Английн Ерөнхий сайдын дүү гэгдэх Макс Жонсон Монголд ирж “Өөрийн хөрөнгөө алдлаа” хэмээн Монголын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч байсан бол дэлхийн санхүүгийн номер нэг “Financial Times” сонины 2021 оны 11.10-ны өдрийн дугаарт Макс Жонсоны яриаг худал болохыг илчилсэн мэдээлэл нийтлэгджээ.
Уг нийтлэлийг /“Financial Times” https://www.ft.com/content/26762e84-bdbb-4426-afad-4e95d0c98a7b/ бүрэн эхээр нь хүргэж байна.
Борис Жонсоны эцэг нэгтэй дүү уул уурхайн төслийнх нь эзэмшил хяналтыг булаан авахын тулд өөрт нь залилангийн хэрэг тохож, үндэслэлгүй худал өргөдөл гаргасан хэмээн Монголын бизнесмэн мэдэгдсэн юм.
Их Британийн Ерөнхий сайдын эцэг Стэнлигийн хамгийн бага хүү Макс Жонсон нь Гленкорын ТУЗ-ийн дарга асан Саймон Мюррэйн өмнөөс “Засагчандмань Майнз” компанид хөрөнгө оруулсан 19 сая ам.долларыг эргүүлэн олж авахаар зорьж байгаа аж.
Жонсоны өргөдлийн мөрөөр Монголын цагдаагийн байгуулага Засаг чандмань майнз компанийн эзэн Дашдэлэгийн Буянтогтохыг хөрөнгө завшин үрэгдүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгт сэжиглэн, мөрдөн шалгалт явуулж, Ерөнхий прокурорт тайлан хүргүүлсэн байна.
Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт татах гэж хичээж байгаа энэ үед Макс Жонсон мэт нөлөө бүхий хүнтэй сөргөлдөх нь Монголын төрд хүндрэлтэй байх нь ойлгомжтой. Иймээс хариу тайлбар өгөхөөс өөр аргагүйд хүрснээ Д.Буянтогтох “Финансиал таймс”-д хэлсэн юм.
Байгалийн нөөцөө ашиглахад зориулан гадаадын хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгаа ч зардал нь 6.8 тэрбум ам.долларт хүрч, ашиглалтанд орох хугацаа нь хойшилсон зэсийн гүний уурхайн төслөөс болж Рио Тинто компанитай Монгол Улс хэл амаа ололцохгүй удаж байгаа эгзэгтэй цаг үед Жонсон, Буянтогтох хоёрын дунд маргаан өрнөсөн аж.
Мюррэйгийн хөрөнгө оруулалтын ЖиАрЭф Парагон компаниас оруулсан хөрөнгө мөнгийг зүй зохистой зарцуулсан гэдгийг Буянтогтох баталж байна. “Барилгын ажлын явцыг харуулсан видео бичлэгүүд бий. Би үүнийгээ батлахын тулд видео бичлэгүүдийг сонирхсон хэнд ч үзүүлж болно” гээд тэрээр хэрэв миний эсрэг нотлох баримтууд байгаа юм бол “Хоёр жил өнгөрчихөөд байхад хэрэг яагаад шийдэгдээгүй юм бэ гэж асуух нь зүйн хэрэг биз дээ” хэмээн нэмж өгүүлэв.
Хүүхэд насандаа жүжигчин байсан Жонсон нь Итон коллеж, Оксфордын их сургуульд тус тус боловсрол эзэмшиж, орос хэл сурчээ. Тэрээр анх 2006 онд наадмын үеэр Монголд айлчлан ирж байв. Монгол Улсад энэ оны есдүгээр сард ирснийхээ дараа “Монгол Улс надад таалагдсан” учраас энд буцаж ирж, ажиллана гэж өөртөө амласан тухайгаа “Ийгл” телевизийн мэдээнд ярьжээ.
2016-2018 оны хооронд тус сангаас компанийн хөрвөх өрийн бичигт 19 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Өрийн бичиг нь цаашид компанид хувь эзэмших хувьцаанд хөрвөх нөхцөлтэй байж. Хөрөнгө оруулалтын сүүлийн санхүүжилт хийгдсэнээс зургаан сарын дараа Жонсон нь төсөлд орж ирсэн байна.
Жонсоны өгүүлж буйгаар ЖиАрЭф-ийн оруулсан 19 сая ам.доллар уурхайг хөгжүүлэхэд зарцуулагдаагүй болох нь түүнд тодорхой болсон гэдэг. 2019 онд тэрээр асуудлыг Монгол Улсын цагдаад хандан гомдол гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээр уурхайн ажил зогсжээ.
“Ийгл”-ийн мэдээнд ярихдаа Жонсон “Бид хэргийг шүүхээр хянан хэлэлцүүлэхийг маш их хүсч байна. Мэдээж би бие даасан, хараат бус байгууллага болох Монгол Улсын хууль хяналтын шийдвэрийг хүндэлнэ” гэжээ.
Түүнд тохож буй хэргүүд үндэслэлгүй хэмээн Буянтогтох ярив. Олон улсын аудитын БДО компанийн нягтлан бодогч нарын бэлтгэн гаргасан, ”Засагчандмань Майнз” компанийн 2015-2018 оны санхүүгийн тайланд хийсэн бие даасан шинжээчийн дүгнэлтээр Буянтогтохыг “Эрх мэдлээ урвуулан ашигласан, хөрөнгө завшин үрэгдүүлсэн, хөрөнгө шамшигдуулсан болохыг нотлох баримт” олдоогүй гэсэн дүгнэлттэй “Финансиал Таймс” танилцсан.
Буянтогтохын хэлснээр ЖиАрЭф-ийн баг төсөлд идэвхтэй оролцоотой байжээ. “Нэг ч удаа тэд асуудал гаргаж тавьж байгаагүй”, “Тэд хэдэн сар тутам уурхайн талбайд очдог байсан. Сар бүр ТУЗ-ийн хуралд оролцох гэж Монголд ирдэг байсан. Мөн сар тутмын санхүүгийн болон үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайланг төсөл дээр ажиллаж буй гадаадын мэргэжилтнүүдийн багаас хөрөнгө оруулагчид хүлээн авдаг байсан” гэж тэрээр ярив.
“Засагчандмань Майнз” компанийг эзэмшигч Дашдэлэгийн Буянтогтох нь цагдаагийн байгууллагаас эхнэрийг нь мөрдөн шалгаж байгааг мэдээд Монголд буцаж очихгүй байхаар шийджээ.
2018 онд түүхий эдийн арилжаа эрхэлдэг Нобел группээс “Засагчандмань Майнз” компанийн тэргүүн ээлжинд төлөгдөх нэгдүгээр зэрэглэл бүхий барьцааг буцаан авсны дараа л Жонсон цагдаад гомдол гаргасан хэмээн Буянтогтох нэмж ярив.
Тэрээр “ЖиАрЭф-ийн олгосон зээл хоёрдугаар зэрэглэлийн барьцаатай байсан тул энэ байдал нь ЖиАрЭф-ийн төсөлд оролцох байр суурийг сулруулсан. Энэ байдалтай тулаад Макс иргэний шүүхээр заргалдах боломж бага гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шийдсэн гэж би үздэг” гэв.
Энэ талаар Жонсоноос асуухаар холбогдоход “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа учраас одоогоор тайлбар өгөх боломжгүй байна” хэмээн татгалзлаа. Мөн тэрээр “Боломжтой болохоороо тайлбар өгч болно” гэж Жонсон хэллээ.
Гэсэн хэдий ч Жонсон нь есдүгээр сард “Сандэй Таймс”-т өгсөн ярилцлагадаа Монголд хувиасаа 1.5 сая фунтын алдагдал хүлээсэн бөгөөд Жонсон нэрээ худалдах эрсдлийг “сайн мэдэж байгаа” гэжээ. Тайлбар авах хүсэлтэд ноён Мюррэй хариу өгсөнгүй.
Яагаад Монгол Улсаас 2019 онд явсныг нь асуухад Буянтогтох "Эрүүл мэндтэй холбоотой шинжилгээ өгөх гэж явсан" гэв. Эрх бүхий байгууллагууд эхнэрийг нь мөрдөн шалгаж байгааг мэдээд асуудал шударгаар шийдэгдтэл Монголд буцаж очихгүйгээр шийдсэн тухайгаа нэмж хэлсэн юм.
“Нөгөө талд хүчтэй, эрх мэдэлтэй тал байгаа учраас энэ бүх асуудлыг шударгаар шийдвэрлэх цорын ганц боломж нь миний хувьд гэр бүлээ дагуулаад АНУ явах л гэж би үзсэн” хэмээн тэр ярив.
Эх сурвалж:
https://www.ft.com/content/26762e84-bdbb-4426-afad-4e95d0c98a7b
Нийтлэлийг бичсэн: Байгалийн нөөцийн чиглэлийн редактор Нэйл Хюм
2021 оны 11 сарын 10-ны өдөр