Т.ЭРДМАА
УИХ-ын 2020 оны сонгуульд томсгосон 29 тойрогт өрсөлдөх нам, эвсэл, бие даагчдын нэрс тодорсон бөгөөд хүн амын тоо, бүс нутгийн байршил, нягтаршил зэргээс шалтгаалан нэг тойрогт 2-4 мандат ногдож буй. 2020 оны сонгуульд АН, МАН-аас гадна дөрвөн эвсэл, хөдөлгөөн болон 208 бие даагч нэр дэвшихээр бүртгүүлсэн нь өмнөх долоон удаагийн парламентын сонгуулийг бодвол өрсөлдөөнтэй, сонголттой болох дүр зураг ажиглагдаж байна. Тиймээс энэ удаагийн “Хэн нь хэн бэ” буландаа хоёр мандаттай 15 дугаар тойрог буюу Увс аймагт нэр дэвшигчдийг онцолж байна.
УИХ-ын 2020 оны сонгуулийн 15 дугаар тойрог болох Увс аймагт нам, эвслээс нийт 20 хүн нэр дэвшиж буй. Үүнд,
15 дугаар тойрог,
гурван мандат
Увс аймаг
АН
С.Жавхлан
О.Цогтгэрэл
Д.Цэндсүрэн
МАН
Ч.Хүрэлбаатар
Б.Чойжилсүрэн
Н.Цэрэнбат
Та бидний эвсэл
Н.Уламбаяр
Х.Удвалцэцэг
Д.Гансүрэн
Шинэ эвсэл
Ш.Буянжаргал
А.Чинбат
Г.Нямсүрэн
Зөв хүн электорат эвсэл
Ц.Өлзийтогтох
Д.Болд-Эрдэнэ
М.Цэдэнпунцаг
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
И.Эрдэнэчимэг
Сахигтун! Үндсэн хуулийн эвсэл
Т.Дөлгөөн
Т.Баасанбаяр
Д.Ганбат
Зон олны нам
И.Золзаяа
Увсын цэнхэр хязгаар гэж яригддаг ч УИХ-ын сонгуульд улайж ирдэг тойрог гэдгийг хүмүүс мэднэ. Ингээд АН тус тойрогт ямар хүмүүс илгээх шийдвэр гаргасныг дор өгүүлье.
УИХ гишүүн С.Жавхлан 2016 оны УИХ-ын сонгуулийн 54 дугаар тойрог Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан. УИХ-ын гишүүн С.Жавхлан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бие даан санаачилж өргөн барьж байсан билээ. Тэрбээр уг хуулийн төслөө өргөн барьсны дараа “2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн, түүний хамаарал бүхий этгээд ЖДҮХС-гаас их хэмжээний зээлийг бага хүүтэй авсан нь олон нийтийн бухимдал дургүйцлийг хүргэсэн. Энэ нь нийтийн ашиг сонирхлоос хувийн ашиг сонирхлыг дээгүүр тавьсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Энэхүү хэрэгт нэр холбогдсон УИХ-ын зарим гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д оруулж ирсэн ч гишүүд дэмжээгүй. Энэ мэтээр УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг түргэн шуурхай, хүндрэлгүй шийдвэрлэх шаардлагын хүрээнд энэхүү хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагаанд итгэх ард түмний итгэл сэргэх, хууль дээдлэх зарчим хэрэгжих, улмаар хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно” хэмээн үзэж буйгаа мэдээлж байв. МУГЖ С.Жавхлан 12 цомог гаргасан байдаг. УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө дуулсан дуунууд нь хит болж олон түмний сонсох дуртай уран бүтээл болж нэр алдарт хүрсэн түүхтэй. Ийм ч учраас нийтийн дууны ханхүү хэмээх алдартай болсон билээ. Тэрбээр 2012-2013 онд Монгол туургатан ахан дүүсээ дуу хуураар нэгтгэх “Хамаг Монгол” төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд төслийн аялан тоглолт ОХУ-ын Тува, Буриад, Халимагт нийт есөн удаа болсон. Мөн Их эзэн Чингис хааны талбайд тоглогдох тоглолтод 250 гаруй монгол үндэстэн оролцож, монгол үндэсний дуу бүжиг, соёлын гайхамшгийг үзэгч түмэндээ өргөн барьсан удаатай. УИХ-ын гишүүн С.Жавхлан үндэсний хувцсаа байнга өмсч өв соёлоо сурталчлан түгээхийг чухалчлан үздэг нэгэн.
Инженер, эдийн засагч мэргэжилтэй О.Цогтгэрэлийг хүмүүс “Тэсо” корпорацаар нь андахгүй. Учир нь “Дэлхийд өрсөлдөнө” уриатай тус корпорацыг монголчууд зайрмаг, “Содон” стандарт хороолол зэргээр маш сайн мэддэг.
Тэсо корпорацын үндэс суурь 2003 оноос өрхийн аж ахуйгаас үүдэн богино хугацаанд оновчтой шийдвэр, зоригтой алхам, чадварлаг баг хамт олны нөр их хөдөлмөрийн ачаар өдгөө салбар бүрт манлайлж буй 14 салбар компанитай болсон хэмээн үздэг аж.
Д.Цэндсүрэн Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байжээ.
Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог “Д.Цэндсүрэн шиг Засаг дарга олон байгаасай” гэсэн тэмдэглэл бичиж байсан удаатай. Тэрбээр уг тэмдэглэлээ бичихдээ 2014 онд Улаангом хотын эцэг, эхчүүд, багш нарт Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийн шугамаар лекц уншиж явахдаа бичсэн байдаг. Энэ тэмдэглэлд нь “Лекцийн дараа засаг дарга намайг өрөөндөө уриад аймгийнхаа бүх сургууль, цэцэрлэгт хүүхдийн зохиолын ном худалдан авахад нь зориулж 260 сая төгрөг өгсөн тухайгаа ярив. Түүний 70 сая нь БШУЯ-аас хуваарилсан мөнгө юм байна. Өөрийнхөө багцаас 190 сая төгрөгийг нь ирээдүй үеийнхний оюуны хөгжилд зориулан гаргажээ. Д.Цэндсүрэн дарга сумдынхаа сургуулийн номын сангаар ортол хаа сайгүй л ЗХУ-ын коммунист намын түүх, Лениний ботиуд, социализмын үеийн үзэл сурталжсан зохиолууд тааралдаж байсан гэнэ. Шинэ үе ирчхээд байхад оюун санааны эрэлт хэрэгцээг нь хуучин бүтээлээр хангах боломжгүйг засаг дарга ойлгож, тийнхүү сургуулийн номын сангийн номыг бүрэн шинэчлэхээр шийджээ. Тийм холын бодолтой, өгөөмөр сайхан сэтгэлтэй хүн, аймгийн дарга нараас анх удаа надтай тааралдаж байгаа нь тэр...” хэмээн бичжээ.
МАН-ын нүүрсчин, тендерчин хэмээн цоллогдсон сайдууд
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар улсын төсөвт тодотгол хийхгүй гэж удаа дараа мэдэгдсэн. Харин эдийн засагч, судлаачид “Хөл хорионы улмаас улс орнуудын эдийн засаг хямарч төсвөө тодотгож байна. Илүү зардлаа танаж хасахгүй бол төрийн байгууллагын ажилчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж тавихад хүндрэл учирна. Энэ хүндрэл долдугаар сараас илт мэдэгдэж эхэлнэ. Ялангуяа оны төгсгөл рүү өр зээл авахгүй бол хамгийн хүнд хэцүү үе ирнэ” хэмээн мэдээлж буй билээ. Мөн Сангийн сайдыг Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших “Хотгор шанага”-ын нүүрсний уурхайг Солонгосчуудад ах дүү нартайгаа нийлж зарсан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа бичигдэж байсан. Өөрөөр хэлбэл түүний нэрийг сонсоод “Хотгор шанага” гэдэг болчхоод буй гэвэл хилсдэхгүй буй за.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хотгор шанагын уурхайн тусгай зөвшөөрлийг Солонгосын компанид зарсан гэх асуудлыг шалгуулахаар АТГ-д өөрөө хүсэлт гаргасан. Надад болон миний ах дүүст ямар ч лиценз байхгүй" хэмээсэн. Ярьснаа баталгаажуулах гэхдээ АМГТ-ны газраас тодорхойлолт гаргуулснаа үзүүлж байсан билээ. Гэвч бодит байдал сайдын ярьсны эсрэгээр өрнөсөн. Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монгол Улс дахь “Хотгор шанага” нүүрсний уурхайг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Баг худалдаж авсан гэсэн мэдээллүүд цацагдаж байв. И Мён Баг нь авлигын хэргээр баригдаж ял эдэлж буй билээ. Монголд ирж ажилласан Солонгосын телевизийн сурвалжилгад дурдсанаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийнхөө эзэмшиж байсан “Хотгор шанага”-ын нүүрсний ордыг 26 тэрбум вон буюу 52 тэрбум төгрөгөөр Солонгосын төрийн өмчит компани болох “Korea Coal” компанид зарсныг нотлох баримтыг дэлгэж байв. Уг нүүрсний бүлэг ордод анх улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, 1.3 тэрбум тонн нөөцтэй болохыг нь тогтоосон байдаг. Гэвч УИХ-ын гишүүн, Сангийн Ч.Хүрэлбаатар уг ордыг стратегийн ордод оруулахгүй байх бүхий л арга хэмжээг авч, улмаар улсын хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон нөөцийг дарсан. Ингэснээр одоо ордыг ердөө 68 сая тонн нөөцтэй хэмээн тогтоолгочхоод буй гэдэг.
Б.Чойжилсүрэн мөн л нүүрсний асуудалтай. Бас Сангийн сайдаар ажиллаж байсан. Тэрбээр 2016 онд Сангийн сайдаар томилогдсоны дараа “Монгол Улс гадаад валютын нөөцгүй болчхож” хэмээн ташаа мэдээлэл түгээж ам.долларын ханшийг суга хөөрөгдөж орхисон удаатай. Тухайн үед нэг ам.доллар 2070 төгрөгтэй тэнцэж байв. Гэтэл түүний мэдэгдлийн дараа долоо хоногийн дотор 2207 төгрөгт хүрсэн. Энэ эдийн засагт асар хүнд цохилт болж ард иргэд бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлөөр халааснаасаа төлсөн. Түүний Сангийн сайд байхдаа хийсэн “гол ажил” нь тэр байсан гэхэд хилсдэхгүй байх.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн нэр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Тост, Тосон бумбын нуруунд нүүрс олборлож буй гэгдэх “Сауд гоби коэл транс” компанитай хамт яригдаж ирсэн. Тэгвэл эрхэм гишүүн 2017 оны гуравдугаар сарын 31-нд “Би Сауд гоби коэл транс гэдэг компанийн 50 хувийг эзэмшиж байсан нь үнэн. Зээл авсан компани байсан. Би хамт ажиллаж байсан залуучууддаа 50 хувиа шилжүүлж өгснөөр миний оролцоотой компани байсан гэж ойлгож болно” хэмээн мэдээлж байв. Тост, Тосон бумбын нуруунд Монгол орны улаан дансанд бүртгэгдсэн 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, долоон зүйлийн шувууд амьдарч байгаа гэдэг нь бүртгэгдсэн. Мөн 10 зүйлийн ховор ургамалтайн дээр өмнийн говийн усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндий газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог онцлогтой аж. Тиймээс энэ нуруунд бүрэлдэж байгаа урсац Монгол орны 33 говийн нэг болох Хөхөлцөгийн говийн булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг усыг тэжээж байдаг учир уул уурхайн ашиглалтын явцад хатаж ширгэх, устаж үгүй болох нэн аюултайд тооцогддог байна.
УИХ-ын гишүүн, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбатыг хамаарал бүхий компанидаа нийт 10 орчим тэрбум төгрөгийн тендер өгсөн мэдээлэл өнгөрсөн онд цацагдсан байдаг. Увс аймгийн Хяргас суманд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын багцаас хөв цөөрөм барих ажлын тендерийг өөрийн хамаарал бүхий компанид өгсөн цуврал нийтлэл хэвлэл мэдээллээр гарч байв. Энэ тухай “Увсын төсөв ураг төрлийн хэлхээ” цуврал нийтлэлүүдэд өдөр тутмын Үндэсний шуудан сонинд гарч байсан билээ. Энэ тухай түүний 2016 онд сонгогдсон УИХ-ын сонгуулийн 32 дугаар тойрог буюу Увс аймгийн Хяргас сумынхан андахгүй мэдэх аж. Үүгээр ч зогсохгүй Увс аймагт хэрэгжиж буй өртөг өндөртэй тендерүүдийг ах дүү, хамаатан садандаа авч өгсөн талаар ч мэдээллүүд олон нийтэд ил болсон байна. Ингээд дээрх цуврал нийтлэлд дурдагдсан зарим баримтаас дор хүргэе. Увс аймагт 2019 онд 102 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж, гүйцэтгэхээр төсөвлөжээ. Үнийн дүн өндөртэй голлох тендерүүдийг “Дүрт уул”, “Ундрах бүтээмж”, “Ундрах петролиум”, “Жангар од”, “Мөнхжим өргөө”, “Ундарга констракшн” “ССТ-од”, “Ус эрдэнэ” зэрэг компани авсан байна.
“Ундарга констракшн” гэхэд Наранбулаг суманд 640 хүүхдийн суудалтай сургууль 3.8 гаруй тэрбум төгрөгөөр барина. Мөн Улаангом сумын эрүүл мэндийн төвийн барилгыг 350 сая төгрөгөөр барихаар төсөвлүүлжээ. Тус компани Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга Т.Алтангэрэлийн хамаарал бүхий аж ахуйн нэгж. Тэрбээр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын үеэл аж. УИХ, Засгийн газрын гишүүн Н.Цэрэнбат ах, дүү хамаатан садандаа тендер авахад давуу эрх олгоод зогсохгүй Увс аймгийн Монголбанк, Иргэний нисэхийн газрын даргаар өөрийнхөө үеэлүүдийг томилуулжээ. Мөн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Н.Цогт-Очир 2016 оны сонгуулиар түүний штабын ерөнхий менежерээр нь ажилласан нэгэн гэдэг. Н.Цэрэнбат сайдын үеэл дүүгийн нөхрийн компани Улаангом сумын III сургуулийг дулаанаар хангаж, жил бүр улсын төсвөөс 180 сая төгрөг авдаг байх жишээтэй гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН