Т.ЭРДМАА
УИХ-ын 2020 оны сонгуульд томсгосон 29 тойрогт өрсөлдөх нам, эвсэл, бие даагчдын нэрс тодорсон бөгөөд хүн амын тоо, бүс нутгийн байршил, нягтаршил зэргээс шалтгаалан нэг тойрогт 2-4 мандат ногдож буй. 2020 оны сонгуульд АН, МАН-аас гадна хоёр эвсэл, нэг хөдөлгөөн болон 208 бие даагч нэр дэвшихээр бүртгүүлсэн нь өмнөх долоон удаагийн парламентын сонгуулийг бодвол өрсөлдөөнтэй, сонголттой сонгууль болох нь тодорхой байна. Тиймээс энэ удаагийн “Хэн нь хэн бэ” буландаа хоёр мандаттай дөрөвдүгээр тойрог буюу Булган аймагт нэр дэвшигчдийг онцоллоо.
УИХ-ын 2020 оны сонгуулийн дөрөвдүгээр тойрог болох Булган аймагт нам, эвслээс нийт 12 хүн нэр дэвшиж буй. Үүнд,
УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог, хоёр мандаттай
Булган аймаг
АН:
С.Гал-Эрдэнэ
Д.Өсөхбаяр
МАН:
Ж.Бат-Эрдэнэ
Ц.Анандбазар
МАХН буюу “Та бидний эвсэл”:
Ш.Булган
Б.Санчир
“Зөв хүн электорат” эвсэл:
Б.Гүнбилэг
Сахигтун! Үндсэн хуулийн эвсэл:
Л.Отгонжаргал
Ч.Эрдэнэчимэг
Зон олны нам:
А.Манлайбаатар
“Шинэ эвсэл”
Н.Мэндээ
Г.Батбаяр
Ардчилсан нам шинэ давлагаа болсон залуусаа илгээжээ
Энэ тойрогт бусад 28 тойргоос харьцангуй цөөн хүн нэр дэвшиж буй. Ардчилсан нам анхдагчдын өлгий нутаг Булган аймагт улс төрийн шинэ давлагаа болсон залуусаа илгээжээ. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Булган аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Гал-Эрдэнэ, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Өсөхбаяр нар УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр тодроод байна.
SICA судалгаа, зөвлөх үйлчилгээний байгууллага 2020 оны сонгуульд залуус хэрхэн оролцох, ямар хандлагатай байгаа талаар судалгаа хийжээ. Судалгаанд Улаанбаатар хот, 21 аймгийн 1000 шинэ үеийн төлөөллийг хамруулсан. Мөн шинэ үеийнхний улс төр, сонгуулийн оролцоо, улс төрийн сэтгэл ханамж, үнэт зүйлс, итгэлцэл, мэдлэг зэрэг өмнө нь манайд хийгдэж байгаагүй олон шинэ судалгааны сэдвүүдийг хөндсөн. Үүнээс гадна шинэ үеийнхний сонгуулийн идэвхээс гадна төр засгийн талаарх санаа бодол, УИХ-ын сонгуульд хэрхэн оролцох, урьдчилсан байдлаар мэдэгдэж буй сонголт, сонгуулийн хүлээлт зэргийг тодруулжээ. Судалгаанд оролцсон шинэ үеийнхний хувьд сонгогдоосой гэж хүсч буй нэр дэвшигчийн хүйсийг чухалчилж авч үзээгүй бөгөөд харин 78 хувь нь 25-40 хүртэлх насны нэр дэвшигчийг дэмжих хандлагатай байжээ. Тухайлбал, 25-35 настай залуу нэр дэвшигчийг шинэ үеийнхний 51 хувь нь дэмжих хандлагатай гэсэн судалгаа гараад байна. Тус байгууллага өмнө нь хийсэн “Монголын нийгмийн үеүдийг тодорхойлох нь” судалгаандаа 1995 оноос хойш төрсөн залуусыг “шинэ үеийнхэн” гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл шинэ үеийхэн буюу 18-25 насны залуус 2020 оны сонгууль өгөх нийт сонгогчдын 17.2 хувь буюу 379.1 мянга байгаа юм. Иймд эдгээр насны залуучуудын идэвх оролцоо сонгуулийн үр дүнд тодорхой хэмжээнд нөлөөлөл үзүүлэх болно.
