Иргэд Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарыг огцруулах жагсаалыг өнгөрөгч хавраас эхлэн удаа дараа зохион байгуулсаар байгаа билээ. Өчигдөр ээлжит жагсаал тус тусын яамдынх нь гадна боллоо. Жагсаалд оролцогчдын зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг МАН-ын УИХ-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Цагдаа ард иргэдтэйгээ хамтарч гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг хэрэгжүүлнэ, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгана” гэж заасан ч эсрэгээр нь хэрэгжүүлж байгаа, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй, ашиг сонирхол, ёс зүйн зөрчилд автсан гэж үзэж байгаа юм байна. Харин Д.Сарангэрэл сайдын тухайд, мэргэжлийн бус, сэтгүүлч мэргэжилтэй хүнээр эрүүл мэндийн салбарыг удирдуулснаас болж сүрьеэгийн халдвар улсын хэмжээнд хяналтаас гарч, төрөхийн хүндрэлээс болж хоёр ээж амиа алдсан гэж үзэж буй юм байна.
Энэ бүхэнд салбарын сайд Д.Сарангэрэл олон нийтээс уучлалт гуйж, хариуцлагаа хүлээн албан тушаалаасаа сайн дураараа огцролгүй, эсрэгээрээ тэмбүү өвчин газар авлаа гэж Монгол Улсыг дэлхий нийтэд гутаан доромжилсон учраас ийнхүү тэмцсээр байгаа юм.
“Исмэйл тайж Ц.Нямдорж” огцор !!!
Хуульзүйн сайд Ц.Нямдоржийг огцруулах “Мэнгэтэй жагсаал” тус яамны гадна талбайд өглөөний 10:30 цагт эхэлсэн юм. Жагсаалд оролцогчид “Исмэйл тайж Ц.Нямдорж”, “Хуулийг самрагч Ц.Нямдоржийг буцаан тат”, “Иргэд ч гэсэн Эрдэнэтэд бараа шахья, захиралд нь хэлээд өгөөч Ц.Нямдорж оо”, “Авлигачдыг хамгаалагч Ц.Нямдорж огцор”, “Эрдэнэтэд шахаа хийдэг Н.Анхбаяр Элчин сайд байх эрхгүй” гэх мэт уриа лоозон барьсан байв. Тус жагсаалыг зохион байгуулж буй Хан-Уул дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч С.Сарангуа энэ үеэр мөн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тэрбээр, “Хууль зүйн яамны сайд Ц.Нямдорж над дээр нэг хэрэг үүсгэчихсэн явж байгаа гэнэ. Тэр хэргээр намайг Зөрчлийн тухай хууль зөрчсөн гээд өөрийнхөө байгуулсан 409 гэнэ үү, шорондоо хийх юм байх. Би Захиргааны хэргийн шүүхэд хандаад өнгөрсөн долоо хоногт яллаа. Учир нь Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу жагсаж, үзэл бодлоо илэрхийлсэн юм байна. Захиргааны байгууллага, “Ц.Нямдорж ба түүний нөхөд, Чингэлтэй дүүргийн Засаг дарга энэ эмэгтэйн эрхийг зөрчсөн байна” гэдэг шийдвэрийг гаргасан. Тийм учраас энэ хүмүүс над дээр үүсгэсэн хэргээ татгалзаад хаахаас өөр арга байхгүй. Монголын ард түмэн энэ хүнд доромжлуулж явдаг цаг өнгөрсөн.
Танихгүй хүн хүртэл Ц.Нямдоржийн эсрэг дуугарахаас айдаг юм байна. Зарим нь “Чамд хилс хэрэг үүрүүлж байгаад шоронд хийнэ шүү” гэж хүртэл хэлж байна. Харин эсрэгээрээ эд бид нараас айж явах ёстой. Монголын ард түмэндээ хандаж хэлэхэд Ц.Нямдоржоос айгаад байхаар хүн биш. Бид шударга үнэнээр амьдарч байгаа учраас биднээс айж явах ёстой гэдгийг дахин хэлье” гэсэн юм.
Жагсаалын талаар хуульч О.Энхсайхан “Өнөөдөр хүн төрөлхтөн хуулиар зохицуулагддаг нийгэмд амьдарч байна. Гэтэл манай улсад Хууль зүйн яам нь ийм сайдтай байхад ард түмний амьдрал доройтох нь аргагүй шүү дээ. Хууль зүйн сайд ажлаа хийхгүй байгаа учраас ингэж тэмцэхээс өөр алга. Бүх хулгайчид хуулийн хамгаалалтад ороод Монголыг цөлмөж дууслаа.
Ц.Нямдорж сайд Монгол Улсын хуулийн салбарыг 22 жил толгойлохдоо завхарсан, харгис нийгмийг л бий болголоо. Саяхан хөөн хэлэлцэх хугацааг дуусгах хуулийг хүртэл баталчихаад олон хүний хэргийг хэрэгсэхгүй болгож байна. Ц.Нямдорж бас Захиргааны хуулийг батлуулах гэж улайрч байгаа нь Монгол Улсыг амтат бялуу болгох гэсэн санаа. Засгийн газрын зарим тогтоол нь гэрээ, концесстой холбоотой. Энэ хууль батлагдвал Засгийн газартай шүүхдэх ямар ч боломжгүй болно. Засгийн эрхэнд ямар ч нам гарсан бай алалцуулах гэж байна” гэлээ.
Эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчид өнөөдөр албан ёсоор шүүхээс эрхээ аваад, Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулах жагсаал цуглаанаа үргэлжлүүлж байна гэж мөн онцолсон юм. Жагсаалд оролцогчдын ихэнх нь эмэгтэйчүүд байсан бөгөөд “Цаашид Ц.Нямдоржийг сайдын суудлаасаа огцрох хүртэл эсэргүүцсээр байх болно гэдгээ” илэрхийлцгээж байсан юм.
Эрүүл мэндийн салбарын түүхэн дэх хамгийн муу сайд Д.Сарангэрэл огцор !!!
Монголын ерөнхий боловсролын гурван сургуульд сүрьеэгийн дэгдэлт илэрч, эцэг эхчүүдийг айдаст автуулаад байна. Тиймээс өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сайн дураараа ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж, 20 гаруй удаа жагсаал хийгээд байгаа юм. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг ажлаа муу хийсэн гэж огцруулахыг шаардсан жагсаалыг өчигдөр үргэлжлүүлэн хийлээ. Жагсагчид “Эрүүл мэндийн сайд огцор”, “Монголд сүрьеэг амжилттай тараалаа”, “Мэргэжлийн бус сайд огцор”, “Эрүүл мэндийн салбар сэхээнд байна”, “Эрүүл мэндийн сайд сүрьеэгээс зугтав”, “МАН-ын террорист Сараа” зэрэг лоозонг барьсан байв.
Жагсаалын үеэр Ардчилсан намын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанаа, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн асан Г.Хажидмаа нарын дөрвөн хүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардаж цусаа юүлэв.
Энэхүү үйлдлээ Ж.Амарсанаа дарга тайлбарлахдаа, “Эрүүл мэндийн салбар сэхээнд орчихоод байхад сайд Д.Сарангэрэл ажлаа хийсэн хэвээрээ байна. Засгийн газраас ямар нэг дорвитой арга хэмжээ авахгүй байсаар байна. Д.Сарангэрэл сайн дураараа ажлаа өгөхгүй байгаа учраас эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлсээр байх болно. Манай улс сүрьеэгийн тархалтаар Африкийн хэмжээнд оччихлоо. Энэ бол эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүнээр удирдуулах зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Жишээлбэл, өнөөдрийн байдлаар Төв аймгийн Сүмбэр сумын сүрьеэгийн дэгдэлт илэрч, эм ууж байсан сурагчдын дунд дахин сэдрэлт гарч байна. Сурагчид эм уусаар байхад сэдрэлт үүссэн нь эмэнд дасалтай сүрьеэ байх болов уу гэсэн болгоомжлол төрж байна. Бас ашиг сонирхлын зөрчил бүхий томилгоонууд явагдаж байна. Нэгдүгээр эмнэлгийн даргыг сольсон асуудал гарч ирлээ. Түүний цаана ямар асуудал байгааг тодруулах хэрэгтэй. Сайдын тушаал нь хаана байгаа юм. М.Энхболдын 60 тэрбумын сүлжээний үлдэгдэл, Эрүүл мэндийн түүхэн дэх хамгийн муу сайд Д.Сарангэрэлийг огцруулахгүй байгаа учраас тэмцэгчид ийн тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байна. Иймээс Д.Сарангэрэл сайдыг огцортол бид цусаа юүлэх болно” гэсэн юм.
Эсэргүүцлийн жагсаалд ойролцоогоор 100 орчим иргэд оролцож үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд иргэд өнөөдөр цусаараа тэмцэж, цусаа юүлнэ гэдгийг зохион байгуулагчид хэлж байв.
Жагсаалд оролцогч иргэн, Элчин сайд Ц.Сүхбаатар, “Өнөөдөр энэ сүрьеэ өвчин гамшгийн хэмжээнд хүрчээ. Зарим оронд энэ өвчнөөс бүрмөсөн салчихаад байхад манай улсын ганцхан сургууль дээр тав зургаан зуун сурагчид сүрьеэ өвчин тусч байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Мэргэжлийн эмч хүнээр энэ салбарыг удирдуулмаар байна. Ерөнхий сайд аа, мэргэжлийн бус Д.Сарангэрэл сайдыг огцруулж мэргэжлийн хүн томилооч. Бид нар мэдэж байсан ухааны юм яриад байна лээ. Арга хэмжээ авах ёстой шүү дээ” гэлээ.
Эргэн сануулахад, ХУД-ийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд багшаасаа сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор батлагдаж, 38 нь эмчилгээ хийлгэж байгаа юм. Эрүүл мэндийн яам энэ талаар мэдээлэл хийхдээ “Сургуулийн барилга 1974 онд баригдсан учир агаарын солилцоо муу байсан нь сүрьеэ хурдан тархах нөхцөлийг бүрдүүлсэн” гэжээ. Харин ХӨСҮТ-ийн мэдээлснээр жил бүр бүртгэгдэж буй сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод гардаг бөгөөд үүний 70 орчим хувь нь 15-44 насныхан байна” хэмээн онцолж байсан юм.