2020 он хаяанд ирлээ. Улс төрийн намууд УИХ-ын ээлжит сонгуульд бэлтгэж өрсөлдөөн аль хэдийн эхэлжээ. Үүнийг захиалгаар гаргасан, рейтинг тогтоосон судалгаанууд бэлээхэн гэрчлээд өгнө. Мөнгөө төлсөн хүн хөгжмөө захиалдаг гэдэг шиг хамгийн их мөнгө төлж өөрсдийгөө худал магтаж, хуурамч рейтинг гаргаж буй улстөрчдийг МАН-ынхан тэргүүлж байна. Сонгууль дөхөх тусам хуурамч судалгаа улам олшрох нь лавтай. Үүнтэй зэрэгцээд иргэд сонгогчдод таалагдахын тулд попорч, хийрхсэн улстөрчдийн зурагтай жагсаалт худал яриа, хуурамч амлалт улам л хүчээ авч дээд цэгтээ хүрэх нь тодорхой. МАН-ынхан шиг ярьж, амласнаар улс орон хөгждөг бол мөн сайхан аа. Өдийд хөгжлийн туйлд хүрчихгүй юу, тийм ээ.
Улстөрчдийн рейтингийг тогтоосон гэх судалгаанд МАН-ын ЖДҮ-чин, концессчин, 60 тэрбумынхан толгой цохиж явна. Тухайлбал, УИХ-ын дарга асан М.Энхболд, Сү.Батболд, С.Баяр, Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх, С.Амарсайхан гээд хөвөрч байгаа юм. Монголын ард түмэн худал ярьдаг, хийрхдэг, амласнаа биелүүлдэггүй, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигладаг МАН-ын улстөрчдөд тийм их хайртай, хүндэлдэг болж таарч байна уу. МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт гурван жил өнгөрчхөөд байхад дөнгөж 20 гаруй хувьтай байна гэсэн судалгаа бас гарсан. Ингэж ард түмний итгэлийг алдчихаад МАН-ын рейтинг өндөр байна гэвэл өрөөсгөл. Өөрөөр хэлбэл сонгуулийн солиорол ба хадуурсан судалгаа гарчээ гэж хэлж болох нь.
Харин улстөрчид, намуудын тухай хамгийн сайн судалгаа, ард түмний тавьдаг дүн бол яах аргагүй сонгууль. Нөхөн сонгуулиуд явагдаж байгаа энэ цагт сонгуулийн дүн хөдөлшгүй бас ирэх сонгуулийн салхийг шууд илтгэнэ. Тэгвэл энэ онд орон нутагт хэд хэдэн нөхөн болон дахин сонгууль болов. Тодруулбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нөхөн сонгууль 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр болж Ардчилсан нам ялалт байгууллаа. Энэ удаагийн нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Саранчимэг 194, МАН-аас нэр дэвшигч Л.Гантуяа 147, МАХН-аас нэр дэвшигч Д.Эрдэнэбилэг 41 санал тус тус авсан байна. Ингээд тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан нам 11, МАН 10 суудалтай болжээ. Мөн Төв аймгийн Борнуур, Мөнгөнморьт сумдад 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль болов. Борнуур суманд болсон нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ч.Цэрэнчимэд 160, МАН-аас нэр дэвшигч Д.Пүрэвжаргал 118, МАХН-аас нэр дэвшигч Ё.Цэрэнбадам 112 санал тус тус авчээ. Харин Төв аймгийн Мөнгөнморьт суманд зохион байгуулагдсан нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ч.Ариунболд 121, МАН-аас нэр дэвшигч С.Дулам 48 санал тус тус авсан байна. Ингээд Төв аймгийн Мөнгөнморьт, Борнуур сумдад зохион байгуулагдсан нөхөн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулсан байна.
Орон нутгийн эдгээр сонгуулийн дүн нь Ардчилсан намын рейтинг өндөр байгааг тогтоосон бодит байдал, дүр зураг юм. Энэ нь сонгууль дөхсөн энэ үед УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өнгийг тодорхойлсон үйл явдал гэж хэлж болно. Тэгэхээр ирэх сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулах бүрэн боломж байна гэсэн үг юм.
Ийм байхад ард түмний нэрийг барьж захиалгат судалгаа аль нэг байгууллагаар гаргуулчхаад өөрсдөө түүндээ итгээд толгой өргөж, харц дээгүүр сэвээд гүйж яваа МАН-ын улстөрчдийг харахаар инээдтэй бөгөөд эмгэнэлтэй. Ядаж байхад Засгийн газраа огцруулж Ж.Эрдэнэбатаас У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдсан ч удалгүй ЖДҮ зээлийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд өгчихсөн нь илэрч одоо болтол хууль хяналтын байгууллагаар шалгагдаж яваа. УИХ-ын зарим гишүүдийн бүрэн эрх нь түдгэлзэх нь тодорхой болсон. Амьд малыг урагшаа хөлөөр нь гаргах ганц квотоо салбар хариуцсан Ч.Улаан сайд эхнэрийн төрсөн дүүдээ олгосон, Эрүүл мэндийн яамны бодлого алдагдаж Д.Сарангэрэл сайд үүрэгт ажлаа хийж чадахгүй байгааг ард түмэн харлаа, хар тамхины сүлжээний гол эзэд нь МАН-ын улстөрчид тэдний хамаарал бүхий хүмүүс хийдэг нь илэрлээ, сайд Ц.Нямдорж өөрийн төрсөн хүүгээ шалгуур хангаагүй байхад Элчингээр явууллаа гэх мэтээр МАН-ын энэ Засгийн газрын сайд нар дандаа ах дүү хамаарал бүхий хүмүүсийг дэмжиж, ард түмний боломжийг хумсалж байгаад иргэд дургүйцэж байна. Ийнхүү МАН нэгэнт иргэдийн итгэлийг алдсан нь тодорхой болжээ.