Сэлэнгэ аймгийн Хушаат сумын засаг дарга Б.Атартулга архи уусан үедээ танхайрсан хэрэг сар шинийн өмнөхөн гарчээ. Тодруулбал, тэрбээр хоёрдугаар сарын 22-ны өдөр морьтой явж байсан насанд хүрээгүй хүүхдийг “Миний хажуугаар гардаг хэн юм” гээд машинтайгаа дайрчээ. Ингээд зогсохгүй ухарч ирээд морин дээгүүр дахин хэд хэдэн удаа дайрч гарсан байна. Мөн түүнчлэн Засаг дарга Б.Атартулга буу гаргаж ирээд машины копуд дээр унасан хүүхдийг “буудна” хэмээн хэд хэдэн удаа сүрдүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр “Дайруулсан хүүхдийн ах, морины эзэн нь Засаг дарга Б.Атартулгатай архидаад асуудлыг шийдсэн гэнэ. Хүүхдийн унаж явсан даага урьд нь уралдаж байсан болохоор морийг нь төлж өгөхөөр тохиролцсон байна” гэв.
Хушаат сумын засаг дарга Б.Атартулга гэж хэн бэ?
Б.Атартулга нь 1979 онд төрсөн, тува гаралтай, Хушаат сумын уугуул бөгөөд 2004 оноос хойш сумын Засаг дарга, ИТХ-ын даргын албыг ээлжлэн хашсаар байгаа аж. Тэрбээр геологи, хайгуулын чиглэлээр их сургууль төгсөөд сумандаа байгаль орчны байцаагчаас ажлын гараагаа эхэлсэн байна. Улмаар МАН-ын гишүүн болж, тун удалгүй даргын зөөлөн сэнтийд заларчээ. Багаасаа өнчин өрөөсөн, олон дүүтэй, тарчиг амьдрал дунд өссөн ч эрх мэдэл, албан тушаалд толгой нь эргэж, өдгөө архины цагаан солио тусаад байгаа аж. Түүний талаар нутгийн малчид ярихдаа, “Засаг дарга дээр ямар нэг ажил ярьж орохоор өөдөөс архи нэхдэг. Жилд арав гаруй шил архи авч өгсөн хүн ч бий” гэжээ. Б.Атартулга үүнээс өмнө 2017 онд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын жолооч О-г зодож, бэртээгээд шүүхэд очсон удаатай. Түүнд холбогдох хэрэг шүүхээр хэлэлцэгдэх явцад тухайн оны долоон сард согтуу байхдаа малчин эмэгтэйг хэл амаар доромжилж, зодсон байна. Тухайн эмэгтэй нөхөртэйгөө явж байсан ч нөхөр нь “Засаг даргаа зодоод яах вэ” гээд зүгээр хараад байж байсан гэнэ. Гэтэл эхнэрийг нь унагаж, үстэж, чирээд гэдэс гүзээг нь шалбалж орхижээ. Улмаар тэд цагдаад өргөдөл гаргасан байна. Тухайн үед Засаг дарга Б.Атартулга “Шүүх дээр асуудалтай байна. Энэ гомдол даамжирвал шүүхээр таслагдах гээд байна” хэмээн уйлан гуйсаар өргөдлийг нь буцаалгажээ.
Улмаар Б.Атартулга нь иргэн “О”-г зодож бэртээснийхээ төлөө 2018 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн 11.6.1 буюу “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” зүйл ангиар шийтгүүлсэн байна.
Мөн тэрбээр жижиг сумандаа хэтэрсэн том улстөрч бололтой. Юм л бол намчирхаж, Ардчилсан намын тодотголтой хүмүүсийг халж сэлгэх эсвэл намаасаа гар гэж дарамталдаг нэгэн аж. Түүнийг 2011-2012 онд нутагтаа усжуулах төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр 170 сая төгрөг завшсан гэж хардах нэгэн ч бий. Үүгээр зогсохгүй орон нутгийн хөгжлийн сангаас дөрвөн удаа санхүүжилт авч “Ногоон төгөл” төслийг хэрэгжүүлсэн нэртэй ч нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээн байгуулалт өнөөдөр алга. Тэрбээр энэ төслийн хүрээнд “Соёолж” компанид газар өгч, хэдэн ургах чадваргүй мод авчирч суулгасан талаар нутгийн иргэд ярьдаг байна.
Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал, 2017 онд 14 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, барилга байгууламжтай байсан бол 2018 онд нэг хашаа байшин нэмж аваад нийтэд нь 44 сая төгрөгөөр үнэлжээ. Түүний жилийн орлого 21 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 12 сая төгрөгт хүрч байна.
Энэ мэтээр МАН-ын хурган дарга нарын танхай балмад, албан тушаалаа урвуулан ашиглаж буй үйлдлүүд хэрээс хэтэрлээ.
Дөнгөж саяхан л Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын байранд архидан согтуурч, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга машиндаа нас барсан хэрэг гарсан. Үүнээс өмнө Зам тээврийн яамны хэлтсийн дарга ажлын байран дээрээ бусдад хутгалуулж, харамсалтайгаар амь насаа алдсан.
Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хуулийн хэлтсийн дарга Н.Мягмарын хүү албаны машин унаж зугаа цэнгэлдээ ашигласан гээд дурдаад байвал дуусахгүй нь. Төрийн албан хаагчид ажлын байран дээрээ архи уудаг, хүн алж, хүрээ талдаг хэргүүд эхнээсээ шийдлээ хүлээсээр. Ард түмэн нүдээ бүлтийлгэн харсаар байна.
Архины цагаан солио туссан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга Б. Атартулгад хэн, хэзээ хариуцлага тооцох вэ?
эх сурвалж : "Ардчилал таймс сонин"