УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс 2019-2020 оны намрын чуулганы үеэр хэрхэн ажилласнаа өчигдөр (2020.02.10) танилцуулж УИХ-ын гишүүн, Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр “2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ Монгол Улсын түүхэнд хамгийн нэр хүнд муу, үйл ажиллагааны доголдолтой хэмээн дүгнэж байна. Учир нь МАН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон 49 гишүүн нь эрх мэдэл албан тушаалаа ашиглаж ЖДҮ, концессийн хэрэгт холбогдсон. Зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдсан ч олонхоороо хүч түрэн авч үлдсэн. Мөн зарим нь эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон. МАН дотроо талцан хуваагдаж эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн УИХ болсон. УИХ-ын 2019-2020 оны намрын чуулганаар улс орны нийгэм, эдийн засагт тулгамдсан олон асуудал байсан ч шийдэж чадаагүй. Иргэдийн хүсэн хүлээсэн үр дүнд хүрч чадсангүй. Ардчилсан нам сөрөг хүчний хувьд цөөн гишүүнтэй ч боломжоороо ажилласан. Улс орны өмнө тулгамдсан томоохон асуудлуудад байр сууриа илэрхийлж, тодорхой хэмжээнд шийдүүлж ирсэн. УИХ дахь МАН-ын гишүүд дотроо "ЖДҮ", "60 тэрбум" гэж хоёр хуваагддаг. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж өгсөн нь, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулж өгсөн нь, саяхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж өгсөн нь Ардчилсан намын зөвлөл. Том асуудлыг шийддэг нь Ардчилсан намын зөвлөл гэж ойлгож болно” хэмээв.
УИХ дахь Ардчилсан намын зөвлөл Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 30 гаруй санал гаргаж, 10 гаруй санал нь дэмжигдсэн байна. Ерөнхийлөгчийг УИХ-аас томилох, Засгийн газрын өрийн хэмжээг УИХ-аар тогтоож байх, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тавьсан ч харамсалтай нь хүлээж аваагүй юм. 2019 оны намрын ээлжит чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, байнгын болон дэд, түр хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, Улсын Их Хурлын 51 тогтоол хэлэлцэн баталсан байна. УИХ дахь Ардчилсан намын зөвлөл нийт 11 удаа хуралдаж, чуулганаар хэлэлцэж буй асуудал бүрт өөрсдийн байр сууриа илэрхийлэн ажиллажээ.
2016-2020 оны УИХ-ын отгон намрын чуулган гэдгээрээ онцлог байсан бөгөөд онцлох сэдэв нь гурван парламент дамнан хэлэлцсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан явдал байлаа. Мөн 2020 оны Улсын нэгдсэн төсөв, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн хууль зэрэг нийгэм эдийн засагт чухал хуулиудыг баталж, өөрсдийн санал дүгнэлт, зарчмын байр сууриа илэрхийлж иржээ.
Ингээд УИХ дахь Ардчилсан намын зөвлөл намрын чуулганаар хэрхэн ажилласныг дор тоймлон хүргэе.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах албан бичиг илгээв
Гурван ч парламент дамжин хэлэлцэгдсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 2019 оны зургадугаар сарын 6-ны өдөр нэр бүхий 62 гишүүн УИХ-д өргөн мэдүүлж таван сарын турш хэлэлцэгдсэний дүнд (2019.11.14) 63 гишүүний дэмжлэгтэйгээр батлагдаж, Үндсэн хуулийн 25.7 хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулав. Хэдийгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ дахь МАН-ын бүлэг дангаараа шахам баталсан ч хэлэлцүүлгийн эцсийн шат хүртэл Ардчилсан намын зөвлөлийн долоон гишүүн парламентын засаглалаа бэхжүүлэн төгөлдөржүүлэх, шүүх засаглалыг хараат бус тогтолцоотой болгох, Ерөнхий сайд нь өөрийн кабинетын гишүүдээ өөрөө томилж, хариуцлагаа ч үүрдэг хүчтэй гүйцэтгэх засаглалтай болгох, сонгуулийн тогтолцоог дэлхийн нийтийн чиг хандлагад ойртуулах холимог тогтолцоотой болгох, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, орон нутгийг өөрийн бие даасан эдийн засгийн тогтолцоотой болгох зэрэг зарчмын асуудлуудад байр сууриа илэрхийлж, ажлын хэсэгт албан бичгээ хүргүүлэн ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгаж чадсан юм. УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс 2019 оны долдугаар сарын 31-ний өдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт дараах зарчмын гурван саналыг хүргүүлсэн. Нэгдүгээрт. Парламентын засаглалыг бэхжүүлэхийн тулд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох, хоёрдугаарт, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах, Засгийн газрын өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтоож өгөх, гуравдугаарт, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тусгаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар батлах нь зүйтэй гэсэн албан бичиг хүргүүлсэн. Мөн 2019 оны наймдугаар сарын 19-ний өдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ дангаараа бус, Ард нийтийн санал асуулгаар батлах нь зүйтэй гэж УИХ дахь Ардчилсан намын зөвлөл байр сууриа дахин нотолж байгаагаа илэрхийлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгах 25 заалт бүхий саналын томьёоллоо Төрийн байгуулалтын байнгын хороо болон, Ө.Энхтүвшин ахлагчтай ажлын хэсэгт албан ёсоор хандсан.
МАН нийслэлийн сонгогчдыг үл тоож УИХ-ын гишүүний мандатыг хасаж, төсвийг нь танасан
УИХ-ын тойрогтой холбоотой асуудлаар, ялангуяа хүн ам төвлөрсөн, нийгэм эдийн засгийн хамгийн том нийслэл дэх тойргийн мандатын тоог хасаж байгаатай холбогдуулан УИХ даргад албан тоот хүргүүлсэн. Уг албан тоотод хүн амын байршил, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлэн нийслэл Улаанбаатар хотын мандатын тоог хөндөхгүйгээр гурван мандаттай 90 мянга хүрэхгүй сонгогчтой аймгуудын мандатаас тус бүр нэг мандатыг хасаж нэг мандат бүхий аймгуудад шилжүүлэн нэмэх нь зүйтэй гэсэн боловч эх баригчид олонхоороо хүч түрэн шийдсэн. Тэгэхдээ нийслэлийн мандатын тоог бууруулан 24 болгож орон нутаг дахь мандатын тоог нэмэгдүүлсэн юм. “Судалгаанаас харахад хөдөө орон нутагт байгаа нэг мандат 15 мянган сонгогчийг төлөөлдөг бол нийслэлд 40 мянган иргэнийг нэг мандат төлөөлж, тэнцвэрт байдлыг алдагдуулж байна гэж Ардчилсан намын зөвлөл үзсэн. МАН Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотын сонгогчдыг үл тоосон. Үүнийг батлах зүйл нь 2020 оны Төсвийн тухай хууль. Үүнд нийслэлийн хөрөнгө оруулалтыг эрс танасан. Дээрээс нь нийслэлийн төсвийн орлогоос 300 орчим тэрбум төгрөгийг улсын төсвийн орлогод татаж авсан. Ингээд нийт нийслэлээс 600 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт татан авсан байгаа юм. Энэ нь нийслэлээс татаж авсан төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн иргэдийн саналыг худалдаж авна гэсэн тооцоо хийсэн байна.
