Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар саяхан сонгогдсон Ц.Баатархүү хэвлэлийнхэнд өчигдөр (2020.04.13) мэдээлэл хийлээ. Тэрбээр "Юуны өмнө Монголын нийт ард түмэн болон журмын нөхөддөө Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын мэнд хүргэе. Ардчилсан нам 1996 онд анх удаа төр засгийг 76 жил захирсан МАХН буюу өнөөгийн эрх баригч намыг ялж, Ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх үйлсийг төрийн бодлогын түвшинд авчирсан. Гэвч 2000 онд Ардчиллын төлөөх намууд тав салж сонгуульд оролцоод ялагдаж байсныг та бүхэн мартах учиргүй. Тиймээс ч Монгол Улсын өнцөг булан бүрт амьдран суугаа нийт иргэддээ, Ардчилсан үзэл санаагаар тугаа хийж байгаа улс төрийн намуудад, ардчилсан үйл хэргийн төлөө ажиллаж байсан журмын нөхөддөө, Ардчилсан намаас тусдаа гарсан улстөрчдөд хандан 2020 оны сонгуульд хамтарч, хүчээ нэгтгэн орох эв нэгдлийн ялалтын уриалгыг хүргүүлж байна.
Хамтарна гэдэг нь эвсэнэ гэсэн үг биш. Ардчилсан намтай нэгдэн ардчиллын үйл хэргийг хүчирхэгжүүлэх, 2016 оноос хойш бүх шатанд хэт олонхи болсон хяналтгүй, амлалтаа хэрэгжүүлээгүй, 60 тэрбум, ЖДҮ-ийнхэн гэж хуваагдсан эрх баригч намын увайгүй үйлдлийг 2020 онд таслан зогсоох уриалгыг хүргүүлж байгаа юм. 2020 оны сонгуульд Ардчилсан нам эв нэгдлийг эрхэмлэнэ. Ялалтын төлөө хамтрах хүмүүст манай намын үүд хаалга нээлттэй” хэмээв.
Мөн Ардчилсан нам санхүүжилтээ шилэн болгосон шиг бусад улс төрийн намууд нэн тэргүүнд санхүүжилтийнхээ тогтолцоог нээлттэй болгох уриалгыг хүргүүлж байна. Бусад улс төрийн намууд санхүүжилтээ ил тод болгож олон нийтэд мэдээлэх ёстой. Улсын аудитын байгууллага нэг нэр дэвшигчээс гарах сонгуулийн зардлын дээд хэмжээг гаргачихсан. Улс төрийн нам мөнгөний бүлэглэл, олигархиудаас ангид байх ёстой. Тиймээс ч Ардчилсан нам татварын хэмжээгээ тогтоосон. Ардчилсан намд нууж, хаах зүйл байхгүй. Нэгэнт сонгуульд зардал гарах нь тодорхой. Харин бусад улс төрийн намууд сонгуулийн зардлаа хэрхэн босгож байгааг тодруулах хэрэгтэй. 2020 оны сонгуульд намууд хэдэн төгрөгийн төсөв санхүүгээр сонгуульд оролцохоо зарла. Ялангуяа эрх баригч нам эдийн засгийн хүнд үед төсвөө тодотгохгүй, үр ашиггүй зүйл хийх нь бид хардаж байна. Нийслэлд төв талбайн ногоон байгууламжийг нь устгаад 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих гэж байна. Үүнийг олон нийт эсэргүүцээд байхад хийнэ гэж байгаа нь хардлага төрүүлж байгаа. Тиймээс намууд санхүүжилтээ шилэн болгохыг шаардаж байна. Ардчилсан нам жил бүр Аудитын байгууллагаар санхүүжилтээ шалгуулдаг" гээд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-АН-аас нэр дэвшихээр татвараа тушаасан гэдэг хүмүүсийн нэрс гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Нэгдүгээрт, зарим хэвлэл мэдээллээр гараад байгаа АН-д татвараа төлсөн гэх нэрсийн жагсаалт худал мэдээлэл гээд хуулийн байгууллагад зарим хүмүүс хандаж байгаа. Хоёрдугаарт, АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар албан ёсоор хоёр дахь шатны гэрээ гэж зүйл батлаагүй. Гуравдугаарт, Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 18 дугаар зүйлд “Улс төрийн нам өөрийнхөө дүрмээр татвар, хандив тогтооно” гэсэн заалт бий. Ардчилсан намын Үндсэн дүрмийн хүрээнд Үндэсний бодлогын хороогоороо татвар тогтоосон. Энэ татвар бол сонгуульд оролцох бэлтгэл ажлын зардал. Улс төрийн нам хэсэг бүлэг бизнесийн бүлэглэлээс ангид байх ёстой. Шулуухан хэлхэд улс төрийн байгууллага та бидний ряьдаг олгиарх бүлэглээс ангид байх ёстой. Мөнгөнөөс хараат бус байхын тулд татварын хэмжээг Үндэсний бодлогын хорооны олонхийн шийдвэрээр жигд тогтоосон юм. Үүнийгээ олон нийтэд ил зарлаад ажиллаж байна. Аудитын байгууллага сонгуульд зардал гарна гэж тогтоогчихоод байгаа. Жишээлбэл, Чингэлтэй дүүрэгт нэг нэр дэвшигчийн зардалын дээд хэмжээ 586 сая төгрөг гэж тогтоосон байна. Гэтэл бусад намууд энэ зардлаа хаанаас олж, яаж зарцуулах гэж байгаа нь нууц байгаа юм. Энэ нь маш их хардлага төрүүлж буй юм. Тэгэхээр бусад намууд сонгуулийн зардлаа яаж босгож байгаагаа тодруулах хэрэгтэй. Эрх баригч нам төсөвт тодотгол хийхгүй байгаа нь зарласан тендерийн цаана ямар булхай луйвар яваад байна вэ гэсэн хардлага төрүүлж байгаа юм. Сонгуулийн мөнгөө босгож байна уу гэсэн хардлага төрж байна. Ийм учраас Ардчилсан нам санхүүжилтээ шилэн болгодог манлайллаа үзүүлж санхүүжилтээ ил болгох санал хүргүүлж байгаа юм. Үүнээс гадна хэт олонхи болсон эрх баригчдын дураараа үйлдэл, УИХ, Засгийн газрын төвшинд хяналтгүй байгаа, иргэд энэ ажлыг хийх хэрэггүй гээд байхад хийнэ гээд зүтгэдэг, хууль мөрддөггүй энэ үйлдлийг таслан зогсоохын тулд ардчилсан намаас тусдаа гарсан хүмүүстээ ураилга хүргүүлж буй юм. Тэгээд Ардчиллаа хамгаалая, иргэдээ дэмжсэн өсөлтийн бодлого хэрэгжүүлэе гэж байгаа юм. Энэ уриалга бол эв нэгдэлийн бас ялалтын уриалга.
Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттулга
-Ардчилсан намын удирдлагын бүтцдээ өөрчлөлт хийлээ. Яагаад ийм өөрчлөлт хийх болов?
-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 12 дугаар хуралдаанаар намын удирдлагын бүтэцэд зарим нэг өөрчлөлт орсон. Ц.Баатархүү намын удирдлагын бүтцэд ажиллаж байсан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөглөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн даргааар ажиллаж байсан хүн. Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан өөрийн хүсэлтээр ажлаа өгч намын дэд даргаар дэвшин томилогдсон. Үндэсний бодлогын хорооны гишүүд Ц.Баатархүүд итгэл үзүүлж томилсон юм. Бусад улс төрийн намуудын адил Ардчилсан намын өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явж байна.