Монголчууд хүний үг сонсдоггүй “дүлий жингийн годил шиг, дүнзэн модны тайрдас шиг” хэмээн ёжлон нэрлэдэг. Үүн лүгээ өнөөгийн эрх баригчид дийлэнх олонхи болж парламентад 62 суудал авснаараа түрээ барин хэний ч үгийг сонсохгүй нүдээ аниад хар чигээрээ зүтгэдэг муу зуршилтай болчихож.
ЖДҮ-чид хуйгаараа УИХ-д
Өнгөрсөн дөрвөн жилд эрх баригч МАН-ын нэр төрийг хамгийн ихээр сэвтүүлж дуулиан болсон зүйл бол ард иргэдэд, хөдөлмөр эрхлэгчдэд очих ёстой байсан Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийг Ерөнхий сайдаасаа эхлээд гишүүд нь өөрийн хамаарал бүхий хамаатан садан, найз нөхөд, амрагууддаа авч өгсөн явдал байсан. Иймдээ ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр энэ сангаас хөнгөлөлттэй зээл хэдэн арван сая, тэрбумаар нь луйвардан авсан түшээд, албан тушаалтныг зураг хөрөгтэй нь ил тод зарлаж байлаа. УИХ-ын сонгууль дөхөөд ирэхээр олон нийт “ЖДҮ-чдийг л дэвшүүлэхгүй байгаасай” хэмээн бичиж, саналаа хэлцгээж байсан.
Гэтэл МАН, энэ намын дарга У.Хүрэлсүх ёстой л дүлий юм шиг дүйнгэ царайлж байгаад өнөөх ЖДҮ-чдээсээ 29-ийг нь дахиад УИХ-д нэр дэвшүүлэн зүтгүүлсэн. Уг нь У.Хүрэлсүх гэдэг хүн “ЖДҮ сангаас зээл авсан хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй” хэмээн сүртэйгээр мэдэгдэж байсан дүрс бичлэг нь өнөө ч хуучраагүй олон нийтийн сүлжээнд байж л байгаа.
Амташсан хэрээ 10 дахина гэдэгчлэн өмнө нь хөнгөлөлттэй зээл авч, түүнийгээ өндөр хүүтэйгээр ард түмэнд зээлүүлэн мөнгө хүүлж хөрөнгөө зузаатгасан энэ хүмүүс ирэх дөрвөн жилд ЖДҮ хөгжүүлэх юм уу, төрийн өөр ямар нэг санг цөлмөхөд хэн ч гайхахгүй...
Санаатайгаар сайдаар зүтгүүлсээр
За УИХ-ын сонгууль ч одоо дүүрч, нэгэнт нэр дэвшүүлээд олонхийн саналаар гараад ирсэн юм чинь гэж болох. / Үнэндээ ард түмэн сонгосон ч юм уу, сонгуулийн луйвар ч юм уу /. Одоо л Засгийн газрын танхимаа бүрдүүлэхэд тухай тухайн салбараа мэдэх мэргэжлийн, нэр цэвэр хүнийг сайд болгоосой билээ гээд л сонгуулийн дүн гарч байхаас эхлээд л хэвлэл сонин, радио телевиз, олон нийтийн сүлжээгээр ярьж бичээд эхэлсэн.
Гэтэл яг цаг дээрээ ердөө нөгөө л “хэн мөнгө төлсөн тэр хүн хөгжмөө захиалдаг” гэдэгчлэн намдаа, магадгүй У.Хүрэлсүхэд хэн хамгийн их мөнгө төлсөн нь хамгийн их төсөв, сайдын багцтай яам руу зүтгээд “хаан” суучих нь тэр.
Ганцхан жишээ авахад л “14 настай хүүхдийг насыг нь мэдэлгүй бэлгийн харьцаанд орсон хүн 450 мянган төгрөгөөр торгуулаад гэм зэмгүй өнгөрөх хууль санаачилж байсан Нямбаатарыг л Хуульзүйн сайд болгохгүй байгаасай” гээд дугаар хорооны Дулмаа чавганцаас эхлээд залбираад байтал У.Хүрэлсүх гуай тэс хөндлөн зүтгээд сайд болгочих нь тэр. Өнөөх Нямбаатар нь харьяа байгууллагуудаараа явж байхдаа л хууль сахиулагчид жагсчихаад, дарга нар нь рапорт өгч байхад нь утсаар яриад олон түмний ярианы бай болоод сууж байна. Энэ хүнд цэргийн, цэрэгжсэн салбарын “А” ч үгүйгээс гадна сайдад бүү хэл эгэл нэгэнд байх ёстой хувь хүний соёл өчүүхэн ч алга. Болоо ч үгүй өөрийгөө зөвтгөн хэвлэлийн албаараа мэдэгдэл гаргуулаад ичих ч үгүй сууж байх.
