Ердөө 22-хон хоногийн дараа сонгууль боллоо. Коронагоо ч мартчихаад монголчууд дээр, дооргүй сонгууль хэмээн бужигнаж байна. Өдөр бүхний 11 цагийн коронагийн мэдээ сонгуулийн сурталчилгаанд дарагдаж, тохиолдлын тоо чимээгүйхэн нэмэгдсээр өвчилсөн хүний тоо 200 дөхөв. Сонгуулийн үеэр 200 хол илүү гарах нь ойлгомжтой. Эрх баригчдын эцсийн зорилго нь энэ хойно. Одоо яалтай. МАН Улсын их хуралд 65 суудалтайгаар төрийн эрхийг сүүлийн дөрвөн жил барьсан. Сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь улс орны амьдралыг бүхэлд нь харах юм бол ерөөсөө л сонгуулиар оноог хэрхэн өөртөө цуглуулах вэ гэдэг тоглолт байв. Шилний цаанаас зайрмаг долоолгох шиг төрийн бодлого хүндээ наалдсангүй, өрхөд хүрч очсонгүй. Харин өнөөдөр шилний цаанаас долоолгосон зайрмагаа амсуулаад буцааж авах тактикийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх МАН-ын кампанит ажил улс орон даяар эхэллээ.
Коронатай
улс төр
Аливаа юм хоёр талтай. Өвчин, үхэл л нэг талтай. Учир нь сайхан өвчин, үхэл гэж байдаггүй. Гэтэл хорон муухай өвчнийг хүртэл ашигтай, сайхан зүйл мэт болгож эргүүлдэг нь энэ дэлхий дээр ганцхан улс төр л байх. МАН энэ аргыг сонгуулийн өмнө гаргууд сайн хэрэглэлээ. Корона гэж гай газрын хаанаас гарч ирээд, МАН-ын сонгуулийн сурталчилгаа болчхов гэмээр таван сар өнгөрөв.
У.Хүрэлсүхийн Засгийн газар хэдхэн хүнийг алдаршуулан нийгмийг аврагч дүр болгон ил гаргаж ард нь сошиалаар багаараа ажиллав. Ингэсний үр дүнд өнөөдөр улс төр гэгч орооцолдсон утасны учгийг ухаж үл ойлгох зарим нэг нь “Биднийг аварсан баатруудыг багаар нь дэмжинэ” гэчихсэн явж байна. Гэтэл гадны орнуудаас коронатай монголчуудаа авчирсан нь цаанаа хөл хориог сунгаж, сонгууль хүргэх зорилготой “айлгах ажиллагаа” байсныг анзаарсан нь цөөн. Утаагаар найман хүнээ бурхны орон руу залчхаад баримт төдий болгоод мартчихсантай ижилхэн л явдал. Ялгаа нь утаагаар яалт ч үгүй өчнөөн хүн амь насаа алдсан, коронагоор хүн нас бараагүй. Хэрвээ коронагоор хүн эндсэн бол энэ төр засаг сонгуульдах ямар төлөвлөгөө зохиосон байсан нь их сонин.
Хэчнээн хүн утаанаас шалтгаалах шууд болон дам шалтгаанаар амь нас, эрүүл мэндээрээ хохирсныг мэдэх аргагүй. Тэгээд л дуугүй болцгоосон. Өнөөдөр коронагоор нэг ч монгол хүн эндээгүй эсвэл тусаад эдгэрсэн, өвдсөн эсэхийг эрх баригчид өөрсдөө ч мэдэхгүй байгаа. Дэлхий дахинаа болж буй гай зовлонг өөрсдийн гавьяа мэт улс төржүүлж байгаа нь шившиг. Тэнгэрийн авралаар нэг ч хүн эндээгүй байгаа нь эрх баригчдын гавьяа биш монголчуудын заяа тавилан байлгүй. Засаг, заяа хоёрт зааг ялгаа гэж бий. Корона Монголд гай тариагүй ч “коронагоор халдварласан улс төр” өөрөө монголчуудад гай тарьж мэдэхээр болоод байна. Учир нь иргэн хүнд дөрвөн жилд ганцхан удаа олгогддог сонгох эрхэнд нь эрх баригчид зүй бусаар халдсаар байна.
Уулзалтгүй
сонгууль
МАН хөдөөнөөс санал авдаг үндсэн тактиктай. Энэ жилийн сонгуулиар корона вирусээр далимдуулан шинэ нэр дэвшигчид өөрийгөө таниулах боломжийг хаасан. Энэ арга өөрсдөд нь давуу талтай. Учир нь МАН-ын 65-ыг сонгогчид сайнаар биш юмаа гэхэд муугаар мэднэ. Тиймээс бүхий л ЖДҮ-чин, концесчин, ёс зүйгүй хүмүүсээ МАН нүүрээ ширлэн дахин нэр дэвшүүлэв. Дөрвөн жилийн туршид муугаар танигдсан гишүүдийнхээ ёс бус үйлдлийг худал цуурхал, эвлүүлэг, харлуулах ажиллагаа гэж ганц “тонгороод” л дахин сонгуулах гэсэн тооцоолол. Энэ энгийн тооцооллын цаана сонгогчдыг дэндүү бассан дүр зураг харагддаг. Учир нь ихэнх шар бор хэвлэлүүдийг эрх баригчид мэдэлдээ авчихсан. Тэрүүгээр магтан дуулсан нэвтрүүлгүүдээ гаргачихна. Хамаг муу муухай бүхэн сошиалаар хөвөрдөг жамтай. Хөдөө орон нутгийнхан тэр болгон дата-гаа үрж, хов бүхнийг нягтлах завгүй хүмүүс. Малчид, тариаланчид бол өдөр болгон өрнөх фэйсбүүк, твитерийн хэрүүл шуугианаас хол. Үүнийг нь ашиглан МАН тархи угаалтаа өргөн фронтоор өрнүүлж байна. Ноолуурын 100-гаас эхлээд хөдөө баахан шуугиан дэгдээж хүлээлт үүсгэчхээд байгаа. Бас л аврагчдын дүр бүтээчихсэн. Ар Монголд тэднээс өөр “лидер” байхгүй мэт аашлах юм.
Сонгогчидтойгоо нүүр нүүрээ тулан уулзах, ядаж бараа төрхийг нь ч болтугай хараад сонголтоо хийлгэх шинээр нэр дэвшигчид болон бусад нам, эвслийн эрхэнд эрхбаригчид ийнхүү бүдүүлгээр халдав. Энэ бол сонгогчдын сонгох эрхийг хязгаарлаж буй хэрэг. Хүмүүс сонголтоо хийх эцсийн мөчид “Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэдэг сонголтыг хийнэ гэж тэд тооцоолжээ. Сонгогч иргэдтэй гол харилцаа холбоо тогтоодог уулзалтыг тэд ийнхүү боомилов. Учир нь тэд өөрсдөө сонгогчидтой “уулзах нүүргүй” бас уулзах хэрэггүй хүмүүс юм.
Мэдээлэлгүй сонгууль
Сонгуулийн хуулиар сонгогчдын мэдээлэл авах боломж тун хомс байна. Нэг жижигхэн сонин бас нэг жижигхэн сэтгүүл. Бусад нь сошиал. Сошиал нь мэдээж хүн амын нэг хэсгийн хэрэглээ. Тэгээд ч ихэвчлэн нэг нэгнийгээ харлуулах , харласан нөгөө нь сөрсөн базаа хийдэг “дайн байлдааны” талбар учраас хүмүүс залхсан. Сонгогчид олон шинэ дэвшигч, зарим нь (мөнгө төгрөг муутай) бусад нам эвслээс нэр дэвшигчдийн талаарх бодит мэдээллийг өөрсдийнх нь хийлгэсэн сонин, сэтгүүлээс л авах боломжтой байдаг.
