БСШУС-ын сайд асан Л.Гантөмөр “Эрдэмтэд, сэтгүүлчид” клубын урилгаар ирж яриа өрнүүллээ. Түүний яриа, сонсогчдын асуулт, хариултыг хүргэж байна.
-Боловсролын салбар дампуурлаа гэсэн яриаг та эмзэг хүлээж авдаг уу?
-Хүн өөртөө тохиолдсон явдлаар амьдралыг дүгнэдэг. Жишээлбэл арын хаалгаар мастер хийсэн хүн мастер гэж хэн юм гэж боддог. Өөрөө боловсрол эзэмшээгүй хүн Монголын боловсролыг муу гэж бодоод байдаг. Гэтэл жинхэнээсээ боловсроод, мастер хамгаалсан, онц дүн авдаг, юм сурдаг хүмүүс бас бий. Тэдний тоо жилээс жилд нэмэгддэг нь зүй тогтол. Өнөөдөр монголчууд бидний зовлон гаргасан алдаагаа нийтлэг гэж ойлгодогт л байна. Монголын боловсрол дампуурсан гэх мэтээр бүхнийг үгүйсгэдэг сэтгэлгээ дампуурчихсан хүнээс л гардаг. Монгол авилгалд идэгдсэн гэж хэлж байгаа хүн авилга авч сурсан эсвэл өгдөг хүн ч байж мэднэ. Дүгнэлт өгөхдөө бид сайнтай муутай нь дэнсэлж үзмээр байна. Жишээ нь өөр дээрээ харахаар том охин, дунд охин, хүү, бага охин хүртэл надаас илүү болчихоод байгаа. Тоглоомгүй, би хүүхэд байхдаа мундаг байсан. Гэтэл өнөөдөр нэг айлд надаас илүү дөрвөн хүн байхаар яах вэ.
Монгол яалт ч үгүй сайжирч байгаа гэдэгт итгэдэг. Охин маань 300 хүнд 30 доллараар лекц уншиж байгаа юм. Би гучин мянгаар ч лекц уншиж үзээгүй хүн. Тэгэхэд 20-той охин надаас илүү байна. Монгол хүмүүс сайжирсан. Сайныхаа тоог яаж нэмэгдүүлэх вэ гэж ярьж сурвал муугаа тоолсноосоо илүү хурдан амжилтад хүрэх юм байна гэж боддог. Сайныгаа дурдахгүй муугаа яриад байхаар сүүлдээ бүгд болохоо байчихсан юм шиг нийтээрээ гутралд орох нь байна шүү дээ.
-Мянган инженер Японд сургахаар болсон. Тэд маань сурч байгаа юу. Эхнээсээ төгсч ирж байгаа байх даа?
-Мянган инженерт багтсан залуус маш мундаг болсон байна лээ. Төгсөөд Монголдоо ирж байна. Нэг төгсөгчид дөрөв, таван ажлын санал ирж байна. Тэр залуус Монголын хамгийн хэрэгтэй газруудад өөрсдийн орон зайг үүсгэх юм билээ. Тэр мянган оройн зайг л цаашдаа яаж 2000 болгох вэ гэж бодох учиртай. Маш үр дүнтэй хэрэгжиж байгаа. Япончууд бас итгэл авсан. Тайландад бас яг Монголтой адилхан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Монголчуудын нэг онцлог бий. Чадалтай сургууль төгссөн ч Монголдоо ирээд бага цалингаар ажилладаг. Японд төгсчихөөд сая төгрөгийн цалинтай ажил хийнэ гэхээр бусад оронд бол санаанд нь багтахгүй. Японд ажиллавал доод тал нь 3000 ам.долларын цалин авна шүү дээ. Монголчууд эх орондоо ирээд ажиллаж байгаа учраас энэ төсөл нутагшиж байгаа. Японоос ирээд багш, зөвлөх хийж байна. Коосэн сургуулийнхаа удирдлагад ажиллаж байна. Тайландад сургуулиа байгуулаад ажилласан чинь яг Коосэн төгсөгчид нь олддоггүй гэнэ. Тэд бүгд том том үйлдвэрт өндөр цалинтай инженер болоод суучихсан. Огт ойлгодоггүй баг ажиллахаар амжилтад хүрдэггүй. Манай анагаах, техникийн сургуулиуд япончуудтайгаа, Герман технологийн сургууль германчуудтайгаа зууралдаад явахад их өөр чадалтай хүмүүс бэлтгэнэ дээ. Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийг байнга тордох учиртай.
-Өндөр оноотой хүүхдүүдийг Боловсролын их сургуульд үнэгүй сургаад байсан, багш болж байгаа болов уу?
-Болдог бол Хүний нөөцийн компани бий болгоод хоёр чиглэлээр ажиллуулмаар санагдаж байгаа. Боловсролын их сургууль төгсч байгаа залуусыг ажилтай болгох, дэлхийн боловсрол зэмшсэн залуусыг Монголд хэрэгтэй газар нь шингээж өгөх. Хөдөөний захирлууд сайн багшийн хүслэн болсон хүмүүс. Тэд сайн багш хаана байгааг мэдэхгүй байна. Хэдэн залууг Архангайд аваачиж дадлага хийлгэнгүүт “Манай сургуульд үлдээч” гэж гуйж байгаа юм чинь. Үнэгүй сурсан чадалтай залуусаа багш болгоод авах хэрэгтэй байгаа юм даа. Дунд сургуульдаа онц сурч байсан хүүхдүүдээс 10 мянган багштай болоход Монголын боловсрол өөр болно. Багш болгоод авахгүй болохоор зарим нь орчуулагч хийж байна. Зарим нь банкинд теллер хийж байна. Ингээд тарчхаж байгаа юм, харамсалтай нь.
-Боловсролын салбарын бэрхшээл зовлонг анхаарч суудаг байх. Сая дэгдсэн сүрьеэгийн асуудлыг яаж харж байгаа вэ?
-Хүн ам өссөн, хүүхдийн тоо гэнэт нэмэгдсэн. 12 жилийн боловсролтой болж, бүхэл бүтэн хоёр насныхан нэмэгдэж сургуульд орсон уу орсон. Сургууль барьж байгуулах нь эдийн засгийн чадавхаас шууд хамаарна шүү дээ. Яагаад энэ хүүхдүүд олноороо өвчлөв. Яаж хүнийхээ дархлааг хадгалж сүрьеэгээр өвчлүүлэхгүй байх нь асуудал. Өвчлөл нэмэгдүүлж байгаа гол суурь утаа. Жишээ нь Д.Ганмаа доктор Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө гээд судалгаа хийсэн. Түүн шиг цаашдаа хүнээ хяналтад оруулж, дархлаагаа дэмжсэн хүнс болоод эмийн бодлого гаргахгүй бол болохгүй. Ер нь сүрьеэ газар авсан гэж сүүлийн хоёр жил байнга яригдаж байгаа шүү дээ.
-Сонгууль дөхөж байна. Хөгжлийн бодлого боловсруулахад бидний итгэж найддаг мундаг хүмүүс оролцож байгаа болов уу гэж бодогдож байна л даа?
