МАН-ын эрх мэдэл, албан тушаалын төлөөх тулаан 2016 оны УИХ, орон нутгийн сонгуулийн дараа эхэлсэн. Өнөөг хүртэл дуусаагүй үргэлжилж байна. Ийм ч учраас нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигналдаж байна. Тус дүүргийн удирдлагуудын эрх мэдлийн төлөөх тулааны гол найруулагчид нь УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар. Тэд эхлээд оны өмнө УИХ-ын гишүүн Д.Ганболдыг МАН-ын бага хурлын гишүүнээс хөөж, дүүргийн намын даргын суудлыг нь “хүчиндэж” авсан байдаг. Одоо Чингилтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ИТХ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг УИХ-ын сонгуулиас өмнө огцруулах үйл ажиллагаа ид өрнөж байна. Тус дүүргийн ИТХ-ын МАН-ын зарим төлөөлөгч хоёрдугаар сарын 03-нд Засаг даргаа огцруулах албан бичиг ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэд өгчээ. Ингээд хоёрдугаар сарын 5-ны өдөр тус дүүргийн ИТХ хуралдсан байна. Гэвч коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарлалтын горим тогтоосон учраас хурал хойшилсон аж. Хурлын тов гуравдугаар сарын 16-нд хуралдахаар тогтжээ. Харин Засгийн газраас хязгаарлалтын горимыг гуравдугаар сарын 30 хүртэл сунгаад байгаа. Гэхдээ дэлхий нийтийг түгшээгээд байгаа корона МАН-ын эрх мэдлийн төлөөх тулааны хажууд юу ч биш. Дараагийн Засаг дарга хэн байх бэ гэдэг асуудал халуухан өрнөв. Өчигдөр дүүргийн удирдлагууд хэвлэлийн хурал зарлаж, хууль бусаар ажлыг нь авах гэж байгаа тухай мэдээлсэн. Ийнхүү дүүргийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалыг хүч түрэн авах гэж буй гол шалтгаан нь 2020 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэйгээс нэр дэвшигчид төрийн албыг сонгуульд гарах шат дамжлага болгох, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн санаархал байгаа талаар яригдаж байна. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг огцруулж оронд нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн төрсөн эгч М.Цэцгээ, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн Ч.Батбилэг нарын нэрс яригдаж буй юм. Мөн Чингэлтэй дүүргийн III хорооны Засаг дарга асан одоо Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Чимидцогзолын нэр ч дуулдаж байна.
Харин Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг ажлаас нь чөлөөлсөн тул түүний орлогчоор ажиллаж байсан Ж.Лхагвасүрэнг түр орлон гүйцэтгэгчээр дээд шатных нь Засаг дарга томилжээ. Нэг баг болж хамт явж байснаа даргыгаа ийнхүү мөргөж дарга болсон Ж.Лхагвасүрэнг УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы фракц хэмээн МАН-ынхан өөрсдөө хэлж байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын суудлын бялуу үүгээр дууссангүй. Түүний хоморгонд тус дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ ч бас өртжээ. Түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх марофон Засаг даргын томилгоотой зэрэгцээд эхэлсэн байна. Тодруулбал, МАН-аас сонгогдсон 19 төлөөлөгч нууцаар хуралдан ИТХ-ын даргаа огцруулах тогтоолын төсөл санаачилж нэгийгээ ИТХ-ын даргаар томилжээ. Ингээд ширээ сандлаа буцаалдаж энэ хоёрдугаар сарын 19-ний орой ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн өрөөг “самарч”, эд хогшлыг нь гаргаж хаясан ажээ. Мөн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны гишүүдийн зүгээс ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийг удаа дараа намынхаа дүрмийг зөрчсөн гэж үзэн, Хяналтын хороондоо гомдол гаргажээ. Тэгэхдээ түүнийг огцруулах шаардлага бүхий хурлын тогтоолыг танилцуулж ийнхүү үймээн дэгдээгээд байгаа юм. Тус дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Алтанцацрал “ИТХ-ын зарим төлөөлөгч ямар нэг хурлын тов зарлаагүй байхад хуралдсан. Тэгэхдээ хоёрдугаар сарын 3-нд Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн байна. Харин хэлэлцсэн асуудал нь хальж ИТХ-ын даргаа огцруулахдаа тулсан байгаа юм. Хуульд ИТХ-ын даргыг дөрвөн жилийн хугацаатай сонгоно гэсэн заалт бий. Хурлын дарга өөрөө өргөдлөө өгвөл чөлөөлнө гэсэн байдаг. Мөн шүүхийн хүчин төгөлдөр болсон тогтоолоор гэм буруутай нь нотлогдвол ажлаас чөлөөлөх ёстой. Гэтэл зарим төлөөлөгч хуралдаж ИТХ-ын даргыг хууль бусаар чөлөөлсөн. Тэгээд өөр нэг төлөөлөгчийг ИТХ-ын даргаар томилсон байна” хэмээн мэдээлсэн. Энэ бүгдээс харвал УИХ-ын сонгуулиас өмнө Чингэлтэй дүүргийн удирдлагыг гартаа оруулах гэсэн эрх мэдлийн төлөөх тэмцэл улам ширүүссэнээр нийт 150 мянган хүн амтай дүүргийн иргэдийн эрх ашиг зөрчигдөж, хоёр хэсэг талцан төрийн албыг хаягдуулахдаа хүрчхээд байна.
Т.ТЭГШЭЭ
Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин