Ц.Хас
Сар хүрэхгүй хугацааны дараа та бид хууль тогтоох байгууллагаа сонгох сонгууль өгөх нь. Төрөө дээдэлж, сүслэн залбирдаг монгол түмний хувь энэ жилийн сонгуулийг олон түмэн “2016 онд чихэр бурам шиг юм амлаж байж гараад, өнгөрсөн дөрвөн жилд төрийн эрхийг дангаараа барьсан МАН-ын увайгүй нөхдөөс улс орноо салгаж авах минь” гэсэн их хүлээлт, хүсэлтэйгээр угтаж байна.
Энэ улс орон, ард түмний эсрэг МАН-ын үйл ажиллагаа УИХ-д 65 суудал авч үнэмлэхүй олонх болсныхоо маргаашаас эхэлсэн гэж болно. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө нэг ч төрлийн татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй гэж цагаан дээр хараар бичиж, нэр дэвшсэн хүн бүр нь амны уншлага болгож явсан атлаа Сэлэнгэ аймгийн Засаг дарга байсан Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн “Мэргэжлийн Засгийн газар” гэгч шууд л есөн төрлийн татвар нэмж ард түмнийхээ нуруун дээр ачаа нэмсэн.
Дээр нь иргэдийн тэтгэвэрт гарах насыг өндөрсгөж, өмнөх УИХ-ын баталсан “Хамтын тэтгэврийн тухай хууль”-ийг хүчингүй болгож энэ төрд насаараа зүтгэж өнөөгийн монгол улсыг байгуулалцан төлөвшүүлж өгсөн ахмад буурай нараар тоглоом хийсэн. Монгол төгрөгийн ханшийг бараг нэг дахин унагаж 2015 оны эцсээр 1700 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар өнөөдөр 2800 төгрөгтэй тэнцдэг болоод байна.
У.Хүрэлсүх намынхаа Засгийн газрыг түлхэн унагаж засгийн эрхийг булааж аваад ч энэ байдал дээрдээгүй, харин ч сахил хүртээд шал дордов гэгч болсон. Хамгийн аймшигтай нь ард түмний нуруун дээр ачаа болгож нэмэгдүүлсэн татвараар хуримтлагдсан төсөв, сангаас улс орон, ард түмнийхээ төлөө зүтгэнэ гэж хашхирч байгаад гарч ирсэн төрийн түшээд нь өөрсдөө тэрбум тэрбумаар нь хулгай хийгээд эхэлсэн нь ил болж олон түмний дургүйцлийг төрүүлсэн. Ямар сайндаа иргэд олон нийтийн сүлжээгээр “Олон төрийн нүүр үзсэнээс биш ийм өлөн төр үзсэнгүй” гэж бичиж байх вэ дээ.
УИХ-ын гишүүд, энэ намын 60 тэрбумын сүлжээгээр байгуулсан төрийн бүх шатны байгууллагад авлига ерийн үзэгдэл болж, эгэл иргэд төрийн түшмэдийн гарыг хүндрүүлэхгүйгээр ажил нь бүтэхээ бүр болив. “Мөнгөтэй хүн хөгжмөө захиалдаг” гэдэг зарчмаар 60 тэрбумд хандив өргөсөн хэн дуртай захын этгээд төрийн албанд шургалснаар төрийн албан хаагчдын зүгээс үйлдэх гэмт хэрэг газар авлаа. Төрийн ордон, яам, аймаг сумын Засаг даргын Тамгын газарт удаа дараа гэмт хэрэг, аллага гарч монголчуудын хэлдгээр “гар хугаравч ханцуйдаа” гэдгээр хууль шүүхийн байгууллага нь хаацайлан ямар ч гэм зэмгүй бүрхэгдүүлэн өнгөрөөх болов.
У.Хүрэлсүхийн хоосон сүржигнэл
МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх олны энэ уур амьсгалыг эрхбиш анзаарсан уу, 2017 онд анх Ерөнхий сайд болохдоо л “авлигачидтай дайн зарлана”, “хэнийг ч болов сэлэмдэнэ” гэсээр гарч ирсэн. Дараа нь Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас УИХ, Засгийн газрын гишүүд нь их хэмжээгээр зээл авч, өөрийн харьяа хамаарал бүхий компани аж ахуйн нэгжүүдэд өгсөн, зарим нь бүр банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан мөнгө угаасан хэрэг илэрч задармагц “ЖДҮ сангаас зээл авсан, зээлээ төлөөгүй хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй” хэмээн чанга дуугарсан.
Харамсалтай нь өнгөрсөн дөрөв, У.Хүрэлсүхийн засаг тэргүүлсэн гурван жилд нэг ч авлигачийг сэлэмдэж цээрлүүлсэнгүй, МАН-ын “хулгайч, луйварчид” дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсээр хөлжиж баяжаад сонгуулийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна. У.Хүрэлсүх харин ч хуулийн байгууллага шалгаж нягтлаад бүрэн эрхийг нь түдгэлзүүлье хэмээсэн гишүүдээ УИХ-д олонхоороо түрий барин цээжээрээ хамгаалан авч үлдсээр. Хүчингийн хэрэг үйлдсэн нь илэрч хуулийн байгууллага ч гэмт хэрэг үйлдсэнийг нь тогтоогоод бүрэн эрхийг нь түдгэлзүүлье гэж санал оруулахад МАН хамгаалж авч үлдсэн ч тэр Д.Гантулга нь ичсэн нэрэндээ өөрөө бүрэн эрхээсээ тагалзсанаар одоо ялаа эдэлж байгаа. Өөрөөр хэлбэл, МАН-ынхны хувьд өндөг шиг өөгүй, өсөх ирээдүйтэй, залуу улстөрч гээд байдаг Д.Гантулгыг нь гэм буруутай гэдгийг хууль, шүүх нотолчхоод, зохих ялыг нь өгөөд байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх яагаад “сэлэмдэнэ”, “цавчина”, “хариуцлага тооцно” гэсэн амлалтдаа хүрдэггүй вэ.
Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас зээл авсан хүмүүст хариуцлага тооцно, УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэсэн нь ч яана гэх вэ, өөрийнх нь төрсөн дүү бас ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл авсан болохоор бусад нь барьцаад, Хүүк өөрөө хэлэх үггүй болж яаж ч чадахгүй байж болох.
Гадны хүчний хараат болчихсон юм биш биз
МАН-ын дарга, Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх энэ төрд шургалсан намынхаа авлигачид, гэмт хэрэгтнүүд, хариуцлагагүй хүмүүст яагаад хариуцлага тооцож чадалгүй гурван жилийг өнгөрөөв, яагаад тэднийг УИХ-д дахин нэр дэвшүүлээд байна вэ. Үнэхээр У.Хүрэлсүх өөрөө болохоор намынхаа, энэ төрийг гутааж байгаа хүмүүстээ хариуцлага тооцож “сэлэмдэнэ” гэж бодоод байгаа ч цаанаас нь огт өөр хүчин энэ МАН-ыг, Ерөнхий сайд, намын даргыг нь шахаанд оруулаад дарамт үзүүлээд байгаа юм биш байгаа.
Улс орон, ард түмнээ гэхээсээ илүүтэй гадныхныг дээдэлж, тэдний эрх ашгийг ард түмнийхээсээ илүүд үздэг нөхөд бий юу гэвэл бий. Харин тэр нь зүгээр л хувь хүний тоглолт уу, эсвэл энэ МАН бүхэлдээ бүр улаандаа гарч харийнхны хурууны үзүүрээр ажилладаг бодлоготой болоод байна уу.
Өөрсдийгөө 100 жилийн түүхтэй хэмээн саймширдаг энэ нам өнгөрсөн зууны 70 жилд нь эрх барихдаа талд нь Коминтерний дуулгавартай зарц болж байгаад, сүүлийн 50, 60 жилд нь Зөвлөлт холбоот улсын хараат байж шилдэг боловсон хүчнээ алж хядахаас авхуулаад, төрийн өндөр албан тушаалд хүн томилох, халж солихоо хүртэл асууж виз авч байсан гашуун түүх, арвин туршлагатай.
Одоо тэгээд хаанахын ч юм, тэр харийнханд хэрэгтэй, нэмэр тус болдог, тэдний эрх ашгийн төлөө үйлчилж хууль дүрэм боловсруулдаг хүмүүсээ буруутгаж элдэв шийтгэл бүү ногдуул, УИХ, хууль тогтоох байгууллагадаа байлгаж бай хэмээн дарамт шахалт үзүүлээд У.Хүрэлсүхийг “ацан шалаанд” оруулаад байдаг юм биш биз гэсэн хар сэр аяндаа буух.
Эдийн засгийн талаар манайхыг нөлөөндөө байлгах сонирхол хоёр хөршөөс аваад холын зарим улсад байсаар л байгаа. Том төслүүд хамтран хэрэгжүүлэхээс авхуулаад бүр цаашилбал ард түмнийг нь ядуу зүдүү байлгаж байгаад “тусалж дэмждэг буянтай улсын дүр эсгэх” сонирхол ч байгаа нь нууц биш....
Чухам ийм улс оронд худал үнэн ярьж байгаад “ард түмнийхээ эсрэг шийдвэр боловсруулж гаргадаг”, “сайн түшээ” хэрэгтэй нь хэний ч мэдээжийн хэрэг. Ийм улсын шахалт шаардлагаар У.Хүрэлсүх өнөөх “сэлэмдэнэ”, “цавчина” гээд байсан авлигач, үгүй ядахнаа л өөрийн гэсэн бодлогогүй, дарга нарынхаа гар хурууны үзүүрээр хөдөлж зөвхөн кноп дарах төдий байдаг сулхан хүмүүсийг УИХ-даа байлгахаар нэр дэвшүүлээд байгаа юм биш үү.
Ер нь Монгол Улсыг нэг их цэцэглүүлэн хөгжүүлчихгүй, гадна дотны тусламжид найдсан сулавтар эдийн засагтай, ард түмнийг нь сонгуулиас сонгуулийн хооронд эрх баригчдыг царайчилсан ядуувтар байлгах сонирхол гадны аль ч улсад байгаа нь үнэн. Ийм байлгахад нь тус дэм болж байгаа улс төрийн нам хүчнийг, улстөрчдийг ялангуяа ханаж цадахаа мэдэхгүй шуналд автчихсан МАН-ынхан шиг хүмүүсийг тэд зүгээр л нэг захирч зандраад байна гэж байхгүй. Оюу толгойн гэрээ, Салхитын мөнгөний ордоор жишээ авахад л хангалттай. Лиценз зөвшөөрөл олгосон нь бүү хэл, зарга шүүсэн шүүгчид нь л тэрбумтан болж байгаа юм чинь. Нэг үгээр хэлэхэд шуналтай хүмүүсийг мөнгөөр цутгаж байж л эрхэндээ байлгана. Өнгөрсөн дөрвөн жил УИХ-д суусан зарим түшээдийн орлого, хөрөнгө гэнэт л хэдэн зуун саяар нэмэгдэж тэрбумтан болоод амжсаны нууц энэ биш биз.
Сонгуульд нэр дэвшигчдээсээ дэнчин авахгүй гээд том дуугараад байгаа МАН-ын их хөрөнгө мөнгө, сонгуулийн зардал хаанаас гараад байна. Та бидний хөрөнгөнөөс хулгайлсан мөнгө төгрөг байлаа байлаа гэхэд бүтэн сонгуулийн зардлыг нэр дэвшигчдээсээ дэнчин авахгүй, гишүүдээсээ хандив авалгүйгээр даана гэхэд нэг л эргэлзээтэй. Энэ их зардлыг энэ МАН-д хаанаас, хэн, юуны төлөө цутгаад байна гэсэн хар төрөөд болох биш.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН