Засгийн газрын гишүүдийг огцруулахыг шаардсан жагсаал Төрийн ордны гадаа боллоо. Жагсагчид ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарыг огцрохыг шаардав. Тэд огцруулах шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьж байна. Хэрвээ хариуцлага алдсан Засгийн газрын гишүүдээ огцруулахгүй бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрөө огцрох ёстой хэмээж буй юм. Ингээд уг жагсаал цуглаанд оролцогч Хан-Уул дүүргийн иргэн, багш мэргэжилтэй, 63 настай Ш.Цэрэнсамбуутай ярилцлаа.
-Та энэ жагсаал цуглаанд яагаад оролцох болов?
-Ард түмний амьдрал хэцүү байна. Эрх баригч МАН-ын эрх ямба нэмэгдэж гаргаж буй шийдвэрүүд нь жирийн иргэн бидний амьдралд халгаатай байгаа болохоор эсэргүүцлээ илэрхийлэхээр шийдсэн юм.
Үндсэн хуульд иргэн төр засагт үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж заасан биз дээ. Ийм учраас энэ жагсаалд нэгдсэн. Анх эхэлсэн өдрөөс нь л өдөр бүр ирж оролцож байгаа. Яагаад гэвэл үр хүүхдийнхээ сайхан ирээдүйн төлөө өнөөгийн эрх баригчдын увайгүй үйлдэлтэй эцсээ хүртэл тэмцэнэ. Энэ МАН ардчиллыг үнэхээр булшилж байна. Ялангуяа, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гол үүрэг гүйцэтгэж байгаа юм.
-Та бүхэнд жагсаал цуглаан хийлээ гэж ямар нэг дарамт шахалт ирж байна уу?
-Энэ жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа хүүхдийг цагдаагийн нэг хурандаа улаан цайм гүтгэж зурагтаар худал ярьсан. Түүнийг Ц.Нямдорж л тэгж, ингэж худал ярь гэсэн гэж бодож байна.
-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах ямар үндэслэл бий гэж та бүхэн үзэж байгаа юм бэ?
-Ц.Нямдорж төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан хэргээр улс төрийн тоглолт хийж байна. Үүндээ Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг ашиглаж байна. Тэгээд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь гээд яриад байсан. Гэтэл өөрсдөө 51 хувийг нь барьцаанд тавьчихсан байгаа юм. Энэ талаараа огт ярихгүй байгаа нь хачирхалтай. Энэ мэтээр ард түмний тархи угаахаа боль гэж танай сониноор дамжуулж хэлмээр байна. Ц.Нямдорж бид хоёр нэг үеийнх. Тэр хүн над шиг сард 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч амьдрахгүй. Дор хаяж сард 700-800 мянган төгрөгийн тэтгэвэр авах нь тодорхой. Ц.Нямдорж одоо тэтгэвэртээ суух хэрэгтэй. Төрд хутгуур хийж залуусын суудлыг бөглөх шаардлага тэр хүнд байхгүй шүү дээ.
-Та бүхэн Ерөнхий сайд болон огцрохыг шаардаж буй сайд нартаа ямар нэг шаардах бичиг хүргүүлсэн үү?
-Хүргүүлсэн. Бидэнд ямар ч хариу өгөлгүй долоо, найм хонож байна. Бид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шийдэмгий, тодорхой арга хэмжээ авна, шаардлагад хариу өгнө гэж маш их итгэж байсан. Ёстой л нөгөө сэлэм нь гараад худалч, хулгайч, луйварчин, авлигачдыг цавчаад шударга ёс тогтооно гэж найдаж байлаа. Гэтэл бас адилхан худлаа ярьдаг нөхөр байна. М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас зайлуулчихвал шударга ёс тогтоно гээд зурагтаар мөн ч их ярьсан. Тэр М.Энхболд нь огцроод шударга ёс тогтсон юм хаана байна. Ард түмнийг худал яриагаар ингэж басамжлахаа эрх баригчид, төрийн өндөр албан тушаалтан эрх мэдэлтнүүд болих хэрэгтэй. Албан тушаал, эрх ямба гэдэг бол цаг зуурын асуудал. Үүрд биш. Эцсийн эцэст эрх мэдэлтнүүдэд ард түмэн л дүн тавьдаг шүү дээ.
-Та бүхний шаардлагад хариу өгөхгүй, огцрохгүй бол цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Би Хан-Уул дүүргийн иргэн. Манай 11, 15-р хорооноос ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Би Хан-Уул дүүргийн 120 мянгатын автобусны буудал дээр сууж Ц.Нямдоржийг сонгосон иргэд нь дэмжиж байна уу, үгүй юу гэж гарын үсэг цуглуулна. Түүнийгээ МАН-ын удирдлагуудад нь өгнө гэж бодож байгаа. Би Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар боловсролтой, ухаалаг залуу. Ийм учраас диполматуудын 70 кг хар тамихны хэрэгтэй холбоотой өөрийн хүсэлтээр огцрох байх гэж бодож байгаа. Дэлхий нийтийн өмнө улсынхаа нэр сүрийг бодоод улс төрийн соёл гаргаж огцрох байх гэж найдаж байна.
-Тойрогтоо очиж сонгогчидтойгоо ер нь уулзаж, санал хүсэлт авч иргэдийн үгийг сонсдог уу?
-Үгүй. Сонгуулиас хойш би лав тэр хүнийг Хан-Уул дүүрэгт, тойрогтоо ирж байхыг хараагүй. Зурагтаар л гардаг. Тэр ирэхгүй ээ. Ирлээ гэхэд МАН-ын гишүүдтэйгээ уулздаг байх. Жирийн иргэд бидэнтэй уулзаж байхыг хараагүй.
-Энэ жагсаал, цуглаанд хэдэн хүн оролцож байна вэ?
-Хүмүүс сэтгэлээрээ нэмэгдэж л байна. Тэгээд та нарыг дэмжиж байгаа шүү гэдгээ илэрхийлж байгаа. Иргэд ХЗДХ-ийн сайд буруу зүйл хийгээд байгааг иргэд мэддэг болсон байна.
-Та 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас дэвшүүлсэн амлалт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Мөрийн хөтөлбөр, амлалт нь алд дэлэм зөрж байгаа нь ард түмэнд ил байна шүү дээ. Төрийн ордныг хүндэтгэн боддог байсан. Гэтэл өнөөдөр бүх муу муухай үүрлэж байна. Худалд, хулгайч, хүчиндэгч, ЖДҮ-чид үүрлэсэн газар болжээ. Тэгээд буруу зөрүү ярьдаг над шиг зөнөсөн хөгшин хэдэн гишүүд байна. Хуулиа мэдэхгүй, тэтгэврийн хөгшин надаас дор нөхдүүд УИХ-ын гишүүн гээд явж байгаа нь харамсалтай. Үүгээр зогсохгүй ах дүү, амраг садандаа албан тушаал өгдөг болсон. Гэтэл өндөр боловсрол, нарийн мэргэжилтэй сайхан залуучууд ажилгүй байна шүү дээ. Аргагүйн эрхэнд залуучууд гадаадад боолын хөдөлмөр эрхэлж байна. Эрх баригчид татвар нэмэхгүй гэсэн. Гэтэл өнөөдөр татвар нэмэгдлээ. Тэр Зөрчлийн тухай хууль ард түмэнд их халгаатай байгаа юм. Мөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг бууруулж өөрсдийн хүмүүсээ хэргээс мулталж байна. Ийм увайгүй байж өнөөдөр Үндсэн хуулийг өөрчилнө гэж байгаа нь зохисгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах байсан ч есөн шид нь бүрдсэн увайгүй хүмүүсээр засуулах ёсгүй гэж бодож байна.
-Сонгуулийн тухай хуулийг УИХ бас хэлэлцэж эхэлсэн. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Иргэд эд нараас үнэхээр залхсан. Тийм болохоор иргэд сонголтоо зөв хийх байх гэж бодож байгаа. Өнөөдөр бидний цаг үе өнгөрсөн. Залуусаа сайхан халамжлах ёстой. Өндөр боловсролтой залуус олон байна шүү дээ. Гэтэл Ц.Нямдоржийн хүү л ганцаараа Элчин сайд хийж чадах хүн үү. Түүнээс өндөр боловсрол мэдлэгтэй хүүхдүүд Монголд олон байна. Тэд яагаад явж болдоггүй юм. Ц.Нямдоржийн хүүхдэд ямар өө байхгүй гэнэ. Хорин хэдхэн насандаа “Эрдэнэт” үйлдвэрт хоёр тэрбум төгрөгийн наймаа хийж байсан хүн Элчин сайд болчхоод ер нь юу хийх бол. Хүүгээ багаас нь мөнгөний амтанд оруулчхаад яагаад Элчин сайд болгох гээд зүтгээд байна гэдгийг бодох л хэрэгтэй.
Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН