Т.ЭРДМАА
-Дампуурсан Капитал банк 600 гаруй тэрбум төгрөгийн өр төлөхөөс 370 орчим тэрбум нь төрийн мөнгө-
Дампуурсан Капитал банк УИХ-ын гишүүн Б.Ундармааийнх. Тэрбээр 2018 онд гаргасан хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ тус банийг 100 хувь эзэмшдэг хэмээн дурдсан байдаг. Гэвч банк дампуурсны дараа “Минийх биш” хэмээн мэлзсэн удаатай. Өнөөдөр тэр банк надад хамаагүй хэмээн хээв нэг алхаж яваа. Тэгвэл Капитал банкны нийт хөрөнгө нь төлж барагдуулах ёстой мөнгөн дүнгээс 205 тэрбум төгрөгөөр дутуу байна. Өөрөөр хэлбэл бүх харилцагч хадгаламж эзэмшигчдэд мөнгийг нь тарааж өгөхөд энэ хэмжээний мөнгө сох дутах нь. Монголбанкнаас томилогдсон эрх хүлээн авагчийн мэдээлснээр одоогоор 355 мянга 88 иргэн, аж ахуйн нэгжийн хадгаламж, харилцах дансны 110.6 тэрбум төгрөгийг төлж барагдуулсан байна. Ийм учраас банк дампуурлаа гэх үед хэл ам, хэрүүл тэмцэл хийж байсан иргэд таг чиг болжээ. Нэгэнт мөнгөө авсан иргэд нам жим болсон учраас УИХ-ын гишүүн Б.Ундармаад Капитал банк падлийгүй байх нь тодорхой. Харин хэлгүй, дүлий, хариуцлагагүй төр л хохирч үлдэж магадгүй нь.
Капитал банканд төсвийн 29 байгууллагын 374.9 тэрбум төгрөг байна. Өр төлбөр барагдуулах хамгийн сүүлчийн дараалалд эдгээр байгууллага жагсч буй юм. Төрийн нэртэй иргэдийн татварын мөнгийг хэрхэн эргүүлж авах талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас сэтгүүлчид мөн ч олон удаа асуусан. Тэр бүрт “Бид эхний ээлжинд авахаар ажиллаж байгаа. Шүүхэд нэхэмжлэх гаргасан. Тэр журмаар шийднэ” гэсэн жижүүрийн хариултаа өгсөөр өдий хүрэв. Тэгэхээр тэр сох дутаж буй мөнгөн дүн төрийн нэртэй ард түмний татвар болж хувирах магадлал тун өндөр байна. Засгийн газрын тусгай сангуудаа өөрсдөө хоосолж орхидог эрх баригч МАН-ынханд тэр дампуурсан банканд байгаа мөнгө ямар ч хамаагүй байх нь тодорхой л болов уу.
Ялангуяа, нэг намын, нэг ширээнд тохой залган сууж буй Б.Ундармаагаа юу гэж нүдийг бүлтэлзүүлж, түрийвчийг нь тэмтрэх вэ дээ. Уг нь хууль ёсоор дампуурсан банкны хөрөнгөөр бүх өр төлбөрийг нь барагдуулах ёстой. Хөрөнгө мөнгө нь хүрэхгүй бол эзэмшигчид нь төлөх үүрэг хүлээх учиртай л даа. УИХ-ын гишүүн Б.Ундармаа хувийн банкаа дампууруулаад зогсохгүй ЖДҮ санг хоослоход оролцсон нэгэн. Тэрбээр тус сангаас хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 100 хувь эзэмшдэг хэмээсэн “Доктор МЭИК” ХХК-даа 2017 онд 700 сая төгрөгийн зээл авсан баримт дэлгэгдсэн. Энэ компани нь 128 тэрбум төгрөгийн үнэмлэмжтэй гэдэг. Тэгэхээр яавч жижиг дунд үйлдвэрлэгч биш нь тодорхой. УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮ-гээс авсан мөнгөө төлсөн мэдээлэл лав гараагүй. Тэгэхээр тэр банк нь дампуурсан ч төсвийн мөнгөөр туйлж л яваа гэхэд хилсдэхгүй нь.
Ингээд Капитал банкны эрх хүлээн авагчийн хийсэн ажлын зах зухаас дор мэдээлье.
-Банкны эрх хүлээн авах үед 2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд 241 тэрбум төгрөгийн зээл гаргасан байж. Үүний 204.7 тэрбум нь чанаргүй зээл. Харин он гарсанаар 211.7 тэрбум төгрөгийн зээлийн 192.3 тэрбум төгрөг нь чанаргүй зээлийн ангилалд байна. Одоогоор 65 зээлдэгчээс 94.5 тэрбум нэхэмжилж шүүхэд ханджээ. Мөн зургаан зээлдэгчийг эрэн сурвалжилж барьцаа болон бусад хөрөнгөөр төлүүлэхээр ажиллаж байна. Бас 121 зээлдэгчийн 63.2 тэрбум төгрөгийн төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд өгчээ. Харин 616 зээлдэгчийн 19.5 тэрбум төгрөгийн зээл хэвийн байгаа аж.
-Капитал банкны санхүүгийн тайланд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг “Гэрэгэ Эстимэйт”, “Итгэл бээс”, “Лэндс” компаниудаар үнэлүүлжээ. Нийт 205.67 тэрбум төгрөгийн өртөг бүхий үл хөдлөх, хөдлөх, биет бус хөрөнгөд хөндлөнгийн үнэлгээ хийлгэхэд 56.55 тэрбум төгрөгөөр үнэ цэн нь буурчээ. Ингээд нийт 149.12 тэрбум төгрөгийн хөрөнгө байгаа аж.
-Өнгөрсөн хугацаанд 1.4 тэрбум төгрөгийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулжээ. Үүнд найман үл хөдлөх хөрөнгө болон, АТМ, ПОС машин багтаж байна. Гэвч технологи өдрөөс өдөрт шинэчлэгдэж буй тул АТМ, ПОС машин, техник хэрэгсэл нь хоцрогдож үнэ цэн нь буурсаар байгаа аж.
-Зарим үл хөдлөх хөрөнгийн чанар, үнэ цэнийг бууруулахгүй байх зорилгоор давхардсан тоогоор 160 гаруй аж ахуйн нэгж, иргэнд түрээсээр ашиглуулж байна.
-Төлбөр барагдуулах нэхэмжлэл ирүүлээгүй хадгаламж эзэмшигч, харилцах данстай 1568 иргэн аж ахуйн нэгж байна. Тэдний мөнгөн дүн нь 1.5 тэрбум төгрөг. Одоогийн байдлаар гурван хүн шүүхэд хандаж өр төлбөрөө барагдуулжээ. Дээрх нэхэмжлэл ирүүлээгүй тоонд Капитал банктай холбоотой 11 этгээд байгаа аж. Нэхэмжлэл ирүүлээгүй хүмүүс дунд дансандаа 1-139 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Эдгээр хүмүүс шүүхэд нэхэмжлэл гаргаад мөнгөө авч болно. Тухайн данс эзэмшигч нас барсан бол ар гэрийнхэн нь мөн шүүхээр өв залгамжлагч гэдгээ тогтоолгох юм байна.