Өнөөгийн Засгийн газар, УИХ-д Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах сонирхол алга
Олон улсын байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг муу биелүүлсэн, хариуцлагагүй ажилласны балаг нь “Саарал жагсаалт”. Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх олон улсын байгууллага ФАТФ-ын (FATF) ээлжит хурал 2019 оны аравдугаар сарын 16-18-нд Францын нийслэл Парис хотноо 205 улс, олон улсын байгууллагыг төлөөлсөн 800 гаруй төлөөлөгчтэйгөөр хуралдаж гурван асуудал хэлэлцсэн байдаг. Үүний хоёр дахь хэсэгт Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй улс гэж үзэн “Саарал жагсаалт”-д оруулсан. Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагаас муу үнэлгээ авч, Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд унагасан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц. Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарын урагшгүй ажиллагаанаас болсон. Тэд ажил үүрэгтээ хайнга хандсан, энэ албан тушаалыг эрхлэх чадамжгүй улс төрийн болон мэргэжлийн хариуцлага хүлээлгэж, холбогдох хуульд заасны дагуу огцруулахыг шаардсаны дагуу зарим албан тушаалтнуудыг огцруулсан билээ. Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нар албан тушаалаасаа огцорч хариуцлага хүлээсэн. Харин УИХ-ын гишүүн, сайдууд нь хариуцлага хүлээлгүй өнгөрсөн. Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсноор нэлээд балаг тарьж байна. Тухайлбал, манай улсын гадаад валютын гүйлгээ нэг улсын хяналтад орсон. БНХАУ-ын нэр бүхий хоёр банкаар дамжуулж бүх гүйлгээгээ хийж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын эрхэлж буй худалдаа, хэрэглээнээс өгсүүлээд бизнес, эдийн засгийн бүх нууцыг мэдэх боломж бүрдсэн гэсэн үг. Ийм учраас “Саарал жагсаалт”-аас хурдан гарах ёстой. Харамсалтай нь, “Саарал жагсаалт”-аас гарахад гол үүрэг гүйцэтгэх хэд хэдэн хууль УИХ-ын намрын чуулганы төгсгөлд оруулж ирээд хэргээр унагасан. Тэгэхээр “Саарал жагсаалт”-д байх сонирхол өнөөгийн Засгийн газар, УИХ-д байна гэсэн үг.
Соёлын өвийг хамгаалах саналыг авч хэлэлцсэнгүй
2019 оны аравдугаар сарын 16-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Засгийн Газрын 2008 оны 175 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Улаанбаатар хотын төвд байрлах “баганат” нийт 14 объектыг Түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад хамруулах санал хүргүүлсэн боловч эрх баригчид авч хэлэлцсэнгүй. Одоогоор Байгалийн түүхийн музейн барилгыг нураагаад байна.
Хятадын 799 иргэнийг ямар үйл ажиллагаа явуулсныг
тодруулах шаардлага хүргүүлэв
2019 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Монгол Улсад зохион байгуулалттайгаар гэмт бүлэглэл, ялангуяа цахим сүлжээтэй холбогдолтой асуудлаар БНХАУ-ын 799 иргэн ирж зочид буудлуудад байрлаж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул занал учруулахуйц гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн. Эдгээр гадаадын иргэдэд визыг бөөнөөр нь олгосон, орон байр, техник, тоног төхөөрөмжөөр хангасан, үүрэг чиглэл өгсөн, түүнчлэн дээрх иргэд ямар үйл ажиллагаа явуулсан, манай улсад ямар гэм хор учруулсан зэрэг нөхцөл байдлыг нэн шуурхай шалгах, хариуцлага алдсан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, гадаадын иргэн харъяатын асуудлаар удирдлага, зохион байгуулалт, бүтэц эрх зүйн орчинг дахин нягталж, холбогдох өөрчлөлтийг нэн даруй хийх ажлыг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлага хүргүүлсэн.
УИХ өөрөө тарах байр суурь хэвээрээ
УИХ дахь Ардчилсан намын зөвлөл үндэсний эрх ашгийг дээдлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг дэмжиж, УИХ өөрөө тарах шийдвэр гаргах ёстой гэсэн байр сууриа нотолж, өөрсдийн мэдэгдлээ хүргүүлсэн. Өнөөдөр ч энэ байр сууриа хадгалсан хэвээр байгаа.
Иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх
ҮАБЗ-ийн шийдвэрийг дэмжив
Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл (ҮАБЗ) өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд “Тэтгэврийн зээл”-ийг нэг удаа тэглэх тухай зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмж нь Ардчилсан нам иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн санаачилга гэж үзэж байгаа. Учир нь 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд Ардчилсан нам Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол хүн бүрийг нэг удаа өргүй болгох тухай захидал илгээж байсан. Энэ асуудлын хүрээнд Төрийн тэргүүний гаргасан улс төрийн санаачилгыг ҮАБЗ хүлээж авчээ хэмээн ойлгож байгаа. Хамгийн гол нь, Монгол Улсын иргэн бүр өрийн дарамтгүй амьдрах асуудал өнөөдөр тулгамдаад байна. Тиймээс Ардчилсан нам иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх тухай бодлого хэрэгжүүлэх ажил санаачлаад дөрвөн жил боллоо. Ийм учраас бид Ерөнхийлөгчийн санаачилгыг бүрэн дэмжиж ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэдэд хүртээхдээ Үндсэн хуулийн суурь зарчмыг хазайлгаж огт болохгүй. Хүний эрх, эрх чөлөөний зарчмыг баримтлах, хөрөнгө чинээгээр үл ялгаварлан, иргэдийн эрх ашгийг хохироохгүйгээр үндэсний эв нэгдлийг хангаж ажиллах нь зүйтэй. Үүнтэй холбогдуулан эрх зүйн орчныг шинэчлэх хуулийн төслийг Засгийн газар яаралтай УИХ-д өргөн барих шаардлагатай гэж үзсэн.
Хууль, тогтоомжийн төсөл болон УИХ-ын бусад шийдвэрийн
төсөл санаачилсан байдал
-Зээлийн хүүгийн дээд хэмжээ тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачлан өргөн барьж УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн. Одоо эхний хэлэлцүүлэгт бэлтгэгдэж байна. Мөн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл өргөн барьсан.
-УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн барьсан. УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэн энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн боловч УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудал дэмжигдээгүй.
-Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-ын даргад өргөн барьсан. Монгол Улсын татварын орлого цуглуулах чадварын үзүүлэлт өндөр боловч НӨАТ-ын буцаан олголт бага байдаг. Энэ нь НӨАТ-ын нэг гол зорилго болох татварын системийг сайжруулахаас илүүтэйгээр төсвийн орлогыг бүрдүүлэх тал дээр ач холбогдол өгч байдгийг илтгэдэг. Үүнийг дагаад инфляцийн түвшин өсөх, ДНБ буурах зэрэг эрсдэл үүсч байгаад анхаарлаа хандуулах цаг болсон гэж УИХ гишүүн Б.Пүрэвдорж дүгнэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төсөлд НӨАТ ногдуулах таван хувь, буцаан олголтыг хоёр хувь болгох тухай асуудал тусгасан. НӨАТ ногдуулах хувь хэмжээ буурсан ч төсвийн орлогод сөрөг нөлөөгүй, харин ч жижиг дунд бизнес, үйлдвэр эрхлэгч нарыг дэмжинэ хэмээн хууль санаачлагч үзэж буй юм.
-Монгол оронд Ардчилсан хувьсгал ялж, цогцлоон хөгжсөний 30 жилийн ой тохиож байгаа тул УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон, талархан хүлээн авч, ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн, судлаач, зохиолч, урлаг, соёлын зүтгэлтэн, уран бүтээлч болон бусад иргэнийг урамшуулан шагнах “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулж УИХ-аар батлуулсан.
-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ажил үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаа Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх асуудлаар, ЖДҮХС-гаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглан нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан ялангуяа яллагдагчаар татагдаад буй гишүүдийн асуудлыг яаралтай хэлэлцүүлэх санал болосвруулан УИХ-д хүргүүлсэн байна хэмээн УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс мэдээллээ.