Өнгөрсөн сард БНХАУ-д хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Засгийн газрын нэгэн сайд гаднынхнаас 10 сая ам.доллар буюу 26 тэрбум төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэх дуулиан энэ өдрүүдэд дэгдээд буй. Үүнээс гадна, дотнын ямар компани, эсвэл хувь хүн Монголын хэн гэдэг сайдад, ямар зориулалтаар 10 сая ам.доллар өгсөн бэ гэдэг асуулт хариултгүй байгаад асуудлын гол байгаа юм. Тиймээс олон нийтийн сүлжээ болон сэтгүүлчдийн дунд Засгийн газрын сайд нарын хэн нь байж болох тухай таамаг, мэдээлэл хөвөрсөөр. Ингээд 10 сая ам.долларын авлига авсан гэж хардагдаж буй сайд нарт Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын нэр яригдаж байлаа. Энэ таамгийн дагуу өөрсдөөс нь тодруулахад, гурвуулаа “Би аваагүй” гэсэн тайлбар өгсөн юм. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Би 10 сая ам.долларын авлигын асуудалд хамаагүй. Урд хөрш рүү Ерөнхийлөгчийн айлчлалд би яваагүй” гэсэн бол Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Би айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд байгаагүй.
Харин “Нэг зам нэг бүс” уулзалтад оролцсон. Энэ асуудлын талаар надад мэдээлэл алга. Тийм их хэмжээний мөнгөний тухай ярьж байна гэдэг нь үнэмшил муутай бас худлаа байх” гэсэн юм. Харин БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Надад огт хамаагүй, би аваагүй” гэж тодорхой байр сууриа илэрхийлсэн. Ингэснээр Засгийн газрын 15 сайдаас гурав нь ийн хасагдаж, үлдсэн 12 сайдын хэн нь байж болох таамаг үргэлжилж байна. Улмаар БНХАУ руу Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан сайд хэн бэ гэж “шүүрдээд” үзвэл нэр бүхий сайд нар холбогдож таарч байна. Ямартай ч 10 сая ам.долларын авлига авсан гэх асуудлыг АТГ-аас шалгаж байгаа гэнэ. Иймд АТГ-ын шалгалт дуусвал “Монголын сайдын 10 сая ам.доллар” гэх хэрэг илчлэгдэх болов уу.
Тэгвэл уг авлигын хэрэг намжиж амжаагүй байхад дахин нэг Засгийн газрын сайд Францын компаниас 1.2 сая еврогийн авлига авсан тухай мэдээлэл хэвлэлд цацагдав. Тодруулбал, Монголд хөрөнгө оруулалттай Францын нэгэн компани манай нэг сайдад 1.2 еврогийн авлига өгсөн аж.
Улмаар уг асуудлыг Франц улсын хууль хүчний байгууллага шалгаж байгаа гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд өгсөн юм. Түүнээс энэ талаар нэмж тодрууллаа.
-Засгийн газрын сайд нар авлига авсан гэх мэдээлэл гарсан. Гишүүний хувьд танд ямар мэдээлэл байна вэ?
- Францад нэг эрүүгийн хэрэг үүссэн гэж би дуулсан. Тиймээс тус улсын хууль хүчний байгууллага Монголд хөрөнгө оруулсан Франц компаниа шалгаж байгаа юм билээ. Яагаад шалгаж байна вэ гэхээр, Монголоос тусгай зөвшөөрөл авахын тулд манай одоогийн Засгийн газрын нэг сайдад 1.2 сая еврогийн авлига өгсөн тухай яриа байна. Энэ бол маш ноцтой асуудал. Тиймээс Монгол Улс хуультай орон юм бол үүнийг нягталж, тогтоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Франц дахь компани Монголын сайдад мөнгө өгсөн нь нотлогдох юм бол олон улсын өмнө бид шившиг болно. Тиймээс Монгол Улсаас Францад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан манай хууль хүчний байгууллага үнэхээр 1.2 сая еврогийн авлигын хэрэг гарсан эсэхэд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй.
-Энэ Засгийн газрын сайд уу, эсвэл өмнөх Засгийн газрынх уу?
-Өмнөх засаг хулгайч засаг байсан. Гэхдээ энэ Засгийн газрын сайд гэж би ойлгож байгаа. Францад байдаг манай найзууд “Энд дуулиантай хэрэг шалгаж эхэлж байна” гэсэн мэдээлэл надад өгсөн. Гэхдээ энэ албан бус эх сурвалжийн мэдээлэл учраас албан ёсоор асуух нь зүйтэй.
-Монголд хөрөнгө оруулсан Францын компани аль салбарынх вэ?
-Үүнийг сайн мэдэхгүй байна.
-Бас нэг сайд 10 сая ам.долларын авлига авсан гэсэн. Энэ үнэн үү?
-Би хэн бэ гэдгийг нь мэдэхгүй. Гэхдээ бодитой, үнэн байх гэдэгт эргэлзэхгүй байна.
Монголын сайдын 1.2 сая еврогийн авлига авсан гэх асуудлаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Та нар өөрсдөө Францын Элчин сайд А.Баттөр лүү хандаж болно. Бид ийм хачин баталгаагүй мэдээллээр ханддаггүй” гэв. Ингээд Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөр лүү цахим шуудангаар асуудлын учир шалтгааныг тайлбарлаж өгөх хүсэлтээ явуулсан бөгөөд ямар хариу ирүүлснийг эргэн мэдээлэх болно. Ямартай ч, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газрын сайд нар 10 сая ам.доллар болон 1.2 сая еврогийн авлигын асуудалд орооцолдоод байна. Үнэхээр сайд нар нь авлига авсан нь хуулийн байгууллагаар тогтоогдвол Засгийн газар огцрох, цаашлаад бүлэглэлийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн байх ноцтой нөхцөл байдал үүсээд байна.