УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд ганцаарчлан болон бусад гишүүдийн хамт 71 ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРЬСНААС 41 ХУУЛИЙГ БАТЛУУЛААД БАЙНА. Санаачлан боловсруулж, батлуулсан хуулиуд маань улс орны хөгжил, иргэдийн амьдрал, тэдний эдлэх эрх, нийгмийн хамгаалал, хүний хөгжлийн асуудлуудад ач тусаа өгч, үр дүнгээ үзүүлсээр байна.
Хууль батлуулахад үнэндээ маш олон үе шатыг даван туулах шаардлагатай болдог. Хамгийн түрүүнд иргэдийнхээ санал хүсэлтийг сонсоно, тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх гарц хайна. Энэ үед асар их судалгаа шинжилгээ хийж, гадаад орнуудын жишгийг судалж, ажлын хэсгийнхэн хамаг хүч чадлаа дайчлан ажилладаг. Үүний үр дүнд гарч ирсэн судалгаа шинжилгээнд тулгуурлан хуулийн төслөө боловсруулна. Ингээд бүх зүйл дуусахгүй.
Боловсруулсан хуулийн төслөө хэд хэдэн үе шатаар дамжуулан УИХ-д өргөн барих ажлыг эхлүүлнэ. Гэвч олонхын суудал авсан намын гишүүд сөрөг хүчний намаас өргөн барьсан хуулийг дэмжихгүй тохиолдол олон. Ард олны амьдралд хэрэгтэй юу, үгүй юу, тэдэнд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулж чадах эсэхийг тэд хайхарсангүй.
"САЙН" ГЭСЭН БОЛГОНЫГ ЗОГСООВ
2016 оны сонгуулиар эрх баригч намын 65 гишүүн УИХ-д олонх болж гарч ирсэн цагаасаа эхлэн иргэдэд хүрч байсан сайн гэсэн нэртэй бүх хөтөлбөрийг зогсоосон. Үүний зорилго нь төсвийг аль болох алдагдалтай харуулах, эдийн засаг муудсан гэж иргэдэд итгүүлэхийг оролдож байлаа.
Энэ цагаас эхлэн бидэнд хэд хэдэн гэнэтийн бэлэг барьсан. 2015 онд батлагдаж, хэрэгжиж эхлээд байсан “Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг 2021 он хүртэл хойшлуулав. Тухайн үед “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хууль хэрэгжсэнээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа 45,792 хүүхдийн 25 хувь нь эрүүл аюулгүй орчинд хүмүүжиж, 1305 иргэн ажлынайртай болж, хүүхэд харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байсан зургаа мянга гаруй эцэг, эх асран хамгаалагч хөдөлмөр эрхлэх боломж бүрдэх байлаа. Гэвч хэрэгжилтийн хугацааг хойшлуулснаар энэ үйлчилгээнд хамрагдаад байсан 6000 гаруй хүүхэд, үйлчилгээг эрхэлж байсан 853 хүүхэд харах төв болон 2000 гаруй хүүхэд харагч иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн. Энэ үед ямар нэгэн нөхөн олговрын тухай ярилгүй маш их сөрөг үр дагавартай шийдвэр гаргасан. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 4.8 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Энэ мөнгийг хэмнэх нь эдийн засагт ямар үр өгөөжтэй байсныг тухайн үед ойлгоогүй, одоо ч ойлгомжгүй хэвээр.
"ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ" ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛОВ
Дараагийн гэнэтийн бэлэг нь батлагдаад байсан “Хамтын тэтгэврийн тухай” хуулийг цуцлах болсон тухай шийдвэр байв. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2016 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр Сангийн сайд Б. Чойжилсүрэн “Хамтын тэтгэврийн тухай" хууль шүүмжлэл дагуулаад байна. Монголчууд сүсэг бишрэлтэй учраас талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс тэтгэврийг нь авмааргүй байна гэх саналыг ахмадууд маань хэлж байна. Манай яаманд ийм санал их ирж байгаа. Тиймээс энэхүү хуулийг хойшлуулах санал оруулж ирсэн юм” гэж тайлбарласан. Харин Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлбэл хамтын гэдэг нэрийнхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчхаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу” гэсэн тайлбар хийсэн.
Ингэж тухайн үед ард олны дунд хамгийн их хүлээлт үүсгээд байсан хуулийг МАН гарч ирсэн даруйдаа итгэхийн аргагүй тайлбар хийж цуцалсан. Үүний дараа ахмадууд энэ хуулийг хүчингүй болгож байгаа нь Үндсэн хуулийн гурван заалтыг зөрчиж байна гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Энэ талаар ахмад настан Г.Аким “Хамтын тэтгэврийн тухай хууль баталсан нь олон хүнд тустай, амьдралд хэрэгтэй хууль болсон. Гэтэл шинэ Засгийн газар байгуулагдаад өмнөх парламентын баталсан сайн хуулийг цуцаллаа. Түүнийхээ оронд “Насны хишиг” өгөхөөр болж байгаа юм байна. Ахмадууд бид залуу насандаа улс эх орныхоо төлөө хийж, бүтээж, түүнээсээ татвар төлдөг байсан. Гэтэл ихэнх нь тэтгэврийн насанд хүрч чадалгүй эс бол цөөн хэдэн жил тэтгэвэр аваад хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Хамтын тэтгэврийн тухай хуулиар тэтгэврээ авч чадахгүй хүмүүс ар, гэр, хань ижилдээ өвлүүлэн үлдээх боломжтой байсан. Сонгуулийн үр дүнгээр төр засаг солигдох нь хамаагүй ганцхан төрийн залгамж чанартай, өмнөх засгийнхаа хийж хэрэгжүүлж байсан зөв, зүйтэй ажлыг үргэлжлүүлэх ёстой. Улс төрчдийн үл ойлголцол, залгамж чанаргүй байдлын золиос ард түмэн болох ёсгүй” гэсэн тайлбар өгч эсэргүүцлээ илэрхийлж байсан ч эрх баригчид энэ хуулийг хүчингүй болгосон юм. Харин 2020 онд “Хамтын тэтгэврийн тухай” хуулийн төслийг бага зэрэг өөрчлөн сайжруулж, Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн ч хэлэлцүүлэгдэж амжилгүй байсаар чуулганы хуралдаан хаагдлаа.
Мөн 2016 онд батлагдан хэрэгжиж эхлээд байсан “ИРЭЭДҮЙН ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНГИЙН ТУХАЙ” хуулийг МАН гарч ирээд хүчингүй болгосон. Энэ хууль хэрэгжсэнээр залуу гэр бүлүүд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдаж, орон сууцтай болохоос гадна тэдний төлөх зургаан хувийн хүүг Ирээдүйн тэтгэврийн нөөц санд төвлөрүүлэх боломжтой болсон. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд Ипотекийн зээлийн буцаан төвлөрүүлэлтийн гурван их наяд төгрөгийг Ирээдүйн тэтгэврийн санд татаж, тэндээсээ яваандаа ипотекийн зээлийг тэтгэврийн сангаас олгодог болохоор санхүүжилт хийж байсан. Эцэст нь тус хууль хүчингүй болсноор тэнд төвлөрсөн гурван их наяд төгрөгийг буцаан төсөвт татаж, юунд зарсан нь тодорхойгүй болсон.
ИРГЭДЭД ХЭРЭГТЭЙ ОЛОН ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭМЖИГДСЭНГҮЙ
2016-2020 оны хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд ганцаарчлан болон бусад гишүүдтэй хамтран 10 хууль, тогтоомж санаачлан боловсруулж, өргөн барьсан. Үүнээс хоёр хууль батлуулсан ч иргэдийн амьдралд ихээхэн ач холбогдолтой найман хуулийн төслийн дөрөв нь УИХ-ын гишүүдийн олонхын дэмжлэгийг хүлээж чадаагүй учраас батлагдсангүй. Үүнд: “ОРОН СУУЦ, ГЭР ХОРООЛЛЫН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТУХАЙ болон СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН ТУХАЙ” хууль, “ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДЭЭД ХЯЗГААР ТОГТООХ болон МӨНГӨ ХҮҮЛЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ” хууль зэрэг хуулийн төслүүд багтана.
Зээлийн хүүгийн хязгаар тогтоох асуудал л гэхэд он удаан жил яригдсан. Зээлийн хүүгийн дарамтад иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд маш их ачаалал үүрч байгаа. Хууль боловсруулах явцад Дэлхийн бусад улс орны жишиг, түүхэн замнал, санхүү эдийн засгийн зохицуулалт зэргийг бид нарийн сайн судалсан. Тэр дундаа банк санхүүгийн зохицуулалт нь ямар байгаа талаар судалсан. 1950-аад оноос эхлэн Япон, АНУ зэрэг дэлхийн 76 оронд зээлийн дээд хязгаарыг тогтоожээ. Бид энэ замнал руу орох цаг болсон. Жишээ нь, тэтгэврийн зээл л гэхэд 18 хувийн хүүтэй байна. Тэтгэвэр авагчдын хувьд энэ нь маш том дарамт шүү дээ. Тэр бүү хэл тэтгэврийн зээл авсан дариуд нь урьдчилаад хүүг нь суутгаад авчихдаг. Мэдээж тэр хүн хэрэгцээгээ тодорхойлоод л зээл авч байгаа. Гэтэл явц дунд бага багаар төлөх ёстой байсан хүүг нь урьдчилаад авчихаар өнөөх зээл хэрэгцээнд нь хүрэхгүй болчихно. Ингэснээр дахиад нэмэлт зээл авах шаардлага үүснэ. Ийм байдлаар санхүүгийн дарамт иргэд аж ахуйн нэгж дээр үүсгэж байгаа нь нэг талаасаа зохиомол гэж харагдахаар байна. Нөгөө талаараа хэт өндөр ашиг хөөсөн мөнгө хүүлэлт явж байна гэж харсан учраас энэ хуулийг санаачилсан. Тус хуулийн төсөлд тусгахдаа зах зээлийн зарчмыг дээдэлсэн баруун төвийн үзэл баримтлалтай намын дарга хүний хувьд хувийн хэвшил, өмч рүү халдсан үйлдэл хийгээгүй. Харин би хувийн өмч, иргэний эрх, санхүү эдийн засгийн эрх чөлөөг хангахын төлөө энэ хуулийн төслийг өргөн барьсан. Тус хуулийн төсөл УИХ-ын нэгдсэн хуралдаанаар орсон ч олонхын саналаар дахин байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт оруулахаар буцаасан юм.
Дахин өөрчлөлт оруулж өргөн барьсан
Үүнээс “ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ” хуулийн төсөлд өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ таван зуун мянган төгрөг байхаар, өндөр насны хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ дөрвөн зуун хорин мянган төгрөг байхаар заасан. Хэрэв батлагдсан бол нийт ахмадуудын маань хувьд ихээхэн таатай нөхцөл бүрдэх байлаа.
Харин 2020 онд СOVID-19 өвчин цар тахлын хэмжээнд хүрч, МУ-д хөл хорио тогтоосонтой холбоотойгоор “2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” хуулийн төслийг санаачлан боловсруулж, санал авахаар хүргүүлсэн ч хэлэлцүүлэгдэж амжсангүй. Тус хуулийн төслийг Монгол орны эдийн засагт хямрал нүүрлэхийн эсрэг арга хэмжээ авч, жижиг дунд үйлдвэрлэлүүд олноороо дампуурахаас сэргийлж, 2020-2022 оныг дамжин хэрэгжих 1,436,877.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 383 барилга, арга хэмжээнээс хасч хэмнэсэн 355,065.1 сая төгрөгийн эх үүсвэрийг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд шилжүүлж, жижиг дунд, бизнес эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй 100 сая хүртэлх төгрөгийн зээл олгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр санаачилсан юм. "2020 оны төсвийн тухай" хуульд өөрчлөлт оруулснаар цар тахлаас үүдэн улс оронд тулгарч байгаа эдийн засгийн хүндрэл хямралыг эрсдэл багатай даван туулах, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ дэмжиж, тэдний ажлын байрыг хадгалах, ажилгүйдэл, ядуурлын түвшнийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авах нөхцөл бүрдэх байлаа. Энэ мэтчилэн иргэдийн амьдралд хэрэгтэй олон хууль хүчингүй болсон ба батлагдалгүй үлдсэн нь харамсалтай.
Иргэдийн амьдралд хэрэгтэй олон хууль батлуулж, иргэд түүний үр шимийг хүртэх нь УИХ-ын гишүүний ажлын үнэлгээ юм.
Батлагдаагүй үлдсэн иргэдийн амьдралд ээлтэй эдгээр хууль батлагдан хэрэгжиж, үр өгөөжөө өгч эхлэх үед хэрэгжилтийн үр дүнг та бүхэнд танилцуулна гэдэгт итгэлтэй байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН