Б.БЯМБА
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн Хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ)-ийг “Ардчилал таймс” сонин цувралаар хүргэж буй билээ. Өнгөрсөн удаад “1.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй “гэнэт “баяжсан УИХ-ын гишүүдийн ХОМ” нэртэй нийтлэлийг хүргэж байсан бол энэ удаад МАН-ын ЖДҮ-чин гишүүдийн ХОМ-ийг танилцуулж байна. Онцлоход, МАН-ын 76 нэр дэвшигчийн 10 хүн тутмын нэг нь ЖДҮ-чин гишүүн байна.
УИХ-ын гишүүн, ЖДҮ-чин Г.Тэмүүлэн
(УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрог буюу Архангай аймагт нэр дэвшигч)
УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Д.Дэнсмаагийн эзэмшлийн “Спа цогцолбор” ХХК нь 2017 онд ЖДҮХС-аас “Тунгалаг” цэвэр усны үйлдвэр барих төслөөр 700 сая төгрөгийн зээл авсан. “Спа цогцолбор” ХХК нь бидний хэлж заншсанаар хорооллын эцэст байрладаг “Говь саун”-ыг эзэмшдэг компани юм. Архангайчуудын боломжийг хулгайлсан гэх ЖДҮ-чин гишүүн Г.Тэмүүлэнгийн ХОМ-ийг хүргэе.
Нэг жилийн нийт орлого: 26 сая 526 мянга
Гэр бүлийн гишүүдийн орлого: 43 сая 252 мянга
Нийтийн орон сууц: 3 ба нийт 361 саяын үнэлгээтэй.
Тээврийн хэрэгсэл: Range Rover- 1, Lexus, 570- 1
Мал аж ахуй: Хурдан удмын адуу-38
Хадгаламж: 112 сая 237 мянга
Хөрөнгө оруулалт: “Харте Голд Корп” ХК-20,000 ш, “Евроконстракшн” ХХК-100 хувь, ТТЕМ ХХК-100 хувь эзэмшигч.
УИХ-ын гишүүн, ЖДҮ-чин Б.Саранчимэг
(УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч)
УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн төрсөн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан “Сингапурхэльткейр сентр ХХК” 2018 оны наймдугаар сард ЖДҮХС-аас 800 сая төгрөгийн зээл авсан байна. Энэ баримтаас гадна Б.Саранчимэг гишүүний өөр нэг төрсөн дүү Б.Оюунчимэгийн нөхөр В.Үнэнбат нь “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн Гүйцэтгэх захирлын алба хашдаг болохыг ikon.mn сайт мэдээлсэн байна. Баянзүрх дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн боломжийг хулгайлсан Б.Саранчимэгийн ХОМ-тэй танилц.
Нэг жилийн нийт орлого: 26 сая 526 мянга
Гэр бүлийн гишүүдийн орлого: 42 сая 610 мянга
Нийтийн орон сууц: 2
Авто зогсоол: 1 ба нийт 1 тэрбум 129 саяын үнэлгээтэй.
Тээврийн хэрэгсэл: Toyota, Camry - 1, Jeep, Wrangler- 1
Мал аж ахуй: Хурдан удмын адуу-3, Адуу-11, Үхэр-4
Газар: Эзэмших-3 га, ашиглах-1050 м2
Хадгаламж: 18 сая 399 мянга
УИХ-ын гишүүн, ЖДҮ-чин Б.Баттөмөр
(УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт нэр дэвшигч)
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн 80 хувь эзэмшдэг “Мондем” ХХК 2018 оны аравдугаар сард ЖДҮХС-аас 300 сая төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг авахдаа тэрбээр ёс юм шиг уурлаж байсныг өдөр тутмын сонинуудын холбооны “Эрэн сурвалжлагчид” нэгдэн мэдээлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нь “Мондем” ХХК-ийн төслийг дэмжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт хандаж байсан аж. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал асан С.Төгсбилэг нарыг өрөөндөө дуудаж цаасан дээр “УИХ-ын гишүүн Б.Баттөмөр” гэж бичүүлээд “Компанийнх нь нэрийг араас нь жагсаалтаар өгнө” гэжээ. Мөн тэрээр “Б.Баттөмөр гишүүний компанийн төслийг анхнаас нь сайн харж, заавал шалгаруулна шүү” гэж хэд хэдэн удаа сануулсан гэж бичжээ. Тиймээс ЖДҮ-ийн зээлийг “заавал” авах ёстой эрхэм гишүүний ХОМ-ийг шүүж харцгаая.
