Т.ЭРДМАА
Энэ сарын 17-ны өдөр гэхэд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг намууд тодруулна. Улс төрийн намууд дотроо хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудлаа ид ярилцаж эхэлжээ. Мөн бие даан нэр дэвшигчид ч сонгогчдын гарын үсэг цуглуулах ажлаа эхлүүлээд байна.
Тэгвэл МАН-ын залуус шударга ёс ярьж гарч ирсэн намын дарга У.Хүрэлсүхээс шударга ёс нэхэж эхлэв. Учир нь ЖДҮ-чин, 60 тэрбумчин, үүрэгт ажлаа ёс төртэй хийж чадаагүй гишүүдээ УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшүүлэх нь гээд намаасаа гарах, бие дааж нэр дэвших, хөдөлгөөн байгуулж намынхаа удирдлагуудад шаардах бичиг өгөх зэрэг үйл явдал өрнөж байна. Тухайлбал, хуульч Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа “Улс төрийн шийдвэрээ гаргалаа. Дархлагдсан, намынхаа улстөрчидтэй нийслэлийн Сүхбаатар дүүрэгт өрсөлдөнө” хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр намаасаа гарах болсон шалтгаанаа илэрхийлсэн албан бичгээ МАН-ын Сүхбаатар дүүрэг дэх 13 дугаар хороонд хаягласан байна.
Түүний албан бичигт:
-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 24 дүгээр тойрогт хариуцсан салбараа хойш татаж үүрэгт ажилдаа удаа дараа ноцтой алдаа гаргасан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарыг МАН-аас дэвшүүлж байгааг эсэргүүцэж байна.
Төр засгийн өндөр албан тушаалд дархлагдсан 20 гаруй жилийн хугацаанд Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нар нийгмийн шударга ёс, хуулийн засаглалын төлөө идэвх, санаачилгатай, зоригтой ажиллаж чадаагүй тул УИХ-ын сонгуульд нэр дэвших (дэвшүүлэх) ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Тухайлбал, хамаарал бүхий этгээд нь гадаад улсад оффшор данс эзэмшиж байсан Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллах хугацаанд дипломат албан хаагчдын холбогдсон хар тамхины хэргүүд гаарч, улс орныхоо нэр хүндийг дэлхий даяар шившиглэн гутаалаа. Мөн түүнчлэн Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын ФАТФ байгууллагаас манай улсыг саарал жагсаалтад оруулсан бөгөөд тун удахгүй Европын холбооны парламентаар Хар жагсаалтад оруулах асуудлыг хэлэлцэх гэж байна. Намын эгэл жирийн гишүүд та, бид манай улсын нийт хүн амын 28.4 хувь буюу 900 орчим мянган иргэн ядуурлын түвшинд амьдарч байгааг мэднэ. Үүнийг өөрчилж, ард иргэдээ ядуурлаас гарган, шударга ёсыг тогтоох түүхийн эгзэгтэй энэ мөчид өнөө маргаашийн “Амиа аргацаасан, эр зориггүй” улстөрчид “Эрс өөрчлөлт, шинэчлэлт” хийх чадваргүй бөгөөд боломжгүй гэж Монголын мянга мянган залуусын төлөөлөл миний бие дүгнэж байна. Иймд Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ миний бие УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нартай УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт өрсөлдөхөөр шийдвэрлэж Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.5 дахь хэсэг, намын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу МАН-аас гарч байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хүний эрх, эрх чөлөө, үндэсний эв нэгдэл, хууль дээдлэх зарчмыг төрийн үйл ажиллагаанд хэвшүүлж, хэрэгжүүлэхийн төлөө тууштай зүтгэж МАН-ын эгэл жирийн гишүүд, журмын нөхөдтэй бивээр цаашид ч хамтарч ажиллах болно” хэмээжээ. Ийнхүү МАН дотроо хагарч Сүхбаатар дүүрэг дээр намынхаа эсрэг нэр дэвших болно гэдгээ ил зарлажээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бүрэн эрхээсээ түдгэлзэн хууль хяналтын байгууллагаар шалгуулж буй юм. Тэрбээр “МАН-ын нэрээр олон жил төрийн өндөр дээд алба хашиж буй хүмүүс увайгүй үйлдэл гаргаж байна. Залуу хүний хувьд тэдний эсрэг тэмцэх болно” гэдгээ мэдэгдээд буй. Ингээд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой нэг тойрогт бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн билээ.
Эдгээрээс гадна МАН-ын Баянгол дүүргийн 14 дүгээр үүрийн дарга, МАН-ын Бага хурлын гишүүн, МАН-ын гишүүд дэмжигчдийн “Цэгцрэх” хөдөлгөөний ерөнхий зорицуулагч П.Өлзийнаран УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн тойрог хуваарилалтын асуудалд шүүмжлэлтэй хандаж, өөрийн байр сууриа цахим орчинд илэрхийлжээ.
Тэрбээр:
-МАН-ын дарга аа, УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээ иргэд биш юм гэхэд гишүүд дэмжигчдээсээ 2016 он шиг санал асуухгүй шууд ганц хоёр даргын хүслээр чихэх гээд байгаа юм биш биз. Намын Бага хурлаас өмнө анхан шатны нэгж бүрээс гишүүд дэмжигчдийн санал асуухыг шаардаж байна. Утсаар бүх гишүүдээс асуусан гэж ам таглаж болохгүй. Хуучин тойрогтоо нэр нүүргүй болчхоод шинэ тойрог шиншилж яваа эсвэл нам хэсч доншуучилсан үзэл баримтлалгүй үнэт зүйлгүй хүнийг бүр ч хүлээж авахгүй шүү гэсэн байна.
Мөн МАН-ын залуус, гишүүд дэмжигчдийн “Илчлэл” хөдөлгөөн байгуулагдсан. Уг хөдөлгөөнийг санаачлагч н.Мөнхболд нарын залуус МАН-аас 2020 оны сонгуульд нэр дэвшүүлж болохгүй улстѳрчдийн жагсаалт гаргаж намын дарга У.Хүрэлсүх болон Хяналтын хорооны дарга Ц.Батбаатар нарт хаягласан шаардлагыг өнгөрсөн 11-ний өдөр хүргүүлээд байгаа юм. Тэд уг шаардлагад нь 48 цагийн дотор хариу өгөхгүй бол суулт хийх, өлсгөлөн зарлах болно гэж мэдэгдсэн.
Хөдөлгөөний гишүүдийн зүгээс, МАН-ын нэрээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн нийгэмд үзүүлж буй үлгэр дуурайлыг хараад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, цаашид намын үйл ажиллагаа, намаас бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг шинэчлэх шалгуурт өөрчлөлт оруулахыг сануулсан юм. Учир нь нэр бүхий УИХ-ын гишүүд албан тушаал, эрх мэдлээ өөрсдийн бизнесийг тэтгэх, өөрсдөдөө ашиг олох хэрэгсэл болгож байна гэж үзэж байгаа аж.
МАН-ын залуус, гишүүд дэмжигчдийн “Илчлэл” хөдөлгөөний шаардлагад:
МАН-аас дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүд нь өөрсдийн мэдээлэлд ойр байдаг давуу тал, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж жирийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгох ёстой ЖДҮ-ийг Дэмжих сангийн зээлийг өөрсдөө авч өөрсдийн харьяаны бизнесээ тэтгэж өөрсдөдөө ашиг олсон. Тухайлбал,
-УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж баригдаж, дуусаагүй барилгаа борлуулсан гэж худал мэдүүлэн НӨАТ төлөөгүй мөртлөө НӨАТ-ын буцаалт нэрээр улсын төсвөөс 35 тэрбум төгрөгийг өөрийн хувийн компанидаа авч улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан.
-УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн бүрэн эзэмшлийн “Капитал” банканд Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн 340 тэрбум төгрөгийг байршуулж байхдаа банкаа дампууруулж эдгээр сангийн хөрөнгийг үрэн таран хийж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгч олон мянган иргэнийг хохироосон,
-УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, өөрийнхөө эзэмшлийн “Монполимет” компанийнхаа авсан 10 тэрбум төгрөгийн зээлийг Монголбанкны Эрсдэлийн сангаар төлүүлсэн.
-УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө авсан. Одоо Ховдод нэр дэвшинэ гээд явж байгаа гэсэн.
Эдгээр нь өнөөгийн УИХ-ын гишүүдийн өдүүлсэн олон гэмт хэрэг, ёс зүйгүй, увайгүй үйлдлийн ердөө хэдхэн жишээ юм. Энэ мэтээр олон иргэд, сонгогчдын дунд МАН-ын нэр хүндийг унагаасан олон гэмт үйлдлийг тус намаас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүд гаргасныг бүх хүмүүс мэдэж байгаа. Цаашид ч дээрх үйлдлээ дахин гаргаж магадгүй хүмүүсийг УИХ-ын сонгуульд дэвшүүлэхгүй байхыг шаардаж байна хэмээн дурдсан билээ. Энэ бүхнээс гадна МАН-ын эмэгтэй гишүүд хоорондоо тойргоо булаалдаж тоонот гэрээ төмбөлзүүлж буй мэдээлэл цахим ертөнцөөр тархаж эхлээд байна. МАН ийнхүү УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээ тодруулах гэж манаргаж буй бололтой.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН