Т.ЭРДМАА
Улсын Их Хурлын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Коронавирусийн халдварын онцгой нөхцөл үүссэнтэй холбоотойгоор чуулганы нээлтийг цахимаар зохион байгуулахаар болсон талаар манай сонин урд нь мэдээлсэн. Энэ асуудлаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ийнхүү ярилаа.
-Хаврын чуулганы нээлтээ ч, хуралдаанаа ч цахим орчинд хийх болсон. Чухам ямар арга, хэлбэрийг сонгож байгаа вэ?
-Ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 6-ны даваа гаргийн 12.00 цагт эхлэхээр товлоод байна. Энэ удаагийн чуулган өмнө нь тохиолдож байгаагүй онцгой нөхцөлд зохион байгуулагдах гэж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл COVID-19-ийн халдвар дэлхий дахиныг түгшээсэн, манай улсад өндөржүүлсэн бэлэн байдал зарласан, тодорхой хязгаарлалт тогтоосон нөхцөлд цахимаар явагдах болж байна. Өмнө нь ийм практик байгаагүй учраас шинэ нөхцөлд, шинэ арга хэрэгсэл ашиглах бэлтгэлийг хангах их ажил Тамгын газарт өрнөж байгаа. Хэлбэрийн хувьд нээлтийн үйл ажиллагааг УИХ-ын нэгдсэн хуралдааны болон А, Б, В, Г танхимуудад зохион байгуулна. Шаардлагатай бол Нээлттэй сонсголын танхимыг ашиглах боломжтой. Нэг танхимд 20 хүртэл гишүүн байхаар тооцож байгаа. Тусгай программ ашиглаж, танхимуудад байгаа дэлгэцээр дүрсийг харуулах байдлаар зохион байгуулна.
-Ямар программ ашиглаж байгаа вэ. Нээлтийн хуралдаан хийхэд харьцангуй хялбар байх. Цаашдаа Байнгын хороо, нэгдсэн хуралдааныг хийхэд төвөгтэй асуудал үүсэх үү?
-Ямар программ ашиглаж байгааг нэрлэж хэлэх боломжгүй. Нууцлал, аюулгүй байдалтай холбоотой асуудал юм. Цахимаар хурал зохион байгуулах программ, техникийн шийдэл зөндөө бий. Хууль тогтоох дээд байгууллага болох парламентын хуралдаан тусгай дэгээр зохион байгуулагддаг. Хуулийн төслийг боловсруулах, хүргүүлэх, гишүүд ирцэд бүртгүүлэх, үг хэлэх, санал өгөх гээд бүх үйл ажиллагаа тусгайлсан дэгийн дагуу, хуулийн зохицуулалттай явдаг. Энэ бүхнийг ямар ч гацаа саадгүй, эрсдэлгүй, зөв, маргаангүй, хуулийн дагуу явуулахад сайн программ сонгох, түүнийг шинээр хөгжүүлэх шаардлага гарч байна. Тэдгээрийг манай Тамгын газрын холбогдох хэлтэс, нэгжийн ажилтнууд чанартай, сайн хийж чадна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Байнгын хороо хуралдааныхаа танхимд хуралдахад ямар ч асуудал гарахгүй. Байнгын хороод дээд тал нь 19 гишүүнтэй. Манай хуралдааны танхимуудад үг хэлэх, санал хураах төхөөрөмж хангалттай. А, Б танхимд гэхэд 45-65 төхөөрөмж байна. Ер нь аль ч хуралдааныг Төрийн ордонд, хуралдааны зориулалтын танхимд зохион байгуулах, гишүүд өрөөнөөсөө хуралдаанд оролцоход асуудал үүсэхгүй байх гэж бодож байна. Харин Төрийн ордноос өөр газраас, зайнаас хуралдаанд оролцох шаардлага гарсан тохиолдолд техникийн нэмэлт нөхцөл бүрдүүлэх шаардлага гарна. Энэ болон бусад болзошгүй нөхцөлд ажиллах боломжийг бүрэн бүрдүүлэх чиглэлээр манай Мэдээллийн технологийн хэлтэс ажиллаж байгаа.
-Хаврын чуулган үргэлжлэх бүхий л хугацаанд цахимаар хуралдах уу?
-Онцгой нөхцөл үргэлжилж байгаа хугацаанд цахимаар хуралдаж таарна. Онцгой нөхцөл хумигдаж, байдал намжсан үед урьдынхаараа, хэвийн нөхцөлд үргэлжлэх нь тодорхой. Нөгөө талаар УИХ-ын чуулган хуулийн хугацаагаа дуусгаж завсарлах хүртэл цахимаар хуралдахыг ч үгүйсгэх аргагүй шүү дээ. Тиймээс байнгын, найдвартай байдлыг хангах нь Тамгын газрын үүрэг.
-Ер нь Улсын онцгой комисс нэг дор олон хүн цуглаж, хуралдахыг хориглож байгаа. Хорь хүртэл хүн гэхээр олондоо орох байх. Энэ хоригийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-УИХ-ын гишүүд онцгой нөхцөл үүссэн үед хууль тогтоох, хойшлуулшгүй шийдвэр гаргах ёстой байгууллага үйл ажиллагаагаа явуулахгүй байх ёсгүй, хуралдаанаа хугацаандаа эхлүүлье гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ УОК-ын шийдвэрийг нийтээр дагаж биелүүлэх үүрэгтэй. Тиймээс хүмүүс хоорондын зайг 2-3 метрээс доошгүй байлгах, ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг сайтар авах, тодорхой хязгаарлалтууд тогтоох зэрэг УОК-ын шаардлага, анхааруулгыг ёсчлон биелүүлнэ. Танхимд цөөн гишүүн, тогтоосон зайд бие биеэс хол сууна. Маск, ариутгалын бодисыг байршуулна, танхимын эрүүл ахуйн нөхцөлийг хангана.
-Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал үүсэх үү?
-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд цахим хуралдаан хийх нарийвчилсан заалт байхгүй. Цахим хуралдааныг онцгой нөхцөлд хийх тул түүндээ тохирсон тусгай зохицуулалт шаардагдаж байгаа юм. Тухайлбал, хурууны хээгээр ирц, санал хураалтад яаж оролцох, хэлэлцэх асуудлын материалыг хэрхэн хүргүүлэх, зайнаас ямар байдлаар оролцох, үг хэлэх, байр сууриа илэрхийлэхдээ дараалалд хэрхэн орох болон хориглох зүйл гэх мэтийг тодорхой заах зайлшгүй шаардлагатай. Тиймээс Цахим хуралдааны дэгийг тогтоосон нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нарын гишүүд ажиллаж байна. Төслийн талаар хэлэлцүүлэг хийж, гишүүдээсээ санал авна. Улмаар УИХ-ын даргад өргөн барьж, Байнгын хороо, Нэгдсэн чуулганаар хэлэлцэж батална.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"