УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны (ХЗБХ) өчигдөр (2020.01.21) хуралдаж Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсэг нэг удаа хуралдаж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Байнгын хорооны гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Эрүү шүүлтийн эсрэг үндэсний механизмтэй болно
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хуулийг шинэчилснээр хариуцлагын тогтолцоог тодорхой болгох, комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулах, эрүү шүүлтээс ангид байх үндэсний механизмыг тодорхойлж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хариуцсан гишүүний орон тоог бий болгож комиссын гишүүнийг тав болгох, комиссын гишүүний гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалтыг боловсронгуй болгохоор төсөлд тусгасан байна. Түүнчлэн бие даасан, хараат бус эрүү шүүлтийн эсрэг үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг Комиссын дэргэд бий болгохоор тусгажээ. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Гэр бүлийн тухай хуулийг шинэчилнэ
ХЗБХ-ны хуралдаанаар Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш 20 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Гэвч эдгээр нэмэлт өөрчлөлт нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан бусад хуулийн шинэчлэлийг дагалдан хийгдсэн байдаг аж. Гэр бүл цуцлалт сүүлийн таван жилд дунджаар 3.6 хувиар өссөн судалгаа гарчээ. Холбогдох судалгаанаас харахад монголын гэр бүлд нэн тэргүүнд ахуйн анхдагч хэрэгцээ хангах асуудлыг шийдвэрлээгүй байдаг байна. Тухайлбал, дээрх судалгаанд дурдсанаар Монгол Улсад гурван гэр бүл тутмын нэг нь санхүү, таван гэр бүл тутмын нэг нь орон байрны асуудалтай байгаа аж. Түүнчлэн судалгаанд хамрагдсан залуу гэр бүлийн 50.8 хувь нь ажлын байраар хангах дэмжлэг, 22.5 хувь нь орон сууц хүссэн бол 16.3 хувь нь орлого нэмэгдүүлэх боломж олгохыг хүсчээ. Судалгаанд оролцогчдын 55.3 хувь нь гэр бүлийн зөрчил маргааны шалтгаан санхүү, өр зээл гэсэн бол согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй хэмээн 15.7 хувь нь, хүүхдийн асуудлаас үүдэлтэй хэмээн 15.3 нь хариулжээ. Гэр бүл цуцлалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд гэр бүл бүр урт хугацааны турш хамт зүтгэсэн ч материаллаг хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа аж. Энэ нь гэр бүлээ цуцлуулах шалтгаан болдог хэмээн дүгнэлт гараад байна. Тэгвэл өрхийн санхүүгийн хүртээмжгүй байдал, хосын тааламжгүй харилцаа, хүчирхийлэл, гэр бүл цуцлалтын үр дагавар хүүхдэд хүндээр тусч, эрх нь зөрчигддөг.
Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлээр олон ажил хийгдэж, олон нийтийн хандлагад эерэг өөрчлөлт гарсан. Гэвч гэр бүлийн хүрээнд хүүхдийн эрхийг бүрэн дүүрэн хангах, эцэг эхчүүд үр хүүхэддээ анхаарал тавьж, зөв хүмүүжүүлэх, эерэг хандлагатай болгох, гэр бүлийнхээ үнэт зүйлсийг сахин хамгаалах нь нийгмийн тулгамдсан асуудал хэвээр байна. Эдгээр дурдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гэрлэлт сайн дурынх байх, гэрлэгсэд тэгш эрхтэй байх, гэр бүлийн асуудлыг гэр бүлийн гишүүд харилцан тохиролцож, шийдвэрлэх, хариуцлагатай байх, хүүхдийг гэр бүлд нь өсгөн хүмүүжүүлэх, хүүхдийн ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримтлан төслийг боловсруулжээ. Түүнчлэн төрөөс гэр бүлд дэмжлэг үзүүлснээр гэр бүлийн амьдрал тогтворжиж, эцэг эхийн үүрэг хариуцлага нэмэгдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзэж байгаа юм. Төслөөр төрөөс гэр бүлийг дэмжих үндсийг тогтоож, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэх, гэр бүлийн гишүүний эд хөрөнгийн бус харилцааг зохицуулах зорилготой. Залуучуудыг гэр бүл болоход бэлтгэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, гэр бүлийн харилцааны аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр бүлийн боловсролыг хүүхэд байхаас албан боловсролоор олгох, залуучуудыг гэр бүл болохоос өмнө тусгай сургалтад хамруулах, гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг зохицуулахаар төсөлд тусгажээ. Хуулийн төсөл нь нийт 10 бүлэг, 102 зүйлтэй бөгөөд 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуульд үндсэн асуудлаар хоёр бүлэг, 26 зүйл шинээр, хуулийн 80 гаруй хувьд нь нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга орсон байна. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар гэр бүлд суурилсан хөгжил, хамгааллын бодлого хэрэгжих, төрийн үйлчилгээ гэр бүлд хүрэх бодит нөхцөл бүрдэх ач холбогдолтой хэмээн үзсэн байна.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Өнөөдрийн байдлаар гэр бүлийн харилцаанд тулгамдаад буй асуудлыг шийдэхээс гадна гэр бүлийн харилцааны өөрчлөлт, хандлагыг тооцох, түүнчлэн гэр бүл орлоготой байх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийг дэмжих ёстой. Гэр бүлийн хамт байх боломжийг нэмэгдүүлэх, хамт хөдөлмөр эрхлэх боломжийг хангах чухал” хэмээн хэлэв. Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гэр бүл зуучлалын асуудлыг хориглох нь оновчтой эсэх, гэрлэлтийн гэрээний талаар зохицуулалтуудыг тодруулан асууж, өөрийн байр сууриа илэрхийлж байлаа. Хуулийн төслийн дөрөв хуваасны нэгийг гэр бүлийн талаарх төрийн байгууллагуудын бүтэц, тогтолцоо гэдэг асуудлыг зохицуулахаар тусгасан алдаа байгааг хэлж байв. Мөн хуульд төрийн оролцоог бүх түвшинд нэмэгдүүлэх хэдий ч төсөв болон бусад хэлбэрээр уялдаа хангагддаггүй учраас хууль хэрэгждэггүй. Төслийн нэг бүлэгт төрөөс гэр бүлийг дэмжиж, тогтвортой гэр бүлийг бий болгох гэдэг агуулга байгааг шүүмжлээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд ажлын хэсэг сайн ажиллах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн. Ингээд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлээд байна.