Сүүлийн дөрвөн жилд эрх баригчид нь эрх чөлөөгөө хэтрүүлэн хэрэглэж ард түмнийхээ эрхийг боогдуулчхаад, өөрсдөө улс, ард түмний хөрөнгөнөөс хүссэн хэмжээгээрээ дураараа хулгай хийж байгаагаа ардчиллын буян гэж ойлгож байгаа ч өнгөн дээрээ ардчиллыг үзэн ядаж хашхичсаар байгаа явдал. Ингэж хэмжээгүй эрх мэдэл бүхий эрх баригчид ёстой нэг “Дур зоргоороо аашилж, Дунд чөмгөөрөө жиргэж” байна. Үүнийг батлах бэлээхэн жишээ нь өнгөрсөн дөрвөн жил. Хүмүүс мартаагүй, түүхийн хуудаст бичигдсэн бэх нь хатаж амжаагүй дөрвөн жил шүү дээ. 2016 оны УИХ-ын сонгуулиар “Бид хамтдаа хөгжье” гэсэн уриатай МАН-ыг сонгосон. Гэтэл энэ нам төрийн эрхийг үнэмлэхүй олонх буюу УИХ-ын 76 суудлын 65-ыг нь авав. Энэ үйл явдал нь Монгол Улсын түүхэнд өмнө нь МАХН 70 суудал авч байснаас хойших хоёр дахь тохиолдол болж орж байна.
Харамсалтай нь МАН энэ түүхэн дээд амжилтаа Монгол Улсын түүхэнд цэвэр нэрээр үлдээн тодотгож чадсангүй. Эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгө, түрийвчний төлөөх тулаан болж өнгөрөөлөө. Тэгэхээр МАН-д нэг цул үзэл санаа, улсаа гэсэн бодлого, хүнээ, ард түмнээ гэсэн сэтгэлийн өчүүхэн ч хэлтэрхий үлдээгүй гэж болно. Зөвхөн өөрийгөө, би гэсэн сэтгэлээр улс орны нийгэм эдийн засгийн байдалд хандаж иржээ. Тухайлбал, “Бид хамтдаа хөгжив үү” гэдэг асуултыг Монгол Улсын жирийн иргэн би өөртөө тавина. Дэнсэлж үзнэ. Миний дэнсээр гоё үг урианы ард хэдэн нөхдүүд төрийн нэртэй татварын мөнгөөр туйлаад өнгөрөв. Бас өнгөрөөгүй байна аа.
Энэ жилийн сонгуулийг хүртэл ард түмэн бидний мөнгөөр хийхээр бүх бэлтгэл ажил, нарийн зохион байгуулалтаа хийчихсэн гэж хардаж байна. Эхнэр нөхрийн хараас илүү төлж байгаа татвар, авч буй цалиндаа санаа зовох нь чухал гэдгийг энэхүү нийтлэлээр хэлэх гэсэн юм. Бидний татварын мөнгө. Өөрөөр хэлбэл улсын төсвийг хэн хаана яаж нэр усгүй зарцуулах гэж байгааг анхааралтай ажиглах цаг үе өнөөдөр ирлээ.
Өнгөрсөн дөрвөн жилд бидний амьдралд ямар өөрчлөлт гарав. Төр засгийн эрхэнд хэн байв гээд л асуудал хөвөрнө. Ялангуяа төрөөс бүгдийг нэхдэг ард түмэн. Өөрөө ажил хийж, бизнес эрхэлж ашиг орлого олж болохгүй юм уу? Энэ бүхнээс л амьдрал эхэлнэ.
Өнгөрсөн дөрвөн жилийн туршид нэгэн цул хамт олон болж Монгол Улс, ард түмний эсрэг дайсагнан байсан МАН гэдэг энэ хороо дивиз өнөөдөр сонгуулийн босгон дээр дахиад дөрвөн жил эдлэх албан тушаалын эрх мэдэл, үүгээр далимдуулан улс, ард түмний мөнгө идэх боломжийн төлөө санал зөрөлдөн хагаралдаж эхэллээ. Ийнхүү та бидний итгэж найдаж өнгөрсөн дөрвөн жилийн амьдралаа даатгасан МАН-ын хагарал өнөөдөр дээд цэгтээ хүрч байна.
Хэн их, багаар идэж уув. Ингээгүй хүн байна уу гээд л асуудал хөвөрч буй сурагтай. Бидний нөгөө “Хамтдаа хөгжих” гэсэн сэтгэл яав. Бидэнтэй байтугай өөр зуураа ч хамтдаа “идэж ууж” чадахаа больсон нь энэ. Биднийг хөгжүүлнэ гэж өндөр дуугаар хашхирсан хүмүүс минь өөрсдөө нэг нэгнээсээ илүү “хөгжих”, “хөлжих” гээд хөнжил гудсаа жийлцэж эхэлж. Энэ тухай цухас өгүүлэх минь.
Өнөөгийн МАН-д дулаан хөнжил нь хуучны луугар улсаа худалдаж чадах 60 тэрбумчин М.Энхболд уу, шударга ёс яригч, хууран мэхлэгч сэлэмчин гэгдэх У.Хүрэлсүх үү гэдэг маргаан туйлдаа хүрч байгаа. Харин МАН-ын УИХ дахь гишүүд нь дулаан хөнжил, тухтай гудас хайж яваа. Өөрөөр хэлбэл төсвийн мөнгөнөөс ЖДҮ-чид илүү хусав уу, Концессчид уу, бас ядаргаатай Тендерчид үү гэж. Үнэнээ ч тэдний хувьд ялгаа их бий. Жижиг дунд үйлдэвр хөгжүүлэх сангаас гэхэд л өмнө нь УИХ-д сонгогдож байсан хуучин хашрууд нь тэрбум, тэрбумаар нь авсан шинэчүүл нь ихэвчлэн 950 саяыг авсан болохоор сэтгэлд нь нэг юм үлдэхээс яах вэ. Нөгөө талаар хэн нь илүү эрх мэдэлтэй байна гэсэн асуудал МАН-д бий. Илүү жин дарсныг нь харж дагах хурган дарга нар бишгүй нэг.
Одоо идэж ууснаа, хувь хүртсэнээ чамлаж байгаа тэр хэсэг нь дараагийн дөрвөн жилд хэнийг нь дагавал арай илүү унацтай вэ гэдэг салаа замын уулзуурт ирчхээд ёстой хоёрхон түүз барьсан хүн шиг “алцаганаж” байна.
Ядаж байхад худал хашгирч попордог намын дарга У.Хүрэлсүх нь гэнэт сэрээд “ЖДҮ-ийн сантай холбогдсон хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэчихлээ. Дөрөвхөн жил УИХ-ын дугуй танхимд суучхаад “УИХ-ын гишүүн асан” гэдэг нэр зүүгээд гудамжинд гарах нь тун эвгүй энэ улс одоо хэнийг дагавал прокурор шүүхийг аргалж болох, улмаар УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрх олж авах вэ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болж явна. Иймдээ ч магадгүй өөр зуураа нэгдэн нам доторх өөрсдийн “дайсныхаа” эсрэг нэгдэж байна.
Үүн дээр Ж.Эрдэнэбатын үеийг санагалзан түүнийг суудлаас нь түлхэн байж УИХ-ын танхимаас биш, “гаднаас” дайрч орж ирсэн У.Хүрэлсүхэд дургүйцэж явдгаа одоо цухалзуулж байна. Эднийг Сэлэнгээс шууд дайрч орж ирээд Засгийн газрын тэргүүн болсон Ж.Эрдэнэбатын “Мэргэжлийн засгийн газар” гээчид ажиллаж, ард түмний хөрөнгөнөөс эвтэйхэн хулгайлж хөлжиж баяжих замаа У.Хүрэлсүхэд тас татуулсан “сайд асан” хэд ч толгойлж байгаа нь мэдээж. Үүний дээр өмнө дурдсанчлан их бага авснаараа хуваагдан ЖДҮ-чин Концесс, бас Тендерчин гэж хуваагдаад Монгол төрийн үйл ажиллагааг гацаасан удаатай. Эцсийн эцэст эрх мэдэл албан тушаал хүчтэй байдаг болохоор УИХ, Засгийн газрын албан тушаалд томилогдсон, өнөөдөр ажиллаж буй нөхдүүд ялсан. Гэвч энэ нь УИХ-ын сонгуулийн “Их тулааны өмнөх нам жим” байдалд орсон гэж хэлж болно.
Тэгэхээр өнөөдөр МАН-д хэн нь илүү их мөнгө төсвөөс хуссан, аль нь илүү чадалтай вэ гэдэг тэмцээн ид өрнөж байна. Ийм ч учраас аль дээр УИХ, МАН-ын даргаас хусуулсан М.Энхболдын гэх хүмүүсийг төрийн болон төрлийн албанаас халж эхлээд байгаа билээ. Одоо У.Хүрэлсүхийн “шодоргос”-ууд бүхий л гүйцэтгэх албан тушаалд тухалж, сонгуулийг төрийн алба, ард түмний мөнгөөр амжуулахад галын дэм үзүүлж суудал сандлаа бэхжүүлэхээр ажиллаж байна.
У.Хүрэлсүхийн ЖДҮ-чин гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдэг ч худлаа. Тэр өөрөө хамаарал бүхий компанидаа ЖДҮ хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийг аваад өгчихсөн хүн цагаа тулахаар цаадуулдаа хэлэх үггүй болж найзан дундаа мандатаа хуваарилж л өгнө.
МАН-ын эрх мэдлийн төлөөх тэмцэл ийнхүү 2016 оноос хойш өнөөг хүртэл үргэлжилсээр. Яг л У.Хүрэлсүх намынхаа шинэхэн ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг түлхэн унагаж суудлыг нь булааж авсан шиг.
Одоо бүр чи, би дээ тулаад хэн нь юу чаддагаа харуулах дээрээ хүрч буй мэдээлэл бий. Тухайлбал, МАН-ын генсек Д.Амарбаясгаланг өөрчлөхөөр болсон байна. Шалтгаан нь ЖДҮ-чин. Өрх болон жижиг бизнесийг дэмжих мөнгөнөөс эрх мэдэл албан тушаалаа ашиглаж авсан гэсэн үг. Гэхдээ ЖДҮ-чин нөхөдтэйгээ бас хагаралдсан бололтой. Ингээд ЖДҮ-чин МАН-даа гомдож бие дааж нэр дэвшихээр болсон албан бус мэдээлэл түглээ.Үүнээс гадна 60 тэрбумчин М.Энхболд өөрийн хүмүүсийн хамт бие дааж МАН-аас өрх тусгаарлаж магадгүй тухай яриа бий. Түүнийг дахиад УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж У.Хүрэлсүх нэгэнтээ хэлсний хариу байж болох. Тэрбээр Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч байхаасаа газрын наймааны хөрөнгөнөөсөө жаахан жаахан дусааж тэжээсэн хотын намын гишүүд, цүнх баригчдадаа найдаж байж болох.
Хагарал зөвхөн энэ намын толгой хэсэгт, УИХ хавьд ч байгаа юм биш. Томчуулынхаа цүнхийг барьж, гутлыг нь арчиж өмнө хойно нь бөндөгнөж яваад нийслэл, дүүргийн ИТХ, тамгын газарт арай зөөлөн суудал авсан нөхөд одоо бас дахиад нэг алхам дээшилчих санаатай байгаа ч суудал нь цөөдөөд бас хагаралдаж эхэлж байна. Суудал шат нэг алхам дээшлэхэд идэж уух, завших хөрөнгө төдий хэрээр нэмэгддэг болохыг бүхий л шатны албан тушаалтан нь яс махандаа тултал мэдэрсэн намын гишүүд ингэхээс яах вэ. Иймдээ хороонд гүйж хүний толгой эргүүлэн ихэс дээдсийгээ очиход толгойгоороо газар мөргөтөл бөхөлзөн, сурталчилгааны материалыг нэг бүрчлэн тарааж явсан нь дүүрэгт, дүүрэгт сууж, хот, нийслэлийн албатай ойртон, байн байн түүгээр эргэлдэж өөрийгөө таниулсан гэж бодсон нь нийслэл рүү, нийслэлд “томорч” УИХ, Засгийн газарт арай ойртсон нь болбол Шар ордонд шигдчих санаатай нь ойлгомжтой. Харамсалтай нь хороо олон, дүүрэг цөөн, дүүрэг олон, нийслэл ганц, аймаг нийслэл олон Төрийн ордон ганц болохоор чихэлдэж, өөр зуураа өрсөлдөхөөс яах вэ. Ингээд л дүүрэг дэх тэмцэл нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-аас эхэлж байна. Бусад дүүрэгт ч ийм тэмцэл тогоон дотроо буцалж байгаа гэдэг ойлгомжтой.
Эцэст хэлэхэд МАН хагарч ЖДҮ-чид нь сууриндаа, гомдогсод нь бутарч байна. Өөрөөр хэлбэл эх орон ард түмний төлөө гэсэн нэгдмэл санаанаас илүүтэй зөвхөн хувийн жаргал, эрх мэдэл, өнгө мөнгөнд шунасан МАН-ын гишүүд мөр мөрөө хөөж амь амиа бодож эхэлжээ. Гэвч МАН-ын хагарал мөнгөөр зохицуулагддаг нигууртай. У.Хүрэлсүхийн ЖДҮ-чид төсвийн буюу ард түмнээс хулгайлсан хөрөнгөөр, харин М.Энхболдын 60 тэрбумчид тендерийн мөнгөөр тулна.
Ийм учраас дэлхий нийтэд тараад буй аймшигт өвчний цар тахал тэдэнд огтоос хамаагүй. Тэдэнд хоёр нэг сарын дараа болох УИХ-ын сонгууль, тэнд ялбал эрх мэдэл, эрх мэдэлтэй болбол оффшор данс, хадгаламжин дахь хөрөнгөө яаж нэмэгдүүлэх вэ гэдэг л хэрэгтэй. Үүний ч тулд энэ жилийн төсөвт тодотгол хийхгүй гэсэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдэгдэл болов уу.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"