МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ҮЕД КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТҮР ЖУРМААС хэсэгчлэн толилуулж байна. Энэ удаад зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагааг танилцуулж байна.
6.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан сонгогчоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авна.
6.2. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаанд сонгуулийн хэсгийн хорооны ажилтан, ажиглагч, цагдаагийн алба хаагч оролцоно.
6.3. Санал авах ажиллагаанд оролцож байгаа хүмүүс хооронд 1.5 метрийн зай барина.
6.4. Сонгуулийн хэсгийн хорооны ажилтан гар халдваргүйжүүлэгчийг хариуцан авч явах бөгөөд санал авахын өмнө болон дараа оролцогчдын гарыг халдваргүйжүүлнэ.
6.5. Сонгогч болон санал авах ажиллагаанд оролцогч бүр амны хаалт зүүж, нэг удаагийн бээлий өмсөнө. Санал авах ажиллагааг зохион байгуулагчид нэг удаагийн улавч өмсөнө.
6.6. Санал тэмдэглэх үзэг, зөөврийн бүхээг, зөөврийн битүүмжилсэн хайрцгийг санал хураалт бүрийн дараа спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч уусмалаар арчиж цэвэрлэнэ.
6.7. Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг хогийн уутанд цуглуулж, уутны амыг боож, зөвшөөрсөн хогийн цэгт хаяна.
6.8. Өөрийн байнга оршин суугаа аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа дараах сонгогчийн саналыг санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авна:
6.8.1. Короновируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч;
6.8.2. Улсын онцгой комиссын даргын 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 31 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын дагуу тусгаарлагдсан сонгогч;
6.8.3. Энэ журмын 6.8.1, 6.8.2-т заасан үйл ажиллагаатай холбоотойгоор тухайн тусгаарлах байр, эмнэлэгт тусгай чиг үүргийн дагуу ажиллаж байгаа эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын зэрэг албан хаагч;
6.8.4. Улсын онцгой комиссын даргын 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 31 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Гэр /амрах байр/-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын дагуу тусгаарлагдсан сонгогч.
6.9. Энэ журмын 6.8.1, 6.8.2, 6.8.3-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58.4-т заасны дагуу санал авах өдрөөс 7-оос доошгүй хоногийн өмнө батлагдсан маягтын дагуу тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд гаргана.
6.10. Энэ журмын 6.8.4-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58.2-т заасны дагуу санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө өөрийн харьяа хэсгийн хороонд гаргана.
6.11. Энэ журмын 6.8.4-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргахад тухайн сонгогчийн харьяалагдах баг, хорооны Засаг дарга түүний хүсэлт, мэдээллийг холбогдох хэсгийн хороонд хүргүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.
6.12. Тусгаарлах байр, эмнэлгийн захиргаа энэ журмын 6.8.1, 6.8.2, 6.8.3-т заасан сонгогчийн хүсэлтийг хүлээн авч нэгтгэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58.4-т заасны дагуу санал авах өдрөөс 7-оос доошгүй хоногийн өмнө тухайн тусгаарлах байр, эмнэлгийг нутаг дэвсгэрийн хувьд харьяалах сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.
6.13. Энэ журмын 6.12-т заасны дагуу ирүүлсэн хүсэлтийг сум, дүүргийн сонгуулийн хороо санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө тухайн сонгогчийн харьяалагдах хэсгийн хороонд хүргүүлнэ.
6.14. Энэ журмын 6.13-т заасны дагуу ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсан хэсгийн хороо болон түүний дэргэд ажиллах итгэмжлэгдсэн ажилтан дараахь ажиллагааг хийнэ:
6.14.1. тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг итгэмжлэгдсэн ажилтны оролцоотойгоор нягтлан шалгах;
6.14.2. зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн нэрсийг гаргаж, хэсгийн хорооны дарга зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах хуваарь, чиглэлийг батлах;
6.14.3. аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах хуваарь, чиглэлийг батлахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58.1-т заасан хугацаатай уялдуулан тооцох бөгөөд ирэх, буцах цаг хугацаа, туулах замын зайнаас шалтгаалан хуульд заасан хугацаанд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгуулах боломжгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэх.
6.15. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн хэсгийн хорооны даргын баталсан хуваарь, чиглэлийн дагуу тухайн сонгогчийн оршин байгаа газар буюу тусгаарлах байр, эмнэлэгт очиж авна.
6.16. Энэ журмын 6.8.1, 6.8.2, 6.8.3-т заасан сонгогч бүхий эмнэлэг, тусгаарлах байрыг нутаг дэвсгэрийн хувьд харьяалах хэсгийн хорооны дарга тухайн эмнэлэг, тусгаарлах байранд сонгогчоос санал авах ажиллагааг зохион байгуулах хоёр гишүүнийг томилон ажиллуулна.
6.17. Энэ журмын 6.9-д заасны дагуу хүсэлт гаргасан сонгогчийн харьяалах хэсгийн хорооны гишүүн энэ журмын 6.16-д заасны дагуу томилогдсон сонгуулийн байгууллагын ажилтанд дараахь зүйлсийг хүлээлгэн өгнө:
6.17.1. зөөврийн хайрцаг, санал тэмдэглэх зориулалт бүхий үзэг, нэг удаагийн бээлий, саналын хуудасны тусгай зориулалт бүхий хавтас;
6.17.2. хүсэлт гаргасан сонгогчийн тоонд үндэслэн дахин нэг удаа саналын хуудас өгөх нөөцтэй байхаар тооцсон саналын хуудас;
6.17.3. энэ журмын 6.14.2-т заасны дагуу үйлдсэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалт.
6.18. Энэ журмын 6.16-д заасны дагуу томилогдсон сонгуулийн байгууллагын ажилтан сонгогчоос санал авах ажлыг дараахь байдлаар зохион байгуулна:
6.18.1. энэ журмын 6.17.3-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг үндэслэн тухайн сонгогчийн байрлаж буй тусгаарлах өрөөнд нэвтрэхгүйгээр санал тэмдэглэх зориулалт бүхий үзэг, нэг удаагийн бээлий, саналын хуудасны тусгай зориулалт бүхий хавтсыг сонгогчид өгнө.
6.18.2. сонгогч саналын хуудсыг тусгай зориулалтын хавтаснаас гаргаж, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийнэ.
6.18.3. санал өгсөн сонгогчоор энэ журмын 6.14.2-т заасны дагуу хүлээн авсан сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна.
6.18.4. сонгогч биеийн эрүүл мэндийн байдлын улмаас тусгаарлах өрөөнөөс гарч саналаа өгөх боломжгүй тохиолдолд тусгаарлах өрөөнд нэвтэрч санал авах ажиллагааг зохион байгуулна.
6.19. Энэ журмын 6.14.2-т заасны дагуу хүлээн авсан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдоос санал авах ажиллагааг зохион байгуулж дууссан тухай бүрт зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, саналын хуудас болон сонгогчдын нэрийн жагсаалтыг нийслэлд Зооноз өвчин судлалын үндэсний төв, аймагт Зоонозын өвчин судлалын төв, Зоонозын өвчин судлалын төвгүй аймгийн Эрүүл мэндийн газар холбогдох тусгайлсан журмын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт дор халдваргүйжүүлж, энэ журмын 6.17-д заасны дагуу хүлээлгэн өгсөн хэсгийн хорооны гишүүнд буцааж хүлээлгэн өгнө.
6.20. Хэсгийн хороо энэ журмын 6.19-д заасны дагуу халдваргүйжүүлсэн саналын хуудсыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 60.4-т заасны дагуу санал тоолох төхөөрөмжид уншуулна.
6.21. Энэ журмын 6.8.4-т заасан сонгогчоос санал авах ажиллагааг зохион байгуулах хэсгийн хорооны бүрэлдэхүүн хүсэлт гаргасан сонгогчийн оршин байгаа газарт нэвтрэхгүй бөгөөд саналын хуудсыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай 60.4-т заасны дагуу санал тоолох төхөөрөмжид уншуулна.