Түрүүч нь № 12 (320)-т
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс Сэлэнгэ аймгийн ОНӨҮГ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга асан Су.Батболдын эхнэрийн төрсөн дүү, туслах Б.Бат-Идэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албанд томилогдсон. УИХ-ын гишүүн Н.Учралын хадам ээж Б.Отгонжаргал Нийслэлийн халамжийн газрын дэд даргын албыг хашдаг. УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Сумъяабазарын төрсөн дүү Асашёрюү Д.Дагвадорж Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, Д.Сумъяабазарын гэр бүлийн эзэмшлийн “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны захирал Б.Баярсайхан Үндэсний хөгжлийн газрын даргаар очсон. Б.Баярсайхан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ын дарга. Монгол Улсын Ерөнхий сайд агсан П.Жасрай агсны зээ охин А.Ариунзаяа Үндэсний статистикийн хорооны дарга бол П.Жасрай агсны ач хүү Ж.Хичээнгүй ТОСК-ийн ерөнхий захирал. МАН-ын нөлөө бүхий эрхмийн нэг гэгддэг УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайн охин Б.Гаваа ТӨБЗГ-ын Тамгын газрын дарга. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн төрсөн дүү Н.Чимгүүндарь АНУ-ын Нью-Йорк дахь байнгын төлөөлөгчийн газрын зөвлөх, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын охин Т.Одсүрэн ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга асан Н.Ганзоригийн охин Г.Хулан ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, тэрбээр Засгийн газрын хуралдаанаас Сингапур дахь Элчин сайдын яаманд III нарийн бичгийн даргаар томилсон.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэрийн хамаатан С.Мөнгөнчимэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд асан Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ Хөгжлийн банкны Хяналт шалгалт Тамгын газрын даргаар томилогдсон. ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны эхнэрийн төрсөн дүү О.Лхагвацэдэн БХБЯ-ны нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга бол бас нэг дүү нь яаманд хадам ахынхаа зөвлөхөөр ажиллаж байв. Сангийн дэд сайд асан Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдсон.
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ нь ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан ба өдгөө Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаг. Түүний дараагийн нэг ах Ж.Бат-Чулуун ХААИС-ийн дэд захирал, тэнхмийн эрхлэгч, эгч Ж.Баттуяа нь “Оюу толгой” ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан, одоо хуульчаар ажилладаг. Мөн Ж.Баатарчулуун ах нь Хөх хотод консулын газарт ажилладаг.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд “шударга” гэгддэг Ч.Хүрэлбаатарын төрсөн ах, сумын засаг дарга асан Ч.Ганболд ХХҮГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байгаад Тува улсад суух Ерөнхий консулаар саяхан томилогдсон. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Би ахыгаа Ерөнхий консулаар томилогдоход нь ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй. Миний ах насаараа төрд ажиллаж байгаа. Тувагийн тэргүүнтэй сайн харилцаатай ажилладаг. Үүнийг нь бодсон юм болов уу. Намайг хүүхэд байхад л Эрхүүд төгсч ирээд ажлаа хийсэн. Сумын Засаг дарга, Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн” гэсэн тайлбарыг өгч байсан билээ. Түүнчлэн Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг Монголбанкны мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар ажилладаг юм байна.
Насаараа Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж буй УИХ-ын гишүүн Ц.Нямдорж жил гаруйн өмнө АНУ дахь Санфранцискод суух консул хүү Н.Анхбаярыгаа Монгол руу татан авчирч, Гадаад харилцааны яамны Төрийн Захиргаа Удирдлагын газрын даргаар томилсон. Удалгүй Австралид суух Элчин сайдаар томилоход хэл ам дэгдсэнээр түр зогссон. Ц.Нямдоржийн эхнэр Ж.Долгормаа нь насаараа шахуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн даргаар ажилласан. Архины тусгай зөвшөөрлийг энэ хүн л мэддэг гэлцдэг. Ц.Нямдоржийн бэр н.Болорсувд Элчин сайдын яаманд ажилладаг, ЗГХЭГ-ын хүний нөөц хариуцсан ажилтай. Ц.Нямдорж сайд маань хэвлэлд “Ах дүү амраг саднаа нэр төрөө ашиглаж албан тушаалд томилуулах талаар ёстой боддоггүй” гэж ярьж байсан удаатай.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимынхан ЖДҮ-ийн зээлийг өөр хоорондоо хувааж авсан шигээ МАН-ын 64 гишүүн Монгол төрийн өндөр албан тушаал, элчин сайдын яамдуудыг гэр бүлийнхэндээ бараг “бэлэглэчихсэн” гэхээр харагдана. Төрийн албанд ажилладаг тэдний “шахаа” хамаатан садан, найз нөхөд, бизнесийн түнш, хамтрагч, нутаг усныхан гээд тоочвол ураг модны сүлжээ цааш хөвөрч, мөчрөө ч даахгүйд хүрнэ. УИХ-ын гишүүд, дарга сайд нарын үр хүүхэд, ах дүү, эхнэр, нөхрүүд Монголын төрд насаараа ажиллаж ирсэн туршлагажсан, мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнээс яагаад ямагт илүүрхэж, шалгуурт тэнцээд байдгийн учир жанцанг уншигч Та юу гэж дүгнэн цэгнэж байна вэ?
Б.ОДМАА