Хэн нь хэн бэ?
Б.Бямба
УИХ-ын 2020 оны сонгуульд томсгосон 29 тойрогт өрсөлдөх нам, эвсэл, бие даагчдын нэрс тодорсон бөгөөд хүн амын тоо, бүс нутгийн байршил, нягтаршил зэргээс шалтгаалан нэг тойрогт 2-4 мандат ногдож буй.
2020 оны сонгуульд АН, МАН-аас гадна хоёр эвсэл, нэг хөдөлгөөн болон 208 бие даагч нэр дэвшихээр бүртгүүлсэн нь өмнөх долоон удаагийн парламентын сонгуулийг бодвол өрсөлдөөнтэй, сонголттой сонгууль болох нь тодорхой байна. Тиймээс энэ удаагийн “Хэн нь хэн бэ” буландаа гурван мандаттай 3 дүгээр тойрог буюу Баянхонгор аймагт нэр дэвшигчдийг онцоллоо.
УИХ-ын 2020 оны сонгуулийн 3 дүгээр тойрог болох Баянхонгор аймагт нам, эвслээс нийт 18 хүн нэр дэвшиж буй. Үүнд,
1 дүгээр тойрог, 3 мандат
Баянхонгор аймаг
АН:
МАН:
МАХН буюу Та бидний эвсэл
ШИНЭ эвсэл
Сахигтун Үндсэн хуулийн 19 эвсэл
Зөв хүн электорат эвсэл
Зон олны нам
Ард түмний олонхийн засаглал нам
АН-ын хуучин нэг, шинэ хоёрын тухайд...
УИХ-ын гишүүн асан Д.Ганбат нь 2012 онд хонгор нутгийнхны итгэлийг хүлээж, парламентад сонгогдож байсан билээ. Энэ хугацаанд тэрбээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороог даргалахын зэрэгцээ олон хууль тогтоомжийг санаачилан боловсруулсан нь Эрүүгийн, Зөрчлийн тухай болон Татварын багц хуулиад байсан юм. Цаг хугацааны хувьд эдгээр чухал хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг хойшилсоор эрх баригч МАН-ын үед батлагдсан хэдий ч энэ хуулиудыг боловсруулж, нарийн зүйл заалтуудыг нь тусгах, ард иргэдийн болит амьдралд хүртээмжтэй байгаа эсэхийг нь судлах бүхий л суурь дэвсгэр ажлыг 2012-2016 онд гардаж болон хамтран хийсэн юм. Олон нийт түүнийг бидон тараахаас хэтэрдэггүй улстөрч гэдэг өнцгөөр ташаа ойлгодог ч үнэндээ Монгол Улсад хэрэгжиж буй Татварын багц хуулиас эхлээд олон чухал хуулийг боловсруулахад хувь нэмэр оруулсан билээ. Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүд шиг хог болох тайлан, эсвэл усны саван дээр өөрийнхөө зургийг хэвлэж онигоонд орохоос илүүтэй хүний эрүүл мэндэд хэрэгтэй бидон тарааж яагаад болохгүй гэж. Харин ч хэрэгцээнд нь таарсан хамгийн эрүүл, хүмүүнлэг “бэлэг” гэж ойлгож байгаа. Хамгийн сүүлд гэхэд, зориулалтын бус хуванцар савнаас болж иргэд хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулах зорилгоор “Алдарт эх”-ийн одонтой 8000 ээжид 40 литрийн багтаамжтай бидон бэлэглэж байсан. Тэрчлэн Д.Ганбат нь 2012 оноос хойш жил бүр 100 гаруй оюутанд тэтгэлэг олгож эхэлсэн ба 2016 оноос эхлэн энэ тоог 500 болгон нэмэгдүүлжээ. Цаашдаа тэтгэлэг олгох оюутны тоог 1000 болгож нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэнэ.
Баянхонгор аймгийн уугуул А.Адъяасүрэн нь ажилч, хөдөлмөрч эмэгтэйчүүдийн төлөөлөл юм. Тэрбээр бизнесийн салбарт 20 жил тасралтгүй зүтгэж, “Номгон санчир” авто сургуулиа байгуулсан. Өнөөдөр тус компани нь “Номгон санчир” групп болтлоо өргөжин тэлж авто тээврийн салбарт манлайлан оролцож явж буй гэдгээр нь хүмүүс мэддэг болжээ. Өдгөө олон арван мянган ажилчин, багш, мэргэжилтэнтэй тус авто сургууль өнгөрсөн хугацаанд 50 гаруй мянган жолооч бэлтгэжээ. Багш, сэтгэл зүйч мэргэжилтэй түүний удирдсан компани өдгөө жолоодлогын сургуулиас гадна өөрсдийн МСҮТ-ийг байгуулан найман чиглэлээр авто тээврийн засвар үйлчилгээний ажилтан бэлтгэж байгаа бөгөөд Оюутолгой компанийн аюулгүй жолоодлогын сургалт хариуцсан анхны монгол компаниар тав дахь жилдээ ажиллаж байна. Тэрбээр аймаг орон нутагтаа олон ажлыг хийж хэрэгжүүлсний нэг нь ирээдүй үеэ дэмжиж, сурах бичиг өгсөн үйлдэл юм. Гэтэл Их хуралд сонгогдсон эмэгтэй гишүүд нь сурах бичгийн тендер авдаг гэх муу нэртэй байдаг.
Ажилдаа мах руу дайчин чанар нь түүний өнөөдрийн энэ амжилтыг илтгэдэг гэх хүмүүсийн яриа ч байдаг юм байна. Хэрэв түүнийг УИХ-ын гишүүнээр сонговол авто тээврийн салбарынхан болон боловсролын салбарынханаас түлхүү санал авах магадлалтай. Харин гурав дахь нэр дэвшигч П.Нүрзэдийн тухайд, хийж, бүтээх чин хүсэл эрмэлзлэлтэй улстөрч залуусын нэг. Тэрбээр Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул. Тэрбээр өвөөгөөрөө овоглодог бөгөөд түүний өвөө Пүрэв нь Баянхонгор аймгийн прокурорын байгууллагыг үүсгэн байгуулалцсан анхны таван хүний нэг юм байна. П.Нүрзэд нь МУИС-ийн МХСС-д элсэж, соёл судлаач багш мэргэжил эзэмшсэн. Улс төрийн карьерын хувьд богино хугацаанд өссөн, эдүгээ АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүний статустай аж.
ЖДҮ-чин, оффшорчин, тендерчин гурвал
МАН энэ удаа ард түмэнд танигдсан М.Билэгтийг жийж, түүний оронд У.Хүрэлсүх, Г.Занданшатар нартай “казинодож” явсан хар түүхтэй, хэвлэлийн салбарын бүх тендерийг давуу эрхээр түүгч гэх муу нэртэй Б.Батцэцэгт мандат өгсөн. Үүнийг улстөрийн хүрээнд “Г.Занданшатар ялагдахаас айхдаа зориуд М.Билэгтийг жийсэн” гэдэг тайллаар уншиж, чимээгүй байдлаар Л.Элдэв-Очир нь ч баярлаад өнгөрсөн билээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар нь ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн нэг юм. Тэрбээр дөрвөн гишүүнтэй (Т.Аюурсайхан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан) нартай хамтарч талбай дээр өдөр шөнөгүй жагсаж, УИХ-ын дарга асан М.Энхболдыг суудлаас нь буулгахын төлөө уйгагүй “ажилласан”. Үүнийхээ шанд УИХ-ын даргын сэнтийд заларч, хэзээний батлагдахад бэлэн болсон ҮХНӨ-ийг хийсэн гавьяаг өөртөө наасан юм. Тэрчлэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сул гишүүн, ЗГХЭГ-ын дарга, спикерийн албан тушаалд суусан тул тойрогтоо төсвийн хөрөнгө оруулалтыг ч нэлээд сайн татсан. Одонтой ээжүүдэд оёдлын машин тарааж, залуусын багаар хөлөө сайн бэлдчихээд сурталчилгааны хугацаагаа хүлээж байна. Гол нь, Г.Занданшатар өнгөрсөн хугацаанд маш олон Баянхонгорын залуусыг төрд ажилд оруулж өгсөн. Тэд нь сайн ахынхаа ачийг хариулах үүрэг хүлээх юм. ЖДҮХС-гийн зээлийн асуудалд хүртэл нь нэр нь холбогдсон ч тэр ямагт уснаас хуурай гарч сурсан хүн билээ. Улс төрийн хүрээндээ Г.Занданшатар Ц.Анандбазарын томоохон бизнесүүдийн лоббиг хийж, гадны оронд гацсан Т.Бадамжунайн хамгаалалтыг хүртэл үүсгэж чадсан гэгддэг машид сэргэлэн хүн. Түүнийг мандат найдвартай авах хүмүүст эрх баригч оруулан тоолж буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн, MCS тодотголтой Л.Элдэв-Очир Баянхонгор аймагт улиран дэвшээд байна. Түүнийг 2016 онд “царцаа” зөөн байж ялалт байгуулсан гэж ярьдаг. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Их хуралд суухдаа төдийлэн тодорч танигдаагүй, чимээгүй, сул гишүүдийн нэг байсан. Л.Эодэв-Очир нь чинээлэг 30 гэр бүлийн нэг бөгөөд оффшор бүсэд данстай гэдгээрээ асуудалтай гишүүдийн тоонд багтдаг. Түүний 2018 оны ХАСХОМ-ыг харвал, жилийн 13 тэрбум 979 сая төгрөгийн, гэр бүл нь 9 сая төгрөгийн орлоготой. Амины орон сууц гурав, зуслан нэг, машины гараж гурав, нийт үнэлгээ нь 4 тэрбум 407 сая төгрөг. Нэг тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 106 сая төгрөгтэй, нэг тэрбум төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.
Тэрээр ил зарлаж, хэд хэдэн алтны уурхайн үйл ажиллагааг хаах, тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авсан. Гэвч аймаг дахь гар хөлүүдээрээ дамжуулан алтны уурхайнуудтай “сүжирдэг” гэх яриа хөвөрдөг. Түүнчлэн мөрийтэй тоглоом тоглодог нэг тийм дампуу төрлийн залуус нь мөлхөө байдлаар түүний төлөө сайн ажиллана гэх хүлээлттэй байна.
Харин Гадаад харилцааны дэд сайд асан Б.Батцэцэг нь хөшигний ард “Италид л элчингээр явуулаад өг. Эрүүл мэнд, бизнесийн байдлаа бодсон ч тэр элчингээр л явчихвал болчих гээд байна” гэж намынхнаасаа хэдхэн сарын өмнө гуйсан гэх. Гэвч гэнэт тооноор орж ирээд л тэр мандатаа авчихсан. Тэрбээр “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх гурван компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт гурван тэрбум, 259 сая төгрөг авсан баримтыг eguur.mn сайт дэлгэсэн.
Мөн нийтлэлч Б.Оргилмаа “Банк дампууртал казинодсон нь” нийтлэлдээ “Хадгаламж” банкны 14.2 тэрбумаа казинодсон хүмүүс дунд Б.Батцэцэг явсныг баримтаар бичсэн. Төрийн мөнгөөр казинодож, тендер авч, тэр тоолондоо МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй ойр явсан эл бүсгүйд өнөөдөр хонгор нутгийнхан итгэл үзүүлнэ гэхэд бэрх. Даргаа найрахаас малчдыг найрах нь илүү хэцүү байдгийг мэдрэх биз ээ.
Баянхонгорчууд бие даагч, эсвэл АН, МАН-аас өөр намын сонгогч УИХ-д гаргасан түүхгүй. Тиймээс ч МАХН тэргүүтэй жижиг намуудын нэр дэвшигчдийг ерөнхийдөө “шаанс”-гүй гэж үзэж байна. Энэ ангилалд МАХН-аас Ж.Ганзул, Г.Цэвээнжав, “Зөв хүн Электорат” эвслийн Ж.Төмөрхуяг, Ж.Ариунтуяа, Шинэ эвслийн О.Батсүх, Цэнджав нарын нэр дэвшигчдийг багтааж болно.
Эндээс харахад, Баянхонгорчууд ЖДҮ-чин, оффшорчин, тендерчин гурваас илүүтэй нэр цэвэр хүмүүст итгэл үзүүлэх эсэхийг харах үлдлээ. Судалгаагаар, АН-ын А.Адъяасүрэн, П.Нүрзэд нар рейтинг өндөр гарсан бол хуучин гишүүн Д.Ганбат урд талын сумдуудаар үнэлгээ өндөртэй байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН