УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нийтдээ 38 нэр дэвшигч, гурван мандатын төлөө өрсөлдөж байна. Хамгийн олон нэр дэвшигчтэй тойрог юм.
Ардчилсан намаас
1.Р.Амаржаргал
2.С.Эрдэнэболд
3.Э.Долгион
Монгол Ардын Намаас
1.Д.Цогтбаатар
2.Ц.Мөнх-Оргил
3.Ц.Мөнхцэцэг нарыг нэр дэвшүүллээ.
24 дүгээр тойргийн содон нэр дэвшигчид
УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн 121 бие даагчийн найм нь Сүхбаатар дүүрэгт хүч сорих нь. Энд МАН-аас нэр дэвшсэн Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатартай овог, нэр ойролцоо нэр дэвшигч Даваагийн Цогтбаатар “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-аас нэр дэвшчээ. “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн П.Шинжээравдан мөн энэ тойрогт өрсөлдөж буй. Тэрбээр 48,000,000 төгрөгийн орлоготой, 410,000,000 төгрөгийн барилга байгууламжтай, Жийп болон туулах чадвар өндөр Hummer, Lexus, 470- 1, адуу-30, үхэр-35, хонь-200, 100 ямаатай гэж хөрөнгө орлогоо мэдүүлсэн байна лээ. Энэ тойрогт мөн Чингисхаан нэртэй нэр дэвшигч ч “тууж” явна.
Харин “ШИНЭ” эвслийн содон нэр дэвшигч нь ТВ9 телевизийн захирал асан, сэтгүүлч Ц.Энхбат. “Зөв хүн элеоктрат” эвслээс “Шар айраг” хамтлагийн гишүүн, дуучин, аялагч Г.Ганхүүг “уралдуулжээ”.
Сүхбаатар дүүргээс өмнө нь сонгогдож байсан нэр дэвшигчид
Сүхбаатар дүүргийнхэн боловсролтой, чамбай, сонголт хийдэг сонгогчидтой. Тэд нам намын шилдгүүдийг сонгож ирсэн уламжлалтай.
1996 онд Сүхбаатар дүүргийнхэн “Ардчилсан холбоо” эвслийн гурав буюу Лу.Болд, Ц.Энхтүвшин, Б.Дэлгэрмаа нарыг сонгож байв. 2004 онд энэ тойргоос “Эх орон-Ардчилал” эвслийн Лу.Гантөмөр, тухайн үеийн МАХН-ын нарийн бичгийн дарга Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил нар сонгогдож байлаа. 2008 оны сонгуульд Ардчилсан намаас Лу.Гантөмөр хоёр дахь удаагаа сонгогдсон бол үлдсэн хоёр мандат дээр тухайн үеийн МАХН-ын дарга С.Баяр, УИХ-ын гишүүн Сү.Батболд нар сонгогчдын итгэл хүлээсэн юм. 2012 онд сонгуулийн холимог пропорцианал тогтолцоог сонгосноор Сүхбаатар дүүрэг хоёр мандаттай болсон. Хоёр мандат дээр АН-аас Л.Гантөмөр, Р.Амаржаргал нар өрсөлдөж ялалт байгуулсан билээ. Ардчилсан намаас нэр дэвшигч Р.Амаржаргал 2016 онд тус тойрогт өрсөлдөхөөр намын хорооноос эрхээ аваад байсан ч эмэгтэйчүүдээ дэмжихээр М.Батчимэг гишүүнд найр тавьсан удаатай. Өмнөх сонгуульд МАН-аас Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, Ц.Цогзолмаа нар нэр дэвшиж, ялалт байгуулсан билээ.
Зарчимтай, үнэт зүйлтэй шинэ улстөрчид С.Эрдэнэболд, Э.Долгион
Датакомоор овоглогддог Д.Энхбатаас нэг залуу “Олон сайн хүн сонгуульд нэр дэвшиж байна. Алийг нь сонговол зүгээр вэ” гэж асуужээ. “Би ганц л дүрэм хэлье, шинэ хүнийг л сонго” гэж Д.Энхбат зөвлөсөн гэнэ. “Яагаад гэвэл танигдсан хүн гэдэг бол хамгийн шилдэг нь гэсэн үг биш. Олонд танигдаагүй зөндөө мундаг хүн байгаа. Голын ус урсч байж тунгалаг болдог. Иймээс монголын улс төрийг одоо урсгах хэрэгтэй. Тэр нь шинэ хүмүүст итгэ, ажиллуул гэсэн үг” хэмээн тэрбээр тайлбарласан юм.
2020 оны сонгуулиар монголчуудын хүсэн хүлээсэн шинэ зарчим, үнэт зүйлтэй, боловсролтой улстөрчдийн нэг нь С.Эрдэнэболд. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Индианагийн их сургуулийг эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн бөгөөд 2016 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан.С.Эрдэнэболд АН-ын Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч. "Эзэнт гүрний туульс" номын зохиолч. С.Эрдэнэболд мөн “Марс хол биш” гэдгийг монголчуудад мэдрүүлсэн эрхэм, MARS-V” төслийн санаачлагч шүү. Энэ төсөл монголчуудыг тогооноосоо хальж сэтгэхэд түүчээлж, ирээдүйгээ гэрэлтэйгээр харж, байгалийн баялгаа гадагш нь зөөхөөс өөр аргаар монголчууд мөнгө олох боломжтой гэдэг итгэл найдвар төрүүлж буй.
Энэ санааг хэрхэн олсон тухайгаа С.Эрдэнэболд хэвлэлд ярихдаа “2018 оны арваннэгдүгээр сард Марсын сүүлийн үеийн зургуудыг үзээд “Гадаргуу нь манай говьтой адилхан юм байна” гэсэн бодол төрсөн л дөө. Түүнээс хойш Элон Маск руу захиа бичиж эхэлсэн. Мөн хүмүүст хэлэхгүйгээр ганцаараа судалгаа хийсэн юм. Хүмүүст хэлбэл “Энэ солиорчхож гэж бодох байх” гээд хэлээгүй. 2018 оны арванхоёрдугаар сард 20 найз, танилуудаа цуглуулж энэ санаагаа танилцуулсан. “Дэлхийгээс 54.6 сая км хол байгаа Марс гарагт хүн төрөлхтөн ийм ийм нээлтүүд хийсэн юм байна. Энэ гарагт удахгүй хүн буулгахаар төлөвлөсөн. Тиймээс Марс гарагтай төстэй Монголын говьд яагаад Марс руу явах хүмүүсийг бэлтгэж болохгүй гэж” хэмээн танилцуулсан гэдэг.
Дэлхийгээс хальж сэтгэдэг энэ залууг Сүхбаатар дүүргийн эмээ, өвөө нартай уяж байдаг холбоос нь иргэдийн төлөөлөгч хэмээн эгэл алба. Иргэдээ төлөөлөх ажлаа сайн гүйцэтгэж, “Манай төлөөлөгч” хэмээн иргэддээ тоогдох болсон энэ залууг УИХ-д элч, төлөөлөгчөөрөө сонгох боломж Сүхбаатар дүүргийн сонгогчдод буй.
Өөр нэг шинэ улстөрч, “Bloomberg TV Mongolia” телевизийн гүйцэтгэх захирал Э.Долгион аюулгүй байдал судлаач, эдийн засагч мэргэжилтэй.
Тэрбээр мөн “Засгийн газрын мэдээ” сонины ерөнхий эрхлэгч, ТУЗ-ийн дарга; “JCDecaux Mongolia” компанийн ТУЗ-ийн дарга; “Forbes Mongolia” сэтгүүлийн ТУЗ-ийн дарга; “Asia Mining Magazine” сэтгүүлийн ТУЗ-ийн дарга юм. Тэрбээр 2000-2004 онд Их Британийн Брэдфордын их сургууль, 2011 онд БНХАУ-ын Бээжингийн их сургуульд Менежментийн ухааны магистр хийжээ. Өдгөө тэрбээр Монгол Улсын Санхүү, эдийн засгийн их сургуульд Эдийн засгийн ухааны докторант. “Монгол хүн бүрийг ажлын байртай болгох ёстой. Ямар ажил хийдгээс үл шалтгаалан, нийгмийн гарал үүсэл ямар байхаас үл хамааран монголчууд маргаашдаа итгэлтэй, өнөөдөртөө сэтгэл хангалуун байх ёстой. Түүний төлөө ажиллах болно” хэмээн Э.Долгион нэр дэвшигч зорилгоо тодорхойлжээ. Тэрбээр саяхан фэйсбүүктээ “Монголчууд бид муйхраар “Хүчээ нэгтгэх” бус “Ухаанаа нэгтгэх” хэрэгтэй байна. Булчингийн хүчээр нэгийг, ухааны хүчээр олныг гэдэг шүү дээ” хэмээн бичсэн байна лээ. Түүнийг Сүхбаатар дүүргийн иргэдийн шинэ сонголт болно гэж олон хүн найдаж буй.
Олны танил эмэгтэй нэр дэвшигчид
Сүхбаатар дүүрэг олны танил эмэгтэй нэр дэвшигчид цөөнгүй юм байна. МАН-аас “сойсон” улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг харин олонд төдийлөн танигдаагүй “битүү морь”. Тэрбээр МАН-ын дэргэдэх Стратеги академийн захирал гэнэ шүү. Харин уг тойрогт бие даан нэр дэвшсэн МАН-ын угшилтай, СЗХ-ны дарга асан С.Даваасүрэнг хүмүүс хамаагүй илүү таньдаг байж таарна. С.Даваасүрэн 2011 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Энд мөн АН-ын угшилтай, туршлагатай улстөрч Б.Дэлгэрмаа нэр дэвшсэн. Өөр нэг олны танил эмэгтэй бол "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшсэн эдийн засагч Б.Мөнхсоёл. Түүнийг Нээлттэй нийгэм форумд эдийн засгийн асуудал хариуцсан менежер байсныг санаж байна. Бие даан нэр дэвшсэн, хүний эрхийг хамгаалагч А.Саруулыг ч хүмүүс андахгүй. Энэ эмэгтэй1999 он ХБНГУ, Филлипсийн их сургуульд философи, улс төрийн ухааны доктор хамгаалсан гэдгийг нь харин хүмүүс төдийлөн мэддэггүй. Бас 1921 оны Ардын хувьсгалын дараа Гэгээрлийн яамны сайд байсан Эрдэнэбатхааны отгон хүү Агваандорж нь Саруулын аав юм билээ. Э.Оюун гуай аавынх нь эгч ажээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН