-Эрх баригчдын хамгийн түрүүнд хийх ажил нь төсвөө тодотгох, эдийн засгаа сэргээх явдал-
Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авч, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол өнгөрсөн баасан гарагт гарсан. Ийнхүү Сонгуулийн ерөнхий хорооноос 29 тойргоос сонгогдсон 76 нэр дэвшигчид өчигдөр (2020.06.29) УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь гардуулан өглөө. УИХ-ын 8 дахь сонгуульд 13 нам, 4 эвслээс 485 хүн, бие даан 121 иргэн нэр дэвшсэн. Үүнээс МАН хамгийн олон буюу 62, АН 11 суудал авлаа. Мөн “Та бидний эвсэл”-ээс УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, “Зөв хүн электорат эвсэл”-ээс Т.Доржханд, бие даан нэр дэвшигчдээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар сонгогдсон юм. Дашрамд дурдахад УИХ-д сонгогдсон 75 гишүүнд нь үнэмлэхийг олгов. Энэ талаар СЕХ-ны эх сурвалж “Өнөөдөр 75 гишүүний үнэмлэхийг олгосон.
Ж.Эрдэнбат хоригдож байгаа тул үнэмлэхийг нь гардуулж өгөөгүй. Журмын дагуу УИХ-ын гишүүний үнэмлэхийг бие төлөөлөгчид нь өгдөггүй, заавал өөрт нь өгдөг" гэлээ. Учир нь Ж.Эрдэнэбатыг зургадугаар сарын 12-нд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүнийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-аас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захиралд худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татсан билээ.
Энэ удаагийн УИХ-д 32 гишүүн шинээр сонгогджээ. Үнэмлэх гардуулсны дараа сонгуулийн дүн, нэрсийг Ерөнхийлөгч, УИХ-ын даргад хүргүүлнэ. Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Б.Болдбаатар "УИХ-ын гишүүнээр сонгогдсон та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье" гэснээр үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаа дууссныг мэдэгдлээ.
Ингээд шинээр сонгогдсон УИХ-ын
зарим гишүүдээс сэтгэгдлийг нь сонслоо.
О.Цогтэрэл ("Тэсо" группийн Ерөнхийлөгч)
-Түр үнэмлэхээ аваад байгаа учир олон зүйл яримааргүй байна. УИХ-ын гишүүн болчихоор л бүгдийг мэддэг болдог гэсэн үг биш байх. Мэргэжлийн баг, судлаачидтай хамтран ажиллаж байж хууль тогтоох асуудалд хандсан нь зүйтэй гэж бодож байна. Ер нь гол анхаарах зүйл бол жирийн иргэдийн орлогын асуудал. Үүнд анхаарч ажиллана. Иргэд өөрсдөө хангалттай орлого олдог байх учиртай. Түүнээс биш халамж хүсдэг, бүтээн байгуулалт нэрээ жирийн иргэдийн амьдрал дээшилхэд нэг их хамааралгүй хөрөнгө оруулалт хийх нь чухал биш гэж бодож байна.
Г.Дамдинням (Дархан-Уул аймгаас сонгогдсон)
-Ард түмний санал гарсан. Олон улсын ажиглагчид байлцсан. Сонгууль шударга болсон. УИХ-д шинээр сонгогдсон хүний хувьд шударга, багаар ажиллана. Хамгийн түрүүнд хийх ажил бол Дарханы зам.
Ц.Мөнхцэцэг
(улс төр судлаач, доктор)
-Нийгмийн тэгш бус байдлыг хангана. Тухайлбал, хуримтлалын сан, Үндэсний баялгийн сан байгуулах нь зүйтэй гэж боддог. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, цар тахлын улмаас гараад байгаа сөрөг үр дагаврыг арилгах нь бидний эн тэргүүний зорилго боллоо. Мөн, төрийн бүхий л шатанд шинэчлэл хийнэ гэж бодож байна. Төсвийн мөнгөөр үнэтэй тавилга авдаг гэх мэт зүйлийг хална. Эмэгтэйчүүдийн оролцоог хангаж, халамжийн бодлого гэхээр эмэгтэйчүүд гэсэн 30 жилд тогтсон буруу хандлагыг засна.
Т.Доржханд
(ХҮН-ын ТУЗ-ийн дарга)
-Монгол Улсад өндөр боловсрол, мэргэжилтэй залуус бий. Эмч, хуульч, эдийн засагч, багш гээд төрөл бүрийн мэргэжилтэй чадварлаг залуустай хамтарч ажиллана. Ирэх дөрвөн жил маш хэцүү жил байх болно. Учир нь эдийн засгаа сэргээх, ажлын байраа хамгаалах, бондын өр төлөх, хар, саарал жагсаалтаас гарах, монгол хүнийг ажилтай, орлоготой болгох нь энэ Засгийн газрын хамгийн том сорилт байх болов уу. Төрөл бүрийн мэргэжилтэй залуучуудтай хамтарч ажиллана. Төр засгийн зөв бодлогыг дэмжиж буруу зүйлд нь хатуу шүүмжлэлтэй хандаж ажиллана. Эрх барьж буй нам төсвийн тодотголоо маш яаралтай хийх хэрэгтэй. Цаг алдаж болохгүй. Сонгуулийнхаа системийг яаралтай өөрчлөх шаардлагатай гэж харж байна. Залуус буцаж няцалгүй зөв чиг хандлагтай төр байгуулахад идэвхтэй оролцдог байгаасай гэж бодож байна. Олон хуулийн төсөл өргөн барина гэж төлөвлөж байна. Намууд үзэл санаагаар нэгдэх ёстой. ХҮН-ын хувьд социал демократ үзэл баримтлалтай. Соц интернд элсэх байх. Түүнээс манай нам аль нэг намтай нэгдэх тухай ойлголт байхгүй. Хүчтэй сөрөг хүчин болж ажиллана. Залуучуудын дуу хоолой болж ажиллана.
М.Оюунчимэг
(УИХ-ын гишүүн)
-Нэг нам дараалан ялалт байгуулж байсангүй. Иймд биднийг том ажлууд хүлээж байна. Урьдчилгаагүй Ипотекийн зээл, зээлийн хүүг нэг оронтой болгох зэргийг хийнэ. Төсвийн тодотгол зайлшгүй гэж бодож байна. Алтнаас бусад салбар асуудалтай хэвээр байгаа. УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулж байна гэлээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН