Ардчилсан нам үзэл баримтлал, үнэт зүйлээ таниулах аяныг орон даяар явуулж байна. Үзэл баримтлалаа орон даяар сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор үндэсний хэмжээний III аяныг өнгөрсөн тавдугаар сард нээж УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Дэд дарга З.Нарантуяа, Г.Батхүү, Б.Дэлгэрмаа, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга нарын хүмүүс оролцож, аяны талаарх мэдээллийг өгч байсан билээ. Ардчилсан намын суурь зарчим, тулгуур бодлого болох Үзэл баримтлалыг орон даяар сурталчлах аян 21 аймаг, нийслэлийн есөн 9 дүүрэгт зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн аяныг Хэнтий аймгаас эхлүүлсэн. Хэнтий аймагт өнгөрсөн гурван жилд эрх баригчид хийсэн дорвитой ажилгүй бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байгааг иргэд сануулж байв. Түүнчлэн Хэнтий аймагт мах боловсруулах үйлдвэртэй атлаа махны үнэ Улаанбаатар хотынхоос ялгаагүй байгааг иргэд хэлж байлаа. Орон нутагт ажилгүйдэл, ядуурал сумдад ихэсч, мах, шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өдрөөс өдөрт өсч байгаа нь иргэдэд дарамт учруулж байна гэдгийг ярьж байна.
Аяны хүрээнд Ардчилсан намын удирдлагууд зүүн аймгуудад ажиллаж, гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонссон юм. Түүнчлэн Ховд, Увс аймагт үргэлжлэн үзэл баримтлалаа танилцуулсан. Одоо энэхүү уулзалт говийн аймгуудад үргэлжилж байна. Өчигдөр АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж, үзэл баримтлалаа таниулах сургалтаа эхлүүллээ. Сургалтын багт АН-ын Намын байгуулалтын газрын дарга Ц.Уртнасан, АН-ын Гадаад харилцаа сургалтын газрын дарга Д.Эрдэнэсувд, УИХ дахь АН-ын зөвлөлийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Р.Даваадорж нар ажиллаж байна. Сургалт иргэд гишүүдийн санал санаачилга, хөгжлийн бодлогын талаарх гаргасан санал санаачилгад суурилан үзэл баримтлалаа таниулах чиглэлээр үргэлжилж байна. Үргэлжлүүлэн намын удирдлагууд Дундговь аймгийн намын гишүүд, дэмжигчид, иргэдтэй уулзаж байна.
Говийн бүсэд хамарсан аймгийн дараагаар Төв, Хангайн бүс гэх мэтээр нийт 21 аймгийг тойрно. Мөн Нийслэлийн есөн дүүрэгт уулзалтыг хийж АН үзэл баримтлал, үнэт зүйлээ танилцуулж, иргэдийн тулгамдсан асуудлыг сонсч байна. Ардчилсан нам Үзэл баримтлал, үнэт зүйлээ тодотгосон нь Монголын улс төрд шинэ соёлыг авчирсан хувьсал болсныг тухайлбал, Дорнод аймгийнхан хэлж байв. Уул уурхайн зохисгүй ашиглалтаас үүдсэн байгаль экологийн асуудал Дорнодчуудын өмнө тулгамджээ. Дорнод аймгийн хэмжээнд нийт 15 мянган га газар уул уурхайн компаниудаас болж сүйдсэн гэв. Мөн ашиглалтын болон хайгуулын лицензийг ихээр олгож байгааг иргэд эсэргүүцэж байна. Зөвхөн Баяндун суманд гэхэд л хайгуулын болон ашиглалтын 60 лиценз байгаа төдийгүй Хятадууд хилийн зурваст газар нутгийг сүйтгэж байгааг иргэд хэлж байна. Дорнод аймагт БНХАУ-ын иргэд хууль бусаар олноороо ажиллаж, амьдрах болжээ. Сэргэлэн суманд орших улсын тусгай хамгаалалттай бүсэд хятад иргэн газар эзэмшиж, монголчуудаар малаа маллуулж байгааг нутгийн иргэд хэлж байна.
Түүнчлэн хот төлөвлөлт, ажилгүйдэл, архидалт, төрийн байгууллагуудын хүнд суртал, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, хог зэрэг шийдэх асуудал олон байгаа ч аймгийн удирдлагууд хангалтгүй ажиллаж байгаа талаар иргэд ярьж байв. Мөн мах, шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд иргэд дарлуулж байна гэв. Монгол Улсын Засгийн газар гал унтраах, хэлбэр төдий ажиллаж, амлалтаа биелүүлэхгүй байгаад нь ард түмэн сэтгэл дундуур байна. Нэг кг махны үнэ 12 мянган төгрөгт хүрсэн бөгөөд ченжүүдэд дийлдсэн унхиагүй төрийн бодлогыг иргэд шүүмжилж байгаа юм. Эдийн засгийн өсөлтөө гэртээ "оруулж" чадаагүй эрх баригчдын ам, ажлын зөрүүг орон нутагт хатуухан шүүмжилж, Монгол Улсад шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх улс төрийн хүчин үгүйлэгдэж байгааг хэлж байв.
Ийнхүү Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүн үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намд өрнөсөн шинэчлэлийн хүрээнд Үзэл баримтлалаа шинэчлэн баталсан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхэд бүртгүүлэн албажуулаад байгаа билээ.
Б.САРУУЛ