Дашрамд дурдахад Ардчилсан нам 2019 оныг “Залуусын хөгжлийг дэмжих жил” болгон ажилласан. Энэ хүрээнд “Шинэ давлагаа” бүсийн чуулгануудыг зохион байгуулсан билээ. Тэгвэл “Шинэ давлагаа” хангайн бүсийн залуусын чуулган анхдагчдын өлгий нутаг Булган аймагт болсон. Энэ чуулганд Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймаг, ХУД, Чингэлтэй дүүргийн 800 гаруй залуус оролцсон байдаг. Тэд “Урам зоригтой ирээдүй, Үнэт зүйлтэй залуус, Үзэл баримтлалтай Ардчилал” уриа дэвшүүлжээ. Ингээд “Хувь хүний эрх чөлөө”, “Эдийн засгийн эрх чөлөө”, “Улс төрийн эрх чөлөө”, “Шударга ёсны эрх чөлөө”, “Үндэсний эрх чөлөө” гэсэн сэдвээр чөлөөт ярилцлага хийсэн байна. Энэ үеэр залуус “Мөнгө, албан тушаал нэгдүгээрт бичигддэг цаг өнгөрч байна. Цаашид улс төрийн намд Үзэл баримтлал тэргүүнд бичигдэх болно. Энэ бол шинэ давлагаа юм. Өнгөрсөн 30 жилийн турш засаг, төрөөс эхлээд нийгмийн ухамсар бүхэлдээ мөнгө, албан тушаал гэсэн хоёрхон зүйл дээр төвлөрч, харанхуй нүхэнд гацчихлаа. Тэгэхээр Монгол Улс цаашид хаашаа чиглэх юм бэ. Мөнгө, албан тушаалыг чухалд тооцсоор, харанхуй нүхэндээ байсаар байх уу. Ардчилсан залуус үүнийг хүсэхгүй. Монголын залуус өөр зүйлийг хүсч байна. Нам гэдэг мөнгөтэй болох арга хэрэгсэл биш, албан тушаалд хүрэх гүүр ч бас биш. Үзэл баримтлалаараа нэгдэж, бусдын төлөө ажилладаг хүмүүсийн нэгдэл байх ёстой. Энэ соёлын давлагаа бол шинэ давлагаа юм” хэмээн ярилцсан байна.
МАН-ын шинэ гишүүн, шинэхэн улстөрч хэн бэ?
Булган аймагт МАН-аас нэр дэвшиж буй Ж.Бат-Эрдэнэ 2016 оны сонгуулиар УИХ-д анх удаа сонгогдсон. Тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын Зам тээвэр хөгжлийн сайдаар ажиллаж давхар дээл өмссөн билээ. Түүнийг сайдаар ажиллаж байхад 2018 онд ЗХЯ-ны газрын дарга нар хоорондоо муудалцаж, нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарсан. Мөн энэ хэргийн дараахан Дорноговь аймгийн Айраг суманд 328 зорчигчтой суудлын галт тэрэг онхолдсон удаатай. Эдгээр хэрэг явдлаас болж тэр сайдын суудлаа өгсөн. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ элдэв асуудалд нэр холбогдоод байдаггүй ч түүний тухай элдэв яриа олны дунд хэсүүчилж явдаг. Харин монголчууд “Олны үг ортой” гэлцдэг билээ. ЖДҮ-чдийн хэрэг ид мандаж байх үед УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Бүрэн луу” ХХК-иар дамжуулж 674 сая төгрөгийн зээл авсан тухай баримт мэдээлэл цацагдаж байлаа. Мань эр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө “МИАТ” ХХК, “МТЗ” ТӨХК гэсэн хоёр томоохон газрын ТУЗ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай. Энэ хоёр газраасаа овоо гэгч нь “түрийвчээ түнтийлгэсэн” гэж учир мэдэх хүмүүс ярих юм билээ. Энэ нь ч оргүй хоосон яриа биш болов уу. Мөн ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа замын хамаг тендерийн 60 орчим хувийг хятадуудад өгсөн тухай яригдаад өнгөрч байв. Үүнээс гадна зам барилгын ажлын ямар ч туршлагагүй “Рес” хэмээх компани нь түүний мэдлийнх гэдэг бөгөөд их хэмжээний мөнгийг тус компани руу гулсуул гэсэн үүргийг ажилтандаа өгч байсан түүхтэй гэнэ. Мэдээж хэрэг ажлын ямар ч туршлагагүй ийм компанид шууд мөнгө шилжүүлэх нь хууль зөрчсөн үйлдэл. Иймд боломжгүй гэх хариуг өгсөн байдаг.
МАН-аас нэр дэвшихээр тодорсон “Сод Монгол” группийн Ц.Анандбазар улс төрд орохыг хичээж буй ч элдэв асуудалд нэр холбогдож явдаг нэгэн. Тэрбээр эдүгээ Булганд мотоцикль, 10, 20 мянган төгрөгийн шатахууны эрхтэй sodcard тарааж яваа сурагтай. Энэ тухай нутгийн иргэд болон Булганаас гаралтай хүмүүс өөрсдийн цахим хуудсаар мэдээлж буй юм.
Tsogt Erdene:
“Анхдагчдын өлгий Булган гэхээрээ л будаанаас гадна бензинээр хахах ёстой юу! Ц.Анандбазар Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг санаатай зөрчиж цөөнгүй удаа “Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг ТББ-ын нэрээр 10000, 20000 төгрөгийн эрхтэй шатахууны карт зохион байгуулалттай тараасан нь “Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэсэн бардамнал юм. Ц.Анандбазараас карт авсан Булганы цагдаагийнхан шударга хандана шүү!” гэжээ.
Ganchimeg Badamdorj:
”Хэсгийн төлөөлөгчийн орон тоо байхгүй, Ц.Анандбазар аа... Ц.Анандбазар одоо хэсгийн төлөөлөгч маягийн хүн болох гээд яваа юм уу. Малын хулгай яриад л тв-гээр хууль бус сурталчилгаа маягийн юм оромдоод харагдах...Булганыхан минь энэ хүн хэдэн хужаа мотоцикль тараалаа гээд хөл болоод байгаа юм биш биз дээ...10 литрийн бензин талон л хангалттай гээд та нарыг басамжилж яваа нөхрийг хараад арай алгаа тосоод байгаа юм биш биз дээ... 20 литрийн талон хараад хормойгоо тосч онигоонд оров... доо... Сум болгон хэсгийн төлөөлөгчтэй шүү дээ. Ийм нэг гулгаж тэшсэн, хуумгай, зальтай нөхрийг ХЭН гэж сонгох юм. Нутгийн ганц нэг хүмүүс хөөрцөглөөд дагачихсан л тууж явна. Гэнэт л Булганд хайртай болсон нөхдөд та нар сонгогчдыг угааж зусардахгүй шүү!” хэмээн цахим хуудастаа мэдээлжээ.
Гэрээ ч зарна,
гэнэн ч амлана
1992, 2008 оны УИХ-ын сонгууль 26 тойрог, тойрог бүр 2-4 мандаттай байсан. Сонгогчийн тооны хувьд 1992 онд 32011 байсан бол 2008 онд 34233 болж өсчээ. Тэгвэл 2020 оны сонгууль 29 тойрог, тойрог бүр 2-3 мандаттай явахаар болсон. Энэ жилийн сонгуулиар ч сонгогчдын тоо өсөх нь тодорхой.
“Зөв хүн электорат” эвсэл УИХ-ын сонгуулийн 29 тойрогт 59 нэр дэвшигч тодруулсан. Тэднээс УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог буюу Булган аймагт хуульч Б.Гүнбилэгийг сойсон. Тэрбээр “УИХ-ын сонгуульд хоёр орон сууцныхаа нэгийг зараад өрсөлдөнө” хэмээн ярилцлага өгсөн байдаг. Өөрийнхөө өмч хөрөнгийг зарж борлуулаад сонгуульд өрсөлдөх нь хувь хүний л асуудал. Гэвч монголчууд “Гэрээ засаад Төрөө зас” гэж ярьдаг. Тэгвэл “Гэрээ зараад Төрөө зас” хэмээх шинэ хэлц үг бий болж буй бололтой. Орон гэрээ заран байж сонгуульдах ямар ашиг сонирхол байгаа юм бол гэсэн асуулт хариулт нэхнэ. Эрхэм хуульч Б.Гүнбилэг уг асуултад хариулт өгч Булган аймгийн сонгогчдод тайлбарлах байх гэж найдна. МАХН буюу “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшихээр тодорсон Ш.Булган хүний их эмч мэргэжилтэй, Ховд аймгийн МАХН-ын 36-р мянгатын дарга аж. Тэрбээр “Иргэдийн эмчилгээний зардлыг төрөөс хариуцдаг тогтолцоог Үндсэн Хуулиараа бий болгоё” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ. Гэтэл
Tuvshinjargal Puntsag: “Сайхан худлаа амлаад л бид итгээд л байх юм. Боломжгүй зүйл амлаж байгаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр биднийг бүр мангар хүмүүс гэдэгт итгэчихсэн байна. Нэртэйгээр нь ажил хийлгэхгүй цалин өгнө гээд амлачхаач!” хэмээн сэтгэгдэл бичжээ. УИХ-ын 2020 оны сонгуулийн дөрөвдүгээр тойрог буюу Булган аймагт нэр дэвшихээр тодорсон хүмүүсийн талаар одоохондоо ийм мэдээлэл байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН