Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
О.Баасанхүү: Арванхоёрдугаар сар гэхэд төсөв хүндэрч цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тавьж чадахгүйд хүрэх нь

УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар ярилаа.

-Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байна. Эрх баригчид төсөвт тодотгол хийхгүй гэж мэдээд төсвийг нэлээд гар султай зарцуулж бэлэн мөнгө тараагаад эхэллээ гэж байгаа?
-Хүүхдэд мөнгө өгөх нь буруу биш. Өөр арга алга. Манай улсын эдийн засаг маш хүнд байдалд орсон. Аливаа санхүүгийн асуудлыг төсвөөс шийдэх ёстой. Тэгэхдээ төсөвт тодотгол хийж байж шийддэг. Хэрэв төсөвт тодотгол хийсэн бол хүүхдэд 100 мянгаас ч илүү мөнгө өгөх боломж гарах байсан ч магад. Төсөвт тэвчиж болох зардал нэлээд бий. Тухайлбал, сургууль цэцэрлэгийн хичээл зогссон шүү дээ. Эдгээр байгууллагуудын худалдан авах зардлыг тэвчиж болно. Энэ мэтчилэн тэвчиж болох зардлуудаа гаргаж төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага байгаа юм. МАН хэтэрхий дураараа юу хийгээд байгаа нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. Тухайлбал Ерөнхий сайд 700-800 тэрбум төгрөгийн асуудлыг би мэднэ би шийднэ гээд явах боллоо.

Уг нь Монгол Улс парламентын засаглалтай юм шүү дээ. Ерөнхий сайд маань УИХ-ын 65 гишүүнийг толгойлж буй учраас аархуу байна л даа. Улсын төсөв гэдэг бол хууль. Иймд хууль зөрчиж аливаа үйлдэл хийж болохгүй. Ийм учраас өнөөдөр төсөвт тодотгол хийж болно шүү дээ. Тэгэхгүй л юм байна. Манай улсад өнөөдөр дотооддоо цар тахал алдаагүй. Иймд хараа хяналтаа чангатгаад эдийн засгаа дэмжих бодлого баримтлах учиртай. Өөрөөр хэлбэл бизнесүүдээ нээж амьдралаа хэвийн үргэлжлүүлмээр байна. Өнөөдөр хошин шог гарчхаад байна шүү дээ. Нарантуул зах дээр бөөнөөр цуглаж түлхэлцээд холхисон ч корона гардаггүй. Гэтэл 12 дугаар анги төгсч буй хүүхдүүд корона тусчих гээд байгаа. Яагаад гэвэл 10-аас дээш хүүхэд суух учраас гээд байгаа юм.
-Судлаачид сонгууль дөхсөнтэй холбоотой Засгийн газар халамжийн бодлого хэрэгжүүлээд эхэлсэн гэж шүүмжилж буй. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Төсвийн асуудал маш хүнд байгаа. Төсөв тасраад хэцүү байдалд орсон. Манай улсын төсвийн бараг 90 хувь нь уул уурхайн орлогоос бүрддэг. Газрын тос, зэс, жонш, нүүрс гээд хэдхэн ашигт малтмал дээр төсөв тогтдог. Манай улс алтаа зардаггүй, хадгалдаг. Ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд унасан. Нүүрсний тээвэрлэлт 60 хувиар бага байна. Хятадын үйлдвэрлэл зогссонтой холбоотой. Тэгэхээр ирэх арванхоёрдугаар сар гэхэд төрийн байгууллагын ажилчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тавьж чадахгүйд хүрэх нь. Үүнд би маш их эмзэглэж санаа зовж байгаа. Ийм учраас төсвөө даруй тодотгож баримжаагаа авах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл танах тэвчиж болох бүх зардлаа тооцох ёстой. Төсвийн алдагдал өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. Судлаачдын хэлж буйгаар төсвийн хоёр их наяд төгрөг байхгүй болчихсон шүү гэсэн. Ийм учраас оны эцэст юу болох бол айдастай байна шүү гэж байгаа. Тэгэхээр улсаараа тогломооргүй байна.
-Тэгвэл цар тахлын үеэр төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар юу гэж үзэж байна вэ?
-Өнөөдөр аж ахуйн нэгжүүд хаалга үүдээ барьчихсан. Үйлчилгээнүүд бүгд зогссон тул түрээсээ төлж чадахгүй байдалд орсон. Би саяхан Орхон аймаг орж тойрогтоо ажиллаад ирсэн. Тэр үеэр “Хүлэг” захын түрээслэгч иргэд төр ажлаа хийж чадахгүй, зөв бодлого шийдвэр гаргахгүй байна гэж бухимдаж байгаа юм. Тэгээд ажиглаад байхад энд тэндгүй л өр нэхсэн хүмүүс байна. Иргэд хоорондоо мөн банкны зээлтэй байгаа. Энэ мэтээр өрийн том сүлжээ үүсчихээд байгаа юм. Нэг ёсондоо та өрөө төлчихвөл би нөгөө хүнийхээ өрийг төлчихмөөр байна гэсэн зарчимтай болчхож. Энэ бүгдийг өнөөдөр шийдэх ёстой. Тус болохгүй бол ус бүү бол гэж үг бий. Иймд зарим бизнес, үйлчилгээг шат дараатай нэмэх хэрэгтэй байна. Өнөөдөр улсаараа айдаст автуулж, дарамтад оруулаад байна. Хэрэв цар тахлыг дотооддоо алдсан бол зарла. Бид мэдмээр байна. Гэтэл албан ёсны эх сурвалжийн мэдээнд цар тахлыг дотооддоо алдаагүй гэсэн шүү дээ. Тэгэхээр бид зөвхөн албан ёсны эх сурвалжид найдна шүү дээ. Цаашдаа хэдэн сар ингэж амьдрах юм. Энэ цар тахлын вакцин 1.8 жилийн дараа гарна гэж яриад байна. Тэгэхээр тэр болтол нь хамаг зүйлээ түгжээд сууж байх юм уу. Энэ бүхнийг өнөөдөр яаралтай шийдмээр байна. Сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаад таван их наяд, долоон их наяд төгрөгийн зардал гарна гэх юм. Тэгээд хэнд ч юунд хүртээлгүй асуудал шийдээд байхад иргэд ууртай байна. Ганц баримжаатай, иргэдэд наалдацтай асуудал шийдсэн нь хүүхдийн мөнгө. Өгч байгаа нь сайн. Гэвч энэ мөнгө өрхийн амьдралд хүрэлцэхгүй. Өнөөдөр ганцхан мэдээлэлтэй, боломжтой байгаа нь МАН. Энэ цар тахлаар дамжуулаад өрх бүрт орж байна. Ийм учраас иргэдийн ходоодоор дамжуулж сонгууль, төрийн эрх мэдлийг худалдаж авах гэж байна гэсэн хардлага байгаа юм.
-Монгол Улс Европын холбооноос гаргадаг хар жагсаалтад орсон гэдэг мэдээлэл гарсан. Үүнийг хэрхэн харж байна вэ?
-Англи хэл дээрх эх сурвалжийн мэдээллээр Монгол Улс хар жагсаалтад орчихлоо гэж байна. Ингээд би Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярьсан. Гэтэл тэр “Европын холбоонд суугаа Элчин сайдаас лавласан. Цагийн зөрүүтэй учраас хариу ирээгүй байна” гэсэн. Энэ дашрамд нэг зүйл ярихад ОХУ-ын нэг сайтад Хойд Солонгос яаж мөнгө олдог вэ гэсэн баримтат кино гарсан. Үүнд Монгол Улсыг зэвсгийн наймаа хийдэг гэж гүтгэсэн зүйл гарч байгаа юм. Үүнд нь манай улсын холбогдох байгууллагад няцаалт өгөх ёстой л доо. Түүнээс биш маск, ноолуурын тухай ярих юм. Энэ хооронд чинь олон улсын хэмжээнд эдийн засгийн байдал хүндэрсэн, газар нутгийн дахин хуваарилалт хийчих вэ гэдэг асуудлууд яригдаж байна шүү дээ. Тэгээд судлаачдын маргаан өрнөөд байна. Ийм үед эрх баригчид асуудлыг алсуур харж шийдмээр байгаа юм.
-Таныг Тагнуулын ерөнхий газар дуудсан. Гэрчийн мэдүүлэг авсан гэдэг мэдээлэл гарсан. Ямар асуудлаар дуудсан юм бол?
-Тагнуулын ерөнхий газраас надтай утсаар ярьсан. Тэгээд танаас С.Зориг агсны амь насыг бүрлэгсэн асуудлаар гэрчийн мэдүүлэг авъя гэсэн. Би тэр үед буюу 1998 онд хүүхэд байсан учраас энэ хэргийн талаар юу ч мэдэхгүй гэдгээ хэлсэн. Намайг энэ хэргийн талаар мэдээд сошиал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байгаа юм биш үү гэж байна лээ. Энэ хэргийг хамгийн мэдэж байгаа хүмүүс бол Ж.Батзандан, Л.Болд нар шүү дээ. Тэд гүйцэтгэх ажиллагааны материалтай танилцсан.
Тэгээд түүнийг олон нийтэд ярих ёсгүй юм. Намайг н.Булгантай уулзсан юм биш үү гэсэн. Тэднийх манай оффисын хажууд байдаг. Би өдөр бүр л таардаг. Хэн нэгэн гэм буруутай болон буруугүйгээс үл хамаарч хэнтэй ч уулзаж болно шүү дээ. Бас Ардчилсан намд орохдоо хийсэн мэдэгдлийг чинь шалгана гэсэн. Тэгэхээр улс төрийн албан тушаалтны хийсэн улс төрийн мэдэгдлээр нь гүйцэтгэх ажлын байгууллагууд шалгана гэдэг бол Монгол Улсад коммунизм бий болчхож гэж харж байна. Ийм учраас би прокурорт гомдол гаргана. Хуулийн байгууллага хэн дуртайгаа дууддаг, шалгах учиргүй. Хуулийн байгууллага тухайн хэрэгт ач холбогдол бүхий, тэр талаар бодит байдлыг мэдэж буй хүнийг дуудаж мэдээлэл авдаг. Тэр хүн нь бодит байдалтай холбоотой үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй.
-Та эрх баригч МАН-ын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?
-МАН гурван удаа үнэмлэхүй ялалт байгуулж ард түмнийг хулхидсан. Эхнийх нь 1992 онд 74 суудалтай байхдаа Монгол Улсын бүх өмчийг хувьчлал нэрээр хулгайлж авсан. Тэр хулгайд нь Эрдэнэтийнхэн өртсөн. Эрдэнэтийн 15 мянган иргэн цэнхэр, ягаан тасалбараараа Эрдэнэт үйлдвэрийг худалдаж авлаа гэж өгсөн. Гэтэл хувьцааг нь хулгай хийгээд алга болсон. Үүнийг Эрдэнэт үйлдвэрийн ажилчид мэднэ. Дараа нь 2000 онд 72 суудалтай байхдаа дахиад худлаа ярьсан. Тэр нь төрөө хямралаас гаргана, С.Зоригийн амь насаа алдсан хэргийг илрүүлнэ гэсэн. Харин ч авлигын аалзны тор шиг сүлжээ бий болгож төрийн наймаа арилжааны суурийг тавьсан. Эдгээрээс гадна 2016-2020 онд гурав дахь удаагаа хулхидлаа. УИХ-д 65 суудал аваад юу хийсэн бэ гэдэг асуулт тавигдах ёстой. Эрх баригчид ямар бүтээн байгуулалт хийв гэдгийг хар л даа. Төмөр зам, газрын тосны үйлдвэр, Улаанбаатар Дархан чиглэлийн зам барьсан уу гээд асуудал их бий. Ганц гавьяа нь хүүхдийн 100 мянга. Харин өөрсдөө ЖДҮХС-гийн хөрөнгийг авчихсан. Нэг хүнд таван сая төгрөг өгнө гээд бодъё. Өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй 100 хүн байсан бол тэд өнөөдөр бүтээгдэхүүнээ зармаар байна гэж ярих учиртай. Харин ЖДҮ авч чадаагүй учраас өнөөдөр манай хүүхдийг хооллоод өгөөч гэж ярьж байна шүү дээ. Эрх баригчид үйлдвэрлэл эрхлэх мөнгийг хулгайлсан. Тэгэхдээ нэг жилийн гурван хувийн хүүтэй зээл аваад иргэдэд нэг жилийн 300 хувийн хүүтэй эргүүлээд зээлдүүлсэн луйвар хийсэн. Үүнээс гадна МАН-ын гишүүд өнөөдөр хүчин, хүн амины хэрэгт холбогдсон. Бас нүүрсний хэрэгт, конторбандын хэрэгт холбогдсон байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com