Жилийн ерөнхий төлөв дээрээ “Ноёд, дээдэст хатуу жил болно” гэж зурагдсан бололтой, хувьтай хүний үздэг хулгана жил улс төрчдөд нэлээд хатуурхаж байна. Жирийн бидний хувьд Цагаан сарыг тэмдэглээгүй болохоор үзэж амжаагүй өнгөрчээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээс эхлээд сонгогдсон гишүүн нь шүүхээс хорих ял авлаа. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат зургаан жилийн хорих ял авсны дараа буюу уржигдар УИХ-д бие даан өрсөлдсөн нэр дэвшигч Н.Номтойбаярт шүүхээс 5,5 жилийн хорих ял оноолоо.
Энэ тухайгаа “Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт эхэлж, 2020 оны 07.07-ны өдөр шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа.
1. Шүүгдэгч Боржигон овогт Навчаагийн Алтансувдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Харин шүүгдэгч Номт овогт Нямтайширын Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 (тав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял,
3. Шүүгдэгч Тайчууд овогт Батжаргалын Нямдавааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял,
4. Шүүгдэгч Өндөр овогт Бат-Эрдэнийн Шижиржаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял,
5. Шүүгдэгч Боржигон овогт Нэргүйн Баттөгсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 10.000 (арван мянга) нэгж буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
6. Шүүгдэгч Их шарнууд овогт Дандарын Батмөнхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 (арван таван мянга) нэгж буюу 15.000.000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
7. Шүүгдэгч Гүртэн овогт Мэндбилэгийн Нямдэмбэрэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 (арван таван мянга) нэгж буюу 15.000.000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
8. Шүүгдэгч Булгадар овогт Нуурайн Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 (арван таван мянга) нэгж буюу 15.000.000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус шийтгэсэн байна. Шүүхээс шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарт тус тус ногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ” гэжээ.
Харин өчигдөр (2020.07.08) Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат “Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг уржигдар (2020.07.06) гэм буруутайд тооцож, шүүх эцэслэн шийдвэрлэлээ. Тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байх хугацаандаа 29 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гаргахдаа албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон байдаг” гэсэн юм. Яллах дүгнэлт үйлддэг прокурорын байгууллагын хариуцлагатай албан тушаалтны хэлсэн үгнээс үзэхэд Н.Номтойбаярыг “албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон” гэж буруутгасан ажээ. Яагаад үүнийг онцлов гэхээр Н.Номтойбаярыг маш олон зүйлд буруутгаж, хардсаар ирсэн болохоор тэр юм. Төрийн түшээ болсон цагаасаа л тэр байнга хэл ам дагуулж байсан гэхэд хилсдэхгүй. Эцэст нь, Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт хүртэл “буруутгагдаад” авсан. Гэрэл сүүдэр хамт байдаг шиг, муу зүйлд ч сайн тал бий. Түүнд оноосон хорих ялаас харахад тэр хүн амины ямар нэг хэрэгт огт хамаагүй юм байна. Хэрвээ буруутай байсан бол түүнд ийм ял оноохгүй байсан нь тодорхой. Тэгэхээр хүмүүсийн хий хардалтаас нэг нь ч гэсэн цайрч байх шиг байна.
Түүнийг яллахад “Топор” ахынх нь нөлөө орсон уу?
Харин ХНХ-ын сайдын алба хашиж байхдаа хийсэн зүйл, гаргасан шийдвэрээсээ болж ийм ял сонссон гэхээр бас нэг хар дагуулаад байх юм.
Тэр нь юу гэхээр “Н.Номтойбаярыг ял авахад “Топор” ахтайгаа муудалцсан нь нөлөөлсөн болов уу?” гэх хар сэр л дээ. Хэлье гэснээ хэнээс ч эмээхгүй хэлчихдэг, эр хүн шиг нударга зөрүүлбэл зөрүүлчихдэг омголон зан түүнд бий. Түүний нэгэн цагт ах шигээ санаж, нөхөрлөж явсан одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч тийм зантай. Энэ хоёрын хоорондох муудалцаан бүр 2017 оноос эхтэй болов уу. Яагаад гэхээр 2017 оны наймдугаар сарын 18-нд Н.Номтойбаяр “Энэ нам 200 орчим мянган гишүүнтэй, итгэл үнэмшил дээр тогтсон нам юм шүү дээ. Өмнөөс нь ичмээр ч юм шиг, уурламаар ч юм шиг ёстой хэлэх үг олдохгүй юм. Зарчмынхаа хувьд ийм өөдгүй новш байж болохгүй. Ийм хүн л намын дарга болно гээд байгаа шүү дээ. Би твиттертээ “Төрөөс тэрбумтан төрдөг бол ТББ-аас тэрбумтан төрдөг боллоо” гэж бичиж байсан нь энэ хүнд ч хамаарах асуудал. Би энэ ярилцлагаараа түүнийг эсэргүүцэх эсэргүүцлээ эхлүүлж байгаа гэдгээ хэлчихье” хэмээн ярилцлага өгсөн байдаг. Мөн “У.Хүрэлсүх өөрөө “Топор” нэртэй тагнуулч муужгай” гэх зүйлс ярьж байлаа. Тэр бүү хэл, “Зүгээр л зайлаад өг. Эсхүл улс төрөөс хол бай. Тэтгэвэртээ гар. Нүгэл их үйлдсэн хүн. Буян хийж дэнслэх талын зүйл бод. Улс төрөөс хол байснаараа бараг буян болно доо” гэсэн ярилцлага өгч байсан удаатай.
Н.Номтойбаяр: У. Хүрэлсүх та, худлаа баг битгий зүү
Харин 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Ерөнхий сайд У.Хүрэлсүх та ЖДҮ-чин сайд нараа зайлуулахаас нааш наад шударга ёс гэдэг үгээ битгий хэл. Худлаа баг битгий зүү. Гучин гэр бүлийн номер нэгд намайг, миний хамаарал бүхий этгээд гэж та хэллээ. Өнөөдөр МАК-ийн 25 жилийн ой тохиож байна. Энэ өдрөө олигархаараа дуудууллаа. Үнэхээр харамсалтай. Намайг улс төр гэдэг муухай салбарт орсны төлөө мөрөөрөө бизнесээ хийж байгаа хүмүүс Ерөнхий сайдаараа олигархаараа дуудуулж байгаа нь харамсалтай. Миний хамаарал бүхий компани төрийн нэг ч тендерт орж, төрөөс дээрэмдэж байгаагүй. Харин ч төрийн хийх ёстой бүтээн байгуулалтыг хийгээд л явж байгаа шүү. Лиценз ашиглах, эзэмших чинь ялгаатай шүү. Ерөнхий сайд та хувийн хэвшил руу дайрсан маш хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Өнөөдөр таны энэ мэдэгдлээс болж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид кардаанаа татаж байгаа шүү. Одоо та бид хоёрын дараагийн уулзах газар нь шүүх болсон. Та УИХ-ын танхимд сууж байгаад гүтгэлээ. Хоёулаа шүүх дээр уулзъя” гэж байв.
У.Хүрэлсүх: Өөрөө өргөдлөө өгөөд шалгуулах хэрэгтэй
Энэ оны эхээр буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн байдаг. Хуралдаанд оролцсон 30 гишүүн түүнийг УИХ-аас ЯВУУЛАХЫГ дэмжсэн бол, 28 гишүүн АВЧ ҮЛДЭНЭ хэмээн саналаа өгсөн. Саналыг нууцаар цаасаар авахад шүү дээ. Харин нууцаар авсан санал хураалтаа баталгаажуулж илээр санал хураахад Н.Номтойбаярыг ЯВУУЛНА гэсэн нөхөд эргэж, буцаж хөгөө хөлдөө чирсэн. Ингэснээр Н.Номтойбаярыг түдгэлзүүлж, явуулна гэсэн олонх гишүүний санал баталгаажаагүй юм. Ийм ойлгомжгүй байдал бий болсон учраас Н.Номтойбаяр “УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх өргөдлөө өөрөө өгч байна, түр улс төрөөс холдож байна” хэмээн мэдэгдэж байлаа. УИХ-аас явуулах санал баталгаажаагүй талаарх асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн намын даргадаа танилцуулахад У.Хүрэлсүх “Өөрөө өргөдлөө өгөөд, шалгуулах хэрэгтэй” гэсэн харилут өгснийг тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байлаа. Үүний дараа Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн ч үгүй, намын гишүүн ч үгүй болсон.
Хамгийн сүүлд Н.Номтойбаяр юу хэлсэн бэ?
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн тавдугаар сарын 8-нд Н.Номтойбаяр АТГ-ын үүдэнд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа ингэж ярьж байв. “Намайг буруутгаад байгаа гол зүйл өөрөөр хэлбэл, ХНХ-ын сайд байхад гаргасан шийдвэртэй яг адилхан шийдвэрүүдийг У.Хүрэлсүхийн Засгийн газар дөрөвдүгээр сарын 20-ны өдөр гаргасан. Гэтэл тэр шийдвэрийг буруутай гэж үзэхгүй хэрнээ намайг буруутай гэж яллаад байна. Тэр гомдлынхоо хариуг авах гээд мөрдөгч н.Доржсүрэнг сурсан чинь олдохгүй байна. Гар утасных нь дугаарыг асуусан чинь өгсөнгүй. Гомдлоо өгөөд гурван долоо хонож байна. Монгол Улсын Ерөнхий прокурор яаж ажиллаад байгаа юм. Улс төрийн томилгоогоор томилогдоно. Улс төрийн зорилгоор ажлаа явуулна. Тийм байж шударга ёс тогтооно гэдэг. Ядаж өмнөх прокурор М.Энх-Амгалан шигээ ЖДҮ-чин гишүүдийнхээ өмнөөс хараад шударга ёсыг шаардсан шиг ажлаа хийх хэрэгтэй. Үндсэндээ өөрийг нь томилсон хэдэн нөхдүүд рүү дайрсан дайралтыг над руу чиглүүлсэн. Улс төр орсон цагт хууль үйлчилдэггүйг, АТГ, ЦЕГ, прокурор хуулиараа ажилладаггүй гэдгийг би өөрийн биеэр үзчихээд байна" гэсэн юм.
Харин одоо тэр 5,5 жилийн хорих ял авч, нээлттэй хорих ангид эдлэхээр болоод байна.