БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас хууль бус ан агнуур, Тос тосон бумбын нуруу болон ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон асуудлаар нь тодрууллаа.
-Танай яамнаас ан агнуурын тусгай зөвшөөрлийг олгодог. Энэ жил хэдэн амьтныг тусгай агнуурын зориулалтаар агнах зөвшөөрөл олгосон бэ. Хэдэн төгрөг төвлөрүүлэх тооцоо гарсан бэ?
-БОАЖЯ жил бүр тусгай агнуурын бүсийн менежментийн төлөвлөгөөг даац нөөцийн судалгаан дээр үндэслэн гаргадаг. Энэ жил аргаль дээр 88 тусгай зөвшөөрөл олгосон. Энэ жил нийт 20 орчим тэрбум төгрөгийг тусгай зориулалтын ан агнуураас төвлөрүүлэх тооцоо бий. Хуулиараа тодорхой хэмжээний мөнгө нь сум хөгжүүлэх сан руу, үлдсэн нь улсын тэмдэгтийн хураамж руу орно. Дунджаар нэг аргалиас суманд орж байгаа орлого 5000 ам.доллар буюу 10 гаруй сая төгрөг байдаг. Алтайн угалзыг агнах аяллын багц үнэ компаниудаас хамаарч янз бүр байдаг. Гадуур яригдаж байгаа 50 мянган ам.доллараас 80, бүр 120 мянган ам.доллар ч хүрдэг. Олон улсын байгууллагаас жилд 300 орчим амьтан агнах тоо өгсөн байдаг. Энэ дагуу л зөвшөөрөл өгч байна.
-Сайжруулсан түлш хэрэглээнд нэвтэрлээ. Өнгөрсөн долоо хоногт хүйтэрч, түлш олдохгүй байх асуудал гарсан. Зарим нь сайн халж байна гэвэл зарим нэг нь муу байна гэсэн шүүмжлэл гарч байна. Түлшний чанар ямар байгаа вэ?
-Шинжлэх ухааны үзүүлэлт дээр тулгуурлаж ярих ёстой байх. БОАЖЯ-аас сайжруулсан түлшийг төрийн өмчит “Тавантолгой”-гоос нийлүүлж байна. Энэ нь чанарын хяналтыг нэг цэг дээр байлгах зорилготой. Иргэдийн дунд сайн, муу гэсэн байр суурьтай байна. Шинэ бүхэн эхэндээ шүүмжлэл дагуулдаг ч хэрэглээд ирэхээр гайгүй болно. Үнс ихтэй байна гэж иргэд ярьж байна. Энэ бол шинэ технологиор агаарт байсан үнсийг зууханд нь үлдээж байгаа хэрэг. PM 2.5, PM 10 тоосонцрууд уушгинд хүрдэг байсан бол зууханд үлдэж байгаа. Тиймээс үнс ихтэй байгаа юм. Түгээлтийн хувьд картаар борлуулж, бүртгэгдэх учраас хэн нэгэнд бөөнөөр нь, их хэмжээгээр худалдахгүй. Үнийн хувьд түүхий нүүрстэй эн тэнцүү буюу 150 мянган төгрөгөөр борлуулж байна. Үйлдвэрлэлийн нөөц хүчин чадлаас хамаарч үнэ нэмэхгүй гэсэн бодлого Засгийн газар барьж байна.
-Гялгар уутыг хориглох шийдвэр хэрэгжээд хоёр сарын хугацаа өнгөрлөө. Гэсэн ч энэ хууль амьдрал дээр хэрэгжихгүй байна. Хуулийн хэрэгжилтэд ямар хяналт тавьж байгаа вэ?
-Зарим нэг цэгүүд дээр хууль хэрэгжихгүй байгаа асуудлыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бүхэн өргөс авахын дайны тэр дор нь шийдэгдэх асуудал биш. Олон талууд энэ хуулийг хэрэгжүүлэх харилцаанд оролцож байгаа. Хяналтыг мэргэжлийн хяналт болон гаалийн байгууллага хяналт тавьж ажиллах үүрэгтэй.
-Халх гол сумыг шинэ сум болгохоор ажиллаж байна. Хэзээ баригдаж дуусах вэ. Төслийн талаар мэдээлэл өгнө үү?
-Шинэ сум төслийг гүйцэтгэгч компани шалгарсан, тэнд бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. “Роснефть”-ийн 10 сая ам.долларын тусламжаар хэрэгжиж байгаа. Халх голын ялалтын байр буюу ирэх наймдугаар сараас өмнө бүтээн байгуулалтын ажил дуусах төлөвлөгөөтэй. Манай яам хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд анхаарч, Халх голыг түүхэн аялал жуулчлалын цэг байлгах боломжтой гэж харж байгаа. Тиймээс шинэ сумын бүтээн байгуулалтын дараа боомтын нэвтрэх чадамжийг нэмэгдүүлж, дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх замаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж байна.
-Тос тосон бумбын тусгай хамгаалалттай газарт Б.Чойжилсүрэн гишүүний компани үйл ажиллагаа явуулж байгаа. Яамны зүгээс энэ асуудалд анхаарч байгаа юу?
-Өргөдлийн байнгын хороон дээр ирсэн гомдлын дагуу бусад тойргоос сонгогдсон гишүүдийг оролцуулсан хамтарсан Ажлын хэсэг гаргая гэсэн чиглэлтэй байна. Засгийн газраас гарсан тогтоолын дагуу тухайн компани заасан хил хязгаарт үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Газар дээр нь нэгдсэн Ажлын хэсэг очиж ажиллахаар бүх зүйл тодорхой болж, асуудал нэг талдаа гарах байх.
-Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлига авсан гэх асуудалд таны нэр яригдаж байна. Энэ үнэн үү?
-Тийм зүйл байхгүй. Өнгөрсөн баасан гарагт болсон Засгийн газрын хуралдаан дээр энэ тухай асуудал яригдаагүй.
-Таныг АТГ-аас шалгаж байгаа гэсэн. ЖДҮХС-тай холбоотой асуудлаар шалгаж байна уу эсвэл өөр зүйл байгаа юу?
-Шалгаад л байгаа гэсэн. Гэхдээ намайг дуудаж албан ёсоор асуугаагүй, би байцаалт өгөөгүй л байна. ЖДҮХС-гийн зээлд дэмжих бичиг явуулсан учраас нэг удаа АТГ-аас дуудаж тайлбар авсан. Өөр асуугаагүй.