Арай гэж Соёлын яам байгуулаад Чулуун гэгчийг томилох нь гэсэн яриа гараад эхлэхэд л ШУА-ийн эрдэмтэн мэргэдээс эхлээд, соёлын салбарынхан “за энэ хүн л биш шүү, хулхи академич” гээд үгээ хэлж эхэлсэн. У.Хүрэлсүх тоосон ч үгүй энэ салбарын сайдаар томилчихоод л байж байна. Ажлаа авч тамгаа гардаж аваагүй байхдаа, хэдэн жилийн өмнө ШУА-д байхаасаа л нэр хүндээ шалан дээр унагаачихсан энэ хүн улс орны соёлын салбарыг яаж авч явах, энэ салбарын мянга мянган ажилтан, эрдэмтэн докторууд түүний үгийг яаж хүлээж авах, мэдлэг мэргэжилтэй мундагцуулын өмнө энэ хүн юу хэлж шараа болох нь У.Хүрэлсүхэд огт хамаагүй бололтой.
Угсаа залгамжилсан төр засаг
Манай эрх баригчдын хувьд сүүлийн жилүүдэд зуршил болоод байгаа нэг явдал бол сайдын хүүхэд сайд байх ёстой, ер нь угсаа залгамжилж, удмаараа өр барих ёстой гэдэг бичигдээгүй зарчим. Өмнөх жилүүдэд байсаан байсан. Гэхдээ энэ удаагийн У.Хүрэлсүхийн засгийн газар шиг хавтгайрчихаагүй байсан. Иймдээ ч иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэний хүүхэд ямар албанд томилогдож магадгүй тухай бичиж, улмаар “арай л тэгэхгүй байлгүй дээ” гэцгээн ард түмэн МАН-д ингэж итгэл хүлээлгэж байхад арай тэгэж увайгүй загнахгүй байлгүй гэж ярьж бичиж байсан.
Гэтэл энэ засгийн газарт өмнөх “ноёдын” хүүхдүүд арай л жинхэнэ сайд болсонгүй. Энэ төрийн албыг угсаа залгамжлуулан үр хүүхэддээ өвлүүлэхээр хөшигний ард хийсэн ордны хуйвалдаанаа зарим нь ичих ч үгүй мэлзээд сууж байх жишээтэй. Мөн л өнөөх мартамхай Ө.Энхтүвшингийн хүү Ө.Золбоо Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилогдож энэ салбарынхан төдийгүй нийт олны нүдийг орой дээр нь гаргав. Харин УИХ-ын гишүүн, Шадар сайд аав нь хэнэг ч үгүйгээр хэвлэлийнхэнд “Тийм үү, би хүүгээ сайд болсныг ёстой мэдээгүй шүү дээ, Сая л сониноос олж мэдлээ” гээд зогсч байх жишээний....
Энэчлэн У.Хүрэлсүх тойрон хүрээлэгчид, намаа ахиу хандив өргөгчдийн хүүхдүүдийг эцэг эх нь байтугай, өөрөө ч мэдээгүй байж байхад нь хаа байсан газраас нь чирч ирээд, тэдэнд зориулсан шинэ шинэ албан тушаал бий болгоод өндөр сэнтийд залчихдаг болж. Ёстой л нөгөө “нисэхгүй нисэхгүй гэж байхад нь нис нис гээд хөлгийн бүхээгт чихэж оруулаад....” гэдэг шиг.
Тэр хүн нь ямар мэргэжил, мэдлэг чадвартай байх нь хийгээд олон нийт, мэргэжлийн хүмүүс, салбарын нь мэргэжилтнүүд юу гэж байх нь дүлий эрх баригчид, дүлий У.Хүрэлсүхэд огтоос хамаагүй.
Коронавирусын бизнес
Хятадаас эхлэлтэй коронавирус дэлхий даяар тархан халдварлаж улс орнууд хилээ хаан хөл хорио тогтоосноор гадаад улс орнуудад ажиллаж, сурч, амарч зугаалж явсан олон мянган хүн байгаа байгаа улс орондоо хоригдож, эх орондоо ирэхийн түүс болж байгаа. Чухам энэ нь манай эрх баригчдад шинэ төрлийн бизнес болж харагдан МИАТ-ын тусгай үүргийн онгоц гэдэг зүйл санаачилсан.
Тухай тухайн улсын агаарын тээврийн компанитай хэлэлцэж тохироод зөвхөн монголчуудыг тээж авчрах болзолтойгоор жишиг зардлаар хямд ирүүлж болох атал заавал өөрийн тусгай үүргийн онгоцоор авчирна гэж сая хүрэхгүй төгрөгөөр хүрээд ирэх газраас 5-10 сая төгрөгөөр иргэдээ авчирч “шулж” байна. Үүнийг коронавирус дэлгэрч тусгай үүргийн онгоц нисч эхэлснээс аваад л олон нийтийн сүлжээ, хэвлэлээр иргэд бичээд шүүмжлээд байгаа ч энэ засаг төр, У.Хүрэлсүх, Улсын онцгой комисс нь таг дүлий, бичиг үсэг мэдэхгүй мэт дүйнгэ царайлан хариас эх орноо гэж зүтгэсэн иргэдээ шулсаар байна.
Улсын онцгой комиссын дарга нь өнөөх Ө.Энхтүвшин болохоор арга ч үгүй биз. Хүний нутагт тэмцээнд явсан балчир хүүхдүүдийг орхин байж өөрийнхөө хүүг авчирчихаад “Тийм үү, би хүүгээ онгоцонд суусныг нь мэдээгүй шүү дээ. Манай хүү ирчихсэн юм уу, би та нараас л дуулж байна” гээд сууж байгаа хүнийг юу ч гэхэв дээ.
Тусгаарлах байрны хоол. Эхлээд л “тусгаарлах байрны хоолыг голлоо” гэсэн мэдээлэл гарахад хүмүүс, бичигч би хүртэл “за арай дэндэнэ ээ, ирнэ ирнэ гэчихээд бас хоол голоод, арай л тансаг юм биш үү” гэж бодож байсан. Гэтэл одоо хэвлэлээр, олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа зураг бичлэгийг харахад “21 хоногт нэг сая 50 мянган төгрөг хураачихаад арайч дээ” гэмээр байна. Энгийнээр аваад үзэхэд л нэг сая 50 мянган төгрөгтэй хүн бол дундаж зочид буудалд гэрийнхтэй дүйхгүй юмаа гэхэд боломжийн хоол идээд 21 хонож элбээг чадна. Гэтэл манай УОК, эрх баригчид, энэ МАН-ын шунал эцэс төгсгөлгүй юм байна. Хүмүүст ийм хоол цай өгчихөөд нэг хүний сая гаруй төгрөгнөөс хэдийг нь халаасалдаг юм бол. Энэ бүхний талаар хэдэн мянган бичлэг, мэдээ сурвалжилга байгаа ч эрх баригчид таг дүлий.
Дарханы зам болон бусад
Улаанбаатар-Дарханы 220 км хатуу хучилттай замыг засна, сайжруулна хэдэн ч билээ эгнээтэй, энэ гариг ертөнцөд байхгүй сайхан зам тавина гээд хуулаад хаячихсан. Таван хэсэг болгон тендер зарласан энэ замд бүгд хятадын компаниуд шалгараад түр зам гэж гаргасан ч тэр нь хангай дэлхийн эрүүл газраас ч долоон дор болсон. Чухам ингэж замгүй удсанаас энэ зам дээр өчнөөн осол аваар гарч хэдэн арван хүний амь нас эрсдэн, иргэд өдий төдий хөрөнгөөрөө хохирсоор л байна. Үүнээс үүдээд л Дарханы замаа засаачээ, энэ арай дэндлээ шүү гэсээр байхад У.Хүрэлсүх ч таг чимээгүй, хариуцсан сайд нь таг чиг байсаар өвөл болгож, араас нь коронавирустай залгасан. Ёстой л “дүлий жингийн туухай, дүнзэн модны тайрдас” шиг суусаар өнөө хүрч байгаа...
Ер нь замтай холбоотой санал гомдол, чанарын асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр байнга хөвөрсөөр байгаа ч эрх баригчдын халаасны компаниуд авто замыг стандартын дагуу тавих талаар ямар ч ахиц дэвшил гаргахгүй таг дүлий байдгийг энэ жилийн зуур зуурхан ордог усархаг бороо илчлээд өгсөн гэж болно. Тансагхан айлын, эрх баригчдын өөрсдийнх нь талхан дээрээ түрхэж иддэг цөцгийн тосноос нимгэн тавьсан зам нь усанд урсаад явж байхыг олон түмэн нүдээрээ харсан.
Хотын гудам нь ус зайлуулах хоолойгүйгээс жил бүрийн борооноор үерт автаж, “ус зайлуулах хоолой шугамаа нэмээч ээ” гэж иргэд “хашгирсаар” байгаа ч энэ засгийн эрх баригчид дүлий царайлсаар яг л хэвээрээ. Үүнд зарцуулах хөрөнгийг нь ахан дүүсээрээ хувааж идчихээд огт хэнэггүй.
Уг нь ардчилсан Үндсэн хуулиар бол энэ төр, энэ УИХ, энэ засгийн газар ард түмний төлөөлөл. Тэднийг энэ төрд өөрийн элч төлөөлөгч болгож, бидний үгийг төрд хүргэж, бидний төлөө ажилла хэмээн ард түмэн бүх нийтээрээ сонгосон. Харамсалтай нь нэгэнт сонгогдож эрх мэдэлд хүрмэгцээ энэ хүмүүс олон түмнээ ор тас мартаад ёстой л “жингийн цуваа явж л байна, жингэр хуцаж л байг” гээд таг дүлий царайлан зөвхөн амин хувийн хөрнөг мөнгөө хэрхэн зузаалах вэ, юунаас ахиухан мөнгө сааж болох бол хэмээн сууцгаана.