Б.СҮРЭН
Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу улс төрийн нам, эвслүүд баасан гарагт хуралдаж, УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууан СЕХ-нд нэрсийг нь илгээсэн юм. Сонгууль угтсан энэ өдрүүдэд улс төрийн хоёр том намын нэр дэвшигчид хэн хэн байх нь олны анхаарлыг ихээхэн татаж буй. Энэ удаагийн сонгуулиар ард түмэн “тэтгэвэрт” гарах дөхсөн хөгшин улстөрчдөөс илүүтэй залуу үедээ илүү их итгэл хүлээлгэх урьдчилсан прогноз гараад буй.
АН-ын хувьд нэр дэвшигчдийнх нь 40 гаруй хувийг инженер, эдийн засагч, хуульч мэргэжилтэй шинэ залуу боловсон хүчин эзэлж байгаа бол МАН-ын нэр дэвшигчдийг харахад, “60 тэрбум” болон “ЖДҮ”-ийн хэрэгт нэр холбогдсон нэлээдгүй гишүүн байгаа юм. Уг нь тус намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “ЖДҮ, 60 тэрбум” гэх мэт увайгүй гэмт хэрэгт холбогдсон гишүүдэд мандат өгөхгүй хэмээн эрс шийдэмгүй байр сууриа илэрхийлж байв. Гэвч улс төр гэдэг мөнхийн эрх ашиг байдаг хойно тэрбээр хэлсэн амлалтаасаа ухарсныг МАН-аас сонгуульд нэр дэвшиж буй горилогчдоос харж болно.
МАН-ын нэр дэвшигчид дунд 60 тэрбумын схемчид, концессчид болон ЖДҮХС-ийн мөнгийг тэрбум тэрбумаар нь авсан эрхэм түшээд байна. Тиймээс энэ удаагийн сонгуульд дахин нэр дэвшиж буй “ЖДҮ-чин”, “60 тэрбумчин”, концессчин түшээдийг эргэн сануулъя.
Архангай аймагт нэр дэвшиж буй гурван гишүүний хоёр нь ЖДҮ-чин, нэг нь концессчин байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн СПА цогцолбороор 700 тэрбум, Ё.Баатарбилэг нь “Хүй толгой” трейд ХХК, “Мөрөн агро” ХХК, “Тангад бадмаараг” ХХК-иараа дамжуулан ЖДҮХС-аас зээл авсан нь тогтоогдсон бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 162 тэрбум төгрөгийн концессийг эрх, мэдэл албан тушаалын давуу байдлаа ашиглан Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед авч байсан юм.
Баян-Өлгий аймагт УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан нэр дэвшихээр мандат өвөртөлжээ. Тэрбээр мөн л ЖДҮХС-аас “Мон лойс" ХХК, "Асена" ХХК, "Хаганат" компаниараа дамжуулан зээл авсан гэгддэг бол Баянхонгор аймагт нэр дэвшиж буй УИХ-ын дарга Г.Занданшатар нь “Асрал” ХХК, “Эмийн үйлдвэр” ХХК, “Путь” ХХК, “Хөх цэнхэр нуур” ХХК-ийн нэр дээр зээл авсан байна. Харин Өвөрхангай аймагт УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд С.Чинзориг нэр дэвшиж буй бөгөөд тэрбээр “Өвөр баян бүрд” ХХК, “Тунгалаг онги” ХХК зээл авсан нь ил болсон билээ. Энэ мэтчилэн ЖДҮХС-днэр холбогдсон 49 гишүүний дийлэнх нь дахин сонгуульд нэр дэвшихээр болсон байна.
Ийнхүү иргэдийнхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чин гишүүд дахин нэр дэвшихээр болсон нь нэг талаар ард түмнийг доромжилсон нөгөө талаар, ичих нүүхээ элгэндээ наасан үйлдэл болж байна.
ЖДҮ эрхлэгч эгэл борог өрх, ААН-үүд очих учиртай маш бага хэмжээний хүүтэй энэ мөнгийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тэрбум тэрбумаар нь хуваагаад авчихсан увайгүй явдал энэ парламентаар дуусахгүй нь бололтой. Л.Энхболд, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Х.Болорчулуун, Г.Солтан, О.Батнасан, Б.Ундармаа, Я.Содбаатар, Элдэв-Очир, Дамба-Очир тэргүүтэй 50-иад гишүүн уг сангийн мөнгийг хувааж авсан нь тодорхой болсон. Нэр нь тодорсон “баатрууд” мэлзэж, мэдэн будилж гүрийж гүлдийсэн. Тэдэн дунд жилийн гурван хувийн хүүтэй уг мөнгийг банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан иргэдэд 30- 40 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, хүүлсэн нь ч цөөнгүй.
Эцэст нь нэг нэгээрээ хэргээс сугарсаар одоо ДӨРВӨН гишүүний хувь заяа тун хүндхэн нөхцөл байдалд хүрээд байгаа бөгөөд бусад нь ичихгүй сонгуульд горилж сууна. Тиймээс дор нэр дурдсан хүснэгтэд буй гишүүдээс хэн нь нэр дэвшиж буйг, ямар увайгүй үйлдэл хийснийг дахин нэг сануулах нь зүйн хэрэг боллоо.
ЖДҮХС-аас иргэд, аж ахуй нэгжийг зээл авахад нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн Нийслэлийн прокурорын газар, АТГ-аас шалгагдсан УИХ-ын гишүүдийн нэрсийг зарлаж байна.