УИХ-ын 2020 оны сонгуульд томсгосон 29 тойрогт өрсөлдөх нам, эвслээс нэр дэвшигчид, бие даагчид сонгуулийн халуухан тэмцлийн талбарт өрсөлдөж яваа. Хүн амын тоо, бүс нутгийн байршил, нягтаршил зэргээс шалтгаалан нэг тойрогт 2-4 мандат ногдож байгаа. Энэ удаагийн сонгуульд улс төрийн гол хүчин болох АН, МАН-аас гадна хоёр эвсэл, нэг хөдөлгөөн болон 208 бие даагч нэр дэвшихээр бүртгүүлсэн нь өрсөлдөөнтэй, сонголттой сонгууль болохыг харуулсан. Энэ удаа “Хэн нь хэн бэ” буландаа гурван мандаттай 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт нэр дэвшигчдийг онцолж байна.
УИХ-ын 2020 оны сонгуулийн 19 дүгээр тойрог гурван мандаттай, Дархан-Уул аймагт нам, эвслээс нийт 25 хүн нэр дэвшиж байна. Үүнд:
Дархан-Уул аймаг
АН
1. Доржзовдын Энхтуяа
ТВ2 телевизийн захирал
2. Баянжаргал Бямбасайхан
Монголын бизнесийн зөвлөлийн
Удирдах зөвлөлийн дарга
3. Намсрай Мөнхдаш
Дархан нутаг ТББ-ын тэргүүн
МАН
1. Болд Жавхлан
УИХ-ын гишүүн
2. Баагаа Баттөмөр
УИХ-ын гишүүн
3. Гонгор Дамдинням
Промайнинг Монголиа ХХК-ийн
захирал
МАХН буюу Та бидний эвсэл
1.Дашнямын Араажав
2.Тогтохын Амгалан
3. Эрдэнэбаярын Мягмардорж
ШИНЭ эвсэл
1.Пүрэвдоржийн Эрдэнэбат
2.Жамбалсүрэнгийн Төгсжаргал
3. Батсайханы Нямбаяр
Зөв хүн электорат эвсэл
1.Банзрагчийн Отгонтөгс
2. Артбазарын Галтбаяр
3.Бат-Очирын Содболд
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
1.Сайн-Эрийн Баяр
Сахигтун! Үндсэн хуулийн эвсэл
Мөнхбаярын Амарсанаа
Зон олны нам
Гончигзэгвийн Отгонжаргал
Ард түмний олонхын
засаглал нам
1.Доржийн Тэрбиш
2.Гомбожавын Энхжаргал
Бие дааж нэр дэвшигчид
Тордайн Ганболд
Ганбаатарын Баянмөнх
Оюунбатын Оргил
Цогтоогийн Амарбаясгалан
Лхасүрэнгийн Одбаяр
Үндсэн хуулийн шинэчлэлээр Монгол Улсын нэг хот болж байгаа Дархан-Уул аймаг энэ удаад мөн гурван мандаттайгаар 2020 оны сонгуульд оролцоно. Тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Дархан албан ёсоор хотын статустай болсон билээ. Тус аймаг 66127 сонгогчтой. Өнгөрсөн удаагийн сонгуулиар дарханчууд АН-д, МАН-д, бие даагчдад ч итгэл үзүүлж байсан түүхтэй.
Салхи эрхшээгч Б.Бямбасайхан
АН-аас 2020 оны сонгуульд сойсон шинэ, залуу эрч хүчтэй удирдагч залуусын нэг нь Дарханд нэр дэвшсэн Б.Бямбасайхан. Өмнө нь түүнийг Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан гэдгээр нь хүмүүс мэдэх болов уу. Б.Бямбасайхан дэд бүтэц, эрчим хүч, эрдэс баялгийн салбарт ажилласан арвин туршлагатай бизнесийн удирдагч юм. Тэрээр Монгол Улс дахь анхны салхин цахилгаан станцын тѳслийг 2012 онд удирдан гүйцэтгэсэн бөгөөд Ази тивийн эрчим хүчний бусад томоохон төслүүдийг амжилттай удирдан ажилласан нэгэн. Азийн Хөгжлийн Банканд ажиллаж байхдаа тэрбээр Тѳв Азийн хѳгжиж буй орнуудад эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, болон түгээх төслүүдийн санхүүжилт, бүтээн байгуулалтад гар бие оролцож байсан туршлагатай.
Тэрээр мѳн дотоод гадаадын 260 гаруй хөрөнгө оруулагчдыг нэгтгэсэн Монголын Бизнесийн Зөвлөлийн удирдах зѳвлѳлийн дарга. Б.Бямбасайхан нь МУИС болон АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийг дүүргэсэн ба 2014 онд Дэлхийн эдийн засгийн форумаас Дэлхийн залуу манлайлагчаар шалгарч байсан эрхэм.
Дарханыг Монголын хоёрдогч том, дижитал хот болгох зорилготой нэр дэвшлээ. Итгэж, дэмжиж байгаа бүгдэд баярлалаа” хэмээн жиргэсэн байна лээ.
Дархан нутгийн хүү Н.Мөнхдаш
АН- ын удаах нэр дэвшигчийг дарханчууд мэднэ дээ. Дарханы Дашууд орон нутагтаа олны танил эрхмүүд. Н.Мөнхдаш өмнө нь ч УИХ-д нэр дэвшиж байсан ч хараахан төр түшиж амжаагүй яваа. Энэ удаа дарханчууд нутгийн хүүдээ итгэл өгнө хэмээн тооцож, нэр дэвшсэн биз ээ. Юутай ч Дархан хотын 55 жилийн ойд зориулан, мөнөөх Дашууд эв нэгдлийг илэрхийлсэн “Алунгоо эхийн хөшөө” бүтээлгэж, Дархан 50 цогцолборт залсан түүхтэй. Энэ хөшөө одоо ч уг цогцолборт зочлогчдын сонирхлыг татдаг бүтээл. Н.Мөнхдаш Дархан хотдоо ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарч, дарханчууддаа даруухан “бэлэг” түгээсээр яваа гэнэ.
Дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийн нэг Доржзовдын Энхтуяа
ТВ2 телевизийн захирал Д.Энхтуяаг Дарханд АН-аас сойсон. Дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийн нэг энэ эмэгтэйг өмнө нь Eagle TV, NTV, МҮОНРТ-ийн дэд захирлаар ажиллаж байсныг хүмүүс мэднэ дээ. Тэрбээр 2012-2013 онд УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргын албыг ч хашиж явсан нэгэн. “Хүүхдээ хайрлая сан” ТББ-ын тэргүүн Д.Энхтуяа “ Ахмадын өдөр өнжүүлэх төвүүдийг олноор байгуулна “Хүүхдийн автобус” үйлчилгээг хуульчилж өгнө. Хүүхдийн төрөлжсөн дэлхийн стандартын эмнэлгийг хуулиар баталгаажуулна. Ажлын байрыг олноор бий болгож, монголчуудаа өөрийн гараар амьдралаа цогцлоох боломжоор хангах зорилготой” УИХ-д нэр дэвшиж байгаа гэнэ. Ийм нэгэн баг Дарханд АН-ын “Өрх бүрт өсөлт”-ийг авчрах зорилгыг хэрэгжүүлэх “томилолт” авчээ.
Дарханы зам
МАН-ын нэр дэвшигчдэд сөрөг оноо авчирна
Уг нь Улаанбаатар-Дарханы 204.1 км замыг шинэчлэх нь МАН-ын нэр хүндийг өсгөх гол ажлын нэг байв. Гэсэн ч Дарханы зам “там” болж, товлосон хугацаандаа ашиглалтад орох аргагүй болсон энэ зам эрх баригч намаас нэр дэвшигчдийн рейтингэд сөргөөр нөлөөлж мэдэхээр байна.
ЗТХЯ-ны мэдээлснээр 95.5 км замын ажлын гүйцэтгэл 16 хувьтай, зам тавих хятад иргэдийг хөл хорио дуустал хилээр нэвтрүүлэхгүй болсон нь Дарханы зам энэ ондоо ашиглалтад орох найдваргүй болгожээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр өнгөрөгч онд 265 осол гарч, 25 иргэн амь насаа алдаж, 79 иргэн гэмтэж бэртсэн байна. Дарханы замд хохирсон иргэд хохирлоо нэхэмжлэх тухай яригдаж эхэлсэн. МАН-ын нэр дэвшигчдэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй өөр нэг асуудал нь ЖДҮ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн нэр ЖДҮ-гийн зээлтэй холбогдон дурдагдаад авсан. Б.Жавхлангийн хувьд Дархан нутгийн хүү, парламентын гишүүд дундаа банк, эдийн засгийн салбарын мэдлэгтэйд тооцогддог ч мөн л ЖДҮ-гийн асуудлаас нэр цэвэр мултарч чадаагүй.
МАН-аас Дарханд сойсон өөр нэг нэр дэвшигч нь судлаач Г.Дамдинням. Нэгэн үе Монголын Оюутны холбооны идэвхтэй гишүүдийн нэг явсан түүний нэр олонд төдийлөн танил болоогүй.
Хүчтэй бие даагч
бас бий
Дархан-Уул аймагт хүчтэй бие даагч бий. Дархан төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн захирал асан, "Алтан Дорнод Монгол" компаниар овоглогддог Т.Ганболд 19 дүгээр тойрогт нэр дэвшээд буй. МАН-ын угшилтай тэрбээр нэгэн үе ХҮН-ийг тэргүүлэх гээд бараагүй. Харин одоо “Ганц дайчин ганцаардахгүй” гэгчээр 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болсон юм.
Эрдэм төгс
эмэгтэй
Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Банзрагчийн Отгонтөгс МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн багш, профессор, эдийн засгийн ухааны доктор юм. Тэрбээр Үндсэн хуульд 2019 онд оруулсан өөрчлөлтүүдийн дагуу 40 орчим хуулийн өөрчлөлтийг хийх, Эрүүл мэнд болон боловсролын салбарыг улс төрөөс хол байлгах, Авлигалын, ЖДҮХС, Боловсролын, Хөдөлмөрийн, Татварын, Гаалийн, Банкны хуульд өөрчлөлт оруулах зорилготойгоор УИХ-д нэр дэвшжээ.
АНУ-д Колумбийн их сургуульд доктор хамгаалсан Б.Отгонтөгс 2020 оны нэр дэвшигчдийн дундах содон шигтгээ. Монгол Банкны Бодлогын Зөвлөлийн гишүүн байсан энэ эмэгтэй иргэдийн эдийн засгийн боловсролыг сайжруулах, ЖДҮ хулгайтай тэмцэх тэмцэлд дуу хоолойгоо өргөж, хувь нэмрээ оруулж явсан билээ. АНУ-ын нийслэл дэх Америк их сургуульд зочин судлаач, цагийн багшаар ажиллаж явсан энэ нэр дэвшигчийг Монголын эмэгтэйчүүдийг төлөөлөн УИХ-д илгээх эсэхийг дарханчууд шийдвэрлэнэ.
ДАРХАН-УУЛ АЙМГААС СОНГОГДОЖ БАЙСАН
УИХ-ЫН ГИШҮҮД:
• 1992 он: МАХН-ын гишүүн Н.Жанцанноров, Ч.Баянжаргал, Ж.Жадамбаа
• 1996 он: Ардчилсан холбоо эвсэл Т.Эрдэнэбилэг, М.Чимэдцэрэн,Ш.Батбаяр
• 2000 он: МАХН-ын гишүүн Д.Баттулга, Д.Цэвээнжав, Л.Даваацэдэв
• 2004 он: Эх орон-Ардчилал эвсэл Л.Гансүх, М.Сономпил, Б.Цэрэнбалжир,
• 2008 он: МАН-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар, АН-ын гишүүн Л.Гансүх,
• 2012 он: МАН-ын гишүүн Д.Хаянхярваа, Бие даагч С.Ганбаатар
• 2016 он: МАН-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Жавхлан, Б.Баттөмөр
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН