Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үүрэгт ажлаа албан ёсоор өгч буй талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би өргөдлөө гаргаж Ерөнхийлөгчийн тамгийн газрын даргын ажлаа өгөх гэж байна. УИХ-ын ээлжит сонгуулийн кампанит ажил гурван сарын дараа эхэлнэ. Ерөнхийлөгч хүлээж авна гэсэн учраас би өнөөдөртөө (2020.02.13) багтааж ажлаа өгнө. Янз бүрийн цуурхал гараад байгаа тул албан ёсоор мэдээлэл хийж байна” гэлээ. Өмнө нь тэрбээр “Сонгууль дөхөхөөр төрийн ажлаа өгнө. Энэ сонгуулийн ажилдаа төвлөрч ажиллана” хэмээж байсан билээ.
Ингээд сэтгүүлчдийн
асуултад хариулав.
-Та хаанаас нэр дэвших вэ?
-Хаанаас ч нэр дэвшиж магадгүй. Судалгаа хийнэ. Би Ардчилсан нам дээр ямар нэгэн албан тушаалд очихгүй. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд С.Эрдэнэ даргын орон тооны бус ахлах зөвлөх болсон. Тэр ажлаа хийнэ. Сонгуулийн ажилд ямар нэгэн байдлаар оролцоно.
-Ерөнхийлөгчтэй түнжин муутай байгаа гэсэн үнэн үү?
-Ерөнхийлөгчтэй эв түнжин сайн байгаа. Ерөнхийлөгч сонгууль дөхөж байгаа учраас сонгуулийн ажлаа хий дээ гэсэн. Миний ажлыг Монголын Хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир хүлээн авч үргэлжлүүлнэ.
-Нийгмийн даатгалын сангийн мөнгийг байршуулж байсан Капитал банк өнгөрсөн онд (2019) дампуурсан. Гэтэл үүнийг Ардчилсан намыг эрх барьж байх үетэй холбож зарим хүнийг шалгаж байгаад та ямар тайлбар өгөх вэ?
-Энэ сангийн асуудал маш ойлгомжтой. Чөлөөт үлдэгдлээ банканд хадгалуулдаг. 2012-2016 онд Нийгмийн даатгалын сангийн мөнгийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. 2016 оны зургадугаар сард 30-нд хүлээлгэж өгөхөд нэг ч төгрөгийн алдагдалгүй байсан. ХНХ-ын сайд С.Чинзоригийн үед банкны байдал муудлаа гэж дохио өгсөөр байсан. Гэтэл С.Чинзориг сайд энэ мөнгөө Капитал банкнаас аваагүй учраас алга болсон. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн мөнгийг банканд байршуулдаг гэрээ гэж бий. Би тэр гэрээг нь асуудал өрнөх үед шалгаж үзсэн. Банкны байдал муудсан анхны шинж тэмдэг илэрмэгц үл маргалдах журмаар мөнгөө татаж авах боломж нь С.Чинзориг сайдад байсан. Хэрэв банканд нь мөнгө байхгүй тохиолдолд Төв банкинд хадгалуулдаг нөөц хөрөнгөөс нь татаж авах эрх нь мөн байсан. Тэгэхээр 2019 оны эхээр Капитал банк муудсан дохиог Төв банкнаас өгсөөр байтал мөнгөө татаж аваагүй нь С.Чинзориг сайдын буруу. Энэ мөнгө алга болсныг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бол маш хялбархан. НДЕГ-ын дарга байсан Ц.Уртнасан, С.Эрдэнэ, Н.Номтойбаярт огт хамаагүй. Мөнгө алга болсон үеийг он сараар нь хайгаад хариуцлага тооцохын оронд огт хамаагүй хүмүүсийг хорьж шалгаж байгаа нь буруу. Хуулийн байгууллагынхан ажлаа зохих ёсоор нь хийхгүй байна. Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдлийг ганцхан банкинд байршуулдаггүй. Үйл ажиллагаа нь хэвийн, Төв банкны шалгуурыг хангаад явж байгаа арилжааны банкуудад байршуулдаг.
-АН нэр дэвшигчдээс 100 сая төгрөг авч байж нэр дэвших эрхийг нь өгнө гэж байна. Энэ нь талаар ямар бодолтой байна вэ?
-100 саяын асуудал дээр АН-ыг сайшаах ёстой. Хэнээс хэдэн төгрөг аваад санхүүгээ босгож байгаагаа ил зарлаж байгаа анхны нам. АН-ын санхүүг үзвэл хэн гэдэг нэр дэвшигч хэдэн төгрөг өгсөн нь нээлттэй бий. Дэлхий даяар улс төрийн намууд хандиваа ингэж л авдаг. Манай улсын хувьд нэр дэвшигчээр бүртгүүлээд үнэмлэхээ авахаас нааш данс нээлгэж хандив авч болдоггүй онцлогтой. Гэхдээ Улс төрийн намын тухай хуулиар намууд аль ч үед хандив авч болно. Жишээ нь З.Энхболд гэдэг хүнд хандив өгч болохгүй учраас АН-д хандив өгөөч гэдэг уриалга гаргасан. Хувь хүн нэг сая хүртэл, ААН 10 сая хүртэл төгрөгийн хандив өгөх эрхтэй. 70 хувь хүн эсвэл долоон ААН-ээс 70 сая төгрөг бүрдүүлээд өгсөн. Би хувиасаа нэг ч төгрөг өгөөгүй. Ямар ч хууль зөрчөөгүй, ямар ч албан тушаал худалдаагүй. Энэ бол хуулиар зөвшөөрөгдсөн боловсон арга. Хандив өгсөн хүмүүс надаас ямар нэгэн зүйл шаардах эрхгүй. Тэр хүмүүс ямар нэгэн албан тушаалд очихгүй.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж ойлгогдож байгаа?
-Үндсэн хууль буцаж үйлчлэхгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өмнө нь Ерөнхийлөгч байсан болон одоогийн Ерөнхийлөгч мөн адил нэг удаа зургаан жилээр сонгогдох боломжтой. Янз бүрээр тайлбарладаг хүмүүс гарч ирж байгаа юм билээ. Үндсэн хуулийг дагадаг УИХ-ын тогтоолд тодотгол хийх замаар энэ асуудлыг тасалж болно. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарт Ерөнхийлөгчид нэр дэвших эрх нь шинээр үүсч байгаа.
-Та Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар хэрхэн ажилласан гэж дүгнэж байна вэ?
-Хуулийн байгууллагуудын хуулиа мөрдөж ажилладаг болгохын төлөө ажилласан. Өнөөдөр хууль шүүхийн байгууллагад олон асуудал шалгагдаж байна. Урд нь 17 шүүгч авлига авчхаад хууль зөрчигчдийн толгойг нь илээд явдаг байсан асуудал илэрсэн. Мөн Ерөнхийлөгч Засгийн газартай хамтарч Зүүн-Баянгийн төмөр замын ажлыг эхлүүлсэн. Энэ бол нэг улсын зах зээлээс хараат байдлыг халах том бодлого. Ирэх есдүгээр сард уг төмөр зам ашиглалтад орно. Монгол Улсын ачаа хойд хөршийн нутгаар өмнөд хөршийнхтэй адил тарифаар тээвэрлэгдэж далайн боомтод хүрдэг боллоо. Өөрөөр хэлбэл ямар ч ачаагаа бид 1000 км тээвэрлэх зардлаар 3000 км зөөх эрхтэй болсон гэсэн үг. Энэ мэтээр гадаад харилцаа, шударга ёс гээд Ерөнхийлөгч Х.Баттулгын гурван жилд хийсэн ажилд миний оролцоо тодорхой хэмжээгээр байгаа юм.