Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Оноо авах нь битгий хэл Огцрохдоо тулаад байгаа хотын даргын орлогч нар

Хотын мэр С.Амарсайхан ажлаа авсан даруйдаа өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлж, хоёр орлогч, төсөл хариуцсан дөрвөн даргатай болсон. Гэвч түүний багийнхан нийслэлчүүдээс нэмэх оноо авч амжаагүй л явна. Оноо авах нь битгий хэл огцрох дээрээ хүрээд байна. Тодруулбал, өнгөрөгч даваа гарагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, хотын мэр С.Амарсайхантай нууцгай уулзаж, орлогч нарын талаар аминчлан захижээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, У.Хүрэлсүх “Орлогч нартаа нэн яаралтай арга хэмжээ ав, өөрчил” хэмээн үүрэг өгсөн сурагтай. Тэгэхээр одоо С.Амарсайхан багийнхандаа ямар арга хэмжээ авах нь олны анхаарлын төвд байна гэсэн үг. Хорин оны сонгуулиар хотын мэрийг томроход дагаад тодрох томхон зорилготой зургаан орлогчийн хэн нь хэн болох талаар товч тодорхой өгүүлэхийг хичээе.

 

Оюутны ширээнээс УИХ-ын тамгын газарт томилогдсон Ж.Батбаясгалан

Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ж.Батбаясгалан болбоос төрөлхийн улстөрч байсан гэмээр содон намтартай нэгэн юм. Тэрбээр Түшээ дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр 2004 онд төгссөн бөгөөд оюутны ширээнээс шууд УИХ-ын Тамгын газарт “томилогдон” ажиллаж эхэлжээ. Улмаар 2008-2012 онд УИХ-ын гишүүн Т.Бадамжунайн туслах, НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан түүхтэй. Мөн 2009-2012 онд Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн, 2008-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны зөвлөлийн гишүүн, 2012-2016 онд НИТХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, 2016 оноос Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж эхэлсэн байна. Албан тушаалын шатаар торох юмгүй өгсч яваа түүний ард УИХ-ын гишүүн М.Энхболд, гишүүн асан Т.Бадамжунай нар байдаг гэлцдэг. Тэрбээр Ц.Сандуйг огцрох үед НИТХ-ын даргад, Су.Батболдыг огцрох үед хотын даргад тус тус нэр дэвшиж явсан МАН-ын шинэ залуу лидерүүдийн нэг юм.


Гэвч тэрбээр хотын даргын нэгдүгээр орлогч болмогцоо ажилчдынхаа ордог байсан нойлын өрөөг өөртөө зориулан тохижуулж, үнэтэй суултуур, плита, хаалгыг нь сольж, хувийн жорлонтой дарга гэдгээрээ нийгмийн сүлжээнд шуугиан тариад авсан. Ингэж тэрбээр өөрийнхөө болоод өнөө муу С.Амарсайхан даргынхаа нэрийг сэвтээж, чихийг нь халууцуулаад өнгөрсөн түүхтэй.
Ж.Батбаясгалангийн тухай бас нэг баримт дэлгэхэд, түүний хөрөнгө орлого 2017-2018 онд хоёр дахин өссөн үзүүлэлттэй гарсан байв. Тухайлбал, түүний жилийн орлого 69 саяас 76 саяд, гэр бүлийн гишүүдийн орлого 57 саяас 163 саяд, мал аж ахуй нь 67 саяас 102 саяд, мөнгөн хөрөнгийн хэмжээ 130 саяас 242 саяд хүрснийг ХОМ-тээ дурджээ.

 

Журмын нөхдөөсөө нүүр буруулсан Ш.Анхмаа

Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн хувьд багш, эрхзүйч мэргэжилтэй. МУИС, БНХАУ-ын Бээжин хотын Хэл, соёлын дээд сургууль, АНУ-ын Хавай институтийн “Эмэгтэй манлайлагч” хөтөлбөрийг төгссөн бусдыгаа бодвол харьцангуй “өндөр” боловсролтой нэгэн юм. Ажлын туршлага гэвэл “Эмнести интернэйшнл” болон Швейцарийн хөгжлийн агентлагт тус тус удирдах албан тушаалд ажиллаж байгаад 2016 оны НИТХ-ын сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшиж, төлөөлөгчөөр сонгогдсон байна.


Өнгөрөгч гурван жилийн хугацаанд Ш.Анхмаа дарга өсч яваа залуу улстөрчөөс гарч болох зоригтой алхмуудын нэг болох урвалт шарвалтын амтыг мэдэрчээ. Тэрбээр, С.Амарсайханы багт орж, орлогч даргаараа үлдэхийн тулд журмын нөхдөөсөө нүүр буруулж, түүнийг дэмжсэнээр Хүний хөгжил, Нийгмийн бодлого хариуцсан орлогч гэх албан тушаалыг шагнал болгон авсан юм. Гэвч тэрбээр энэ жилийн хүүхдийн баярыг зохион байгуулах ажлын хэсгийг ахлаад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ундууцлыг хүргээд авсан “паянтай”. Тодруулбал, баярын арга хэмжээний үеэр тайзны дэлгэц асахгүй, хөгжмийн тоног төхөөрөмжүүд нь байнга гацаж цугласан олныг бухимдуулсан юм. Эх сурвалжийн хэлснээр баярын арга хэмжээг Ш.Анхмаа даргын найзын “Жи Соундс” ХХК гардан зохион байгуулсан гэх. Үүгээр зогсохгүй, Ш.Анхмаа дарга хотын даргын орлогч болсон эр бяраа гаргаж, нийслэлээс зохион байгуулдаг томоохон арга хэмжээнүүдэд найзынхаа компанийг оруулдаг гэх мэдээлэл ч байгаа юм.

 

Хувийн бизнесээ цэцэглүүлэхийн төлөө улстөрчидтэй ойр шадарлаж яваа М.Халиунбат

Инновац технологийн хөгжил хариуцсан Төслийн удирдагчаар М.Халиунбат нь бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Сэтгүүлч, редактор, багш, маркетингийн менежер, борлуулалтын менежер, гүйцэтгэх болон ерөнхий захирлын алба хашиж явсан хөрвөх чадвар сайтай нэгэн юм. Тэрбээр 2016 онд МАН-аас нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Түүнийг “Петровис”-ийн Ж.Оюунгэрэлийн хүргэн гэдгээр нь олон нийт илүүтэй мэдэх биз. М.Халиунбат нь Ч.Амарсайханыг НИТХ-ын дарга байхад ойр шадарлаж, бас бус ажлаа ч амжуулж явсан гэдэг. Тухайлбал, “Петровис” компанийн “redpoint” үйлчилгээг хариуцан ажиллаж байхдаа энэхүү бизнестээ дэмжлэг авахын тулд “Улаанбаатар смарт” картын захирлуудыг хөөрхөн шоглож, муухай харагдуулах ажлыг хийж байсан юм. Нийтийн тээврийн цахим карт руу өөрийн бизнесээ зүтгүүлэхийг оролдож явсан, монголын толгой баячуудын хүргэн нийслэлчүүдийн аж амьдралд оюун бодлоо чилээж, тэдний төлөө унтах нойр, идэх хоолоо умартаж ажиллана гэдэгт итгэх хүн цөөхөн байна. Юутай ч, М.Халиунбат бол төсвийн цалин харж өнөө маргаашаа аргалдаг түмний нэг биш. Тийм ч учраас маш том ашиг сонирхлын үүднээс НИТХ-ын төлөөлөгч болж, улстөрчидтэй ойр шадарлаж, хувийн бизнесээ цааш цэцэглүүлэхийн тулд энэхүү төрийн албаны сонголтыг хийсэн гэсэн үг юм.

 

Д.Мөнхжаргал “Жаргалан гурав” хувийн цэцэрлэгтээ төсвөөс хагас тэрбумын татаас авчээ

Агаар орчны бохирдол хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргалын хувьд түймэртэй селфидэж, албан тушаалаа зарласан нэгэн. Тэрбээр ажлаа авсан даруйдаа Гоодойн ам, Шадивланд гарсан түймрийн үеэр дүрэлзэн шатаж буй байшингийн өмнө өөрийнхөө зургийг авч, шинэхэн албан тушаалаа гайхуулж, олны шүүмжлэлийн бай болж, С.Амарсайхан даргыг нүүр хийх газаргүй болгосон юм.


Д.Мөнхжаргал нь англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Боловсролын удирдлагын магистр зэрэгтэй. Тэрбээр өөрийн танилцуулга мэдээлэлдээ 2006-2016 онд “Жаргалан” үндэсний цогцолбор сургуульд ерөнхий захирлаар ажиллаж байсан гэж дурдсан байдаг. Гэхдээ өөрийн нөхөр Р.Эрдэмдэлгэртэйгээ хамтран байгуулсан Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Жаргалан гурав” цэцэрлэгийнхээ талаар огт дурдаагүй байсан нь сонин. Улсын бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санд “Жаргалан гурав” хэмээх бүртгэлтэй уг хуулийн этгээдийн эзэмшигч нь Р.Эрдэмдэлгэр байгаа юм. 2015 оны Нийслэлийн Засаг даргын А/426 дугаар захирамжаар цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч байсан уг байгууллага 2016 оноос хойш улсаас хагас тэрбум төгрөгийн татаас авчээ. Тодруулбал, Д.Мөнхжаргал НИТХ-ын төлөөлөгч болсноос хойш “Жаргалан гурав” цэцэрлэг 2016 онд 117 сая төгрөг, 2017 онд 147 сая, 2018 онд 193 сая төгрөгийн татаас тус тус авсан байх юм.

 

Б.Отгонсүхийн жилийн орлого 135 саяас 311 саяд хүрчээ

Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх нь философийн ухааны бакалавр, нийгмийн ухааны магистр, олон улсын хүний эрхийн хуульч мэргэжилтэй. МУИС, Удирдлагын академи, АНУ-ын “ST.TOMAS”-ийн их сургуулийг тус тус дүүргэсэн. Баянгол дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг дарга, Хөдөлмөрийн яамны сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Баянгол дүүргийн МАНХ хорооны улс төрийн ажилтан, Баянгол дүүргийн НАМЗХ-ны тэргүүн, нийслэлийн НАМЗХ-ны тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байгаад 2016 онд НИТХ-ын төлөөлөгч болжээ.
Түүний жилийн орлого 2017 онд 135 сая төгрөгөөр хэмжигдэж байсан бол 2018 онд 311 саяд хүрсэн байв. Мөн тэрбээр 384 сая төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай байснаа 661 сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээнд өргөтгөсөн “овсгоотой” нэгэн юм.

 

Орох орон, оочих аягагүй байсан О.Мөнгөншагай 500 саяар үнэлэгдэх орон сууцтай болжээ

Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслийн удирдагч О.Мөнгөншагай нь 2001-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2010-2012 онд Тайваны Улс төрийн их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр, хуульзүйн магистрантур. Оюутан ахуй цагаасаа (2004-2008) УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж эхэлсэн. 2008-2010 онд Гадаад харилцааны сайдын туслах, 2011 оноос “Эм Би Ти” трейд ХХК-д Ерөнхий захирал, 2012-2016 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2013 оноос Сүхбаатар дүүргийн Намын хорооны дэд дарга, 2016 оноос НИХТ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллах болсон. Мөн тэрбээр Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын даргын албыг давхар хашдаг юм байна.


Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс нэгэн сонирхолтой дүгнэлт хийж болохоор байна. О.Мөнгөншагай төлөөлөгч маань Ц.Нямдорж сайдаас дутахааргүй эмзэг давхаргын төлөөлөл бололтой. Учир нь тэрбээр 2017 онд ХОМ-тээ орон сууц, барилга байгууламжгүй гэж мэдүүлж байсан бол 2018 онд 500 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц нэг, өвөлжөө, хаваржаа нэгийг худалдан авчээ. Мөн түүний мөнгөн хөрөнгийн хэмжээ 2017 онд 40 сая байсан бол 2018 онд 278 саяд хүрсэн байлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com