Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ) (IRI) болон "Зориг сан"-гаас хийсэн цахим судалгаагаар Монголын залуучуудын улс төрийн ухамсар мэдэхүйц дээшилсэн дүн гарчээ. Энэ талаар БНОУХ-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Крэйг Кастанья өнөөдөр Монголын Хэвлэлийн хүрээлэн дээр болсон "Залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь" хөтөлбөрийн нээлт дээр мэдэгдлээ.
Тодруулбал, өмнө нь залуучуудын дийлэнх нь улс төрийг сонирхдоггүй, улс төрийн сонгуульд оролцох идэвх тааруу байсан бол одоо залуучууд улс төрийг улс орны хөгжилтэй холбоотой зүйл гэдгийг ухамсарлаж, наад зах нь сонгуульд оролцож саналаа өгөх нь иргэний үүрэг, хариуцлага гэдгийг ойлгодог болсон гэдгийг тэрээр онцоллоо. Гэхдээ залуучууд улс төрийн аль нэг намд харьяалагддаггүй гэсэн судалгаа гарчээ. Залуучууд болон эмэгтэйчүүд хүн амын олонхын бүлэг болдог талаараа ч тэдний нийгмийн идэвх оролцоо чухал байдаг. Энэ үүднээс тэдний дуу хоолойг сонсч байх нь аль ч улс оронд хэрэгтэй, тухайн улс орон цэцэглэн хөгжиж байдаг гэж хөтөлбөрийн нээлтэд оролцсон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески хэлсэн.
Тэрбээр, "Монгол Улс нь эрч хүчтэй залуучууд, эмэгтэй манлайлагчдын эх орон болсон ардчилсан улс. Ардчиллыг бэхжүүлж, хөгжлийг дэмжих хамтын зорилгын төлөө иргэдийн оролцоог дэмжин ажиллах нь бидний хувьд нэр төрийн хэрэг" гээд АНУ Монголд 2004 оноос хойш сайн засаглалыг бэхжүүлэх, иргэний нийгмийг хөгжүүлэх, Монгол Улсын ардчиллыг хамгаалахад хувь нэмрээ оруулж, 342 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг тэмдэглэв.
Өнөөдөр нээгдэж буй "Залуучууд, эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог идэвхжүүлэх нь" хөтөлбөр нь сонгуулийн өмнөх үед иргэдийн улс төрийн оролцоог идэвхжүүлэх, улмаар сонгуулийн дараах иргэн төвтэй засаглал, улс төрийн хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэж байна. Нэг ёсондоо сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх зорилготой, үүнийг залуучууд, эмэгтэйчүүдэд онлайн болон нийтийг хамарсан сургалт явуулах, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, идэвхтнүүдийн сүлжээ байгуулах зэрэг олон төрлийн үйл ажиллагаагаар хэрэгжүүлнэ. Үүнд "Сонгогчдын боловсрол төв", "Бодлогод залуусын хяналт", "Цогц хөгжлийн Үндэсний төв", "Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан", "Глоб интернэшнл", "Зориг сан" зэрэг олон нийтийн ТББ-ууд хэрэгжүүлэн оролцох аж. Жишээ нь, "Глоб интернэшнл төв"-тэй чөлөөт хэвлэл болон сэтгүүлчдийг дэмжиж хамтран ажиллах юм. Саяхан тус төвөөс "Залуучууд, эмэгтэй сэтгүүлчдийн онлайн чуулган"-ныг зохион байгуулж, энд 87 сэтгүүлч шууд холбогдон оролцож, 220 гаруй оролцогч "GIC-Сэтгүүлчдийн онлайн сургалт" фэйсбүүк группт нэгдэж 40 орчим видео хичээл, сургалтын контенттэй танилцаж тав хоногийн онлайн марафоныг эхлүүлжээ. Энэ талаар БНОУХ-гийн суурин төлөөлөгч Крэйг Кастанья "Оролцоо, эргэх холбоо бүхий ардчилал нь иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаж чаддаг. Ардчиллын гол чанар бол залуу боловсон хүчнээр "цус сэлбэж" байх ёстой. БНОУХ түнш байгууллагуудын хамтаар эмэгтэйчүүд, залуучуудын дуу хоолойг хүргэж, өргөн хүрээг хамарсан иргэдийн оролцоог дэмжиж ажиллана" хэмээн тодотгов. БНОУХ, Азийн сан болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтран хэрэгжүүлэх АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн ардчилал, засаглалыг хөгжүүлэх дээрх хөтөлбөр зөвхөн УИХ-ын сонгууль бус орон нутаг болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдыг бэлтгэхэд чиглэж, гурван жил хэрэгжинэ. Хөтөлбөрт нийт гурван сая ам.доллар буюу 8.4 тэрбум төгрөг зарцуулах юм. "Залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь" хөтөлбөрийн нээлт онлайнаар мөн болж, нээлтэд СЕХ болон Азийн сан, "Сонгогчдын боловсрол төв" ТББ-ын төлөөлөл оролцлоо.