Саяхан болж өнгөрсөн 77 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмаас БНСУ-ын найруулагч Пон Жуны PARASITE буюу орчуулбал “Шимэгч” нэртэй кино гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд шалгарчээ. Энэхүү кинонд анги, давхаргын ялгааг харуулдаг бөгөөд ядуу ч бай, баян ч бай хүн гэдэг амьтны байгалиас заяасан хамгийн жигшим шинж чанар бол өөрийнхөө төлөө хэнийг ч, юуг ч шимэгчлэхээс буцахгүй байдлыг харуулсан учир шалтгаан.
Тэрчлэн уг бүтээлээр шимэгчид нийгмийн бүхий л анги давхаргад байдаг тухай өгүүлж, энэхүү харилцаа нь хүний юунд ч сэтгэл ханадаггүй, хууран мэхлэгч байдлыг илтгэжээ. Киноны хүргэх гэсэн гол санаа нь бүхнээс бүгдийг сорогч энэ систем нь капитализм. Капитализм бол шимэгч юм гэсэн “онош” тавьжээ. Найруулагч Пон энэ шүүмжилсэн тэгш бус байдал түүний үед, эсвэл түүний хүүгийн үед ч өөрчлөгдөж сайжрахгүй, магадгүй 564 жил болох вий гэж айж байна гэжээ. Мөн тэрбээр “Би зөвхөн Солонгосын соёлын онцлогтой мэдрэмжийг илэрхийлэхийг зорьсон. Гэсэн ч олон орны үзэгчид бүгд шахам нэг сэтгэгдэлтэй хүлээж авч байхыг харлаа. Үнэндээ бид капитализм хэмээх нэг л улсад амьдардаг юм байна гэдгийг ойлголоо” гэв.
Солонгосын хит болоод байгаа энэхүү кинон дээрх дүр зураг дэлхийн бүх улс оронд байдаг бодит үнэн учраас л энэ кино олны анхаарлыг татаж буй хэрэг. Тэгвэл социализм, капитализм, ардчилал хэмээх нийгмийн аль ч давхаргад хөрөнгөтнүүд оршин байдаг ба баян, ядуу гээд бүх ангийнхан нэгнээ шимэгчилж амьдардаг уу гэх асуулт байна. Хариулт, үнэхээр нийгмийн бүхий л давхаргад шимэгч хорхой шиг эрүүл нийгмийг хордуулагч өөдгүй хүмүүс байдаг нь чин үнэн ажээ. Ялангуяа, улс төрд энэ үзэгдэл гэрэл асаахаар харанхуй руу гүйлддэг жоом шиг л арзганаж байдаг. Тэднийг бид шимэгчид гэхээсээ илүүтэй популистууд гэж нэрлэдэг. Нэг үгээр, тэд бол популизм гэгч халдварт вирусийг тээгчид болой. Энэ вирусийн шинж тэмдэг нийтлэг. Танихад ч амар. Гэхдээ тэд аль болох вирустэй гэдгээ нуухыг хичээдэг юм.
Учир нь сонгууль дөхсөн энэ үед популистууд ард түмнийг шимэгчлэхийн тулд гэгээнтний дүрд хувирах, эс бөгөөс ард түмэнтэй адилхан жирийн л нэг амьдралтай хүн болох гэж жүжигчилсэн тоглолт явуулдаг. Үндсэндээ сүүлийн дөрвөн жилд Монгол Улс маш олон популист улстөрчид “төрүүлсэн” байх юм. Хамгийн сүүлд гэхэд л, ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг үнэ төлбөргүй болгоно, ипотекийн зээлийн 30 хувийг төрөөс даадаг болно, цалин, тэтгэврийг хоёр сая төгрөгт хүргэнэ гэх мэт инээд хүрмээр амлалтуудыг Төрийн ордонд чанга дуугаар, хөөрхий хэдэн ахмадуудыг урдаа суулгачхаад хашхирч байгаа харагдсан.
Бас МАХН зунжин, намаржин л орон сууц үнэгүй өгнө хэмээн баахан хүмүүсийг бүртгэж, худал амлалт өгсөн. Сониуч зан хөдлөөд, яаж байгаа юм бол гэж асуухад, байгалийн баялгаас олсон мөнгөөрөө орон сууц үнэгүй тараах юм гэнэ. Ийм дампуурсан популист амлалт гэж байж болох уу, ингэж хүмүүсийн тархийг ядуу байдал дээр нь дөрөөлөн угааж болох уу, бурхан минь гэж. Одоо сонгууль болохоор бүр ч гоё популист амлалтуудыг өнөө вирус тээгчид маань том, жижиггүй өгөх нь мэдээж. Эхнээсээ бүр хуулийн төсөл боловсруулаад түүнийгээ дуу нэгтэй баталчихсан яваа. Салхитын мөнгөний ордоос олох ашгаар ахмадуудын зээлийг тэглэх гэнэ. Яс юман дээрээ тэр Салхитын мөнгөний орд нь тийм хэмжээний зээл тэглэх нөөц баялагтай газар ч биш гэж эдийн засагчид хоолойгоо сөөтөл хэлсэн. Хэлсээр байтал ердөө л дараагийн сонгуульд ялалт байгуулахын төлөө, иргэдийн саналыг худалдаж авахын тулд, өнгөрсөн 100 жил яаж эх орноо бага багаар шимэгчилж идсэн тэр аргаараа асуудалд хандчихлаа.
Нөгөөтээгүүр, манай поп улстөрчдийн хувирдаг нийтлэг нэг гоё дүр байна аа. Тэд голдуу эгэл бор амьдралтай монгол хүн болж жүжиглэх дуртай. Сонгууль дөхмөгц тэдний фэйсбүүк, твитертээ хөдөө хөхөрч, гадаа гандавч огтоос ажрахгүй суугаа, нэг тийм мундаг эх орончийн дүр төрх бүтээсэн зургуудыг бүүст хийсэн байдлаар Та, бид харах ёстой болдог. Зарим нь бүр нэг айлд очоод толгой, цувдай идэж суугаа зургаа хүртэл хийдэг гээч. Хүн амынх нь 30 хувийг эзэлдэг ядуус тийм л юмаар гол зогоож байхад тэдний энэ зураг хамгийн “гоё” харагдах ёстой билээ.
Бас нэг кэйс. Юу байгаагаа бөхдөө барьж гүйдэг Монголын дэвжээнд 10 жил завсаргүй шахам босоо үлдэж, хамаг шагналыг нь хамсан даяар дуурсагдах далай даян дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн болсноосоо хойш даруухан амьдралтай хүний нэгээр тодорсон. Монголд анхны “Patrol” жийпээр гангарч явсан аварга өнгөрсөн өвөл өөрөө яажшуухан багтдаг юм гэмээр хөгийн машин унасан зургаа олонд харуулав. Жижигхэн ч болов машингүй иргэд олон байгааг анзаарсан Б.Бат-Эрдэнэ ердөө маргааш нь л нийтийн тээврээр зорчиж яваагаа тунхаглан зарлаж байлаа. Өнөө цагт алаг морийг автобусаар орлуулах нь хамгийн ухаалаг арга яах аргагүй мөн. Популист улстөрч баян чинээлэг байх тусмаа эгэл ард шигээ амьдардаг мэт, ядаж л тэдний дунд яваа мэт сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг ажээ.
Олонхын санал авсан нь эрх мэдэл, эд хөрөнгөд хүрдэг учир ардчиллын жилүүдэд популистын тоо эрс нэмэгдсэн нь үнэн. Аль ч намын анхны ардчилсан сонгуулийн уриаг өнөөдрийнхтэй нь харьцуулж үзвэл газар, тэнгэр шиг ялгаа харагдана. Энэ зуур манай улс төрд зөвхөн популизм хийж амьдардаг бүлэг бий болжээ. Тэдний сонгодог төлөөлөл болсон Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Учрал мэтийн популистуудын ярьж хэлж байгаа нь энгийн хүний сэтгэлд амархан хүрэх боловч учир шалтгааныг нь ухаад үзвэл хэзээ ч бүтэшгүй үйл хэрэг байдаг.
Саяхан даа, нэг телевизээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дундаж давхаргыг 2050 он гэхэд 80 хувьд хүргэнэ гэсэн мессежтэй алгаа ташаад баярлах ёстой ч юм уу, даапаалаад байна уу ч гэмээр мэдэгдэл хийсэн. Үнэндээ газрын хэмжээлшгүй их баялагтай гуравхан сая монголчуудыг элбэг дэлбэг, хангалуун сайхан амьдруулах боломж мөн ч их бий. Японы нэгэн судлаач Монголд хүмүүнлэгийн үйлс хийх гэж ирээд гудамжаар холхих Ланд 200, Лэксус 570 гэх мэт тансаг автомашинуудыг хараад нүд нь орой дээрээ гарч танайд дэмжлэг хэрэггүй, харин засаглалын зөв бодлого л хэрэгтэй юм байна гэж хэлээд нутаг буцсан гэдэг.
Бидний төлөө амь амьдралаа зориулахад бэлэн явсан популистууд эрх мэдэлд хүрээд захаасаа гууль нь цухуйгаад ирсэн билээ. Хэдүүлээ популистуудыг гууль нь цухуйсан ба цухуйгаагүй гэж хоёр ангилах нь зүйтэй. Угтаа бид хөгжлийн бодлогод биш хувь хүний популизмд саналаа өгсөөр улс орноо ийм болголоо шүү дээ. Хонь чоныг сонговол өөрөө л буруутай. Эрх чөлөөт хүний алдаа, оноо өөрт нь л байдаг.