УИХ дахь Ардчилсан намын зөвлөл цаг үеийн асуудлуудаар хуралдаж мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Ардчилсан намын зөвлөл дараах асуудлуудаар хуралдлаа. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэр, хоёрт, УИХ-ын чуулганаар УИХ-ын сонгуулийн тойргийн асуудлыг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын зүгээс байр сууриа илэрхийлсэн. Мөн УИХ дахь Ардчилсан намын зөвлөл УИХ-ын дарга Г.Занданшатарт албан хүсэлт гаргаж тойрог, мандатын асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан. Гуравт, дэлхий дахинд өнөөдөр үүсээд байгаа гоц халдварт титэм вирусийн өвчлөлийн тухай асуудлаар Ардчилсан нам иргэдийн санал хүсэлтийг төр засагт уламжлах нь зүйтэй гэж үзлээ.
Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг дэмжинэ
Ардчилсан нам УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Ёс зүйн дэд хороо хуулийн хүрээнд асуудлаа шийдэхгүй удаашруулж байна гэдэг асуудал тавьсан. Үүнтэй холбогдуулж Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэрээ гаргасан байна. Иймд Ардчилсан нам байр сууриа тодорхой илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ. Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гурван зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал тавьсан байна. Үүнд Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, Ардчилсан намын дэд агсан Г.Батхүү амиа алдсан асуудал дурдагдсан. Ийм учраас уг асуудлыг анхааралдаа авах ёстой гэж үзлээ. Талийгаачийн гэр бүлийнхэн 2020 оны нэгдүгээр сарын 22-нд Ардчилсан намд захидал ирүүлсэн. Энэ захидалдаа шударга ёсыг тогтоох, үнэн зөвийг олох талаар Ардчилсан нам ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм. Үүнтэй холбогдуулан Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг УИХ-ын байнгын хорооны болон УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд дэмжиж оролцох нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж байна.
Нийт хүн амын 50 дээш хувь нь амьдардаг нийслэлийн
мандатыг цөөлөх шаардлагагүй
УИХ-ын сонгуулийн тойрогтой холбоотой асуудлаар хамгийн их хүн ам төвлөрсөн, нийгэм эдийн засгийн гол төв нийслэлийн мандатын тоог хасах гэж байгаа учраас Ардчилсан намын зүгээс УИХ-ын дарга Г.Занданшатарт албан тоот хүргүүлсэн. Тэгэхдээ хуулийн хүрээнд нутаг дэвсгэр, хүн амын тоог харгалзан тойрог тогтоох саналаа илэрхийлсэн. Энэ асуудлын хүрээнд гурван мандаттай, 90 мянга хүрэхгүй хүн амтай, цөөн сонгогчтой аймгуудын мандатын тоог харгалзан үзэх учиртай. Иймд олон мандаттай орон нутгийн мандатыг шилжүүлэх замаар нийслэлийн мандатын тоог хөндөхгүй байх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Бидний тавьсан энэ шаардлага холбогдох хуулийн заалтад нийцэж байгаа. Тэгэхээр УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд энэ байр сууриа хадгалж ажиллана.