Нэг жилийн нийт орлого: 375 сая 587 мянга
Гэр бүлийн гишүүдийн орлого: 4 сая 545 мянга
Амины орон сууц: 1
Нийтийн орон сууц: 1
Зуслангийн байшин: 1 ба нийт 360 саяын үнэлгээтэй.
Тээврийн хэрэгсэл: Toyota, Land Cruiser 200- 1
Мал аж ахуй: Адуу-15
Газар: Эзэмших-2000м2-1, Эзэмших-500м2-1, Эзэмших-689м2-1, Эзэмших-700м2-5
Үнэт эдлэл: 18 сая
Хадгаламж: 11 сая 520 мянга
Хөрөнгө оруулалт: “Ойн бирж” ХХК, “Жэй Эм Ойл” ХХК, “Мондем” ХХК, “Тэс петролиум” ХХК, “Сэлэнгэ Петрол” ХХК, “Жаргалант төв” ХК, “Монгол Эд Импекс” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монгол Шевро” ХК, “Хөх ган” ХК
УИХ-ын гишүүн, ЖДҮ-чин Х.Болорчулуун
(УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойрог буюу
Дорнод аймагт нэр дэвшигч)
УИХ-ын хамгийн популист улстөрчийн нэг бол Х.Болорчулуун. Анх 2012 оны УИХ-ын сонгуульд бие дааж УИХ-д орж ирсэн бол 2016 онд МАН-аас нэр дэвшээд дахин сонгогдсон. Одоо дахин МАН-аас Дорнод аймагт нэр дэвшихээр намынхаа мандатыг өвөртлөөд явж байна. Өнгөрсөн дөрвөн жил улс орондоо гэхээсээ өөрийнхөө бизнесийг өргөжүүлэхэд анхаарч ажилласан нь ЖДҮХС-аас авсан зээл. Татвар төлөгчдийн сан болгоноос хүүгүй, хямд хүүтэй зээл авдаг нь баримтаар дэлгэгдэж байлаа. Жишээлбэл, “Дорнод гурил” компаниараа дамжуулан ЖДҮХС-аас 950 сая төгрөг авсан нь ил болсон. Мөн ТЭДС-аас зээл авсан гэгддэг. Төрсөн дүү Х.Болорбаатар нь баавгайн савар хууль бусаар гаргаж байгаад баригдсан бол бас нэг дүү болох Х.Болор-Эрдэнийг “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-д шахсан, хувийн ашиг сонирхол ихтэй улстөрч гэж хардаг. Санаачилсан хуулиасаа илүү шантаажилсан, сан авсан асуудлаар олон нийтэд танигдсан хүн Х.Болорчулууны ХОМ-ийг тольдъё.
Нэг жилийн нийт орлого: 44 сая 574 мянга
Гэр бүлийн жилийн орлого: 6 сая
Нийтийн орон сууц: 2
Хашаа байшин: 1
Үйлчилгээний зориулалттай обьект: 1
Оффис: 1 ба нийт 2 тэрбум 510 саяын үнэлгээтэй
Тээврийн хэрэгсэл: Mercedes Benz, G 500- 1
Мал аж ахуй: Адуу-216
Газар: Өмлөх-0.07 га-1
Хадгаламж: 240 сая 858 мянга
Хөрөнгө оруулалт: “Хишиг Агро” ХХК,
“Дорнод гурил” ХХК-100 хувь эзэмшигч
УИХ-ын гишүүн, ЖДҮ-чин О.Батнасан
(УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойрог буюу
Ховд аймагт нэр дэвшигч)
УИХ-ын гишүүн О.Батнасан нь УИХ-ын “хэлгүй” гишүүний нэгээр нэрлэгддэг тэрбээр олон нийтэд бараг танигдаж амжилгүй сонгуульт хугацаагаа дуусгаж байна. Тэрээр 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН-ыг дэмжихээ мэдэгдэж, АН-д элсэн орж, Ховд аймгийн АН-ын даргад өөрийн нэрийг дэвшүүлэн өрсөлдөж байсан бол 2014 онд МАН-д элсч, улмаар 2016 онд Ховд аймгаас УИХ-д сонгогдсон. О.Батнасан гишүүн болтлоо ОХУ-аас чихрийн импорт хийдэг “Кондитер” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан ба түүний төрсөн дүү О.Ганбаатарын үүсгэн байгуулж, 100 хувь эзэмшдэг “Топкондитер” ХХК ЖДҮХС-гаас 2018 оны зургадугаар сард 950 сая төгрөгийн зээл авсан. Өөрийн төрсөн дүүдээ ЖДҮХС-ийн зээлийг албан тушаалаа ашиглан авч өгнө гэдэг бол ашиг сонирхлын маш том гэмт хэрэг мөн. Үүнийхээ төлөө тэрбээр прокурорт яллагдагчаар татагдаад байгаа. Гэвч мэдүүлэг өгөхөөс зугтааж, намын даргынхаа өлмийд нь суусаар 2020 онд мандат өвөртөлсөн. Түүнийг өнгөрсөн хугацаанд тойргоо сайн усалсан гэх юм билээ. Өөрийгөө Ховдын бахархалт хөвгүүдийн нэгээр нэрлэх болсон О.Батнасан гишүүн энэ удаагийн сонгуулиар мөн нутагтаа нэр дэвшиж буй. Гэхдээ ЖДҮ-чин гэхээс өөр хийсэн бүтээсэн гавьяагүй гишүүнд ховдчууд дахин итгэл хүлээлгэх болов уу. Ингээд түүний ХОМ-ийг хүргэе.
Нэг жилийн нийт орлого: 26 сая 526 мянга
Гэр бүлийн жилийн орлого: 10 сая 200 мянга
Нийтийн орон сууц: 2 ба энэ нь 740 саяын үнэлгээтэй
Тээврийн хэрэгсэл: Toyota, Prado- 1, Toyota, Rav 4- 1
Мал аж ахуй: Хурдан удмын адуу-1, Үхэр-110
Газар: Эзэмших-400м2-1, Эзэмших-625м2-1
Үнэт эдлэл: 88 сая 500 мянга
Хөрөнгө оруулалт: “Кондитер-Улаанбаатар” ХХК,
“Их цоохор нуур” ХХК
УИХ-ын гишүүн, ЖДҮ-чин Н.Учрал
(УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч)
УИХ-ын гишүүн Н.Учралын аавын 100 хувийн эзэмшлийн “Хүннү” ХХК нь 2017 онд ЖДҮХС-аас “Чацарганы эфирийн тос гаргаж авах үндэсний үйлдвэрлэлийн төсөл”-өөр дөрвөн жилийн хугацаатай 950 сая төгрөгийн зээл авсан. Тухайн үед Н.Учрал тайлбар өгөхдөө ““Хүннү” ХХК бол 1992 онд байгуулагдсан миний аавын компани. Тус компанийн төслийн баг зохих шаардлагын дагуу төсөл бичиж, өөрсдийн нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл авсан. Тус компани надтай, надгүйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн компани. Дөрвөн жилийн хугацаатай төсөл одоо 20 хувьтай байгаа учраас зээлээ эргүүлэн төлөх боломжтой. Үүссэн асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүнтэй холбож байгаа тул хугацаанаас нь өмнө зээлээ төлье гэдэг шийдвэр гаргасан” гэсэн байдаг. Н.Учрал ба түүний аав Н.Ням-Осорыг мэдэхгүй хүн цөөн. Тэд бол Монголын толгой баячуудын нэг яриангүй мөн. Зээл авсан гэх “Хүннү” ХХК нь ЖДҮ-ээс зээл авч, төсөл хэрэгжүүлэх хэмжээний жижиг компани лав биш. Тэрчлэн 950 сая төгрөгийг хэл ам гарсан даруйд нэг өдрийн дотор төлчих бэл бэлчинтэй байж яагаад жирийн иргэдийн боломжийг хулгайлав гэдэг бодох л асуудлын нэг. ЖДҮ бол маш том эрх ашиг, ашиг сонирхолтой холбоотой, бүлэглэлийн хэмжээний хэрэг гэдэг нь тодорхой байна. ЖДҮ-чин гишүүн Н.Учралын ХОМ-тэй танилцъя.
Нэг жилийн нийт орлого: 222 сая 737 мянга
Гэр бүлийн жилийн орлого: 67 сая 600 мянга
Нийтийн орон сууц: 3
Зуслангийн байшин: 2
Үйлчилгээний зориулалттай обьект: 1 ба нийт 2 тэрбум 535 саяын үнэлгээтэй
Тээврийн хэрэгсэл: Lexus, 570-2, Nissan, Tiida- 1
Мал аж ахуй: Хонь-120, Адуу-20, Хонь-30
Газар: Эзэмших-0.07га-3
Үнэт эдлэл: 85 сая
Хадгаламж: 1 тэрбум 499 сая
Хөрөнгө оруулалт: “Их Засаг” олон улсын их сургууль ХХК, “Массив трейд” ХХК, “Грийн Ланд “групп ХХК, “Рояал Академи” ХХК, “Гоц жаалууд цэцэрлэг” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эвэргрийнлайф” ХК
Тусгай зөвшөөрөл: 3
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН