Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Дэлгэрмаа: Нэг соёл, нэг түүх, нэг шашин давамгай манай улсад хүчирхэг парламентын тогтолцоо хамгийн зохимжтой

Ардчилсан намын дэд дарга Б.Дэлгэрмаатай ярилцлаа.

 

-Та Элчин сайдын ажлаа өгөөд нэг сар гаруй хугацаа өнгөрч байна. Таныг ирсний дараахан Ерөнхийлөгчийн саналаар Элчин сайдаас эгүүлэн татах асуудлыг УИХ-аар хэлэлцсэн. Төрийн алба хааж байгаа хүн улс төрийн албан тушаал хашиж болохгүй гэх мэт хуулийн тайлбартай байсан. Та өөрөө хуульч хүний хувьд үүнд тайлбар өгнө үү?
-Ерөнхийлөгчийн зарлигаар 2016 оны гуравдугаар сарын 23-наас Элчин сайдын үүрэгт ажлаа гүйцэтгэж эхэлсэн. Би 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд Ардчилсан намын ҮБХ-аар намын дэд даргаар сонгогдсон. Үүний өмнө Ерөнхийлөгчтэй гуравдугаар сарын 25-нд уулзаж, “Улс төрийн ажил хиймээр байна. Өргөдлөө өгье” гэж хэлсэн. Энэ дагуу Ерөнхийлөгч зөвшөөрч, дөрөвдүгээр сарын 5-нд өргөдлөө өгч, 7-нд сонгогдож, улмаар 11-нд Москвад очиж, 12-нд ЭСЯ-ны шуурхай зөвлөгөөн хийж, улс төрийн ажлаа өгөх болсноо дуулгасан. Энэ дагуу ГХЯ-наас мөн оны дөрөвдүгээр сарын 15-нд ЭСЯ-ны ажилтныг түр хамаарагчаар томилсон. Ингээд үндсэндээ гэрээ нүүлгэх ажил хийж, тухайн суугаа улсынхаа ГХЯ-ны удирдлага, олон жил хамтран ажилласан ОХУ-ын төр засгийн байгууллага, албан тушаалтнуудтай уулзах үдэлтийн арга хэмжээг зохион байгуулж, хоёр долоо хоногт ажлаа амжуулаад эх орондоо ирсэн.

Гэтэл хууль зөрчсөн учраас эгүүлэн татсан гэсэн үндэслэл бичсэн байна лээ. Үнэндээ өргөдлөө өгсний дагуу эгүүлэн татагдлаа гэсэн зарлиг гарах байсан шүү дээ. Үүнд бага зэрэг гайхснаа нуух юун. Гэхдээ нэгэнт өнгөрсөн асуудлыг яриад яах вэ. ОХУ-ын төр захиргааны олон байгууллагаас өнгөрсөн гурван жилд хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд гаргасан хувь нэмрийг маань үнэлж, олон талархлын бичиг ирүүлсэн. Тиймээс хийсэн ажилдаа сэтгэл хангалуун буцаж ирсэн дээ. 

 

-Та улсынхаа улс төрийн нөхцөл байдлыг харж л байгаа байх. Хуулийг өөрийн нөхцөл байдалд тааруулж тайлбарлах явдал улстөрчдийн дунд их гарах болсон. Ойрын жишээ гэвэл, Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгч, үүнийг нь УИХ-аар хэлэлцээд шийдвэр гаргасан. Гэтэл хөндлөнгийн нэг иргэн ҮХЦ-д өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөх нь хууль зөрчсөн үйлдэл гээд гомдол гаргачихлаа. ҮХЦ Д.Гантулгыг чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй ч нөхөн сонгууль явуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Ойлгомжгүй энэ асуудлын хуулийн гаргалгааг нь Та тайлбарлаад өгнө үү?
-Монгол Улс 1990 оноос хойш байнгын ажиллагаатай парламенттай болсон. Манай хууль тогтоох байгууллагаас баталсан хуулиуд хэт ерөнхий, нэг загварт орсон, амьдралын баялаг тохиолдлыг зохицуулсан заалт ховор байдаг шиг санагддаг. Тухайлбал, Өрнөдийн буюу Ром, Германы хуулийн системд “...Хэрэв” нэг гишүүн өргөдлөө өгвөл яах вэ гэдгийг маш тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл, “...Хэрэв” гэдэг заалт их олон хуульд суусан байдаг учраас улс төрийн маргаан үүсэхгүй, хуулийн хүрээнд тодорхой шийдээд явдаг. Харин бид Ром, Германы системд хамаардаг ч зохицуулалтаа хэтэрхий ерөнхий хийсэн. Жишээлбэл, манайд УИХ-ын гишүүн өвчний улмаас, өөрөө өргөдлөө өгвөл, эсвэл тойргийн сонгогчдын тодорхой хувь нь ёс суртахууны алдаа гаргалаа гэж үзээд өргөх бичиг барьж, огцруулах гарын үсэг зурсан тохиолдолд гэхчлэн яг хэзээ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, чөлөөлөх, огцруулах вэ гэдгийг тодорхой зааж өгөөгүй. Тиймээс л ҮХЦ тун сонин жишээ гаргаж ирж байна л даа. Уг нь, энгийнээр бодоод үзэхэд л хүн “Ажлаа хийж чадахгүй ээ” гээд өргөдлөө өгч байхад УИХ хүлээж аваад шийдвэр гаргачхаад байхад хэн нэг иргэн ҮХЦ-д хандахад Цэц маргаан үүсгэх ёсгүй шүү дээ. Энэ бол хүчирхийлэлтэй холбоотой ноцтой хэрэг. Ийм өргөдлийг ҮХЦ хүлээн авч, шийдвэр гаргаж байна гэдэг ёс суртахууны хэм хэмжүүрээ алдсантай адил. Би улс төрийн захиалга байсан эсэх тухай ярихгүй. Учир нь нотлогдоогүй зүйл. Ёс суртахуун талаасаа ҮХЦ өргөдөл хүлээж авах ёсгүй байсан гэж хуульч хүний хувьд бодож байна.

-УИХ-ын гаргаж байгаа шийдвэрүүд олон эргэлзээ дагуулж байна. Монгол Улсад нөхөн сонгууль явуулах хууль гэж байхгүй. Ерөнхий сонгуулийн хуулиар энэ асуудлаа шийдээд явдаг. Үндсэн хуулийн манаач байх ёстой Цэц Засгийн газрын агентлаг шиг ажиллаж, улс төрөөс хараат шийдвэр гаргаж байна?
-Санал нэг байна. ҮХЦ улс төрөөс хараат байдлаар шийдвэр гаргаж байгааг

-Та Ерөнхийлөгчийн засаглалтай улсад Элчин сайдаар ажиллаж байгаад ирсэн хүн. Сүүлийн үед манай УИХ ажиллах чадамжгүй болж, Ерөнхийлөгч болон бусад улс төрийн хүчин УИХ-ыг тар гэсэн шаардлага тавьж байна. Гэтэл үүнтэй зэрэгцээд Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэсэн яриа гарлаа. Ерөнхийлөгчийн засаглал манайд хэр тохиромжтой вэ?
-Өнгөрсөн 30 жилийн турш олон сонгуулийг олон хувилбараар хийж ирсэн. Хэдийгээр бид Үндсэн хуулиа боловсруулахдаа парламентын засаглалтай улс байна гэж тодорхойлсон ч Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгох, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг томилох, шүүх эрх мэдлийн тодорхой албан тушаалтныг томилох гэх мэт олон эрх мэдлийг түүнд өгсөн. Гаднын судлаачид манайхыг хагас парламент, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс гэдэг. Манайх шиг маш өргөн уудам нутаг дэвсгэртэй, байгалийн их баялагтай, хоёр хөршийн дунд оршдог улс геополитикийн хувьд хоёр хөршөөс давсан гурав дахь хөршийн бодлого явуулахад туршлага дутах нь ойлгомжтой. Тиймээс нэг шашин, нэг соёл, нэг үүх түүхтэй моно нийгэмтэй манай улсад хүчирхэг парламентын засаглал хамгийн зохимжтой гэж би хэлнэ.
Өнөөдөр УИХ яагаад ийм чадамжгүй, доройтсон байна вэ гэхээр институтийн хувьд хөгжих боломж олдоогүй, өгөөгүйтэй л холбоотой. УИХ-ын 76 гишүүн байсхийгээд л засаг төрөөрөө оролдох завтай байна. Тухайн намын лидерүүд сонгуулиар ачааны хүндийг үүрч, бодлого тодорхойлж, ард түмэнд танигдаж гарч ирэхэд аль нэг бизнесийн фракц, аль нэг бүлэглэл гарч ирээд засаг булаачихдаг үзэгдэл гарч эхэллээ. Ингээд намын дарга нь халааснаасаа хэн ч мэдэхгүй нэг сайдыг гаргаж ирэх байдлаар сүүлийн 30 жил явсан учраас өнөөдөр парламент төлөвшихгүй байгаа юм. Бас нэг үзүүлэлт нь гишүүн болохын тулд юу ч хийхээс буцахгүй байх явдал. Хүслээ гүйцээхийн төлөө маш их мөнгө сонгуульд зарцуулж байна. Тийм их мөнгө гарган байж яагаад эрх мэдэлд хүрэх гэж улайрч байна, тэр эрх мэдлийг юунд ашиглах гэж байна вэ гэдэг бас л нэг асуулт дагуулж байна.

-Сонгуулийн ямар тогтолцоо манайд зохимжтой вэ?
-Сонгуулийн тогтолцоог нэг мөр цэгцлэх цаг болсон. Өнгөрсөн 30 жилд Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн ээлжит сонгуулийг явуулсан туршлага бидэнд бий. Одоо улстөржсөн сэтгэлгээнээс салах хэрэгтэй. Миний харж буйгаар, УИХ-ын гишүүд том эрх мэдэлтэй ч УИХ нь институтийн хувьд төлөвшөөгүй байгааг дахин хэлье. Хэрэв олон гишүүнтэй байвал хууль тогтоох институтийн хувьд хүчтэй, гишүүд байнгын хорооны ажлын хэсэг, дэд хороогоор дамжуулан ажиллаж эхэлдэг учиртай. Ингээд Засгийн газар нь илүү мэргэжлийнх болж, хууль тогтоох байгууллага нь Засгийн газраа хянадаг болдог. Улмаар энэ хоёрын балансыг Ерөнхийлөгч барих юм. Ингэж байж харилцан тэнцэлтэй бие биенээ хянадаг механизм бүрдэнэ л дээ.


-Хоёр том гүрний дунд байрладаг хэрнээ улс төрийн эрх чөлөөтэй орон байна гэдэг манай улсын хувьд том үзүүлэлт болов уу?
-Хувийн хэвшил улс төрийн дэмжлэггүй байр сууриа олсон. Иргэний нийгэм гэж ярихдаа бид хувийн хэвшлийг өргөн утгаар нь олж хардаггүй. Бие даасан сэтгүүл зүй, төрийн бус байгууллагын нэгдэл, хувийн хэвшил гэдэг нь иргэний нийгмийн гол цөм нь. Гэтэл манайхан иргэний нийгэм гэхээр л ХЗДХЯ-нд бүртгэлтэй төрийн бус байгууллага гэж эндүү ойлгодог. Яагаад УИХ-ын чадамж ийм доройтсон байна гэхээр ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс тэнд сууж байгаа болохоор тэр. Нөгөөтэйгүүр, төрийн үйл ажиллагааг хянаж байх ёстой иргэний нийгмийн төлөөлөл бүгд УИХ-д орсонтой холбоотой. Энэ хоёр салахгүй байгаа учраас л өнөөдөр ямар нэгэн байдлаар гишүүн болох улайрал, тэмцэл сонгуулиас сонгуулийн хооронд улам илүүү чангарч байна. Би том компаниудын захирлуудаас яагаад УИХ-д орох гээд байгаа тухай асуудаг. Тэд хариулахдаа “Хувийн бизнес хийх гэхээр төр ямар нэг байдлаар оролцоод байгаа учраас эрх ашгаа хамгаалахын тулд хууль тогтоогч буюу гишүүн болох гэж байна” гэсэн тайлбар өгдөг. Өөрсдийнхөө компанид давуу байдал үүсгэж, эрх мэдэл тогтоохын тулд төрийн бодлого тодорхойлоод сууна гэдэг эмгэнэл.


-Гишүүдээс төрийн бодлого асуухаар зарим нь “Мэдэхгүй. Цахим ертөнцөөр явж байгаа мэдээлэлтэй “байна гэдэг. Эсвэл аливаа шийдвэр гаргахдаа цахим ертөнцөд шүүмжилсэн учраас цуцаллаа гэнэ. Эндээс дүгнэхэд, төрийн бодлого гэдэг зүйл алдагдаж байх шиг?
-Миний бодлоор Монгол Улс жижиг учраас бүх мэдээлэл нээлттэй байх ёсгүй гэж боддог. Тиймээс би Шилэн дансны тухай хуулийг эсэргүүцдэг. Мөн УИХ-ын чуулганы үйл ажиллагааг нээлттэй явуулахын эсрэг байр суурьтай. Чуулганы тойм байж болно шүү дээ. Түүнээс Байнгын хорооны болон чуулганы хуралдааныг нийтэд нээлттэй явуулах нь зөв эсэхэд эргэлздэг. Бид тодорхой хэмжээнд төрийн хар хайрцагны бодлоготой байх ёстой. Тухайлбал, УИХ-аас Элчин сайд нарыг томилоход нээлттэй хэлэлцдэг. Ингээд томилогдсон Элчин сайд тухайн улсдаа суухаар очиход түүний тухай бүх мэдээллийг урдаас мэддэг, бараг л хавтаст хэрэг нээчихсэн угтах жишээний. Тиймээс юуг ил тод байлгах вэ гэдэг төрийн бодлого маш нарийн, чамбай байх ёстой.
Их гүрэнд Монгол Улсаа төлөөлж сууж байсан Элчингийн хувиар үе үеийн Ерөнхийлөгчид хоёр хөршийн Элчин сайд, Гадаад харилцаа болон Батлан хамгаалахын сайд нарыг улиралдаа, эсвэл хагас жилд нэг удаа уулзуулж, мэдээлэл солилцож, санал сонсдог байх хэрэгтэй гэж. Ялангуяа, хоёр хөрш гүрэн Монголын талаар ямар байр суурьтай байна, ямар чиглэлээр хамтран ажиллавал зохистой вэ гэх мэтчилэн мэдээлэл авч, дүн шинжилгээ хийдэг болох ажил хэрэгч санал тавьсан. Харамсалтай нь, энэ санал ажил хэрэг болоогүй. Одоо УИХ дээр “Оюу толгой”-н гэрээний асуудлыг ярьж байна. Ажлын хэсгийн хуралдаанаар Монгол Улсын эрх ашиг гэдэг талаас нь мэргэжлийн, төрийн бодлогын хүрээнд хандах, үе үеийн “Оюу толгой”-той байгуулсан гэрээг хэрхэх ёстой, ямар заалт өөрчлөх, Монголыг төлөөлж буй ТУЗ-ийн гурван хүн эх орныхоо эрх ашигт нийцсэн ямар байр суурийг илэрхийлсэн гэх мэт асуудлыг ҮАБЗ-ийн түвшинд Ажлын хэсгийн тайлан дүгнэлтийг сонсох хэрэгтэй. Ингэж байж улстөржихгүйгээр гаргалгаа гарна. Түүнээс өнөөдрөө, 2020 оноо бодож, сонгогчдод таалагдах зүйл хийж болохгүй.


-Сүүлийн үед төрийн нэр барьж, хувийн хэвшил рүү халдах тохиолдол их гарах боллоо. Энэ хэр зөв бэ?
-Ардчиллыг үндэслэсэн хүний хувьд хэлэхэд, бидний хамгийн эрхэмлэж явсан үнэт зүйл бол хувийн хэвшил. Гэтэл өнөөдөр хувийн хэвшлийг толгой дараалан устгах гэж оролдож байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр булаагаад авчихлаа. Хэрэв үнэхээр болохгүй байгаа бол ямар асуудал байгааг тогтоох ёстой юу гэвэл тийм. Хамтарсан баг гаргаж ажиллуулах хэрэгтэй. Түүнээс бид социалист сэтгэлгээ рүүгээ буцаж болохгүй. 1990-ээд онд зах зээлийн эдийн засагт шилжихийн тулд яаж зүтгэсэн билээ дээ. Би улс төр, эдийн засгийн тогтолцоог хэрхэн шинэчилсэн талаар дэлхийн 60 орчим оронд очиж илтгэл тавихдаа “Монгол Улс ардчилсан хувьсгалыг нэг ч хүний цус урсгахгүй, хэн нэгнийг золигт гаргахгүй эдийн засгийн болон улс төрийн шилжилтээ нэгэн зэрэг хийсэн улс” гэж бахархаж ярих дуртай байсан. Харин өнөөдрийн байдлаас харвал хэцүү л болж байна.


-Ардчилсан намыг дотоод ардчилалтай нам гэж сөрөг хүчин ярьдаг. Нөгөө талаараа, анхнаасаа олон ургальч үзэлтэй хүмүүсийн нэгдэл дээр байгуулсан нам учраас хагархай шаазан шиг байх нь аргагүй ч юм шиг.
-Янз бүрээр тайлбарлаж болно. Лидерүүдийн болон сонирхлын зөрчил гарах нь байх л үзэгдэл. Би сүүлийн 10 жил намын ажил хийхгүй явсаар Ардчилсан намд эргэн ирлээ. Ингээд харахад, манай нам маш залуужсан, 80 хувь нь шинэчлэгдсэн байна. Үүнд би баяртай байгаа. Учир нь 2020 он бол идэрчүүдийн, шинэ үеийн залуучуудын үе. Тэдний цаг ирсэн үү гэвэл тийм. Гэхдээ нэг асуудал байна. Тухайлбал, би 36 настайдаа УИХ-ын гишүүн болж байсан. Тэр үед би хэдийнэ маш алдартай болсон байсан. Юу хэлэх гээд байна вэ гэхээр, залуучууд эрүүл амбийцтай байх хэрэгтэй. Олонд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, юм хийж бүтээсэн байхыг хэлж байна. Би анх гишүүнээр сонгогдохдоо ардчиллын А үсгийг заахаар орон даяар 330 сумаар үстэй дээлтэй явж байлаа. Тэгэхээр манай залуус хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд лидер болж, өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал хамтдаа нэг баг болж ажиллаж чадна. Улс төрд надад таалагдаж байна, таалагдахгүй байна, хайртай, үзэн ядна гэсэн асуудал байхгүй. Эрх ашиг л яригдана. Сонгуульд ялалт үзүүлэх ёстой. Ялалтад хүрэхийн тулд бүгд эв нэгдэлтэй байх ёстой, эв нэгдэлтэй байхын тулд бүгд нэгдэж чаддаг байх хэрэгтэй. Ингэвэл нэг алхаад хоёр ухрах, эсвэл нэг ч алхам хийхгүйгээр байрандаа ч байж болох юм. Энэ бол зүгээр л улс төрийн ухаалаг гарц гаргалгаа. Хүн өөрийнхөө алдаан дээр дүгнэлт хийж чаддаг, ухарч чаддаг, хүлээцтэй байж чаддаг байх хэрэгтэй. Юун дээр алдсан, юун дээр оносон бэ гэдгээ эргэцүүлж чадаж гэмээнэ том эрх ашгийн төлөө явж чадна.
-Ярилцсанд баярлалаа.

 

 

Д.Энхтуяа

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com