Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр тушаал гаргаж, доорх нэр бүхий хүмүүсийг Австрали улсын Сидней хотод 2019 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 5-ныг хүртэл нийт зургаа хоногийн хугацаанд албан томилолтоор ажиллуулж, томилолтын зардалд нийт 11,529,096 ам.долларыг төсөвлөн уг мөнгийг талбайн захиалгын үйлчилгээний хөлснөөс гаргасан байна.
Газрын тосны эрлийн ажлын үр дүнгээр Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ) байгуулах хүсэлтийг “Эрдэнэс метан” ХХК-иас ирүүлсний дагуу хөрөнгө оруулагчийн мэргэжлийн болон санхүүгийн чадвар, үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, өмнө нь энэ чиглэлээр хөрөнгө оруулж байсан туршлагын талаар шалгахаар тус газрын долоон хүний бүрэлдэхүүнтэй баг Австрали руу явжээ. Тодруулбал, Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, ТЗУХ-ийн ахлах мэргэжилтэн Ш.Маргад, мэргэжилтэн Ш.Баяртогтох, ЗГХЭГ-ын ахлах референт Ш.Үнэнтөгс, ХЭЗХ-ийн мэргэжилтэн Ц.Жавхлан, ГХХ-ийн мэргэжилтэн Б.Золбообаяр, мэргэжилтэн А.Түвшинжаргал нар ажилласан байна.
Эдгээр долоон хүний 11,529,096 ам.долларыг төгрөгт хөрвүүлбэл тухайн үеийн ханшаар 31 сая төгрөг болж байна. Томилолтын зардлыг төсөвт бичсэнээр нэг хүний онгоцны ирж, очих зардал 1210 ам.доллар болсон бол нэг өдрийн томилолтын зардлыг 260 ам.доллароор тооцжээ. Мөн визний хураамжид 609 ам.доллар төлсөн байна. Энэ талаар АМГТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлстийн дарга Б.Дашпүрэвээс тодруулахад “Томилолтын зардлыг Эрдэнэс метан” ХХК-иас гаргасан гэсэн тайлбарыг өгсөн. Харин “Эрдэнэс метан” ХХК-аас хэдийг нь гаргасан талаар лавлахад тодорхой тайлбар өгөхөөс татгалзав.
Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнгийн 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн тушаалаар тус газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Манлайдуламын эмчилгээний зардлын нөхөн төлбөрт найман сая төгрөг олгох шийдвэр гаргасан бол мөн тус газрын Геологи, хайгуулын хэлтсийн Гидрогеологи, геоэкологийн судалгаа хариуцсан мэргэжилтэн Д.Одонтуяад нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор есөн сая төгрөгийн дэмжлэг олгох тушаалыг гаргасан байна.