Б.Сүрэн
Аж үйлдвэржилтийн бүс гэгдэж ирсэн 180 мянга гаруй хүн амтай Хан-Уул дүүрэг буюу УИХ-ын 29 дүгээр тойрогт гурван мандат хуваарилаад буй. Энэ тойрог хамгийн өрсөлдөөнтэй, сонголт дүүрэн гэдгээрээ онцлог. Учир нь өндөр мэдлэг боловсролтой, салбартаа манлайлагч, гол төлөв хуульч, эдийн засагч мэргэжилтэй 20 гаруй залуус нэг дор хүчээ үзэх юм.
Ардчилсан нам эл тойрогт хуульч Ч.Өнөрбаяр, Т.Энхсайхан, эдийн засагч Б.Түвшин нарыг нэр дэвшүүлсэн бол МАН УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нарыг сойсон.
Харин Шинэ намаас УИХ-ын гишүүн Л.Болд, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Э.Түвшин, Удирдлагын академийн багш Л.Ариунаа нэр дэвшиж байна.
“Зөв хүн электорат” эвслээс Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд, “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг, “Ам Чам Монгол” бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс нарыг нэр дэвшүүлсэн бол “Та бидний эвсэл”-ээс Шадар сайд асан Ц.Оюунбаатар, “Өргүй Монгол” хөдөлгөөнийг санаачлагч Т.Баярхүү, Иргэний зориг намын гишүүн Б.Наминчимэд нар өрсөлдөнө.
Мөн бие дааж УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон, хуульч Ж.Эрхэмбаатар, Т.Бат-Оргил, Д.Басандорж нар нэр дэвшлээ.
Үндсэндээ, хоёр том намаас болон бие даагчдын дунд гол өрсөлдөөн өрнөх болов уу гэсэн таамаг байна. Гэхдээ энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор явах учраас олонд танигдсан нэр дэвшигч сонгогдох магадлал өндөр. Тэрчлэн энэ удаад улиг болсон улстөрчдөөс илүүтэй залуусаа дэмжих нийгмийн хандлага өндөр байгаагийн дээр энэ удаагийн сонгуульд оролцох залуучуудын идэвх ч тэр хэмжээнд байна гэсэн урьдчилсан судалгааны дүн гарсан.
АН-ын хоёр хуульч, нэг санхүүчийн төгс баг
АН эл тойрогт хууль зүйн доктор, дэд профессор Ч.Өнөрбаярт итгэл үзүүлсэн. Английн Оксфордын их сургуулийн Хуулийн факультетэд зочин судлаачаар уригдаж ажилласан. Тэрбээр Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллах хугацаандаа Шилэн дансны тухай хуулиас эхлээд шүүх засаглалыг хараат бусаар ажиллуулах эрх зүйн орчныг бий болгох төслүүд дээр ажиллаж, УИХ-аар батлуулж байв. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга, Авлигатай тэмцэх газрын Тамгын газрын даргын албыг тус тус хашжээ. Дараагийн нэр дэвшигч Б.Түвшин нь санхүүч, эрхзүйч мэргэжилтэй. 2008 оноос Хан-Уул дүүргээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан юм. Тэгвэл тэмцэгч бүсгүй Т.Энхсайханы тухайд, хуульч мэргэжилтэй, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардан, яамных нь гадна суулт зарлаж байсан гэдгээр нь олон нийт мэднэ. Тэрбээр “22 жилийн турш Хууль зүйн сайд хийхдээ ард түмний эсрэг хуулийг санаатайгаар завхруулж, Монголын төрийг авлигачдын үүр уурхай болгож, МУ-ын Тусгаар Тогтнол, Аюулгүй байдлын эсрэг заналхийлсэн хорлон сүйтгэх үйл ажиллагаагаа явуулж буй Ц.Нямдоржоос хариуцлага нэхэх ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж Ц.Нямдоржид хариуцлага тооцон огцруулж, Хөөн хэлэлцэх хугацааны тухай хуулийг яаралтай засахыг шаардсан шаардлага, хүсэлтүүдийг хүргүүлсэн. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх чигчий хуруугаа ч хөдөлгөхгүй суусаар өнөөдөр “Жаст”-ын Ш.Батхүүгийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгачихлаа. Энэ юуг харуулж байна гэхээр өнөөдөр бид төлөөлөх ардчиллын замаар төрийн эрхийг шууд хэрэгжүүлнэ гэдэг ардчилсан нийгмийн гол үзэл санааг өнөөгийн төр баригчид устгасан байна” хэмээн хэвлэлд байр сууриа илэрхийлсэн юм.
МАН-аас гялтайх ганц нь Г.Амартүвшин
МАН-аас өрсөлдөх Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сэтгүүлч мэргэжилтэй. УИХ-ын 2016 оны сонгуульд Хан-Уул дүүрэгт өрсөлдөн, сонгогдсон. Хоёр дахь удаагаа нэр дэвшиж буй. Тэрбээр саяхныг хүртэл эрүүл мэндийн салбарыг сэтгүүлч мэргэжилтэй хүн удирдаж байгаа нь буруу хэмээн олон нийтийн шүүмжлэлд өртөж явсан бол коронавирусийн цар тахал дэлхий нийтэд гарснаар сохорсон биш завшив гэгч болж, вирустэй холбоотой бүх алдар хүндийг өөр дээрээ тохож, сонгуулийн пи-араа хийж буй. Үнэндээ цар тахлын үед сайн ажилласан гэж хэлүүлэхээс өөрөөр өнгөрсөн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт хийсэн, бүтээсэн зүйл тун бага хэмээн салбарынхан нь түүнийг шүүмжилдэг. Дараагийн нэр дэвшигч бол Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан. Тэрбээр санхүүч мэргэжилтэй бөгөөд УИХ-ын Тамгын газраас ажлын гараагаа эхэлжээ. Тэрбээр дүүргийн Засаг дарга болонгуутаа Тамгын газрынхаа гадна талын хаягжилтын өнгийг улаанаар сольж, улмаар төрийн мөнгийг хэрэггүй зүйлд зарцууллаа хэмээн олон түмэнд нэлээд шүүмжлүүлсэн. Тэгвэл МАН-аас гялтайх ганц нэр дэвшигч бол Билгүүн номч Б.Ринченгийн зээ, Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй ба Брюсселийн Европын их сургуулийн бакалавр, Харвардын их сургуулийг бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан. Төрд алба хашихаасаа өмнө Хас банкийг удирдаж байсан ба олон нийт “Шарк” гэдгээр нь мэднэ. Шарк Г.Амартүвшин анх удаа сонгуульд нэр дэвшиж буй бөгөөд туршлага дутсанаасаа болоод сүүлийн үед сошиалд оруулсан дугуйтай зургаараа маш хүчтэй шүүмжлэлд өртөөд байгаа. Өөрөө ч марктеинг хийж мэдэхгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрснөөр хүмүүсийн эгдүүг улам хүргээд авсан юм.
Ж.Батзандантай гар барьсан Л.Болдод одоо боломж байгаа юу?
УИХ-ын гишүүн Л.Болд нь 2016 онд АН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж сонгогдсон. Гэвч тэрбээр АН-ын үзэл баримтлалыг зөрчсөнөөр намаасаа хөөгдөж, УИХ-ын гишүүн “поп” хочит Ж.Батзандантай гар барьсан. Тэд хамтарч “Шинэ нам”-ыг байгуулж, энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй. Түүний улс төрийн карьерийг харвал, 2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн Хан-Уул дүүргийг төлөөлөн гурвантаа парламентад сонгогдсон. С.Баярын Засгийн газрын үед Батлан хамгаалахын сайд, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Гадаад харилцааны сайдын алба хашиж байсан. Одоо энэ сонгуулиар АН-ын хүчээр Хан-Уул дүүргээс сонгогдож байсан уу, аль эсвэл өөрийн хүчээр гарсан уу гэдгээ харуулах л үлдлээ.
Эвсэл, хөдөлгөөн, бие даагчдын хэн нь хэн бэ?
Хөдөлмөрийн үндэсний намын УЗ-ийн дарга, эдийн засагч Т.Доржханд энэ удаагийн сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байна. Тэрбээр Хитоцүбаши их сургуулийг эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй бөгөөд Сангийн яаманд олон жил ажиллаж, Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан захирлын зөвлөхөөр ажиллаж байсан. Намын батлахаараа түрий барьсан ямар ч мэдлэг боловсролгүй хүн хэмээн өмнөх сонгуульд баалуулж, өвдөг шороодсон ч дахин нэр дэвшихээ илэрхийлээд байна.
Тэгвэл “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөр анх гарч ирсэн, сүүлд Хууль зүйн яамны үнэтэй тохижилтыг шүүмжилсэн Б.Мөнхцэлмэг мөн л “Зөв хүн электорат” эвслээс тус дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Түүний танилцуулгад “Бид уучлахгүй” хөдөлгөөнийг санаачлагч хэмээн бичсэн боловч, нэгэн үе хамтран уучлахгүйгээ илэрхийлж байсан зарим нөхөд нь түүнийг ийнхүү тодорхойлсонд эгдүүцэж байгаагаа нийгмийн сүлжээнд илэрхийлжээ.
Бие даагчдаас 29 дүгээр тойрогт мөн л хүчтэй өрсөлдөж мэдэхүйц хүмүүс харагдаж байна. УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн асан Н.Номтойбаяр Хууль зүйн сайдтай ана мана үзэхээр Хан-Уулыг онилсон. Гэхдээ Хууль зүйн сайд Ц.Нямдорж Хан-Уулд биш Орхон аймагт нэр дэвшихээр болсон. Н.Номтойбаяр хэсэгтээ улс төрөөс завсарлага авахаар шийдсэн ч шударга бус явдлууд ар араасаа хөвөрч байгаа тул хэнээс ч хараат бус, тэмцлийг хийж чадах хүнийг өөрийгөө гэж бодсон тул бие даан хүч үзэхээр болсон гэдгээ хэлсэн. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд концесс, зодоон цохион болон хамгийн сүүлд хүн амины хэрэгт холбогдсоноор гишүүний бүрэн эрхээсээ өөрөө түдгэлзсэн. Түүнийг одоогоор АТГ-аас яллагдагчаар татаад байгаа. Уг тогтоолд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа, Засгийн газраас баталсан 276 дугаар тогтоолд тусгасан “нэг төсөлд таван сая төгрөг хүртэлх” гэснийг зөрчсөн гэж үзжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэхээр шийдвэрлэж улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн байна. Уг нь хоёр жилийн хугацаатай эргэн төлөгдөх зохицуулалттай юм. Гэтэл төсөл сонгон шалгаруулаагүй, хуурамч хурлын тэмдэглэл бичиж шийдвэр гаргасан, бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал бий болгосон гэж яллагдагчаар татах тогтоолд тусгажээ.
Дараагийн сонирхолтой бие даагч бол УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Цолмон билээ. Тэрбээр УИХ-ын дарга асан М.Энхболдыг суудлаасаа буумагч одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар удаа дараа түүнээс ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт тавьсны дагуу тэрбээр өргөдлөө өгч ажлаасаа гарсан. Ц.Цолмон төрийн захиргааны хууль зүйн асуудал хариуцсан төв байгууллагад мэргэжилтнээс газрын дарга хүртэл есөн жил мэргэшиж ажилласан, хууль зүйн салбартаа мэргэжлийн хүмүүсийн нэг гэгддэг.
Бас нэг хуульч байгаа нь Ж.Эрхэмбаатар. тэрбээр ЖДҮ-чдийн эсрэг хүчтэй дуугарсан хүмүүсийн нэг ба Хэнтий аймаг, Бор-Өндөрийн ЕБС, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Калифорниа Беркелигийн их сургуулийн Хуулийн сургуулийн мастер, ХБНГУ-ын Хамбургийн их сургуулийн мэргэшүүлэх сургалт, Нидерландын Вант улсын Ротердам Ирасмусын их сургуулийн мэргэшүүлэх сургалтад тус тус хамрагдсан.
Ийнхүү УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчдээс танилцуулахад ийм байна. Тус тойрог нэлээд хүчтэй өрсөлдөөн болохоор харагдаж байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН