УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өчигдөр (2020.03.30) өргөтгөсөн цахим хуралдаан хийлээ. Хуралдаанд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд, МҮХАҮТ-ийн удирдлагууд болон бизнес эрхлэгчид цахимаар холбогдож, улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар үзэл бодлоо илэрхийлж, харилцан санал солилцлоо. Ардчилсан намын зөвлөлөөс коронавирусийн гамшиг болон түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газарт өргөн барихаар бэлджээ. Энэ удаагийн онлайн хуралдаанаар өргөн барихаар бэлдсэн тогтоолын төсөлдөө Ардчилсан намын Бодлогын зөвлөл, МҮХАҮТ болон бизнес эрхлэгчдийн саналыг тусгахаар болсон байна.
Тогтоолын төсөлд 2020 оны төсөвт нэн яаралтай тодотгол хийх, ипотекийн зээлтэй айл өрхүүдийг нэг жилийн хугацаанд зээлийн төлбөрөөс чөлөөлөх зэрэг санал тусгажээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Ардчилсан намын зүгээс эрх баригчдад эдийн засгийн хүндрэлийг даван туулах талаар тодорхой саналуудыг удаа дараа хүргүүлсэн ч өнөөдрийн хүртэл дорвитой бодитой арга хэмжээ аваагүй. Ардчилсан намын зөвлөлийн боловсруулсан УИХ-ын тогтоолын төсөлд бизнес эрхлэгчид болон МҮХАҮТ-ын санаа оноог тусгах нь туйлын чухал байна. Дэлхий нийтээр цар тахлын аюул хэдий болтол үргэлжлэх нь тодорхойгүй байна. Бид энэ аюулыг гарз багатай, нэгдсэн байр суурьтайгаар даван туулах шийдвэрийг УИХ гаргах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс УИХ-аас гарах тогтоолын төслийг дөрвөн хавсралттайгаар гаргах санал боловсруулсан. Уг тогтоолын төсөлд коронавирусийн гамшигтай тэмцэх бодлогоо нэгдсэн байдлаар гаргая гэж байгаа. Үүнээс гадна эдийн засгийн хүндрэлийг даван туулах хэд хэдэн бодлогын саналыг хавсаргасан. Төсөв, мөнгөний бодлого, аж ахуйн нэгж, иргэдэд чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг цогцоор нь авч хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй. Бодлогын хэрэгжилтийг хангах арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргалаа. Дээрх арга хэмжээнүүд нь онцгой нөхцөл байдалд хэрэгжих гэж байгаа учраас нэн яаралтай УИХ хуралдаж, уг тогтоолын төслийг батлах шаардлагатай байна гэв.
МХАҮТ: Төрөөс гаргаж буй шийдвэр ААН-үүдэд шууд дэмжлэг болж чадахгүй байна
МҮХАҮТ-аас Covid-19 вирусийн халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ ажлын байранд үзүүлж байгаа үр нөлөө ба шаардагдаж буй дэмжлэгийг тодорхойлох зорилгоор өөрийн гишүүн болон гишүүн бус 1504 аж ахуйн нэгжийг хамруулан судалгаа явуулсан байна.
МҮХАТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин:
-Судалгаанд оролцсон нийт ААН-үүдийн 67.4 хувьд нь Covid-19 вирусийн халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ маш их, 22.8 хувьд нь дунд зэрэг нөлөөлсөн байна. Салбараар авч үзвэл, аялал жуулчлалын салбарын 90 хувь, зочид буудал, нийтийн хоолны салбарын 83 хувьд маш их нөлөөлсөн бол энэ үзүүлэлт хөдөө аж ахуйн салбарт 40 хувь, мэдээллийн технологийн салбарт 33 хувь байгаа аж. Түрээслэгчидтэй хийсэн уулзалтаас харахад тэдний 80 гаруй хувьд нь нөхцөл байдал хүндээр нөлөөлсөн бөгөөд 30 хувийнх нь орлого 50 хувиар буурсан гэж байна. Бид арилжааны банкуудтай уулзаж, зээлийн хүүг бууруулах ямар боломж байгаа талаар санал солилсон. Эцсийн дүгнэлт нь банкны системийг нэмэлтээр санхүүжүүлэхгүй бол энэ асуудлыг шийдэх боломжгүй гэж үзсэн. Өнөөдөр төрөөс гаргаж байгаа шийдвэрүүд ААН-үүдэд шууд дэмжлэг болохоор шийдвэр болж чадахгүй байна. ААН-үүд 500-600 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийн хүсэлт удаа дараа тавьж байгаа. Гуравдугаар сарын 23-нд хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар Covid-19 нь аялал жуулчлалын салбарт хамгийн ихээр нөлөөлж байгааг харуулсан. Тээвэр, үйлчилгээ, худалдааны салбарууд үүний араас бичигдэж байна. Аялал жуулчлал, нийтийн хоол, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг олон ажлын байртай салбарууд доголдоод эхэлсэн. 20 хоногийн өмнө 4.5 хувь нь ажлын байрандаа цомхотгол хийж байгаа гэсэн бол өнөөдөр энэ тоо 33 хувь болж өслөө. Судалгаанд 1500 ААН хамрагдсан бол түүний 33 хувь нь ямар нэгэн байдлаар ажлын байраа цомхотгосон гэж хариулсан. Өөрөөр хэлбэл 1500 компани 6000 хүнээр ажлын байраа цомхотгосон байна.
Засгийн газраас 300 тэрбум төгрөгийг ноолуурын салбарт зарцуулна гэж байгаа. Гэвч энэ нь мөн л бизнес эрхлэгчдийг дэмжиж чадахгүй нь судалгаагаар илэрхий болсон. Дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг Монгол Улс нийлүүлдэг. Дэлхийн зах зээл өмнөх хямралуудын үед ноолуурын үнэ 35 хүртэл хувиар унасан байдаг. Гэвч энэ удаагийн хямрал их онцлогтой. Учир нь самнасан ноолуурын гол худалдан авагч Итали улсад нөхцөл байдал хүнд байгаа учраас манай улсын компаниуд ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах боломжгүй юм. Иймд энэ зээлд хамрагдахыг сонирхохгүй байгаа. Энэ ажил нь малчид, орон нутгийн иргэдийн саналыг татахад илүү чиглэгдсэн дүр зураг гэж харж байгаа. Хамгийн гол нь хөнгөлөлттэй зээл олгож эхлэх нь чухал байна. Мөн бизнес эрхлэгчдийн зүгээс асуудал хариуцсан яамнаас өнөөдрийг хүртэл зохицуулалт хийхгүй байна гэсэн гомдол гаргаж байгаа гэлээ.
Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн гишүүн С.Одонтуяа:
-Макро эдийн засгийн гол дөрвөн оролцогчийн талаар ярьж байна. Гурвыг нь голчилж яриад байна. Засгийн газар хийх ажлаа ярьчихлаа. Банкууд, ААН-үүдийн талаар ярилаа. Харин өрхийн тухай огт дурдагдсангүй.
Гэтэл макро эдийн засгийн гол оролцогч болох өрхийн нөхцөл байдал тун хүндэрлээ. Өнөөдрийн байдлаар 400 мянган өрх зээлтэй байгаа. Үүнээс 100 мянган өрх нь давхар зээлтэй байна. 2019 онд өрх орлогынхоо 70 хувийг зээлдээ зарцуулж байна гэдэг судалгаа гарсан. Тиймээс өндөр эрсдэлтэй байгаа өрхийн асуудлыг орхигдуулж болохгүй.
Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболд:
-Коронавирустэй холбоотой аюул заналыг манай Засгийн газар, УИХ их доогуур үнэлээд байна. Дайны байдалтай байна гэдэг мэдэгдлийг Монголоос бусад бүх улс хийж байгаа. 2020 оны төсөв, мөнгөний бодлогыг батлахад үндэслэсэн тоонууд бүгд нурж унасан. Ардчилсан намын зөвлөлийн санаачилж байгаа тогтоолд төсөв, мөнгөний бодлогоо цоо шинээр хийх хэрэгтэй болоод байгааг тусгасан. Улсын төсөвт тодотгол хийнэ, хийхгүй гэдэг зүйл Сангийн сайдын хүслээс хамаарахаа больсон. Төсөвт 1.2 их наяд төгрөгийн орлого тасраад, тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болоод байна. Хийхгүй гэдэг ойлголт өнгөрсөн. Төсөв, мөнгөний бодлогоо яаралтай шинээр бичихгүй бол коронавирустэй тэмцэхэд хүндрэлтэй боллоо. Ипотекийн зээлийн гэрээг нэг жилээр сунгаж болж байна. Сунгасан нэг жилдээ ямар нэгэн торгууль, шийтгэл, ямар ч юм төлөхгүйгээр 400 гаруй тэрбум төгрөг өрх гэрийн орлогод үлдээх боломж байгаа юм. Ипотекийн зээлийг улсын төсөвтэй холбосон шийдвэрээ буцаах ёстой. Үүнийг хэрэгжүүлж болохгүй. Өнөөдрийн байдлаар 100 мянган орчим айл ипотекийн зээлтэй гэж байна. 100 мянган айлд 400 орчим тэрбум төгрөгийг үлдээх асуудлыг төсөвт тодотгол хийлгүйгээр одоо ч шийдэж болно. Олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа энэ жилдээ царцаах хэрэгтэй хэмээв.