Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ЖДҮ-чин гишүүд мөнгөө юунд зарсан бол...

 Өнөөдөр дэлхий нийтийг хамарсан коронавирусийн дүйвээнд ЖДҮ-гийн хэрэг замхраад байх шиг. Үнэндээ эрх баригчид ЖДҮ-гийн хэрэг дэгдсэн үеэс нь бие биенээ хаацайлж авч үлдэхээр ажиллаж эхэлсэн. Эргэн сануулахад Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хүсэлт УИХ-д гаргасан. Гэвч УИХ-д хамгийн олон суудалтай МАН гишүүдээ авч үлдэх шийдвэр гаргасан удаатай. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ч хэлсэн үгэндээ эзэн болж ЖДҮ-чин гишүүддээ хариуцлага тооцолгүй энэ удаагийн сонгууль хүрлээ. Тэрбээр 2018 оны арваннэгдүгээр сарын 23-нд “Шударга ёсны төлөө тууштай тэмцэнэ. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүст хариуцлага тооцож байгаа. Хууль зөрчиж авсныг нь хууль хяналтын байгууллага тогтоовол хариуцлага тооцно. Удахгүй болох намын Бага хурлаараа ч авч хэлэлцэнэ” хэмээн мэдээлж байсан. Гэвч энэ мэдэгдлээс өөр юу ч хийсэнгүй.
Монгол Улсад бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 78 мянга орчим аж ахуй нэгж байгаагаас 60-аад мянга нь жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан. УИХ-ын нэр бүхий 49 гишүүн, МАН-ын удирдлагууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас хувьдаа болон хамаарал бүхий компанидаа тэрбум, тэрбумаар нь зээл авсан нь олон нийтэд ил болоод удаж байна.. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “ЖДҮ авсан, 60 тэрбумд холбогдсон хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэж мэдэгдсэн удаатай. Гэвч энэ үг нь хэрэгжилгүй өдийг хүрлээ. Үүнтэй холбоотой “Иргэд хариуцлага нэхэх эрх” ТББ-ын тэргүүн Х.Алтанхуягаас зарим зүйлийг тодруулж байсныг эргэн сануулмаар байна.
-Танай байгууллагаас МАН-ын удирдлагуудад ямар утгатай шаардах бичиг гардуулан өгч байна вэ?
-Бид ЖДҮХС-аас зээл авч иргэдийн боломжийг хулгайлсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооц гэдэг шаардлагыг холбогдох байгууллагуудад нь хүргүүлж байгаа. Энэ удаа Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд уг шаардлагаа хүргүүлж байна. Энэ шаардлагад “МАН-ын дарга У.Хүрэлсүх та ЖДҮХС-гаас албан тушаалаа ашиглаж зээл авсан УИХ-ын гишүүддээ улс төрийн хариуцлага тооц” гэсэн байгаа.
-"ЖДҮ"-чдэд ямар хариуцлага ногдуулахыг шаардсан юм бэ?
-ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсийн дийлэнх нь МАН-ын гишүүд. Ийм учраас МАН-ын дарга У.Хүрэлсүх зээл авч ард түмний боломжийг хулгайлсан гишүүддээ хариуцлага тооцож, намын гишүүнээс хасах, УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх арга хэмжээ авч ажиллах шаардлага хүргүүллээ.
-Та бүхэн урд нь хэд хэдэн шаардлага өгсөн ч өнөөг хүртэл хариу өгөөгүй гэлээ. МАН шаардлагыг хүлээж авсан ч хариу өгөхгүй бол цаашид яах вэ?
-Шаардлагын хариуг хуулийн дагуу долоо хоногт багтааж өгөх ёстой байдаг. Хариу өгөхгүй бол бид шүүхэд хандана. У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар бол ЖДҮ-гээс бүрдсэн. Ард түмний боломжийг хулгайлсан УИХ болон МАН-ын гишүүдэд улс төрийн боломж олгох ёсгүй. Ийм ёс зүйгүй увайгүй хүмүүс улс төрд байх учиргүй гэж бодож байна. Ийм учраас МАН-ын удирдлагуудад ЖДҮ-чдээ намаас нь хөөх ёстой гэсэн шаардлага тавьсан. Хариу өгсөн, өгөөгүй бид энэ тэмцлээ орхиж үзэл бодлоосоо ухрахгүй.

ЖДҮ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн нэр хүндийг хамгаалах үүднээс уг хэргийг шалгаж буй Ажлын хэсгийн ахлагч, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаярын мэдээллийг олон нийтэд хүргэж байна.

-ЖДҮХС-гийн гэх хэргийг АТГ шалгаж эхлээд зургаан сарын хугацаа өнгөрлөө. Шалгаж эхэлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд хийсэн мөрдөн шалгах ажиллагааны тойм мэдээллийг өгнө үү?
-Хэвлэл,мэдээллийн хэрэгслээр 2018 оны аравдугаар сард нэр бүхий УИХ-ын гишүүд болон зарим албан тушаалтнууд ЖДҮХС-гийн хөрөнгийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдэд олгуулсан тухай мэдээлэл гарсантай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяалал тогтоон Авлигатай тэмцэх газарт ирүүлснээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл зургаан сарын хугацаа өнгөрлөө. ЖДҮХС-гаас 2018 онд зээл авахаар хүсэлт гаргасан 1544 иргэн, аж ахуйн нэгж байдаг. Тэдгээрээс ХХААХҮ-ийн сайд 2018 оны хоёр удаагийн тушаалаараа 216 иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн төсөлд зээл олгосон. Мөрдөн шалгах ажиллагаа нь зээлийн хүсэлт гаргаад авч чадаагүй иргэн, аж ахуйн нэгжийн төсөл, бичиг баримт болон зээл авсан 216 төслийн үйл ажиллагааг хамарч явагдсан.

ЖДҮХС-гийн зээлийг олгохдоо

• сайдын хоёр удаагийн тушаалд хамрагдаж зээл авсан иргэн аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа хууль дүрмийн дагуу явагдсан эсэх
• төсөл зорилтот бүлгийн этгээдэд очсон эсэх
• сонгон шалгаруулах ажиллагаанд албан тушаалтан, төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүд, мэргэжилтнүүдээс нөлөөлсөн эсэх, тэдний хамаарал байгаа эсэхийг шалган тодруулах ажлыг хийж байна.
Түүнчлэн шалгарсан 216 төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг газар дээр нь очиж баримтжуулах, үзлэг нэгжлэг хийх, санхүүжилтийн баримт, мөнгөний зарцуулалтад аудитын шалгалт, шүүх ня-бо, санхүүгийн шинжилгээ хийх, зээлийн барьцаалбарыг зохих журмын дагуу хийж үнэлсэн эсэх зэргээр төсөл тус бүрт нарийвчилсан хяналт шалгалтын ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллага, эрх бүхий шинжээчийн бүрэлдэхүүн, хөрөнгийн үнэлгээний эрхтэй компани, тусгай мэдлэг бүхий мэргэжилтнүүдийг татан оролцуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
-Мөрдөн шалгах ажиллагааны дүн эхнээсээ гарч байх шиг. Зарим хэрэг хаагдаж, зарим нь шийдэгдэж байна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулна уу?
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны ЖДҮХС-тай холбоотой хэргийн гол хүрээг хумьж шалгаж дуусгах шатандаа орсон гэж бид үзэж байгаа. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэн Ажлын хэсгээс санал, шийдвэрүүдийг хуулийн хүрээнд гаргаж хяналт тавьж буй Нийслэлийн прокурорт хүргүүлж байгаа.
Зээл авсан иргэн, хуулийн этгээд бүрийг буруутан, гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй. Зээлийг зохих журмын дагуу авсан, ЖДҮХС-гийн шалгуур шаардлагыг хангаж, зохих журмын дагуу шалгарсан, үйл ажиллагаа нь хэвийн хэрэгжиж байгаа төслүүд бий. Тухайлбал, ажлын байр бий болгож, ноос, ноолуур, оёдол, газар тариалан, хүлэмж, зоорь барих зэрэг чиглэлээр хүсэлт гаргасан, түүнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа төслүүд байна. Төслийн үйл ажиллагаа нь зориулалт, зохих журмын дагуу явагдаж байгаа гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хэмжээнд тогтоосон.
Одоогоор 70 гаруй төслийг хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн тусгаарлан шалгаж, үүнээс гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн 50 гаруй хэргийг хаах санал гаргаж, прокурорын байгууллагад хүргүүлээд байна. Прокурорын байгууллага, мөрдөгчийн саналыг хянаж хуулийн хүрээнд шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалттай, өнөөдрийн байдлаар 10 гаруй төслийн материалыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг хаах прокурорын тогтоол гарсан байна.
-Тухайлбал, ямар аж ахуйн нэгжүүдэд холбогдох хэргийг хааж шийдвэрлэсэн юм бэ?
-Тусгаарлаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй төслүүдээс улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтан нартай хамааралгүй, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль, ЖДҮХС-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журамд заасан шаардлагыг хангасан, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, гарааны бизнес эхлүүлэх боломж болон ажлын байр бий болгож, нэмэгдүүлэх үндсэн зорилгыг хэрэгжүүлж буй иргэн, хуулийн этгээдүүдийн төслүүдийг шалгаж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт хүргүүлээд байгаа. Тодруулбал:
Тойрогтоо жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, тойргийн сонгогч, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй эсэхийг шалгаж, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон иргэн, хуулийн этгээдийн төслүүдийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна. Үүнд:
• УИХ-ын гишүүн С.Чинзоригийн дэмжсэн албан бичигтэй иргэн Л.Оюун-Эрдэнэ
• УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” ХХК
• УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп” ХХК
• УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай” ХХК
• УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах” ХХК
• УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК
• УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон” ХХК
• УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан” ХХК
• УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм” ХХК
• УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус” ХХК
• УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу” ХХК
• УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл” ХХК
• УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд” ХХК
• УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс” ХХК
• УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” ХХК
• Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн дэмжсэн “Ричнес инвестмент” ХХК
• Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс” ХХК
• УЕП-ын орлогч асан Б.Амгаланбаатарын хамаарал бүхий “Цаст согоот” ХХК зэрэг
иргэн, хуулийн этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаах санал гаргасан.
-Хаах саналтай хэргүүд дотор хэд хэдэн УИХ-ын гишүүний нэр дурдагдлаа. Тэдгээр УИХ-ын гишүүд албан тушаал, эрх мэдлээрээ нөлөөлсөн, бусдад давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлгүй юү?
-Дээрх нэр дурдсан төслүүдэд албан тушаалтан хууль бусаар нөлөөлсөн, давуу байдал олгосон гэж шууд үзэх үндэслэл мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй.
-ЖДҮХС-гийн гэх хэрэгт 60 орчим албан тушаалтан, түүн дотор улс төрийн нөлөө бүхий томоохон албан тушаалтан хамаарал бүхий компанидаа зээл авч өгсөн байж болзошгүй хэрэг шалгагдаж байгаа гэж мэдээлж байсан.
-Төсөл сонгон шалгаруулалтад олон албан тушаалтан, түүн дотор УИХ-ын 40 гаруй гишүүн байгаа талаар хэвлэлд мэдээлэгдсэн. Хуулиар гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй. Энэ нь хүний нэр төрд халдаж байгаа хэрэг.
ЖДҮХС-гаас төсөл хэрэгжүүлэхээр зээл хүссэн 1544 иргэн, аж ахуйн нэгж байгаа.
-АТГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ хэд болоод байна вэ?
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор 11 иргэн, аж ахуйн нэгжээс нийт 11 тэрбум 195 сая 611 мянга 321 төгрөгийг битүүмжилж нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан. Үүнээс 5.5 тэрбум төгрөгийг ЖДҮХС-д буцааж нөхөн төлүүлсэн.
Ийм хариу өгч байв. Үнэндээ УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан ч, хаана юунд тэр зээлээ зарцуулсан нь нь одоогоор тодорхойгүй. Ганц нэг жишээ хэлэхэд, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гэхэд шинэ “Сэлэнгэ” үүлдрийн үхэрт тэр мөнгөө зарцуулсан, хүсвэл сэтгүүлчид очоод хараарай гэх. Зарим нь ахмадын өргөө, амралт сувилалд зарцуулсан гэж ам таглах. Үнэндээ гуравхан хувийн хүүтэй зээлээ хаана юунд зарцуулсан нь тэдний нууц хэвээр үлдэх бололтой. Авсан хүний аз болсон нь тодорхой. Ихэнх нь өөрийн гэсэн ББСБ-тай болохоор өсгөж мөнгө угаасан байх хамгийн өндөр магадлалтай. Гэхдээ тэд эргээд л сонгуульд үзэх гээд нэрээ дэвшүүлээд тойргоо сонгоод явж байна даа.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com