-Миний санал ийм байгаа. Боловсролд цогц чадамж гэж ярьдаг. Тэр бол зорилго боловч хэрэгслүүдээ нэг нэгээр нь сонгож явах ёстой. Бүх юмыг зэрэг хийнэ гэхээр хувь хүн, улс орон, айл аймаг ч амжилтад хүрэхгүй. Шийдэх гол таван асуудал байна гэх мэтээр үндсэн асуудалдаа төвлөрөх хэрэгтэй. Нэг их олон юм хэрэггүй. Нэгдүгээрт, авлигын асуудлыг шийдэхдээ технологи ашиглая. АН зөвшөөрвөл би Samsung ч юм уу “Apple” компанитай очоод тохирчихно. 10 сая доллар өгнө, программ хийгээд өг гээд тохирчихно. Нэг программ Монголыг авлигагүй болгож чадна. Тэгээд л боллоо. Тэр олон хүнийг “Та нарт эрх байгаа байхгүй” гээд олон юм яриад байх шаардлагагүй. Нөгөө том компаниудтай яриад “Та нар дата баазаа Монголд байгуулж болно. Дата баазаараа бизнес хийж болно. Тэгэхийн тулд манайх өргөн сувгаа танайд түрээслэлээ. Байгуулахдаа манай энэ ажлыг хий гэж болно. Яагаад гэвэл давхардсан тоогоор тав, зургаан сая хэрэглэгчтэй ухаалаг машин ажиллаж эхлэх байхгүй юу. Блокчейн технологи ашиглаад л болно. Мэдээллийн технологи ашиглахад би бараг сонгуулиас өмнө бүгдийг нь эзэнтэй болгож чадна. Манайд авлига үүсч байгаа гурван хүчин зүйл байгаа. Нэг нь тендер. Тендерийг цахим болгоё. Хэнийг шалгаруулахыг компьютер шийднэ. Хүний оролцоо байхгүй болно гэсэн үг. Хоёр дахь нь элдэв лиценз. Үүнийг зүгээр л худалдаагаар шийдэх. Компьютер зарлалаа. Хүмүүс үнээ санал болголоо. Хамгийн их хэл ам дагуулж байгаа уул уурхайн лиценз гэхэд ухаалаг компьютерээр шийдүүлчихээр Уул уурхайн сайдыг хардах шаардлагагүй болно. Арван сая долларын яриа гарах үндэсгүй болох юм. Цогц бодлогын алдаатай тал нь маш олон хүний оролцоог шаарддаг. Хүн оролцохоор хувийн ашиг сонирхол дагаж орж ирээд байдаг. Хүн итгэл үнэмшлээрээ асуудлыг шийддэг. Зөрүүдлээд эхлэхээрээ бүх ажлыг нураадаг. Дундын мэдээллийн сан, тэнд боловсруулалт хийдэг программ байж л хувь хүний ухамсар, итгэл үнэмшил ашиг сонирхлоос хамаарахгүй шийдвэр гардаг юм билээ. Одоо бол Япон, Эстони зэрэг улсууд бүгд ингэж л асуудлаа шийдэх гэж байна. Өөр сонголтгүй юм байна гэдэг. Байгаа давуу талаа ашиглаад муу юмнаас хурдан холдъё. УИХ-ын гишүүд Худалдан авалтын хууль гаргах гээд Солонгост очиж туршлага судалж байлаа. Худалдан авалтын байгууллага нь цахимжсан юм байна лээ. Дарга тендерт оролцох ямар ч шаардлагагүй. Лицензийг дуудлага худалдаагаар худалдчих хэрэгтэй. Түүнийг нь мөн л компьютер хийх ёстой. Дараа нь тусгай зөвшөөрлүүд байна. Тухайлбал АН сонгуулиас өмнө холбоодтой ярилцаад зөвшөөрлийг та нарт өгнө гээд тохирох хэрэгтэй. Жишээ нь дунд сургуулийн зөвшөөрлийг яам өгч яах юм бэ. Яам өгөөд хэл аманд орох ямар ч шаардлага байхгүй. Зөвшөөрлийг хүний оролцоогүйгээр шийдэх программыг нь бас өгнө шүү дээ. Үүнийг хийгээрэй гээд. Мэргэжлийн хяналтынхан хяналт тавьчихна. Авлигаас ингээд салах боломжтой. Шүүх, прокурор хамаа байхгүй. Гэмт хэрэг гарахаа больчихно шүү дээ.
Блокчейнийг бурхны бүтээл гэж мэдээллийн технологийн мэргэжилтнүүд үнэлж байгаа. Бүх мэдээллийг хадгалдаг ч хэн ч өөрчлөх боломжгүй учраас тэгж нэрлэсэн хэрэг.
Бид их сонин цаг үед амьдарч байна. Хурдтай цаг үед зохицож амьдрах учиртай. Та нар бодлого болгон дээрээ үзэл баримтлалаа холбоод томьёолчих гэж намынхандаа хэлээд байгаа юм. Жишээ нь би либериал үзэлтэй юм бол эдийн засгийн бодлого нь либериал хэлээрээ л гар, боллоо. Эдийн засгийн бодлого гэхээр баахан тоо нэхээд байгаа юм. Тоондоо биш. Хууль гарахын өмнө үзэл санаа гэж гардаг биз дээ. Ном бичихийн өмнө оршил байдаг шүү дээ. Оршил, үзэл санаа нь л амин чухал. Араас нь залгаж байгаа бүх үг үсэг, томьёололд тэр үзэл санаа хэлбэрэлтгүй мөрдөгдөж байх ёстой. Монголын зовлон бол олон амьтан оролцож юм шийдэх гээд байгаа. Тэр болгоны бодлыг тээсэн нэг баримт бичиг гаргаж гэж зовж байгаа нь асуудал. Нүүрсний уурхай, Эрчим хүчний яам том станц барья гэнэ. Байгаль орчны яам ёстой болохгүй гэнэ. Уул уурхайн яам болохоор нүүрсээ зар гэнэ. Хэн шийдэх юм. Хэн ч шийдэхгүй. Бүгд санал өгнө. ТУЗ-д нь яам болгоноос хүн орчихсон. Таван өөр бодолтой. Яаж ТУЗ шийдвэр гаргах вэ.
-Олонх Үндсэн хуулийн өөрчлөлт хийх юм шиг байна. Хийж л байг уу?
-Энэ улсын гүйцэтгэх засаглал нэг толгойтой болох ёстой. Монголын асуудал юундаа байдаг гэхээр Ерөнхий сайд нь юм бодохоо больсонд байгаа. Манай Гантөмөр сайд мэднэ, ярь ярь. Замыг манай Баттулга сайд мэднэ гэдэг. Тэгж болохгүй. Монголын төсөв 15 яаманд хуваагдаад байна. Уг нь нэгдсэн нэг бодлоготой байх учиртай. Хөгжсөн улсуудын сайн жишээ гол зүйлдээ төвлөрч чаддаг.
-Ингэхэд та хунчир тариалаад байсан юу болж байгаа вэ?
-Монголд уул уурхайгаас гадна тэрбумын бизнес бол эмийн ургамал тариалах юм. Эмийн ургамлын тариалан дээр боловсруулалт хийгээд сурчихвал мөнгө олох боломжтой. Манайхан байгаа жимс, цэцэг навчаа зөв түүгээд боловсруулаад зарвал том бизнес. Даанч монгол хүний судсанд тариаланч сэтгэлгээ байхгүй учраас хийж чадахгүй байгаа юм. Завханы Тосонцэнгэл сум бол жимс сайн гарсан жилдээ 5-10 тэрбум төгрөгийн орлоготой байдаг гэж байгаа юм. Жимсээ түүгээд хатаагаад боловсруулаад зарахад ийм хэмжээний мөнгө болдог. Одоо нэг үйлдвэр байгуулах гээд хүмүүсийг уруу татаад явж л байна. Органик бүтээгдэхүүний нөөц их байна л даа. Монгол эмийн ургамлын нөөцтэй.
-Монгол жилийн дөрвөн улиралтай. Уур амьсгалын хувьд эмийн ургамал тариалагчдын сонирхол татахаар газар мөн үү?
-Өдөр, шөнө, үүрийн температур зөрүүтэй. Ийм нөхцөлд бодисын солилцоо сайн явагддаг. Жишээ нь манайд ургасан гүзээлзгэний амт сайн байдаг. Түүнтэй адилхан эмт ургамал Монголд элбэг байгаа шалтгаан температурын зөрүү, дээр нь нарлаг байдагтай холбоотой. Ургамал амьтанд ээлтэй.
-Хунчирын талаар эрдэмтэд дүгнэлт гаргасан уу?
-Зөндөө судалгаа хийсэн шүү дээ. Хамгийн их судалсан хүн бол Монголд М.Амбага доктор. Өвөрмонголоос Монгол эм, химийн хүрээлэнгийн захирал, доктор, Боржигон Гэрэлт манлайлдаг. Гэрэлт гуай холестрол устгадаг бодис хунчирт байна. Хунчир хэрэглэснээр биед байгаа холестрол устдаг юм байна гээд патент аваад жингээ барих, цусан дахь холестрол устгах чиглэлээр эм гаргасан. Хүний биед байгаа эсүүд хромосомоос бүрддэг. Хромосом цаг хугацааны явцад элэгдэж мууддаг юм байна. Ингэж хүн хөгширдөг. Ингэж эсүүд нь муудахаар хавдар зэрэг үүсч эхэлдэг. Харин энэ бодис хромосомыг нь тосолдог юм байна. Эс нь тослогдоод буцаад залууждаг. Энэ бүтээл Нобелийн шагнал хүртсэн удаатай. Одоо Хятадад хорт хавдар тусч хавдар авахуулаад, химийн эмчилгээний дараа хунчир уусан хүн бол дахиж хавдар тусахгүй гэдэг юм билээ. Хунчир байнга хэрэглэдэг хүний цусны бөглөрөл алга болно. Судас хатуурна гэдэг судасны хананд өөх хуримтлагдсан гэсэн үг. Тэр өөхийг устгадаг. Хоёрт энэ ургамал чийг сайн шингээдэг юм байна. Хятадад хунчир тариалахад улс нь нэг хэсэг мөнгө өгсөн байна. Яагаад гэхээр хунчир тарьсан газар цөлжилт явдаггүй. Бороо ороход ургамлын үндэс усаа хураагаад авчихдаг. Чийгээрээ хөрсөө тэжээнэ. Хятадын Засгийн газар цөлжилтийн эсрэг тэмцэхээр хунчир тариалахыг дэмжсэн. Харамсалтай нь үндэс нь үнэтэй учраас үндсийг нь ухаад зарчхаад байсан гэдэг. Тийм учраас хунчраа тариад бизнес хийвэл хөнгөлж өгье гэсэн. Дөрвөн жилийн турш ухахгүй учраас бусад ургамлаас өөр. Тариа тарихад жил бүр газар хагалдаг. Хунчир тариад орхиход дөрөв, таван жил тэр газар хөндөгдөхгүй. Манайд энэ чиглэлийн бизнест урам өгөөд байвал ногоон бүс бий болгох боломж байгаа юм билээ.
Хятад хунчир манай хунчир хоёр огт өөр. Англид хунчрыг нарийхан зүсээд зардаг компаниудын жилийн борлуулалт нь бараг тэрбум доллар хүрчихсэн байгаа юм. Европчууд бас хунчир хэрэглэдэг.
Гадагшаа аян дайнд явахдаа монголчууд хунчир, борц хоёроо л авч явдаг байжээ. Яр, шарх гарахаар хунчраа усанд хандалж байгаад угаачихдаг. Хунчраа борцтой шөлөндөө хийгээд чанаж иддэг байжээ. Чингис хааны хүнс гэж нэрлэгдэж байсан байна. Гитлер бас хэрэглэж байсан гэдэг. Хоолных нь жоронд хунчир гээд байж байна. Кремльд бас хэрэглэж байсан гэдэг. Би бол ханиадны шинж тэмдэг илрэхээр хунчир буцалгаад уухаар нам дардаг.