон хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлж байсны хүчинд манай иргэд энэ Үндсэн хууль гэдэг чинь бидний эрх ашгийг хамгаалдаг юм байна. Бид зөвхөн энэ 76 хүнийг сайхан амьдруулахын төлөө явах ёсгүй юм байна гэдгийг бараг ухаарчих шиг болсон доо. Дараагийн удаа бол ингэж бярдаж чадахгүй шүү дээ.

-Дараагийн удааг нь та бид үзэх юм уу. Энэ хуулиа 30 жил мөрдөнө. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг найман жилийн дотор дахин авч хэлэлцэх ёсгүй гэх мэтээр ярьцгаах юм билээ?

-Тэр чинь бас л мунхаруулга байна. Манай хууль тогтоогчдын Үндсэн хуулиа өөрчлөх зэвсэг болгоод байгаа өнөөх Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17-р зүйлийн 11-д Ард нийтийн санал асуулгыг хүчингүйд тооцсон эсвэл хуулийг батлахаас татгалзсан тохиолдолд найман жилийн дотор дахин авч хэлэлцэхгүй гэсэн заалт байгаа юм билээ. Гэтэл Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн хоёрт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хуралд хоёр удаа авч хэлэлцэхэд ийнхүү нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн санал эс авч чадвал уул төслийг ээлжит сонгуулиар сонгогдсон Улсын Их Хурлын шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэлтэл дахин авч хэлэлцэхгүй гэж заасан байдаг. Өнөөх гайхамшигтай Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль энд бас л Үндсэн хуультай зөрчилдсөн байна. Өөрөөр хэлбэл найман жилийн дотор дахин авч хэлэлцэхийг хориглох нь байтугай нэг бүрэн эрхийн хугацаанд буюу дөрвөн жилд хоёр ч удаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцэх боломж байна шүү дээ. Иймэрхүү хууль баталдаг УИХ-тай байхаар ирэх зуны сонгуулийн үр дүнд олонх болж гарч ирсэн улс төрийн хүчин дуртай өнцгөөсөө харж байгаад л өөрчлөх болно. Ийм хууль тогтоогчидтой байхад хууль хамаагүй, эрх мэдэл, эд мөнгө л хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой шүү дээ.

-Та нарын энэ мэдээллийг Үндсэн Хуулийн Цэц хүлээн авч хэлэлцэж шийдвэрлэх болов уу?

-Энэ чинь л харин асуудал. Уг нь бид Үндсэн Хуулийн Цэцийн хийх ёстой ажилд дэмжлэг үзүүлж Үндсэн хуулийг хамт маналцаж байгаа хүмүүс. Хэрэв үнэхээр Цэцийн дээр үндсэн хууль байгаад тэд энэ хуулийн хэрэгжилтэд дээд хяналт тавих үүрэгтэй нь үнэн л юм бол эрх биш жаахан анхааралтай хандах биз. Ер нь Монголын төр тогтвортой төвшин байх нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчтэй холбоотой биш юм. Тэр ч бүү хэл Үндсэн хуультай ч холбоотой асуудал биш. Гагцхүү Үндсэн Хуулийн Цэцийн үйл ажиллагаанаас л шалтгаалах ёстой. Манай хууль тогтоогчид УИХ-ын чуулган дээр шийдвэр гаргахдаа энэ асуудал Цэц дээр очоод уначхаж магадгүй гэж бие биедээ сэрэмжлүүлж байсан шүү дээ. Ёс ёмбогор төр төмбөгөр гэдэг зарчмын үүднээс уг нь ийм л байх учиртай. Шүүх шударга байж гэмээнэ нийгмийн амьдралд шударга ёс тогтдог бол Үндсэн Хуулийн Цэц шударга байж чадвал Монголын төр шударга болох ёстой. Гэтэл УИХ хуулийг нь баталж, Цэцийн гишүүдийг томилдог учраас тэд Цэцийн дээр (бүр Үндсэн хуулийнхаа дээр) гарч суучхаад Цэцдээ эзний сэтгэлээр ханддаг болсон байна. Үүнийг өнгөрсөн он жилүүдэд манай Улсын Их Хурлын эрхэм ноёд өөрсдөдөө үйлчилдэг Цэцийн гишүүдийг 15,20 жил түүнээс ч урт хугацаагаар суудалд нь хадаж, дуулгавар муутай шударга нэгийг нь зургаан жил болмогц шахаж зайлуулдаг. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулиудыг таалалдаа нийцүүлэх оролдлого хийж өөрчилж байсан. Мөн Цэцийн дарга асан Монголын нэрт хуульч академич Ж.Амарсанааг хууль бусаар огцруулсан. Энэ цагийн хуульчдын сор болсон академич С.Нарангэрэлийг Цэцийн гишүүний шаардлага хангахгүй гэж томилохоос татгалзаж байсан. Дордохын долоон өөрчлөлт хэмээн нэрлэгддэг 1999-2000 онуудад Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдийн мэдээллийн дагуу шалгаж Цэцийн гурван шатны хуралдаанаас Үндсэн хуультай зөрчилдсөнийг тогтоосоор атал дахин хуульчилсан. Ойрмогхон Ашигт малтмалын тухай хуулийн 47-р зүйлийн заалт Үндсэн хуультай зөрчилдөж байгааг Цэцийн гурван шатны хуралдаанаар тогтоогоод байхад УИХ уг агуулгаар нь хуульд буцаагаад суулгачихсан байгаа. Ийнхүү Цэцийн шийдвэрийг үл тоож гишүүдийг нь басамжилсан өөр жишээ ч цөөнгүй бий. Цэц санаачилгаараа Үндсэн хууль зөрчсөн тохиолдол бүрийг авч хэлэлцэн Үндсэн хуулийнхаа хүрээ, хяналтад байлгаад байсан бол Монголын төр өнөөдрийнх шиг дампуурахгүй байлаа.

-Та итгэл үнэмшил муутай байж цаг заваа барж цаас эрээчиж суугаад яах гэсэн юм бэ?

-Энэ газар шороон дээрх амьдрал зөвхөн бидний үеэр дуусахгүй. Та бидний үр хүүхдүүд үеийн үед үрийн үрд амьдрах болно. Тийм учраас бид замыг нь зөв зааж өгөх учиртай. Чухам үүний тулд л бид амьтанд ад болж өөртөө лай хурааж явна. Михайлд нэг бодол бий гэдэгчлэн Цэцэд өгсөн мэдээлэлд өөр бас нэг асуудал хөндөж тавьсан. Бид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бүр дээр маргаж чадах боловч шударга үнэний төлөө цохилох зүрхтэй яваа бусад олон нөхдүүддээ боломж үлдээж байна. Гагцхүү энэ нэмэлт, өөрчлөлтийн арван есдүгээр зүйлд оруулсан нэмэлтийг зөвшөөрч болохгүй байгаагаа тайлбарласан. Энэ заалтыг хүчингүй болгуулах санал тавьсан. Цэцээс ямар нэг хариу бас гарах байх. Хэрхэн шийдвэрлэхийг харж л байя.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com