Гэтэл Засгийн газар 188 дугаар тогтоол гаргаж, ковид-19 цар тахлаас сэргийлэхийн тулд “Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал тараах хүмүүс бээлийтэй байх ёстой. Үүнээс гадна айлын хаалга тогшиж материалыг биечлэн өгөхийг” хоригложээ. Нэгэнт орон сууцны айлуудын хаалгыг тогшиж материал тараахгүй юм бол зарим нэг нэр дэвшигч айлын үүдэнд “хаяулах хог” үйлдвэрлүүлэхгүйн тулд хэвлэмэл материалаа хийлгэхгүй. Хэвлэмэл материал хийлгэхгүй нэр дэвшигч олон байвал тэр хэрээр иргэд мэдээлэлтэй болж чадахгүй. Ганцхан сошиалд л найдах арга үлдлээ. Энэ нь ялангуяа ахмад настай сонгогчдын хуучин сонголтыг өөрчлөхөд төвөгтэй болгох арга. Учир нь тэд тэр болгон сошиал медиа хэрэглэдэггүй. Тэгэхээр шинэ мэдээлэл очихгүй гэсэн үг. Айлын хаалга тогшин, аз байвал ганц хоёр үг солин, аман сурталчилгаа хийдэг арга ийнхүү хаагдав. Өмнө сонгуулиудаар нэр дэвшигчдийн өмнөөс явж буй материал тараадаг хүмүүс хувцасны жигдрэлт, мэндлэх хүндлэх гээд олон зүйлд ач холбогдол өгдөг байсан билээ. Тиймээс нэр дэвшигчид ямар ч хамаагүй хүнд хамаг намтар түүх, зураг хөргөө хэвлэсэн тараах материалаа өгч, айлын үүдэнд аваачаад хаячаарай гэхгүй л болов уу.
Сонголтгүй
сонгууль
Дээрх тохиолуудаас харахад энэ жилийн сонгууль үнэндээ сонголтгүй сонгууль болох нь. Хэрвээ тэгвэл ямар дүр зураг гарах вэ? Одоогийн Улсын их хурал дахь ЖДҮ-чин, концессчин, хүчиндэгч, хулгайч, алуурчин гээд есөн шид нь бүрдсэн хүмүүсийн нүүр нь л солигдоно. Зарим нь аягүй бол нүүр нь ч солигдохгүй. Учир нь коронагоор “баатар” болгосон хүмүүсээ МАН бүгдийг нь дэвшүүлээд амжсан. Хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо гэдэг шиг л юм болох нь.
Хөдөөгийнхнийг томсгосон тойрог нэрээр сонгуулиа авах тактикийг тэд аль хэдийнэ боловсруулсан. Энэ байдлаас харах юм бол эрх баригчид олонхын эрх мэдлээ хадгалж үлдэхээр үхэн хатан үзэж тарж байна. МАН 65-ынхаа зарим нүүрийг сольж, дангаар ноёрхлоо тогтоохын тулд дөрвөн жил бэлджээ. Энэ хэвээрээ үлдвэл түүх давтагдана. Ядуурал, ажилгүйдэл, хүүхдүүдийн үхэл, угаарын хордлого, булхай луйвар, дээрэм, хүчин, хүчирхийлэл, хар, саарал жагсаалт... үргэлжилнэ. Уучлаарай, юу ч өөрчлөгдөхгүй.
Яах вэ, АН-ын үнэнч дэмжигчид бусад нам эвслийн дэвшигчид жаахан өөрчлөлт оруулах байх. Ардчилал, өөрчлөлт, хөгжил, дэвшлийг хүсэгчид олон бий. Тэд гэвч 100 дахь жилдээ ургаж буй дарангуйллын үндсийг, дөрвөн жил чимээгүйхэн мөлхөн ирсэн шинэ үеийн дарангуйллын системийг сөрж зогссон ч нэгээрээ, хэсгээрээ “хэлмэгдүүлэлтэд” өртсөөр байгаа билээ. Одоо хүмүүс залхаж, ядарч байна. Шилний цаанаас чихэр долоож, бүсээ чангалдаг, ажлаа хийх үүргээ “ардын баатар” болгоход ашигладаг энэ увайгүйтлын үндсийг таслан зогсоохгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Өөрчлөлтийг хүсч буй бол сонголтоо л өөрчлөх цаг иржээ. Дахиад 30 жил дарангуйллын буданд төөрмөөргүй байна. Нүдний будан арилахгүй бол тархины будан арилахгүй. Гучин жил дарлууллаа одоо ханаагүй гэж үү....
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН