А.МИНЖИН
ЖАРАН ТЭРБУМЫН СҮЛЖЭЭ
МАН УИХ-ын 2016 оны сонгуульд олонх болохтой зэрэгцээд 60 тэрбум буюу төрийн албыг наймаалцсан хэрэг илэрч задарсан. Төрийн бүх шатны албыг наймаалцан “60 тэрбум” төгрөг босгох хэргийн схем боловсруулж, төрийн албыг наймаалцан, хууль бус аргаар мөнгө босгох гэж УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд нь оройлон зохион байгуулсан хэргийг шалгав. МАН-ын гишүүн НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал 2019 оны төгсгөлөөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс тэднийг сонгуулийг будилаантуулсан, төрийн эрхийг хууль бусаар авсан хэмээн үзэж дөрвөн жилийн хорих ял ногдуулсан билээ.
Ц.Сандуй, А.Ганбаатар нар одоогоос дөрвөн жилийн өмнөх сонгуульд зориулан боловсруулж, УИХ-ын дарга асан, одоогийн УИХ-ын гишүүн М.Энхболдод танилцуулж, хэрхэн нийслэл, орон нутаг, яам, тамгын газар гээд төрийн бүх байгууллагаас санхүүжилт босгох талаар ярьж буй видео болон аудио бичлэгийг иргэн Г.Доржзодов баримт болгон задалсан юм. Энэ бол иргэн Г.Доржзодовын “60 тэрбум”-ын гэх хэргийн бичлэгийг “Шинэ Монгол хаад” группийн Стратеги хариуцсан албан тушаалд томилогдоод удаагүй байхдаа буюу 2014 онд хийж буулгасан гэдэг. Уг бичлэгт төрийн албыг хэрхэн наймаалцаж, намдаа болон өөрсдөдөө доод тал нь 60 тэрбум төгрөг босгох пирамид хэлбэрийн схемийг тодорхой өгүүлдэг.
Иргэн Г.Доржзодов энэхүү дуулианыг 2017 онд гаргаж тавьсан бөгөөд цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ил болсон билээ. 2016 оны УИХ-ын сонгуулиар олонхын 65 суудал авч бүрэлдсэн МАН-ынхан ийнхүү урьдаас ярьж, төлөвлөснөөрөө төрийн албыг ийн үнэлэн худалдаж өнөөдөр бүх шатны төрийн албанд 60 тэрбумын гар хөл, салаа мөчир шивээлэн суугаа нь үнэн билээ.
800 ТЭРБУМЫН КОНЦЕСС БОЛОН ТЕНДЕРИЙН ХУЛГАЙЧ НАР
МАН-ын бүлэглэл долоон концессын гэрээгээр 800 гаруй тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлах тохироо хийж байсныг эргэн сануулъя. Тодруулбал Засгийн газар 2016 оны наймдугаар сарын 17-ны өдөр “Концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол гаргаж, концессын зүйлийн жагсаалтад “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр тусгасан улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын гэрээг 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн байдаг. 807 тэрбум төгрөгийн концесс МАН-ын одоогийн УИХ-ын гурван гишүүнтэй холбоотой. Тэд бол Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Н.Номтойбаяр нар юм. Тухайлбал Н.Номтойбаярын МАК компанитай Засгийн газар шууд гэрээ байгуулж, 78.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий “Оюу толгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станцын төсөл”-ийг өгөв. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын тухайд түүний эхнэрийн ахын хамаарал бүхий “Засагт чандмань майнз” ХХК-тай байгуулсан 162.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий “Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумдыг холбосон 130км хатуу хучилттай авто зам”-ын төслийг авчээ.
Засгийн газраас дур мэдэн баталсан гэгдэж буй долоон концессын хамгийн эхэнд “Оюу толгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээ. Төсөвт өртөг нь монгол мөнгөөр 78 тэрбум 752 сая төгрөг. МАК-тай байгуулсан концессын гэрээний асуудал энэ. Мөн дараа нь “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концесс нэрлэгджээ. Төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөг. Концессыг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтынх гэгддэг “Алтай трест” ХХК гүйцэтгэхээр тусгагджээ.
“Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл”. Нийт төсөвт өртөг нь 211 тэрбум, 373 сая төгрөг юм. Замын гүйцэтгэгч компаниар “Хос мөнгөн залаа” компани. Энэ компани МАН-ын нөлөө бүхий хүнийх гэгддэг. Эдгээр концессуудын нэгд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай холбогддог. Тухайлбал Дархан-Эрдэнэтийн автозамаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийг боловсруулах-барих-шилжүүлэх нөхцөлтэй 22.2 км авто зам юм байна. Төсөвт өртөг нь 26 тэрбум 640 сая төгрөг.
“Тендерчин” Б.Батцэцэг гэдэг үгээр МАН-ынхны энэ жагсаалт үргэлжилнэ. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх 3 компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт гурван тэрбум төгрөг авчээ. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан увайгүйчүүдийн жагсаалт ХААҮ-ийн сайд Ч.Улаанаар хөвөрч өмнөд хөрш руу мал амьдаар нь гаргах эрхийг хадам дүүгийнхээ компанид өгсөн байна. Мөн нэг зартай концессчин бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт. Тэрбээр “Алтай трест” компаниараа “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессын гэрээ байгуулахаар болжээ. Барих, шилжүүлэх гэрээтэй концессын төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөг. Энэ гэрээг Засгийн газрын 16 дугаар тогтоолыг зөрчиж, 2018 болон 2019 онд эргэн төлөлт хийх нөхцөлтэйгээр байгуулжээ.
Энэ мэт долоон концессын 800 тэрбумын хэргийн эзэд өнөөдөр нэр дэвшээд явж байна. Уг нь хууль бус зүйлтэй эрс шийдэмгий тэмцэнэ хэмээн гарч ирсэн У.Хүрэлсүхийн Засгийн газрынхан концессын хууль бус гэрээг шалгаж, үнэн мөнийг тогтоож, эздэд нь хариуцлага хүлээлгэхгүй сунжруулсаар энэ удаагийн сонгуульд “гэмт хэрэгтнүүдээ” дахин өрсөлдүүлэхээр зарлачихаад сууж байна.
ЖДҮ -ЧИН ГИШҮҮД
Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 2018 оны аравдугаар сард нэр бүхий УИХ-ын гишүүд болон зарим албан тушаалтнууд ЖДҮХС-гийн хөрөнгийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдэд олгуулсан тухай мэдээлэл гарсантай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяалал тогтоон Авлигатай тэмцэх газарт ирүүлснээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн юм. Тухайлбал, ЖДҮХС-гаас 2018 онд зээл авахаар хүсэлт гаргасан 1544 иргэн, аж ахуйн нэгж байдаг. Тэдгээрээс ХХААХҮ-ийн сайд 2018 оны хоёр удаагийн тушаалаараа 216 иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн төсөлд зээл олгосон. Мөрдөн шалгах ажиллагаа нь зээлийн хүсэлт гаргаад авч чадаагүй иргэн, аж ахуйн нэгжийн төсөл, бичиг баримт болон зээл авсан 216 төслийн үйл ажиллагааг хамарч явагдсан. Ингэхэд УИХ-ын нэр бүхий 49 гишүүн, МАН-ын удирдлагууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас хувьдаа болон хамаарал бүхий компанидаа тэрбум, тэрбумаар нь зээл авсан нь олон нийтэд ил болоод удаж байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 4 жилийн хугацаанд эрх баригчдын “байгуулсан томоохон гавьяа”-ны нэг нь энэ болов. Эдүгээгийн УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн яам, агентлагт өндөр албан тушаал хашиж буй хүмүүс өөрсдөдөө ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан нь зохион байгуулалттай гэмт хэрэг гэж нэрлэхээс өөр аргагүй. Аль хэдийнээ “шоронд шомбойсон” байх учиртай гишүүд эдүгээ дахин сонгогдохоор зараа тараагаад гүйж явна.
СААРАЛ ЖАГСААЛТ БОЛОН ХАР ЖАГСААЛТ
МАН эрх барьж, засаглаж чаддаагүйгээ хүлээн зөвшөөрч 2017 оны тавдугаар сард ОУВС-гийнханд мөнгө, санхүүгийн эрх мэдлээ өгсөн. Тус сангийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт багтсанаар улс орон эдийн засгийн хувьд бүсээ чангалж, мөнгө санхүүгийн хатуу бодлогод шилжсэн. Өнгөрсөн сарын 18-нд Монгол Улс, Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Financial Action Task Force буюу FATF-ын саарал жагсаалтад багтав. Авлигын гэмт хэрэгтэйгээ тэмц, шүүх, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа томоохон авлига, албан тушаалын хэргүүдээ шийд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд татагдан орох эрсдэлтэй салбарууддаа хууль хяналтын хэрэгжилтийг сайжруул гэдэг зөвлөмжийг FATF хоёр жилийн өмнө өгөөд байхад эрх баригчид энэ талаар юу ч хийгээгүй. Тиймээс FATF сая дүнгээ тавьж Монгол Улсыг ХАР ЖАГСААЛТАД оруулсан. МАН ЖДҮ болон 60 тэрбумын хочоо түүхэндээ “тэмдэглэн үлдээлээ”. Намын даргаасаа эхлээд бүх шатандаа авлига албан тушаал, ЖДҮ, концесс, тендерийн хэрэгт нэр холбогдож, цаашилбал, хүчин, хар тамхи, хил дамнасан бохир мөнгө, казино, “өгзгөөр” үргэлжилж, “СААРАЛ ЖАГСААЛТ”-аар өндөрлөсөнгүй дахин “ХАР ЖАГСААЛТ” руу оруулав.
Тухайлбал Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад 2020 оны тавдугаар сарын 7-ний өдөр багтлаа. Энэ жагсаалтад багтсан улс орнуудын бизнес эрхлэгчид Европын Холбооны санхүүжилтийг шинээр авах эрхгүй болох, Европын Холбооны банкууд болон бусад санхүү, татварын фирмүүд эдгээр улстай харьцаж буй үйлчлүүлэгчдээ илүү нарийвчлан судлах шаардлагатай болно. Мөн Европын улс орнуудад иргэд, ААН-үүд картаар гүйлгээ хийх боломжгүй болно. Зээлжих зэрэглэл буурах магадлалтай зэрэг шууд эрсдэлтэйгээс гадна шууд бус олон эрсдэлд эх орноо эрх баригчид ийнхүү оруулаад байна.
БУСАД БАЛАГТ ЯВДЛУУД
МАН засагласан үед барцадтай батгана суусан газар баастай. МАН өнгөрсөн 4 жилд гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон, оюутан залуус дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд тэтгэлгээр сурч байсныг болиулсан, ипотекийн зээлийг сааруулж, орон сууцжуулах бодлогыг саармагжуулсан, түрээсийн орон сууцыг гацаасан. МАН-ынхан 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Татвар нэмэхгүй. Шинэ төрлийн татвар бий болгохгүй” гэх амласан ч 9 есөн төрлийн татвар нэмсэн юм. Татвар нэмэгдүүлсний үр дагавраар өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн бөгөөд Засгийн газраас зөвхөн хоёр төрлийн татварыг буцаах талаар мэдэгдсэн ч нэгэнт өссөн барааны үнэ буухгүй хэвээр үлдсэн. Мөн өндөр насны тэтгэвэр тогтоох насыг жил бүр 3 сараар уртасгасан. Өмнө нь эрэгтэй 60, эмэгтэй 55 настайд тэтгэвэр тогтоолгох эрх нээгддэг байсан бол дээрх зохицуулалтаар жил бүр гурван cap нэмэгдсээр 1977 оноос хойш төрсөн эрчүүд, 2002 оноос хойш төрсөн эмэгтэйчүүд 65 нас хүрч сая тэтгэврийн бараа харах болов.
Мөн нэр бүхий МАН-ын гишүүдийн нэр холбогдсон хэргүүд 4 жилийн турш олны чихийг халууцуулж, сэтгэлийг түгшээв. Б.Чойжилсүрэн Тост, тосон бумын нуруунд олборлолт хийхийг санаархсан, байгаль хамгаалагч хүүгийн үхэлтэй нэр холбогддог бол Ц.Нямдорж хуулийн салбарыг бүхэлд нь унагаж, улсаа “ХАР ЖАГСААЛТ”-нд багтаасан. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хар тамхины бүхэл бүтэн сүлжээг “биежүүлэн байгуулж” хамгаалж хаацайлсан.
Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг шинэчилж, 2017 онд 244 км замыг нэгдүгээр зэрэглэлийн, дөрвөн эгнээтэй, цемент бетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн чанартай болгон шинэчилж, 2018 онд хүлээлгэн өгнө хэмээн сүр дуулиантай нээлт хийсэн ч явсаар 2019 оны зун замыг хуулж, түр зам тавьсан бөгөөд үүнд 6.5 тэрбум төгрөг зарцуулаад одоо болтол бариагүй бөгөөд олон хүний амь насыг эрсдэлд оруулав.
ЗТХЯ-нд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдав.
Хоёр удаагийн хүчингийн хэрэгт УИХ-ын гишүүн асан Д.Гантулга холбогдов. УИХ, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү амиа насаа төрийн ордонд алдав.
2019 оны 11 дүгээр сард Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Korean Air компанийн нисэх онгоцоор Сөүл хотыг зорих замдаа нисэх онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед халдсан хэрэг дуулиан дэгдээв.
Энэ мэтээр МАН-ын дөрвөн жилийн улс оронд учруулсан гай барцад, балгийг бүгдийг нь дурдаад барагдахгүй. Балагт бага гэж үгүй.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН