УИХ-ын нэр бүхий 49 гишүүн, МАН-ын удирдлагууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ЖДҮДС-аас хувьдаа болон хамаарал бүхий компанидаа тэрбум, тэрбумаар нь зээл авсан нь олон нийтэд ил болоод удаж байна. Гэвч эдгээр гишүүн улс төрийн болон хуулийн хариуцлага хүлээлгүй өнөөг хүрсэн билээ. Тэр ч бүү хэл дахиад сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “ЖДҮ авсан, 60 тэрбумд холбогдсон хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэж мэдэгдсэн удаатай. Гэвч тэгж чадахгүй болсон тухай яриа бий. Ерөнхий сайд өөрөө ч ЖДҮДС-гаас төрсөн дүүдээ зээл авч өгсөн мэдээлэл байдаг. ЖДҮДС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд ямар ч хариуцлага хүлээлгүй өнөөг хүрснээр барахгүй авсан мөнгөө эргүүлж төлөөгүй яваа юм. Тэр ч бүү хэл Засгийн газраас гуравдугаар сарын 20-ны өдөр ЖДҮДС-гийн зээлийн хүү, эргэн төлөлтийг 90 хоногоор царцаах шийдвэр хүртэл гаргаад байгаа билээ. Өөрөөр хэлбэл өөрсдийн авсан зээлийн талаар хамгийн түрүүнд шийдвэр гаргасан гэхэд хилсдэхгүй л болов уу. Тэгвэл МАН-ын угшилтай УИХ-ын гишүүд ЖДҮ- сангийн мөнгийг хувааж авсан хэргийг “Иргэд хариуцлага нэхэх эрх” ТББ-аас эргэн сануулж, хариуцлага тооцохыг шаардлаа. Тус төрийн бус байгууллагын тэргүүн Х.Алтанхуяаг зарим салбар зөвлөлийнхөө зохицуулагч нартай хамтарч ЖДҮ-чдэд хариуцлага тооцохыг шаардсан бичгээ баасан гарагт (2020.03.27) МАН-ын хуулийн зөвлөхөд гардуулан өгсөн. Тэрбээр холбогдох хүмүүст нь уламжилж өгөхөө илэрхийллээ. Уг шаардах бичгийг Ерөнхий сайд МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хаягласан байна.
Ингээд “Иргэд хариуцлага нэхэх эрх” ТББ-ын тэргүүн Х.Алтанхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай байгууллагаас МАН-ын удирдлагуудад ямар утгатай шаардах бичиг гардуулан өгч байна вэ?
-Бид ЖДҮХС-аас зээл авч иргэдийн боломжийг хулгайлсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооц гэдэг шаардлагыг холбогдох байгууллагуудад нь хүргүүлж байгаа. Энэ удаа Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд уг шаардлагаа хүргүүлж байна. Энэ шаардлагад “МАН-ын дарга У.Хүрэлсүх та ЖДҮХС-гаас албан тушаалаа ашиглаж зээл авсан УИХ-ын гишүүддээ улс төрийн хариуцлага тооц” гэсэн байгаа.
-"ЖДҮ"-чдэд ямар хариуцлага ногдуулахыг шаардсан юм бэ?
-ЖДҮДС-гаас зээл авсан хүмүүсийн дийлэнх нь МАН-ын гишүүд. Ийм учраас МАН-ын дарга У.Хүрэлсүх зээл авч ард түмний боломжийг хулгайлсан гишүүддээ хариуцлага тооцож, намын гишүүнээс хасах, УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх арга хэмжээ авч ажиллах шаардлага хүргүүллээ.
-Та өмнө нь ЖДҮ-чин гишүүдэд хариуцлага тооцох тухай шаардах бичиг холбогдох байгууллагуудад өгсөн гэлээ. Ямар нэг хариу ирүүлсэн үү?
-Бид урд нь ЖДҮХС-гийн удирдлагууд болон ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд шаардлага хүргүүлж байсан. Энэ шаардлагын хариу өнөөг хүртэл ирээгүй. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хариу өгнө гэж найдаж байна.
-МАН-ын дарга ЖДҮ-чин гишүүддээ хариуцлага тооцно гэдэгт та бүхэн тийм их итгэлтэй байгаа юм уу?
-МАН-ын удирдлагууд урд нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг танхайн хэрэгт холбогдоход хариуцлага тооцсон шүү дээ. Түүнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж, намаасаа хөөснийг хүмүүс мэднэ. Тэгэхээр танхайрсан гишүүндээ хатуу хариуцлага тооцож болдог юм бол иргэдийн боломжийг хулгайлж ЖДҮ авсан гишүүдээ намаасаа хөөж, улс төрийн хариуцлага тооцох ёстой гэж бодож байна.
-Танай хөдөлгөөн байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Иргэдээс танайхаар дамжуулж ямар санал, шүүмжлэл тавьж байна вэ?
-Бид ЖДҮ-чин гишүүдийн тойргоор нэлээд явж иргэдтэй уулзсан. Мөн зах, худалдааны төвийн арилжаа эрхлэгчидтэй удаа дараа уулзаж явлаа. Одоогоор салбар зөвлөлүүд байгуулж байна. Тухайлбал, нийслэлийн дүүргүүдэд салбар байгуулж зохицуулагч нараа томилсон. Энэ салбараар дамжуулж иргэд “Манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд ЖДҮ авчхаж. Энэ асуудлыг ярьж хариуцлага тооцмоор байна” гэдэг. Ийм учраас бид ЖДҮ-чдэд хариуцлага тооцуулахаар тэмцэж байгаа.
-Та бүхэн урд нь хэд хэдэн шаардлага өгсөн ч өнөөг хүртэл хариу өгөөгүй гэлээ. МАН шаардлагыг хүлээж авсан ч хариу өгөхгүй цаашид яах вэ?
-Шаардлагын хариуг хуулийн дагуу долоо хоногт багтааж өгөх ёстой байдаг. Хариу өгөхгүй бол бид шүүхэд хандана. У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар бол ЖДҮ-гээс бүрдсэн. Ард түмний боломжийг хулгайлсан УИХ болон МАН-ын гишүүдэд улс төрийн боломж олгох ёсгүй. Ийм ёс зүйгүй увайгүй хүмүүс улс төрд байх учиргүй гэж бодож байна. Ийм учраас МАН-ын удирдлагуудад ЖДҮ-чдээ намаас нь хөөх ёстой гэсэн шаардлага тавьсан. Хариу өгсөн, өгөөгүй бид энэ тэмцлээ орхиж үзэл бодлоосоо ухрахгүй.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"