Ардчилсан Намаас цаг үеийн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Өнөөдрөөс хоёр хоногийн өмнө буюу 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр АТГ-аас Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан, Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг саатуулан, 461-р ангид цагдан хориод байгаа юм. Тэднийг ийнхүү саатуулсан нь ойлгомжгүй, улс төрийн тавилттай зохиол хэмээн хардаж байгаагаа тус намаас илэрхийлэв.
Иймд Ардчилсан Намаас Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан жинхэнэ эздийг хэрэгт яллагдагчаар татаж, гэм буруугүй хүнийг цагаатгах, түүнээс уучлалт гуйхыг эрх баригч МАН, тус намын дарга У.Хүрэлсүхээс шаардаж байгаагаа илэрхийллээ.
Ардчилсан намын талаас "Капитал банкийг татан буулгах шийдвэрийг Монголбанк 2019 онд гаргаж, тус банкыг дампууруулсан. Дампуурсан Капитал банканд төрийн 31 байгууллага, нийт 375 тэрбум төгрөгөө хадгалуулж байснаас гадна нийгмийн даатгалын сангийн 200 орчим тэрбум төгрөгийг 2017-2019 оны хооронд ажиллаж байсан Засгийн газрын гишүүн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяр, одоогийн сайд С.Чинзориг нарын зөвшөөрлөөр Нийгмийн даатгалын ерөнхий газар тус банканд хадгалуулж байгаад алдсан нь нэгэнт баримтаар тогтоогдсон" гэдгийг мэдэгдэв.
Тодруулбал, 2017 оны наймдугаар сарын 31-ны өдөр 45 тэрбум төгрөг, 2017 оны есдүгээр сарын 08-ны өдөр 34 тэрбум төгрөг, мөн аравдугаар сарын 04-ны өдөр 10 тэрбум төгрөгийг, 2017 оны арван нэгдүгээр сарын 03-ны өдөр 10 тэрбум төгрөг, 2018 оны хоёрдугаар сарын 24-ны 2,4 тэрбум төгрөг, 2018 оны зургадугаар сарын 24-ны өдөр 79 тэрбум төгрөгийг тус тус тухайн үеийн сайд нарын зөвшөөрлөөр Капитал банканд хадгаламж хэлбэрээр байршуулжээ.
Гэтэл Капитал банкны дампуурлаас болж Нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг 2012-2016 оны хооронд Нийгмийн даатгалын санд ажиллаж байсан албан хаагч нарт тохон, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн улмаар цагдан хориод байгааг эсэргүүцэн ийнхүү хэвлэлийн хурал хийж байгаа аж.
Дээрх шилжүүлгүүдийг хийх үед Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Н.Номтойбаяр, С.Чинзориг нар тус тус ажиллаж байсан бөгөөд уг үйлдлийг гаргахаас өмнө ажиллаж байсан хүмүүст хэрэг тохож байна гэсэн юм.
Нийгмийн даатгалын сангийн мөнгийг Капитал банканд шилжүүлэх замаар уг мөнгийг хуваан авсан гэж үзэж буй бөгөөд нийгмийн даатгалын сангийн мөнгөний үлдэгдлийг тус банкны асуудал хөндөгдөж эхэлсэн үе болох 2018 онд татан авах боломж байсан гэлээ.