Амны хаалт, ариутгалын бодис дутагдаж байна
Сүүлийн үед дэлхий нийтэд шинээр дэгдсэн титэм вирустэй холбоотой асуудал улс оронд дэгдээд байна. Ялангуяа, эрсдэл өндөртэй улс орны тоонд Монгол Улс орсон. Үүнтэй холбогдуулан хөрш оронд үүссэн энэ онцгой нөхцөл байдалд иргэний болон айл өрхийн хариуцлага, төр засгийн шуурхай ажиллагаа нэн тэргүүнд чухал. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шуурхай хандаж анхааралтай ажиллах ёстой. Иргэдийн санаа зовж буй асуудалд Засгийн газар болон Эрүүл мэндийн яам холбогдох хууль хяналтын байгууллага онцгой анхаарах учиртай. Элдэв янзын хардлагад шуурхай хариу өгч чадахгүй байна. Албан ёсны байгууллагууд нь өөрийн цахим хаягаар шуурхай мэдээлэл өгөх ёстой гэж иргэд шүүмжлэх боллоо. Оюутан, сурагчдын хичээлийг зогсоосон ч Улаанбаатарын хэт төвлөрлийг саармагжуулахад анхаарч ажиллах шаардлага бий. Жишээлбэл, оюутнуудын хичээлийг гуравдугаар сарын 2 хүртэл чөлөөлсөн. Иймд тэднийг орон нутагт нь зохион байгуулалттай яаралтай буцаах, оюутны байруудыг хааж ариутгах, шөнийн цэнгээний газруудыг ажиллуулахгүй байхад анхаарах шаардлагатай гэсэн иргэдийн хүсэлтийг бид уламжлах нь зүйтэй гэж үзсэн. Төр засаг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа гэдэгт итгэлтэй байна. Ийм ч үүрэгтэй. Гэвч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын хажуугаар эм хангамж, амны хаалт, ариутгалын бодис эмийн сангууд, эмнэлэгт дутагдалтай байна. Үүнд иргэд бухимдаж буй тул шуурхай арга хэмжээ авах ёстой гэдгийг төр засагт уламжлах нь зүйтэй гэж үзсэн. Энэ вирус нь олон хоног далд байгаад илэрдэг гэсэн. Иймд Монгол оронд байхгүй, гарахгүй гэх баталгаагүй гэж иргэд хандаж байна. Энэ өвчний ерөнхий нөхцөл байдлыг судлаад харвал ахмадуудад хүнд тусахаар байгаа юм. Ийм учраас ахмадуудыг хамгаалах, тэдэнд урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээг түлхүү хүргэх ёстой. Ялангуяа, асрамж шаардсан иргэдэд анхаарал хандуулах шаардлагатай байна хэмээн мэдээлэв.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:
-Улс оронд үүссэн нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлууд, дэлхий нийтэд түгээд байгаа шинэ вирусийн эсрэг төр засгаас авч буй арга хэмжээ ядмаг байна. Жишээ нь шинэ коронавирусийг оношлох, илрүүлэх боломж манай улсад алга. Эрүүл мэндийн яам холбогдох газрууд энэ чиглэлийн тоног төхөөрөмж, урвалж бодис байгаа эсэх талаар тодорхой мэдээлэл алга. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг хожуу авч эхэлсэн. Улсын онцгой комисс дөнгөж л хөдөлгөөн зогсоох арга хэмжээ авлаа.
Оюутан сурагчдын хичээлийг зогсоосон ч цэнгээний газрууд, хүн олноор цуглаж буй газруудад ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа юм. Иргэдэд энэ вирусээс урьдчилан сэргийлэх талаарх мэдээлэл, сурталчилгаа дутмаг байна. Нэн тэргүүнд шаардлагатай амны хаалт, ариутгалын бодис эмийн сангуудад дутагдалтай байгаа тул төр засаг үүнд онцгой анхаарах ёстой гэж үзэж байна.
Орон нутагт 15-20, нийслэлд 40-50 мянган сонгогчид
нэг мандат ногдож байгаа
Өнөөдөр манай улсын хүн амын 50 гаруй хувь нь нийслэл Улаанбаатар хотод оршин суудаг. Гэтэл УИХ-ын сонгуулийн мандатын тоог нийслэлд бууруулж хөдөө орон нутгийн мандатыг нэмэгдүүлэх талаар эрх баригчид ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний суурь эрхийн нэг нь сонгох, сонгогдох явдал. Гэтэл нийслэлд амьдарч буй иргэдийн эрх зөрчигдөж, орон нутгийн иргэд давуу эрх эдлэх тэнцвэртэй бус нөхцөл байдал үүсгэж болохгүй. Хот, хөдөө гэлтгүй Монгол Улсын иргэн бүр тэгш эрх эдлэх ёстой. Хөдөө орон нутагт 15-20 мянган сонгогчид нэг мандат ногдож буй. Улаанбаатар хотод 40-50 мянган сонгогч дунд нэг мандат ногдож байна. Тэгээд сонгогдож гарч ирсэн УИХ-ын гишүүд нь яг адилхан эрх эдэлдэг. Төлөөллийн зарчим адилхан юм. Иймд төлөөллийн зарчим зөв буруу эсэхийг харах ёстой. Хуулиараа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гэхээс илүү сонгогч иргэдийн төлөөлөл нь УИХ-ын гишүүд. Тэгэхээр сонгогчид яг адилхан эрх эдлэх ёстой. Нөгөө талаар сонгогдсон УИХ-ын гишүүн нь ч үүрэг хариуцлагаа хүлээгээд ажиллах учиртай юм.
Хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудын гэмт хэрэг
дарагдаад өнгөрч байна
Олон дуулианы хажуугаар зарим нэг асуудал дарагдаад өнгөрч байна. Сүүлийн үед хууль, хяналтын байгууллагуудын сахилга хариуцлага замбараагаа алдлаа. Тухайлбал, Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд дээрэм хийсэн хэрэг яригдаж байна. Гэтэл цагдаа, тагнуулын ажилтнууд нэг асуудал дээр үүргээ биелүүлж яваад тулгарсан мэтээр тайлбарлах гэж оролдож эхэллээ. Энэ талаар хариуцлага нэхэж ярих болно. Цагдаагийн байгууллагын албан тушаалтнууд гэмт хэрэг үйлддэг, хэдэн тэрбум төгрөгийн авлига нэхсэн асуудал яригдсан ч хариуцлага тооцохгүй байгаа. Салбарын сайд нь ч хариуцлага хүлээдэггүй. Тагнуулын байгууллагыг хариуцдаг Ерөнхий сайд нь ч бас хариуцлага хүлээхгүй байна. Ерөнхий сайдын шударга үнэний сэлэм нь хаана явна. Шударга үнэний төлөө үхэхээс айхгүй гэсэн Ерөнхий сайд өнөөдөр юу хийж байна вэ. Монгол Улсад хууль сахиулах, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдүүлэх, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох чиг үүрэг бүхий цагдаа, тагнуулынхан нь өөрсдөө авлига хээл хахуульд өртөөд, дээрэм тонуул хийж байхад хэнд итгэх юм бэ. Нөхцөл байдал ийм л байна. Бид улстөржүүлж яриагүй. Бодит байдлыг ярьж байна. Энэ талаар Ардчилсан намын зүгээс тусгайлсан асуулгыг Ерөнхий сайд болон ХЗДХ-ийн сайдад тавина. Шаардлагатай гэж үзвэл цаашид улс төрийн тодорхой арга хэмжээ зохион байгуулна. УИХ-ын сонгуулиар нийслэлийн мандатын тоог хасч болохгүй гэв.
Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Улаанбаатар хотод хэдэн мандат байсныг хасах гэж байна. Тухайлбал, аль аймгийн мандатыг хааш нь шилжүүлж болох вэ?
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:
-Нийслэлд УИХ-ын 28, орон нутагт 48 мандат бий. Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Тэгэхээр нийт мандатын гуравны нэг нь Улаанбаатарт байгаа. Гэтэл үүнээс дөрвөн мандатыг хасаад орон нутагт хуваарилах гэж байна. Тэгээд нэг мандаттай аймгуудад нэмнэ гэсэн асуудал ярьж байгаа. Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Дундговь гэсэн аймгуудад нэмнэ гэсэн. Гэтэл Улаанбаатар хотын хүн амын тоо, төлөөллийн зарчим ямар байгааг бодох ёстой. Ардчилсан намын зүгээс төрийн ажил тасралтгүй явах гэсэн үүднээс хүлээцтэй хандаж байгаа. Иймд Улаанбаатар хотын мандатыг хасахгүй байх асуудал тавьж буй юм. Харин орон нутагт 90 мянга хүрэхгүй сонгогчтой гурван мандаттай аймгууд бий. Ийм аймгуудаас нэг нэг мандатыг нь шилжүүлээд орон нутгийн 48 мандат дотроо зохицуулалт хийгээч гэсэн асуудал тавьж байна. Ингэснээр төлөөллийн зарчим алдагдахгүй. Хот хөдөөгийн ялгаа гэсэн асуудал яригдахгүй байх бүрэн боломжтой.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхэд хуулийн хугацаа бий юү. Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэр гарсан тул тэр 48 цагийн дотор шийдэх асуудлын хугацаа зогссон гэсэн үг үү?
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Хууль аль эрт зөрчигдсөн яваа. 48 цагийн дотор асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх хуультай. Өнөөдөр эрх баригчид дураараа аашилж хууль гууль болчхоод байгаа.