Б.СҮРЭН
УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-УИХ-ын хаврын чуулган хаагдах гэж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлого хэр хөрсөндөө буусан гэж үзэж байна вэ?
-Хаврын чуулганаар улс орны эдийн засаг, цаашлаад хөгжлийн томоохон шийдэлтэй холбоотой шийдвэрүүдийг хангалттай бус байсан гэж мэргэжлийн хүний хувьд дүгнэж байгаа. Оны өмнө улсын төсөв баталж байхад макро эдийн засаг, гадаад худалдааны эргэлт сайн байсны дээр экспортын гол бараа, бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ өндөр байсан учраас боломжийн хэмжээнд төсвийн орлого бүрдэнэ гэж тооцоолоод алдагдалтай төсөв баталсан. Харамсалтай нь, коронавирусээс шалтгаалж нөхцөл байдал өөрчлөгдсөн. Нэн тэргүүнд, коронавирусээс болж эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдгийг тооцоолж, оновчтой арга хэмжээнүүд авсан бол илүү байх байлаа. Уг нь төсвөө тодотгох хэрэгтэй байсан, төсөв бол Монгол Улсын хууль ба үүнийг тодотгодог хуулийн заалт бий. Тодотгохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсчихээд байхад зөвхөн сонгуулиа бодож, өмнөх үр ашиггүй хөрөнгө оруулалт, зардлаа УИХ-аар авч хэлэлцэхгүйгээр нэг удаагийн чанартай хуулиар зарим яамдын сайдын багцаас хэмнэсэн хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулж байгаа нь тун хариуцлагагүй үйлдэл юм. Олон нийтийг хамарсан арга хэмжээнд маш их мөнгийг үр ашиггүй зарж байна. Үүний оронд ажлын байрыг бий болгож буй ААН-үүдийг дэмжих замаар нэг ч хүн ажилгүй, орлогогүй болохгүй чиглэлд бодлогоо чиглүүлэх байсан.
-Сөрөг хүчний хувиар шүүмжлэлтэй хандаж болох байсан шүү дээ?
-Бид чадлынхаа хэрээр Төсвийн тухай хуулийн төсөл санаачилж, Засгийн газарт хүргүүлсэн. Зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан таван хавсралт бүхий тогтоолын төслийг өргөн барьсан. Харамсалтай нь, энэ бүхнийг УИХ хүлээн авч, хэлэлцсэнгүй. Нэг намын олонхын давамгайлал, түрэмгийлэл дор энэ удаагийн парламент ихэнх шийдвэрүүдийг дангаар гаргалаа. Уг нь парламент олон намын оролцоог хангасан сонгодог утгаараа ажиллах ёстой.
-Намрын эдийн засгийн төлөв байдал ямар байх бол?
-Коронавирусийн нөхцөл байдал хэр зэрэг удаан үргэлжлэхээс ихэнх зүйл хамаарна. Дэлхийн бүх л улс орон II дайнаас хойших хамгийн хүнд нөхцөлтэй эдийн засгийн хямрал руу ороод буй. Энэ хямрал аль хэзээний Монгол Улсад мэдрэгдээд эхэлсэн, олон ААН-ийн үйл ажиллагаа доголдож хаалгаа барихад хүрээд байна. Ажилгүйдлийн тэтгэмж авч буй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ байдлаас гарахын тулд ойрын эрх ашиг буюу сонгуулийн үйл ажиллагааг орхиж, төсөв, санхүүгийн бодлого, бүх зүйлээ эрсдэлээс сэргийлж, үүнээс дордвол яах вэ гэдэг дээр нөөц төлөвлөгөө гаргаж ажилласан бол арай бага хохирол амсах байсан. Тиймээс үлдэж буй цөөн хоногт Засгийн газар энэ тал дээр анхаарал хандуулж ажиллаасай гэж хүсч байна.
-Төсвийн орлого их хэмжээгээр тасарна гэж эдийн засагчид үзэж байна. Таны бодлоор хэр их байх вэ?
-2020 оны эхний улирлын төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийн дүн гарсан. Төсвийн орлого 100 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан, зэс, нүүрсний экспорт төлөвлөж байсан хэмжээнээс багассан. Үнэ ханшийн хувьд хоёр улсын хооронд энэ чиглэлээр зохицуулалт хийгээд явлаа гэхэд цаад талдаа буюу манайхаас худалдан авагч Хятад улсын нөхцөл байдал ямар байх вэ гэдэг нь эргэлзээтэй байна. Учир нь Хятадын эдийн засгийн өсөлт буураад байгаа шүү дээ. Тиймээс сайн байна гэж хэлэх ямар ч нөхцөл байхгүй, хамгийн муу нөхцөлд орвол яах вэ гэдэг чиглэлд бодлого, төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй.
-Саарал жагсаалтаас гарахын тулд нэн түрүүнд ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлэх ёстой вэ?
-Саарал жагсаалт бол шинэ мэдээлэл биш. Аль нэг жилийн өмнөөс л гурван зүйл заалтаа засах хэрэгтэй гэсэн анхааруулгыг ФАТФ-аас өгсөн. Засгийн газар, Монголбанк, СЗХ энэ гурвыг яаралтай засчих хэрэгтэй юм. Гурван зүйл заалт засагдаагүй учраас л Европын холбоо дүрэм журмаа өөрчлөхдөө эрсдэлтэй орнуудын тоонд манайхыг оруулчихлаа шүү дээ. Нэгдүгээрт, хянагдахгүй байгаа, авлигын эх үүсвэр болоод буй, сул чөлөөтэй эргэлдэж байгаа мөнгөө хянах хэрэгтэй. Энэ мөнгө үнэт эдлэлийн бизнес эрхэлдэг газар, ТББ-ын нэрийн дор сул чөлөөтэй эргэлдэж байгааг яаралтай бүртгэлжүүлж, хянах ёстой юм. Ерөөс шалтгаанаа арилгахгүй бол энэ жагсаалтад байгаад л байна гэсэн үг. Тиймээс Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгч гарч ирээд саарал жагсаалтаас гарахын тулд яг юу хийсэн, яагаад гарч чадахгүй байна вэ гэдгээ тайлбарлах нь чухал. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд, дорвитой арга хэмжээ авч чадаагүй учраас энэ жагсаалтад байгаад байна гэж дүгнэж байгаа.
-Сонгуулийн жил учраас Засгийн газар хэт халамжийн шинжтэй бодлого баримталж байна. Илүү ААН-үүдэд чиглэсэн, ажлын байр хадгалах бодлого хэрэгжүүлэх боломж, эх үүсвэр байсан уу, таны бодлоор?
-Төсвөө тодотгохгүйгээр дотроо зохицуулалт хийнэ гэж ярьж байгаа нь нэг талаас төсөвт боломж байгаа мэтээр ойлголт өгч буй. Гэвч Ерөнхий сайдын амласан 5.9 их наяд төгрөгийн өртөг бүхий санхүүгийн дэмжлэгийг нийгэм рүү гаргаж байгааг дүйцүүлбэл төсөв тодотгохгүйгээр хийх ямар ч боломжгүй юм. Хэрэв төсөвт тодотгол хийсэн бол ойролцоогоор нэг их наяд орчим төгрөг хэмнэх байлаа. Тэр мөнгөөрөө ажилгүй болж буй хүмүүсийнхээ тэтгэмжийг зузаатгаж, ажлын байран дээрх хүндрэл, үйл ажиллагааны дутагдаад буй зардалд нь өгөх, МҮХАҮТ-аас тавьсан саналын дагуу түрээсийн орлогыг нь тодорхой хэмжээнд хөнгөлөх, дээр нь цалингаа тавьж чадахгүй компаниудын цалингийн фонд дээр нэмэлт дэмжлэг үзүүлэх гэх мэт олон арга хэмжээг авч болох байсан.
Тойргийнхоо 24 сумаар яваад ирлээ. Засгийн газрын авч хэрэгжүүлж буй долоон арга хэмжээний зарим нь биелж, зарим нь биелэхгүй байна. Тухайлбал, хүүхдийн мөнгийг аравдугаар сар хүртэл 100 мянган төгрөг болгосныг сайшааж байна. Гэхдээ энэ мөнгийг тасалдахгүйгээр хаанаас гаргах вэ гэдгийг тооцох ёстой. Нөгөө талдаа, малчид зах зээлийнхээ жамаар жил бүр ноолуураа багадаа нэг кг-ийг нь 50-60 мянган төгрөгөөр өгдөг байсан бол энэ жил улсаас ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэсэн байдлаас болж малчид ченжүүдэд өгөх үү, байх уу гэсэн хүлээлттэй байна лээ. Хамгийн гол нь, Засгийн газар энэ бүх мөнгөний эх үүсвэрээ тайлагнаж, тайлбарлах ёстой болоод байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН